Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/707

 

 

 

  2021         10          25                                2021/ШЦТ/707

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Д.Даваадорж,

Шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч Г.Бадамханд нарыг оролцуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дархан овогт Оюунцэцэгийн О.Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000000970 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                                                                    

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхэд, хүргэн, 2 зээгийн хамтаар Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 14 дүгээр гудамжны 74 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, .......................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.П нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 78-12 УНИ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслээр бусдад таксигаар үйлчилж байхдаа 20 цаг 55 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны гадна тус таксинаас буусан хохирогч М.Батбаянгийн “таксины мөнгө авч гарч иртэл түр барьцаанд тавих” зорилгоор итгэмжпэн хариуцуулж өгсөн 2.379.700 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 11 про макс” загварын гар утсыг шунахайн сэдлээр хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч М.Батбаянгийн “...Миний бие 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хороололын “Өргөө” кино театраас такси бариад гэртээ харихаар явж байх замдаа гар утсаараа ярьж байтал утас маань унтарсан. Тэгээд би байрныхаа гадаа тухайн таксинаас буухдаа өөрийн эзэмшлийн гар утсаа жолоочид нь барьцаа болгож үлдээгээд таксины мөнгө авах гээд байр руугаа орсон. Тэгээд гараад иртэл таксины жолооч яваад өгсөн байсан. Би тухайн хүнээс өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Харин миний гар утсанд байсан сим карт маань байхгүй байсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч П.Наран-Оюуны “...Миний бие 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ар гүнтэд байдаг лагер руу явсан. Миний бие өөрийн эзэмшлийн 78-12 УНИ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслээ тус өдөр нөхөр О.Пд үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэл хайж, эрэн сурвалжилсан тухай хайлтын системээс хуулбарлаж гаргасан баримт /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-иас гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2.379.700 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 20 цаг 52 минут 22 секундэд саарал өнгийн, улсын дугаар нь харагдахгүй, мөнгөлөг өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл тус байрны 4 дүгээр орцны гадна ирж зогсож байх ба тус тээврийн хэрэгслээс хохирогч М.Батбаян нь 20 цаг 53 минут 35 секундэд тээврийн хэрэгслийн жолоочийн хойд талын хаалгаар гартаа ямар нэгэн эд зүйлгүй бууж байх бөгөөд цэнхэр, ногоон өнгийн пудволк, ногоон өнгийн өмдтэй хүн орцны хаалганы кодыг хийж 20 цаг 54 минут 08 секундэд дотогш нэвтэрч орж байв. Тухайн тээврийн хэрэгслийн тоормозны гэрэл асаж байгаад унтрах ба тээврийн хэрэгслээс 20 цаг 54 минут 14 секундэд ногоон саарал өнгийн пудволк, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн этгээд бууж ирээд тээврийн хэрэгслийн урд копуд хэсгийг онгойлгож үзэж байгаад  хаалганаас алчуур гаргаж ирээд машины копуд болон урд шил, толь зэргийг арчиж дуусаад 20 цаг 55 минут 20 секундэд тээврийн хэрэгслээ хөдөлгөж цааш явж байгаа бичлэг харагдав...” гэх тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.П нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 78-12 УНИ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслээр бусдад таксигаар үйлчилж байхдаа 20 цаг 55 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны гадна тус таксинаас буусан хохирогч М.Батбаянгийн “таксины мөнгө авч гарч иртэл түр барьцаанд тавих” зорилгоор итгэмжпэн хариуцуулж өгсөн 2.379.700 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 11 про макс” загварын гар утсыг шунахайн сэдлээр хувьдаа завшсан болох нь шүүгдэгч Э.Цолмонбаярын шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Уянгын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №6046 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.П  нь хохирогч М.Батбаянгийн итгэмжпэн хариуцуулж өгсөн “Айпоне 11 про макс” загварын гар утсыг шунахайн сэдлээр хувьдаа завшсан талаар өгсөн шүүгдэгч болон гэрч хохирогч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэл хайж, эрэн сурвалжилсан тухай хайлтын системээс хуулбарлаж гаргасан баримт, “Дамно” ХХК-иас гаргасан үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул О.Пыг гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.П нь  хохирогч М.Батбаянгийн түр хариуцуулсан эд хөрөнгө болох Айфоне-11 про макс загварын гар утсыг харж хамгаалах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр эд хөрөнгийг завшиж, хохирогчид 2.379.700 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгийг биет байдлаар нь буцаан төлсөн, хохирогч гомдол саналгүй гэх баримтуудаар тогтоогдож байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамааруулан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.П болон түүний өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 –т заасан үндэслэлээр хянан үзээд хүсэлтийг хүлээн авч, талуудын хүсэлтийг харгалзан  хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шүүгдэгч О.Пд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэв.  

Прокуророос шүүгдэгч О.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэх санал гаргасныг шүүх шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь  харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар  дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 07 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдвэл шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Батбаянд гар утсыг хүлээлгэн өгсөн бөгөөд хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч .О.Пыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч О.Пд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 07 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пд шүүхээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 5. Шүүгдэгч О.П нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.  Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДАРЬСҮРЭН