Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/708

 

 

2021          10           25                               2021/ШЦТ/708       

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “Ё” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Ч.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч А.Б(өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Ган овогт Анхтуяагийн А.Бд холбогдох эрүүгийн 2109009941162 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1999 оны 04 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, “Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 4-44 тоотод оршин суух, Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Ган овогт А.Б /РД:............../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Бнь 2021 оны 08 сарын 12-ны шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах саадан дотор иргэн Б.Чинзоригтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар биед нь халдаж, түүнд зүүн талын хоншоор ясны урд ханын далд хугарал, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Бнь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Эрүүгийн 2109009941162 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Чинзоригийн “...гэрийн хажуу талд найзуудтайгаа уулзчихаад буцаад гэр рүүгээ орох гэж байхад гэрийн хажуу талд 6 эрэгтэй хүн зогсож байгаад намайг дуудсан. ...1 эрэгтэй нь танихгүй хүн байсан. Миний хажууд зогсож байсан А.Б гэх хүн намайг элдэв янзаар хэлээд байхаар нь би таны дүү биш гэхэд миний зүүн талын хацар руу 1 удаа цохисон. Тэгтэл хамт байсан ах нар салгаад тэр ах нар бөөнөөрөө надаас уучлалт гуйгаад сааданд очиж сууж байгаад, 04 цагийн үед явцгаасан. Маргааш өглөө нь сэрэхэд, миний зүүн талын нүүр тэр чигтээ хавдсан, уруул сэтэрсэн байхаар нь 11 цагийн үед гэмтлийн эмнэлэг явж очиж үзүүлэхэд хацрын яс 2 мм цөмөрсөн, зөрсөн хугарлууд ихтэй, баруун хацар хий ихтэй, зүүн хацар навчистай тархи хөдөлсөн гэж гарсан. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас /,

Гэрч Н.Энхдөлгөөнийн “...Гэрийнхээ тэр хавиар нийлдэг найзуудтайгаа караоке орчхоод, гадаа гарч ирээд, байж байтал Чинзориг архи уусан байдалтай ирээд А.Бээ, Чинзориг 2 юм яриад байсан. Тэгсэн гэнэт А.Бээ Чинзоригийг гарынхаа ар талаар алгадчихаар нь салгаад хооронд нь эвлэрүүлээд дахиж нэмж пиво уучхаад салцгаасан. ...санаж байгаагаар зүүн хацарт нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэрч Ц.Мөнхсоёмбын “...нэг найзыгаа гэрт нь хүргэж өгөөд буцаад иртэл Чинзо ирчихсэн, нэг хүнтэй маргалдсан. Дуу нь өндөр болчихсон зогсож байтал А.Б бас Чинзоригтой ах дүү гээд хэл амаараа ойлголцохгүй муудалцаад эхэлсэн. Чинзориг би чиний дүү биш гээд орилоод байхаар нь А.Б нүүрэнд нь гарынхаа алгаар алгадчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 сарын 20-ны өдрийн №7565 дугаартай дүгнэлт:

1. Б.Чинзоригийн биед зүүн талын хоншоор ясны урд ханын далд хугарал, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ...” /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Бнь 2021 оны 08 сарын 12-ны шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах саадан дотор иргэн Б.Чинзоригтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар биед нь халдаж, түүнд зүүн талын хоншоор ясны урд ханын далд хугарал, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч А.Бшүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Чинзоригийн “...гэрийн хажуу талд 6 эрэгтэй хүн зогсож байгаад намайг дуудсан. ...1 эрэгтэй нь танихгүй хүн байсан. Миний хажууд зогсож байсан А.Б гэх хүн намайг элдэв янзаар хэлээд байхаар нь би таны дүү биш гэхэд миний зүүн талын хацар руу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Н.Энхдөлгөөний “...Чинзориг архи уусан байдалтай ирээд А.Бээ, Чинзориг 2 юм яриад байсан. Тэгсэн гэнэт А.Бээ Чинзоригийг гарынхаа ар талаар алгадчихаар нь салгаад хооронд нь эвлэрүүлээд дахиж нэмж пиво уучхаад салцгаасан..." гэх мэдүүлэг, гэрч Ц.Мөнхсоёмбын “...нэг найзыгаа гэрт нь хүргэж өгөөд буцаад иртэл Чинзо ирчихсэн, нэг хүнтэй маргалдчихсан. Дуу нь өндөр болчихсон зогсож байтал А.Б бас Чинзоригтой ах дүү гээд хэл амаараа ойлголцохгүй муудалцаад эхэлсэн. Чинзориг би чиний дүү биш гээд орилоод байхаар нь А.Б нүүрэнд нь гарынхаа алгаар алгадчихсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 сарын 20-ны өдрийн №7565 дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Бнь Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, А.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Б бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хохирогч  Б.Чинзоригоос гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд ирүүлээгүй байх ба харин шүүгдэгч А.А.Бээс  155.000 төгрөг шилжүүлсэн баримтыг хавсарган ирүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогч нь цаашид өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Иймд А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /1 нэгж=1000 төгрөг/ 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  хохирогч Б.Чинзоригт  төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 / дөрөв / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч А.Бнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Чинзориг нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ДАРЬСҮРЭН