Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00287

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Монфреш комплекс байранд байрлах “Жэй Пи Си Эм” ХХК /РД:5071887/-ийн  хүсэлттэй,

         хариуцагч “Олова” ХХК-ийн эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар  оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:                       

         Хүсэлт гаргагч “Жэй Пи Си Эм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “Нэхэмжлэгчдийн итгэмжлэлээр төлөөлж буй этгээд болох “Жэй Пи Си Эм” ХХК нь хариуцагч “Олова” ХХК-тай 2013 оны 4-р сарын 01-ний өдөр Тоног төхөөрөмж түрээслэх гэрээг байгуулсан байдаг. Гэвч “Олова” ХХК нь гэрээний үүргээ удаа дараа зөрчин төлөх ёстой 230,948,487.64 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Нэхэмжлэгч “Жэй Пи Си Эм” ХХК нь “Олова” ХХК-д цаг тухайд нь төлбөрийн нэхэмжлэх удаа дараа явуулж шаардсан боловч “Олова” ХХК нь төлбөрөө барагдуулах талаар бодит арга хэмжээ аваагүй юм. Иймд “Жэй Пи Си Эм” ХХК нь 2016 оны 10 сарын 27-ны өдөр өмгөөллийн “Ашид адвокатс” ХХН-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж дээрх төлбөрийг барагдуулах талаар “Олова” ХХК-тай хэлэлцээр хийх, шаардлагатай тохиолдолд шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхийг олгосон. Өмгөөллийн “Ашид адвокатс” ХХН-ийн зүгээс дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу “Олова” ХХК-тай холбоо тогтоохыг оролдсон боловч “Олова” ХХК нь гэрээ байгуулах үед гэрээнд бичигдсэн хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Туушин барилгын 301 тоот хаягтаа байрладаггүй болох нь тодорхой болсон. “Олова” ХХК-ийн хаяг тодорхой бус тул өмгөөллийн “Ашид адвокатс” ХХН-ийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу “Жэй Пи Си Эм” ХХК-ийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх санал тавих, шаардлагатай гэж үзвэл шүүхэд хандах боломжгүй болоод байгаа бөгөөд холбогдох арга хэмжээг авахын тулд Хариуцагч болох “Олова” ХХК-ийн орших хаягийг тодруулах шаардлагатай байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу “Жэй Пи Си Эм” ХХК болон “Олова” ХХК-ийн хооронд үүсээд байгаа 230,948,487.64  төгрөгийн төлбөр түүний алдангийн талаарх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих "Олова” ХХК-ийн оршин байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул хаягийг тогтоож өгнө үү, мөн лавлагаагаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Амарбаатар болох нь тогтоогдсон тул тус компанийн захирал Б.Амарбаатарыг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

        Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

       “Жэй Пи Си Эм” ХХК-ийн хүсэлттэй "Олова” ХХК-ийн хаягийг тогтоолгох, тус компанийн захирал Б.Амарбаатарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        "Олова” ХХК нь “Жэй Пи Си Эм” ХХК-тай 2013 оны 4-р сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлэхгүй 230,948,487.64 төгрөгийн өр үүсгэсэн байх бөгөөд одоо "Олова” ХХК-ийн оршин байгаа хаяг нь тодорхойгүй гэжээ.

         Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017.01.13-ны өдрийн  лавлагаагаар  "Олова” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь гүйцэтгэх захирал Батчулууны Атарбаатар /РД:ЧП61080873/ гэсэн байна.

          Хэрэгт хавсаргасан нэхэмжлэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд "Олова” ХХК-ийг Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд амарын гудамж, Туушин барилгын 302 тоот 3 давхарт байрлах гэжээ.  

         Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт хавсаргасан баримтуудаас үзэхэд "Олова” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох бөгөөд компанийн хаягийг  тогтоох,  төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулах шаардлага  үүссэн    байна.

         Иймд хүсэлт гаргагч “Жэй Пи Си Эм” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар "Олова” ХХК-ийг оршин байгаа хаягийг тогтоож,  гүйцэтгэх захирал Батчулууны Атарбаатар /РД:ЧП61080873/-ыг эрэн сурвалжилсугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар "Олова” ХХК-ийн хаягийг тогтоож, гүйцэтгэх захирал Батчулууны Атарбаатар /РД:ЧП61080873/-ыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоож, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                      Д.ЭНХЦЭЦЭГ