| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2016/01584/И |
| Дугаар | 00353 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 00353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Ард Аюушийн өргөн чөлөө, 13 дугаар хороо, Оргил төвд байрлах, “Моннидер” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 60в байрны 25 тоотод байрлах “Мөнхзамбала корпораци” ХХК-д холбогдох,
гэрээний үлдэгдэл төлбөр, алданги 38 478 998 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс нь 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хариуцагч талтай худалдааны хамтран ажиллах гэрээг талууд хэлэлцэн тохиролцож байгуулсан. Тус гэрээний дагуу нийлүүлэгч тал нь борлуулагч талын хүсэлтээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулагч тал нь тэдгээрийг хүлээн авч, тохирсон үнэ хөлсийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний 4.5-д зааснаар нийлүүлэгч тал нь борлуулагч талд нэхэмжлэл бичиж өгнө, борлуулагч тал нь барааны төлбөр болон нэхэмжлэлийн үнийн дүнг заасан хугацаанд Голомт банкны 1601180357 гэх төгрөгийн дансанд шилжүүлж, тооцоо нийлсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан гэрээний 4.2-т заасан 20 сая төгрөгний үлдэгдэл мөнгийг үлдээж бусад бүх төлбөрийг нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ гэж заасны дагуу манай байгууллага 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 11 860 746 төгрөгний нэхэмжлэлийг илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлэлгүй удаа дараа зөрчсөн тул манай байгууллагын зүгээс худалдааны гэрээг цуцлах тухай албан бичгийг 2016 оны 07 сарын 18-нд хүргүүлсэн боловч өнөөдрийг болтол хариу ирүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл төлөх ёстой 31,860,746 төгрөг, алданги 6,618,252 төгрөг, нийт 38,478,998 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талтай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээг цуцлах хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 18010717 гэсэн албан бичгээр манай талд мэдэгдсэн. Нэхэмжлэгч талын зүгээс тус албан бичгийг хүлээн зөвшөөрч гэрээг цуцалсан гэж үзэж байгаа. Иймд алданги шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй, хуульд зааснаар зөвхөн гэрээний хохирол түүнтэй холбоотой гарсан зардал шаардах эрхтэй. Мөн нэхэмжлэгч тал нь тооцоо нийлсэн тооцооны актыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ актад нь 31,860,746 төгрөгийг тусгасан. Худалдааны хамтын ажиллагааны гэрээнд гүйцэтгэх удирдлага гарын үсэг зураагүй, мөн байгууллагыг төлөөлөх эрхтэй субьект гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК-иас худалдааны хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 31 860 746 төгрөг, алданги 6 618 252 төгрөг нийтдээ 38 478 998 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Моннидер” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2015.05.14-ний өдөр худалдааны хамтран ажиллах 05/14 тоот гэрээний дагуу 2015.12.31-ний өдрийг хүртэл нийлүүлэгч тал нь борлуулагч талын захиалгын дагуу бараа бүтээгдхүүнийг нийлүүлэх, борлуулагч нь тэдгээрийг хүлээн авч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон байна.
Худалдааны хамтран ажиллах гэрээний 4.2-т борлуулагч талын худалдааны цэгүүдэд бараа бүтээгдхүүний тодорхой нөөц байнга тасралтгүй байлгах үүднээс гэрээний хүчин төгөлдөр хугацаанд байнгын үлдэгдэлийг 20 000 000 төгрөгөөр тогтоосон байна.
Мөн гэрээний 4.5-д талууд тооцоо нийлсэний дагуу нийлүүлэгч тал нь борлуулагч талд гарсан төлбөр тооцооны нэхэмжлэх бичиж өгнө, борлуулагч тал нь барааны төлбөр тооцоог нийлүүлэгч талын бичиж өгсөн нэхэмжлэхийг үндэслэн заасан хугацаанд шилжүүлэх ба тооцоо нийлсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан /гэрээний 4.2-т заасан 20 000 000 төгрөгийн үлдэгдэл үлдээн/ бусад бүх төлбөрийг нэхэмжлэхийн дагуу шилжүүлнэ гэж заасан байна
Дээрх байдлаас үзэхэд хариуцагч тал хүнсний бүтээгдхүүнийг бөөнөөр худалдан авч мөнгийг тодорхой хугацааны дараа төлөхөөр тохирсон, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2016.01.01-ний өдрөөс 2016.03.31-нийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн бараа үйлчилгээний тооцоог нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн тооцож үзээд хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК нь 31 860 746 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй гарсаныг талууд харилцан баталсан тооцоо нийлсэн акт үйлдсэн байна.
Нэхэмжлэгч “Моннидер” ХХК-ийн 2016.07.18-ны өдрийн 18/01, 18/02 тоот албан бичгүүдээс харахад худалдааны хамтран ажиллах гэрээг цуцлах тухайгаа удаа дараа мэдэгдэж, 2016.01.22-ны өдөр нийлүүлсэн бараа бүтээгдхүүний үнэ 11 860 746 төгрөг, гэрээний 4.5-д заасан гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөг нийтдээ 31 860 746 төгрөгийг 2016.07.22-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд гэрээний 5.2-т заасны дагуу шилжүүлэх ёстой үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож шүүхэд хандахыг хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК-д мэдэгдэж байсан байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д гэрээг цуцлах саналтай тал нь энэ тухайгаа 14 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ, гэрээг цуцлах тухай саналыг хүлээн авсанаас хойш 14 хоногийн хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалсанд тооцохоор заасан байна.
Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болсон байх бөгөөд гэрээг цуцлах нь нэг талаас хүсэл зоригоо илэрхийлсэнээр үүргийн харилцааг цаашид дуусгавар болгоход чиглэдэг болно.
Хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч “Моннидер” ХХК-д хүндрэл учруулж байгаадаа хүлцэл өчиж, 2016 оны 5 дугаар сараас эхлэн төлбөр хийгдэж эхлэх талаар 2016.03.30-ны өдрийн хүсэлт тавих тухай албан бичгээр мэдэгдэж байсан байна.
Нэхэмжлэгч “Моннидер” ХХК-иас 2016.01.22-ны өдөр нийлүүлсэн чихэр, печень, шоколад... гэх мэтийн хүнсний бүтээгдхүүний 8 ширхэг зарлагын падааны нийт дүн 10 568 890 төгрөг байх боловч талуудын тооцоо нийлсэн актаар 11 860 746 төгрөгөөр тогтоосон, гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөг нийтдээ 31 860 746 төгрөгний үлдэгдэлтэй болохыг баталсан, үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн талаар хариуцагч тал маргаагүй тул тооцоо нийлсэн актыг үндэслэн “Мөнхзамбала корпораци” ХХК-иас 31 860 746 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал гэрээний 5.2-т “борлуулагч тал нь нийлүүлэгч талд төлөх төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд шилжүүлэх ёстой байсан үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож нийлүүлэгч талд төлнө” гэсэн заалтыг үндэслэн тооцоо нийлсэн хугацаа буюу 2016.03.31-нээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016.10.24-нийг хүртэлх 186 хоногийг хугацаа хэтэрсэн хоногт тооцож, нийлүүлсэн бүтээгдхүүний үнэ 11 860 746 төгрөгнөөс 0.3 хувийн алданги тооцож 6 618 252 төгрөг нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч “Моннидер” ХХК нь 2016.07.18-ны өдрийн 18/01 албан бичгээр гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн, гэрээ цуцлагдсанаар үүрэг дуусгавар болох тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги тооцох боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “Мөнхзамбала корпораци” ХХК-иас гэрээний үүрэг 31 860 746 төгрөг гаргуулж “Моннидер” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 618 252 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Мөнхзамбала корпораци” ХХК-иас 317 253 төгрөг гаргуулж “Моннидер” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ