Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 09

 

Г.Бу-эд холбогдох хэргийн талаар Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн, Прокурор Б.*******а Шүүгдэгч Г.Бу- Шүүгдэгчийн өмгөөлөгч В. ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Бу-ийн давж заалдсан гомдлоор 201713010030 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, Завхан аймгийн Баянхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд галч ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн Га-ын Бу- /регистрийн дугаар: ИВ********/.

Шүүгдэгч Г.Бу- нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутагт иргэн Б.Мэ-ын гэрийн гадаа иргэн С.Ба-тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж унагаад, өшиглөж зодон биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт Га-ын Бу-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бу-ийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бу-эд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Бу- нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бу-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бу-ээс С.Ба-гийн эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 5.912.805 төгрөг гаргуулан хохирогч С.Ба-д олгож, хохирогч С.Ба-гийн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,107,980 төгрөгийн хохиролд холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Ба- нь Г.Бу-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан, энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдээгүй зардлуудыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бу-ийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс хохирлыг төлүүлэхээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг болон шүүгдэгч Г.Бу-ийн иргэний бичиг баримт шүүхэд хэргийн хамт шилжин ирээгүй болохыг, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Г.Бу- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Г.Бу- нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр яллагдсан. Иймд миний бие Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр дахин шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ. Шүүгдэгч Г.Бу- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн гэм буруутай гэж шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон цагдан хорих байранд хоригдож байхдаа давж заалдах гомдол гаргасан. Гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бу-эд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Бу-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс гэм буруугийн асуудлыг шийдвэрлээд ял оноохдоо Улсын яллагчийн санал, шүүгдэгчийн зөвшөөрснөөр ял шийтгэлийг оноосон байна. Гэтэл зөвшөөрсөнөөр ял шийтгэл оноох боломж хуульд байхгүй. Прокуророос хэргийг урьд нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар ярилцаж байсан учраас үүнийг хүлээн зөвшөөрч байсан ч хэргийг өөрөөр шүүх шийдвэрлэсэн байна. Хохиролтой холбоотой асуудлын талаар шүүгдэгчийн ээж Д.*******аас хохирлыг төлж барагдуулах гэсэн боловч хохирогч С.Ба- сумдаа байхгүй учраас хохиролыг нөхөн төлөх нөхцөл боломж хангагдаж өгөхгүй байсаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Энэ нөхцөл боломж бүрдсэн бол шүүгдэгчийн ээж анхан шатны шүүхээс хохирол төлбөрт төлөх мөнгөний 50 хувийг бэлдсэн байгаа боловч хохирогчийн эгч С.Алтанцэцэг тэр мөнгө төгрөг чинь хүрэхгүй байна гэсэн. Хохирогч С.Ба-гийн банкны харилцах дансийг авах гэж удаа дараалан хүсэхэд өгөөгүй байна. Тийм учраас шүүгдэгч Г.Бу- нь уг хохирол төлбөрийг төлөх боломж олдоогүй учраас давж заалдах шатны шүүх хуралдаанд дахин орж ирлээ. Шүүгдэгчээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогч талаас гаргасан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Тийм учраас шүүхээс Г.Бу-эд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Шүүгдэгч Г.Бу- ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт амьдардаг. Хохирол төлбөрийг төлүүлэхийн тулд Г.Бу-ийг өөрийг нь ажил хөдөлмөр хийлгэж, хохирол төлбөрөө төлүүлэхийг шаардаж байна. Ийм учраас шүүгдэгч Г.Бу-ийн хорих ялыг торгуулын ял болгож өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна гэв. Прокурор Б.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор Б.*******а би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйл, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Г.Бу-эд холбогдох эрүүгийн 201713010030 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Г.Бу- нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Мэ-ын гэрийн гадаа хохирогч С.Ба-тай маргалдан улмаар С.Ба-г зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Ба-, гэрч Б.Мэ-, Д.*******, С.*******, Ө.*******, Н.*******, Б.*******, Б.*******э нарын мэдүүлэг, шинжээчийг байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 6962 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Г.Бу-ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримт, гэм бурууг хэлэлцсэн шүүх хуралдаанаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай учраас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Бу-ийн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Бу- нь 2017 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт хаваржиж байсан иргэн Б.Мэ-ын гэрт хохирогч С.Ба- нь Г.Бу-ийг өөрийнх нь мотоциклийг унаж гадуур яваад удлаа гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж улмаар С.Ба-г дагуулж гараад гэрийн гадна зодож биед нь хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч С., гэрч Б.Мэ-, Д.*******, С.*******, Ө.*******, Н.*******, Б.*******, Б.*******э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.ы гаргасан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6962 дугаартай шинжээчийн дүгнэлт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч Г.Бу- нь Завхан аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мэс заслын шарх сорив, рентген зураг нь хавтаст хэрэгт байхгүй тул хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэжээ. Гэвч хохирогч С.Ба- нь гэмтлийн улмаас мэс засалд орсон нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.ы гаргасан дүгнэлтээр С.Ба-гийн биед хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон Үүнд: Элэгний эд эсийн урагдал шарх, хэвлийн хөндийн цус хуралт, бүсэлхийн 2, 3 дугаар нугаламуудын зүүн талын хөндлөн сэртэнгүүдийн зөрүүтэй хугарал, баруун нүдний дээд хана, доод ханыг хамарсан нийлмэл цөмөрсөн хугарал, баруун ухархайн дээд ханын хугарлаас баруун этмонд хөндийн дээд хана суурь луу чиглэсэн хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтээр болон хохирогч С.Ба-гийн мэдүүлгээр давхар шүүгдэгч Г.Бу-ийн гомдол үгүйсгэгдэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзнэ. Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Г.Бу-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бу-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ