Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2018/0002

 

Г.С ТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.С ТББ-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр: Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/167, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. 2015 онд байгуулсан Гулзат ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд гэрээний талууд хамтарч ажиллах боломжгүй нөхцөл байдалд хүрч гэрээгээ цуцалсан. Тус гэрээ байгуулагдахаас өмнө менежментийг хариуцуулах тухай захирамж гарсан байх ёсой байдаг. Гэтэл аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 тоот захирамжийг нөхөж гаргасан байдаг. Б.Ганболд нь 4 талт гэрээ хийгдэхэд Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн байтал 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс Г.С ТББ-ын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг зөрчсөн. Г.С ТББ нь удирдах зөвлөлийн гишүүн, удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал нь өөрчлөгдсөн талаар Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж, өөрчлөлтийг бүртгүүлээгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Мөн Г.С ТББ нь 2015, 2016 онуудын тайлангаа дүгнүүлээгүй байсан. Г.С ТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тайлангуудаа өгч дүгнүүлэх ёстой байдаг боловч өөрсдийн гишүүд дотроо хурал хийснээ тайлан хүргүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, Г.С ТББ-тай Бөхмөрөн, Сагил сумын Засаг дарга нар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар хамтарч ажиллах боломжгүй гэсэн албан бичгүүд ирүүлсэн явдал нь Г.С ТББ нь 4 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахгүй байсны илрэл юм. Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолд ховор ан амьтан агнах журмыг өөрчилж баталж өгсөн. Тухайн журмаар Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д зааснаар эхлээд 1 жил дараагаар 10 жилийн давтамжтай гэрээ байгуулна гэснийг Г.С ТББ зөрчиж байгаа юм. Аймгийн Засаг даргын 2015 оны А/583 дугаартай захирамжаар шууд 10 жилийн хугацаагаар гэрээ байгуулсан нь Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.С ТББ нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/167, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ маргаан бүхий захирамжид Г.С ТББ ямар үндэслэлээр менежментийг хариуцах боломжгүй талаар заагаагүй, хуулийн ямар зүйл заалт зөрчсөнийг тодорхойлолгүйгээр Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамжийг шууд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ Г.С ТББ 2015, 2016 оны тайлангаа дүгнүүлээгүй, гэрээний талууд болох Бөхмөрөн, Сагил сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар хамтарч ажиллах боломжгүй гэсэн албан бичгүүд ирүүлсэн, тус байгууллагын захирлаар ашиг сонирхлын зөрчилтэй этгээд Б.Ганболд томилогдсон байсан, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамжийг нөхөж гаргасан гэж маргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Тодруулбал,

Маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/167 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг үндэслэн тус аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамжийг хүчингүй болгож, улмаар 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 2.4 дэх заалтыг үндэслэн Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг Гулзат нөхөрлөлүүдийн холбоо ТББ-д 1 жилийн хугацаатай хариуцуулж шийдвэрлэсэн байна.

Хүчингүй болгосон Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамжаар Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг Г.С ТББ-д 10 жилийн хугацаатай хариуцуулж, эрх бүхий этгээдүүдтэй гэрээ байгуулан ажиллахыг тус ТББ-д даалгаж шийдвэрлэжээ.

Харин Увс аймгийн Байгаль орчны газрын дарга, Бөхмөрөн сумын Засаг дарга, Сагил сумын Засаг дарга болон нэхэмжлэгч нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээгээр өмнө нь Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын удирдах зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг шинэчлэн, Г.С ТББ-д 10 жилийн хугацаатай Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийг эзэмших, агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болно, 22.5-д Энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно гэж заасан бөгөөд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд хүчин төгөлдөр үйлчлэх, нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа гэрээг захиргааны гэрээ гэж ойлгоно.

Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй, 56.2-т Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална56.3-т Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно56.4.Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ гэж захиргааны гэрээг цуцлах тусгай тохиолдлуудыг зааж өгсөн байх бөгөөд дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй, гэрээ цуцлах үндэслэл нотлогдож тогтоогдоогүй байхад гэрээний талууд болох Бөхмөрөн, Сагил сумдын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар хамтарч ажиллах боломжгүй гэсэн албан бичгүүд ирүүлсэн гэх үндэслэлээр А/583 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Г.С ТББ нь 2015, 2016 оны менежмент төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэсэн ажил, санхүүгийн зарцуулалтын талаарх тайланг Увс аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байх ба гэрээнд гарын үсэг зурсан Б.Ганболд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж Г.С ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилласан нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ О.НОМУУЛИН