Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 671

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, Д.Л-ийн нэхэмжлэлтэй, БГД-ийн НДХ-д холбогдох захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны * дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н[1], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч Д.Л 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[2]:

“... Миний бие Д.Л би 1960 оны 10 сарын 06-нд төрсөн 59 настай Улсад 35 жил тасралтгүй төрийн албанд 33 жил, шүүхийн байгууллагад 28 жил, шүүгчээр 24 жил ажилласан.

            1980 оны 07 сарын 20-ны өдөр НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуульд НАХЯ-ны сайдын 1980 оны 09 сарын 25-ны өдрийн 782 тоот тушаалаар сонсогчоор суралцаж 1983 оны 07 сарын 20-ны өдөр НАХЯ-ны сайдын 1983 оны 07 сарын 21-ний өдрийн 660 тоот тушаалаар Говь-Алтай аймаг дахь НАХХэлтсийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгчөөр томилогдон ажилласан, НАХЯ-ны эмнэлгийн ЭХМК-ын 1985 оны 04 сарын 17-ны өдрийн 110948 тоот актыг үндэслэн тахир дутуугийн 3 дугаар группд 6 сар НАХЯ-ны сайдын 1985 оны 09 сарын 20-ны өдрийн 765 тоот тушаалаар.

            1985 оны 09 сарын 15-ны өдөр Бэлтгэл офицероор халж Говь-Алтай аймгийн АДХГЗ-ны хөдөлмөр нийгмийн хангамжийн хэлтсийн мэдэлд НАХЯ-ны сайдын 1985 оны 09 сарын 27-ны өдрийн 786 тоот тушаалаар шилжүүлсэн.

            1985 оны 10 сарын 01-ны өдөр Говь-Алтай аймгийн хууль зүйн зөвлөгөө өгөх газарт зөвлөгч өмгөөлөгчөөр түр АХЗӨГ-ын эрхлэгчийн 1985 оны 10 сарын 15-ны өдрийн 03 тоот шийдвэрээр түр авч ажиллуулсан.

            1986 оны 04 сарын 24-ны өдөр Шүүхийн мэдэлд АХЗӨГ-ын 1986 оны 04 сарын 26- ны өдрийн 198 тоот шийдвэрээр.

            1986   оны 04 сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгчээр 3 сарын хугацаагаар түр Говь-Алтай аймгийн шүүхийн даргын 1986 оны 04 сарын 28-ны өдрийн 19 тоот тушаалаар ажилд ажилласан.

            1986 оны 07 сарын 29-ний өдөр тогтоол гүйцэтгэгчээс чөлөөлж, архив аж ахуй хариуцсан нарийн бичгийн ажилд түр Говь-Алтай аймгийн шүүхийн даргын 1986 оны 07 сарын 29-ний өдрийн 43 тоот тушаалаар.

            1987 оны 03 сарын 13-ны өдөр Архив аж ахуй хариуцсан нарийн бичгийн даргаас чөлөөлж тогтоол гүйцэтгэгчээр Говь-Алтай аймгийн шүүхийн даргын 1987 оны 03 сарын 13-ны өдрийн 11 тоот тушаалаар ажилласан.

            1990 оны 01 сарын 7-ны өдөр өөр ажилд шилжих болсон тул тогтоол гүйцэтгэгчийн ажлаас Говь-Алтай аймгийн шүүхийн даргын 1990 оны 01 сарын 08-ны 03 тоот тушаалаар чөлөөлөгдсөн.

            1990 оны 01 сарын 09-ний өдөр Аймгийн хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгчөөр ХЗЗӨГазрын эрхлэгчийн 1990 оны 01 сарын 09-ний өдрийн 02 шийдвэрээр томилогдон ажилласан.

            1991 оны 08 сарын 17-ны өдөр МУИС-д элсэн орж суралцах болсон тул өмгөөлөгчийн үүрэгт ажлаас аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргын 1991 оны 07 сарын 19-ний өдрийн 14 тоот шийдвэрээр чөлөөлөгдсөн.

            1991 оны 09 сарын 01-ний өдөр МУИС-ийн хуулийн 1 дүгээр ангид оюутнаар элсэн орж МУИС-ийн захирлын 1991 оны 09 сарын 21-ний өдрийн 714 дүгээр тушаалаар суралцаж 1994 оны 07 сарын 01-ний өдөр МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн хуулийн 3 дугаар ангид суралцаж МУҮИС-ийн захирлын 1994 оны 06 сарын 28-ны өдрийн 443 дугаар тушаалаар төгссөн.

            1994 оны 07 сарын 20-ны өдөр Монгол Улсын шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Төв аймгийн Зуун мод хот дахь сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчээр Монгол Улсын ерөнхийлөгчийн 1994 оны 07 сарын 20-ны өдрийн 94 дүгээр зарлигаар томилогдон ажилласан.

            1996 оны 05 сарын 24-ний өдрөөс 1998 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 1996 оны 05 сарын 24-ний өдрийн 36 тоот тогтоолоор,

            1998 оны 12 сарын 28-ны өдрөөс 2006 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 1998 оны 12 сарын 28-ны өдрийн 65 тоот тогтоолоор,

            2006 оны 11 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 11 сарын 01-ний өдрийн 316 дугаар зарлигаар,

            2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ний өдрөөс Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 110 дугаар зарлигаар,

            2015 оны 06 сарын 30-наас 2018 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 111 дүгээр зарлигаар,

            Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр 2018 оны 6 сарын 29-ний өдрийн 89 дүгээр зарлигаар тус тус томилогдон ажиллаж байсан, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д "... 55 нас хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно..." гэж заасны дагуу хүсэлтээ гаргаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 4 сарын 10-ны өдрийн 61 дүгээр зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасны дагуу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

            Ерөнхийлөгчийн зарлиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг тус тус үндэслэн гарсан тул “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт “...тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно...” гэж зааснаар Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст материалаа 2019 оны 04 сарын 11-ны өдөр бүрдүүлэн өгч, 2019 оны 04 сарын 11-ний өдөр өргөдөл гаргасны дагуу тэтгэврийн дэвтэр нээсэн боловч тэтгэвэр тогтоогоогүй өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байгаа тул захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 60 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоох эрх тогтоолгож болно гэж таны тэтгэврийн нас хүрээгүй байх учир танд тэтгэвэр тогтоох эрх нээгдэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 1 дүгээр зүйлд “... Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” гэж хуулийн зорилтыг тодорхойлжээ.

            Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй...” гэж, 6 дахь хэсэгт “... даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй...” гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны хязгаарыг тогтоосон байна.

            Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох эрх, түүнтэй холбогдох харилцааг нарийвчлан зохицуулсан хууль мөн болно.

            Тодруулбал: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "... Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” гэжээ. Дээрх хуулийн дугаар зүйлийн 2.2-д "... Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна ...” гэж заажээ.

            Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “... Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно...” гэж шүүгчийн нийгмийн хамгааллын асуудлыг энэ хуулиар тусгайлан зохицуулсан байна.

            Шүүгчийн эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдан, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж үзнэ.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр.тэтгэмжийн тухай хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, нөхцөл, олгох журмыг хуульчилсан процессын шинжтэй хууль бөгөөд уг хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий босгыг “60 нас”- аар, зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл “50 нас”-аас, “55 нас”- наас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээр хуульчилжээ.

            Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...”, Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт “...төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй...” гэж заасан нь төр, түүний төлөөллийн байгууллага нь хуулийг дээдлэн хэрэгжүүлэхдээ хүн, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх зарчим, үүрэг юм.

            Хэдийгээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994/ оны/ хуулиар зохицуулсан байх боловч нэхэмжлэгч Д.Л /шүүгч/-ийн “өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах” тухай хүсэлтийг нь эрх бүхий төрийн байгууллага нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд харшилахааргүй байна.

            Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Монгол Улсын үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ...” гэж заасан хууль хэрэглэх ерөнхий зарчмыг баримтлан сүүлд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн : нэхэмжлэгч Д.Л миний “өндөр насны тэтгэвэр тогтоолгох’’ хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

            Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгайлан “... шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж тодорхойлон хуулиар нэгэнт “тогтоолгож болно” гэж заасан байгаагаас үзэхэд Д.Лийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д тодорхойлон заасан шууд үүсэх эрх юм.

            Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь шүүгчийн албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан материаллаг хууль бөгөөд уг хуулиар “... тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох...” субъектив эрхийг баталгаажуулсан, уг хуулийн заалт хүчин төгөлдөр байгаа болно.

            Иймээс төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг Монгол Улсын Их хурлаас баталсан хүчин төгөлдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/ хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хоорондын холбогдох заалт нь зөрчигдсөн гэх үндэслэлээр Д.Л /хүн/-ийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон “өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан эрхийг төрийн байгууллага хязгаарласан нь буруу юм.

            Д.Л миний “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” хүсэлтийг хүлээж авахгүй байгаа төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус гэж үйлдэл болно.

            Шүүх, шүүгчийн ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан “шүүгчийн хараат бус байдал, хөдөлмөрийн харилцаа”-г Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан бөгөөд түүн дотроо шүүгчийн нийгмийн хамгааллын асуудалтай холбоотой буюу “шүүгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх” харилцааг тухайн салбарын хуулиар нь нарийвчлан, тусгайлан зохицуулахаар хууль тогтоогч шийдвэрлэсэн байна.

            Иймд Д.Л миний өндөр насны тэтгэврийг тогтоон, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгаж, тэтгэврийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            1.2. Нэхэмжлэгч Д.Л 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа[3]:

            БГД-ийн НДХ-т өргөдөл гаргасан. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр очиход тэтгэврийн дэвтэр нээсэн. Тэгээд хяналтаар оруулаад хариу өгнө гэж мэдэгдсэн. Бас хувийн хэрэг нээж бүх материалаа хүлээн авсан. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр очиж уулзахад тэтгэвэр тогтоолгох нас 60 нас тооцох тул энэ асуудлыг тогтоох боломжгүй байна. Яамнаас хариу авна гээд тэтгэвэр материал өгөөгүй хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийг авч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Албан бичгээр хариу нэхсэн боловч өгөөгүй.

            Тэтгэврийн дэвтэр нээсэн хувийн хэрэг нээсэн. Бидний өгсөн бусад материалын хамт нийгмийн даатгалын БГД-ийн хэлтэст байгаа болно.

            Нийгмийн даатгалын хяналтын хэлтсээс НДЕГ-т өөрсдөө хандаж хариу авсан гэсэн. Тэтгэвэр тогтоох нас болоогүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн гэж даатгалын байцаагч буюу тэтгэврийн материал хүлээн авсан хүн хяналт шалгалтын хэлтэс рүү гээ дагуулан орж хариуг амаар өгсөн.

            Иймд Д.Л миний өндөр насны тэтгэврийг тогтоон, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгаж тэтгэврийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хоёр. Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[4]:

             “Баянгол дүүргийн 5 дугаар хороо .. дугаар хороолол ... дүгээр байрны ... тоотод оршин суугч С овогт Д ийн Л ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

            Д.Л нь Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлөгдөж, “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт “... тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно...” гэж заасныг баримтлан тус хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан байна.

             Д.Л нь шүүгчээр ажиллаж байсан тул “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасны дагуу өндөр насны тэтгэвэр авах эрхийн шаардлагыг хангахгүй байгаа юм.

            Иргэн Д.Л нь өөрийн нэхэмжлэлдээ “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэгт “Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасныг үндэслэн тэтгэвэр тогтоолгохыг хүссэн байна.

            Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан.

            Д.Л нь шүүгчээр 24 жил 8 сар 12 өдөр ажилласан байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт заасан ажилласан жилийн болзлыг хангахгүй байгаа тул түүнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт заасныг үндэслэн түүнд өндөр насны тэтгэвэр тогтоож, олгох хууль эрх зүйн үндэслэлгүй болно” гэжээ.

            Гурав.Нэхэмжлэгч, хариуцагч талын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Л-с БГД-ийн НДХ-т холбогдуулан гаргасан “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлээр бүхэлд нь ханган шийдвэрлэв:

            1.Маргааны үйл баримтын талаар:

            Нэхэмжлэгч Д.Л нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт “тавин таван нас хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно” гэж заасныг үндэслэн “өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаал”-аас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж, түүний хүсэлтийг үндэслэн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 61 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ[5].

            Нэхэмжлэгчээс дээр дурдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн” нөхцөл болзлыг хангаж байгааг харгалзан өндөр насны тэтгэвэр тогтоож өгөх тухай хүсэлтийг хариуцагч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр холбогдох материалын хамт гаргажээ.[6]

            Хариуцагч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд “тэтгэвэр тогтоох 60 нас хүрээгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн хариуг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр амаар өгчээ.[7]

   Нэхэмжлэгч Д.Л нь 1960 оны 10 сарын 06-нд төрсөн, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 59 настай байсан, нийт 35 жил, төрийн албанд 33 жил, шүүхийн байгууллагад 28 жил, шүүгчээр 24 жил 8 сар 12 сар ажилласан гэдэг нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эрх бүхий этгээдүүдийн зарлиг, шийдвэр, тушаал, архивын лавлагаа, ажлын үнэмлэхийн хуулбар зэргээс тогтоогдож байна.[8]

            2.Маргаж буй үндэслэлийн талаар:

            Нэхэмжлэгч талаас “... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.6-д “тавин таван” насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болохоор” заасан байхад ... тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус” гэж маргажээ.

            Харин хариуцагчаас “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “...20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй...өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заасан шаардлагыг нэхэмжлэгч 60 нас хүрээгүй тул хангахгүй, мөн нэхэмжлэгч нь шүүгчээр 24 жил 8 сар 12 өдөр ажилласан тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан шүүгчээр 25 жил ажилласан байх болзлыг хангахгүй байгаа тул түүнд өндөр насны тэтгэвэр тогтоож, олгох хууль эрх зүйн үндэслэлгүй” гэж маргажээ.

            3.Хууль зүйн үндэслэлийн талаар:

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заажээ.

            Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн хамгаалалт гэсэн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно.”, 24.7-д “Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.”, 24.9-д “Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.” гэж зохицуулжээ.

            Эдгээр хуулийн заалтаас дүгнэхэд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болон ажилласан жилийн шаардлагатай холбоотой ерөнхий харилцааг зохицуулсан.

            Харин “тавин таван насанд хүрсэн, мөн шүүгчээр нийт 25 жил ажилласан” шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой байхаар зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь заалт нь шүүгчийн ажил эрхэлсний хувьд шүүгчид хуулиар тусгайлан боломж олгосон, шүүгчийн нийгмийн хамгаалалтыг тусгайлан бий болгосон,  зохицуулалт байна.

            Иймээс  өндөр насны тэтгэврийг тогтоох, олгох үүрэг хүлээсэн хариуцагч нийгмийн даатгалын байгууллагаас шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Лийн өндөр насны тэтгэвэрт гарах хуульд заасан насны шаардлагыг хангасан эсэхийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг бус Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан заалтыг баримталж, хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч захиргаанд хүсэлт гаргах үедээ “тавин есөн” настай байсан тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан “тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно” гэсэн хуулийн шаардлагыг хангаж байсан гэж үзэхээр байна.

            Үүнээс дүгнэвэл, хариуцагчаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгчийг жаран нас хүрээгүй гэж түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй, шийдвэрлэхээс татгалзсан тайлбар нь шүүгчид хуулиар тусгайлан олгосон боломж, шүүгчийн нийгмийн хамгаалалтыг тусгайлан бий болгосон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-дахь заалтад нийцээгүй, энэхүү хуулийн заалтыг зөрчсөн байна.

            Дээрхээс гадна хариуцагч захиргаанаас “нэхэмжлэгч нь шүүгчээр 24 жил 8 сар 12 өдөр ажилласан тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан шүүгчээр 25 жил ажилласан байх болзлыг хангахгүй байгаа” гэж маргаж байгаа нь мөн хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Учир нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн хамгаалалт гэсэн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно.”, 24.7-д “Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.” гэсэн нас болон ажилласан жилийн шаардлагыг тусдаа заалтаар зохицуулж, нэг заалтаар хамтад зохицуулсан агуулгыг илэрхийлээгүй, тус тусдаа хэрэглэгдэх хуулийн заалтууд байна.

            Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-д “Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.” гэж зохицуулжээ.

            Үүний учир нэхэмжлэгч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан “Тавин таван насанд хүрсэн” байх насны шаардлагыг хангаж, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “...20-иос доошгүй жил шимтгэл төлсөн” байх шаардлагыг давхар хангаж байгаа учир өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нь хууль зүйн үндэслэлтэй юм.

            Иймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасны дагуу “тавин таван насанд хүрсэн шүүгч” нь уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан “шүүгчээр 25 жил ажилласан” байх шаардлагыг хамтад авч үзэж хэрэглэн нэхэмжлэгчийг уг 2 хуулийн шаардлагыг хамтад, давхар хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй гэж үзэж байгаа хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна.

             Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх”, “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлахаар заажээ.

            Энэхүү “хуульд үндэслэх” зарчим нь хуулиар зөвшөөрсөн нөхцөл, болзол, шаардлагыг захиргааны үйл ажиллагаанд зөвхөн хэрэглэнэ, хуулиар хориглосон тохиолдолд энэхүү “хуульд үндэслэх” зарчим алдагдах агуулгатай юм.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, нөхцөл, олгох журмыг хуульчилсан бөгөөд уг хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий босгыг “60 нас”-аар, зарим тохиолдолд буюу уг хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 3, 6 дахь хэсэгт иргэн өөрөө хүсвэл “50 нас”, “55 нас”-наас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээр хуульчилжээ.

            Дээр дурдсан өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай, “өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох” эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар “хориглосон” шинжийг агуулаагүй, мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан “тавин таван нас”-наас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь зөвхөн шүүгчийн хувьд үүсэхээр хуулиар хүлээн зөвшөөрсөн.

            Үүний учир өндөр насны тэтгэврийн насыг шүүгчийн хувьд тусгайлан зохицуулсан хуулийн заалтын дагуу тавин таваас дээш настай, 20-иос дээш жил буюу 24 жил 8 сар 12 өдөр нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн шүүгчээр ажиллаж байсан, даатгуулагч Д.Лийн өндөр насны тэтгэврээ өөрийн хүсэлтээр тогтоолгон авах хуулиар зөвшөөрч олгосон эрхийг хариуцагч захиргааны байгууллагаас дордуулсан байдлаар хуулийг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль, захиргааны үйл ажиллагааны “шийдвэр нь үндэслэл бүхий” зарчимд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, эрхээ эдлэх боломж, нөхцөл, баталгааг олгоогүй, алдагдуулсан хууль бус гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

 

         3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24 дүгээр зүйлийн 24.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л-ийн БГД-ийн НДХ-т холбогдуулан гаргасан “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” гэсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч БГД-ийн НДХ-ийн “нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоож, тэтгэврийг нөхөн гаргахыг хариуцагч БГД-ийн НДХ-т даалгасугай.

  2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун)  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

           

 

 

ШҮҮГЧ                                       А.САРАНГЭРЭЛ


[1] 128/2016/0238/3 индекстэй /цаашид “Хэргийн “гэх хэргийн 52 дахь тал.

[2] Хэргийн 1-14 дэх тал.

[3] Хэргийн 41-42 дахь тал.

[4] Хэргийн 59 дэх тал

[5] Хэргийн 15 дахь тал

[6] Хэргийн 17-31, 69-71,

[7] Хэргийн 41-42 дахь тал

[8] Хэргийн 15-31, 90, 93-114