Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0198

 

“Эс Си Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 923 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Эс Си Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эс Си Эм” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/300 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, захирамжийн улмаас учирсан хохирол болох 107.726.185 төгрөгийг барагдуулахыг даалгаж өгнө үү. Эс Си Эм ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 953 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44758 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

Хан-Уул дүүргийн Засаг дарга газрыг чөлөөлөх үндэслэлдээ Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг үндэслэсэн байх бөгөөд Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 5 дугаар зүйлийн 5.1.3, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралт “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 1-р хавсралт “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.1-д заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр барилга, байгууламж барих гэдэгт орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлэхийг хамруулж ойлгохоор байна. “Эс Си Эм” ХХК нь барилгын ажил эхлэх бэлтгэл ажлыг хангаж, бараа материал буулгах зориулалтаар чингэлгүүдийг буулгасан нь хууль, журам зөрчиж, барилгын ажил эхлүүлсэн гэдэгт хамаарахгүй.

Бид хууль зөрчиж, ямар нэгэн барилгын ажил эхлүүлээгүй бөгөөд барилгын ажил эхлэх хүртэлх бэлтгэл ажил болох бараа материал буулгах зориулалтаар чингэлгүүд буулгасан нь гэрээний зориулалт зөрчсөн эсхүл газар эзэмших эрхийн цар хүрээнээс давсан тохиолдол биш гэж үзэж байна. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/300 дугаар захирамжаар газар албадан чөлөөлөх арга хэмжээ авснаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасан Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн заалтыг баримталж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хуульд нийцээгүй захирамж гаргасан байна. Бид газар чөлөөлөх тухай мэдэгдэлд энэ талаар дурдаж, барилгын ажил эхлүүлээгүй талаар удаа дараа албан бичгээр мэдэгдсэн тул захирамж хуулийн үндэслэлгүй байна...” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Яармагийн төв болон хорооллын дундах авто замын дагуу олон тооны чингэлэг буулгаж, иргэд, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон талаар иргэд, байгууллагаас гомдол ирүүлсэн тул 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/470 дугаар, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/484 дугаар албан бичиг хүргүүлж, иргэд болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангаж, зөвшөөрөлгүй буулгасан чингэлгүүдийг зөөж, газар чөлөөлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч “Эс Си Эм” ХХК-ийн зүгээс чингэлгүүдийг зөөвөрлөөгүй тул 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/300 дугаар захирамжаар албадан буулгаж, газар чөлөөлсөн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.г-д “иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх” гэснийг, мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-д “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд иргэдийн эрх ашиг болон төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахаар гарсан захиргааны акт юм.

“Эс Си Эм” ХХК нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байж чингэлгийг дур мэдэн бусдын орц, гарцыг хааж байршуулсан, чингэлгийг барилгын бараа материал байршуулах зорилгоор байршуулж байгаа нь барилгын ажил эхлүүлэх гэж байгаа гэсэн агуулгатай. Нөгөөтэйгүүр чингэлгийг өөрийн эзэмшлийн газар дээр байршуулсан талаарх баримт байхгүй байгаа тул “Эс Си Эм” ХХК-ийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 923 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Эс Си Эм” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/300 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Захирамжийн улмаас учирсан хохирол болох 107.726.185 төгрөгийг барагдуулахыг даалгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

         Хариуцагч давж заалдах гомдолдоо: “"Эс Си Эм" ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Яармагийн төв болон хорооллын дундах авто замын дагуу олон тооны чингэлэг буулгаж иргэд, төрийн байгууллагын хэвийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон талаар иргэд, байгууллагуудаас гомдол ирүүлсэн.

Иймд "Эс Си Эм" ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 01/470 тоот мөн 08 дугаар сарын 14-ний өдөр 01/484 тоот албан бичгээр иргэд болон төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангаж зөвшөөрөлгүй буулгасан чингэлгүүдийг зөөж газар чөлөөлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч чингэлгүүдийг зөөвөрлөөгүй тул 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/300 дугаар захирамжаар албадан буулгаж газар чөлөөлсөн.

Дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.г-д "иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх" мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.2-т "газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах" 57 дугаар зүйлийн 57.3-д "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө" мөн зүйлийн 57.4-д  "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна" гэж заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд иргэдийн эрх ашиг болон төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахаар гаргасан захиргааны акт юм.

Шүүхийн 923 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт "нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу эзэмшсэн, өөрийн эзэмшил газар дээр өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн газар дээрээ орон сууцны барилга барих бэлтгэл ажлыг хангах зорилгоор буулгасан чингэлгүүдийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д зааснаар албадан чөлөөлөх захирамж гаргаж, чингэлгүүдийг албадан нүүлгэсэн болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, чингэлгүүдийг байршуулсан болон зөөвөрлөж буй фото зураг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн "...зөвшөөрөлгүй буулгасан чингэлгүүдийг зөөж, газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн..." гэх тайлбар нь үндэслэлгүй юм.

Мөн "Түүнчлэн хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга маргаан бүхий актын үндэслэл болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасан Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах заалтыг баримталсан, мөн маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг баримталж, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус болжээ. Учир нь Хан-Уул дүүргийн Засаг дарга өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсний зэрэгцээ тухайн харилцааг зохицуулсан буюу хэрэглэх ёстой хуулийн заалтыг баримтлаагүй байна" гэжээ

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.5, Газрын тухай хуулийн 20.2.2, 40.1.6, 57.3, 57.4, 59.1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасныг тус тус үндэслэсэн байдаг. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 923 дугаар шийдвэр зөвхөн Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтаар тайлбарлан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь бусдын орц, гарцыг хааж байршуулсан чингэлгийг барилгын бараа материал хадгалах зорилгоор өөрийн газар дээр байна гэж дүгнэсэн учир дутагдалтай юм. "Эс Си Эм" ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээр байршуулсан талаарх нотлох баримт авагдаагүй дээрх байдлыг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулах боломжтой байхад шүүх өөрийн газар дээр байсан мэтээр тайлбарлаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т "хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох" гэж заасныг хэрэгжүүлээгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...манай компани орон сууцны барилга барих зориулалт бүхий өөрийн эзэмшлийн газартаа төлөвлөгөөний дагуу барилгын ажил эхлүүлэх ажлын бэлтгэлийг хангаж бараа материал буулгах зориулалтаар чингэлгүүд буулгасан нь гэрээний зориулалт зөрчсөн эсвэл газар эзэмших эрхийн цар хүрээнээс давсан тохиолдол биш...” гэж, хариуцагч тайлбартаа “...Яармагийн төв болон хорооллын дундах авто замын дагуу олон тооны чингэлэг буулгаж иргэд, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон талаар иргэд, байгууллагаас гомдол ирүүлсэн...” гэж маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 953 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44758 м.кв, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 38393 м.кв газрыг нэхэмжлэгч “Эс Си Эм” ХХК-д тус тус эзэмшүүлсэн байх бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/300 дугаар захирамжаар албадан нүүлгэсэн чингэлгүүд “Эс Си Эм” ХХК-ийн аль эзэмшил газрынх нь хаана байрлаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт кадастрын зураг, бодит байдалд байрлаж байсан гэх фото зургууд, шүүхийн үзлэгийн тэмдэглэл байгаа боловч нэхэмжлэгчийн 2 өөр хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан эзэмшил газрынх нь хил хязгаар хаана болох, чингэлгүүд байрлаж байсан байршил нь уг хил хязгаарын дотор байгаа эсэх, мөн уг чингэлгүүдийг байрлуулахдаа нийтийн эзэмшлийн авто зам, талбай, ногоон байгууламж, орц, гарцыг хааж байрлуулсан эсэхийг тодорхойлох боломжгүй байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

            Мөн хариуцагчийн тайлбарт дурдсан иргэд, байгууллагаас ямар гомдол ирүүлсэн, түүний үндэслэл, уг чингэлгүүдийг албадан нүүлгэх зайлшгүй шаардлагатай байсан эсэх, хариуцагч нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу газрыг албадан чөлөөлөх ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчийг зохих зөвшөөрөлтэй эсэх, газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн газар бүртгэгдсэн эсэх зэргийг шалгасан талаарх баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

            Түүнчлэн хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/470[1], 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/484[2] тоот газар чөлөөлөх талаар албан шаардлагыг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх бөгөөд нэхэмжлэгч нь уг албан шаардлагад хариу өгсөн эсэх, өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байгаа газартаа барилгын материал хадгалах зориулалтаар чингэлгүүдээ байрлуулсан талаараа хариуцагчид албан ёсоор мэдэгдэж баримтаа хүргүүлсэн эсэх, хариуцагч нь түүний дагуу шалгасан эсэх талаарх баримтыг цуглуулж, үнэлэн маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... дүүргийн Засаг даргаас мэдэгдэл ирүүлсэн тул манай компани 4 удаа хандаж, газар эзэмших зөвшөөрөлтэй талаараа тайлбарлаж байсан. Энэ талаар шүүхэд баримт өгсөн..” гэх боловч хэрэгт нэхэмжлэгч хуулийн этгээдээс Хан-Уул дүүргийн Засаг даргад хандсан талаар баримт авагдаагүй байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 923 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                    ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                      С.МӨНХЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 39 дэх тал

[2] Хавтаст хэргийн 38 дахь тал