Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0330/З |
Дугаар | 408 |
Огноо | 2016-11-23 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 408
Ч.Тунгалаг, Н.Батчулуун, О.Батмаа,
П.Идэртогтох нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Н.Батчулуун, П.Идэртогтох, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, Ж.Бямбасүрэн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга, хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хан-Уул, Б.Бат-Учрал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Уянга, Э.Уянга, Ө.Жавхлан нарыг оролцуулан хийж, Ч.Тунгалаг, Н.Батчулуун, О.Батмаа, П.Идэртогтох нарын нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 433 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0590 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тус тусын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр: 1. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Тунгалаг, О.Батмаа, П.Идэртогтох, Н.Батчулуун нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Тунгалаг, О.Батмаа, П.Идэртогтох, Н.Батчулуун нараас шинжээчийн зардал болох нийт 1,572,225 төгрөгийг гаргуулж, үүнээс 1,062,225 төгрөгийг шинжээч Ч.Энхчимэг, Т.Ганбат, Н.Ганчимэг нарт, 510,000 төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн 452486244 тоот дансанд тус тус тушаалгахаар шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0590 дүгээр магадалалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 433 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Барилгын тухай (2008 оны) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7, 9 дүгээр зүйлийн 91.1, 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.5, 37 дугаар зүйлийн 37.9, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай 10/2014 дугаар зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоож, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Тунгалаг, О.Батмаа, П.Идэртогтох, Н.Батчулуун нараас 786,112.5 төгрөгийг, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газруудаас 786,112.5 төгрөгийг тус тус буюу шинжээчийн зардал болох нийт 1,572,225 төгрөгийг гаргуулж Барилгын хөгжлийн төвийн 452486244 тоот дансанд тус тус тушаасугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1. 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.3, Барилгын тухай /2008 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Барилгын тухай хуулийн /2008 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1. 9.1.4 дэх заалтыг хэрэглэх ёсгүй байсан, хэрэглэх ёстой зарим дүрэм, журмыг хэрэглээгүй байна.
Давж заалдах шатны шүүх “Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх тухай” 10/2014 дугаар зөвшөөрлийг хуульд нийцээгүй архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж гарсан бөгөөд Барилгын тухай хуулийн 6.2.7-д зааснаар энэхүү зөвшөөрлүүдийг үндэслэж барилгын ажил үргэлжлүүлэх нь нэхэмжлэгч иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөд хүрэхээр байна” гэсэн 2 үндэслэлийг зааж хууль бус байсан болохыг тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Засгийн Газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д зааснаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлсэн хүсэлтийг үнлэслэн шийдвэрлэдэг. Үүнд:
Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, Барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн зураг, төсөл, барилга, байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн ажилтныг томилсон шийдвэр, Захиалагч хөрөнгө оруулагчийн техникийн хяналт гүйцэтгэх болон зохиогчийн хяналт хийх гэрээ, Барилга, байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, барилгын талбайн зохион байгуулалтын зураг болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны ажил гүйцэтгэх төслийн бичиг, баримт зэрэг болно.
Архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын захиалагч болон баригдах барилгын ажлын зургийг боловсруулах мэргэжлийн байгууллагад барих барилгын зураг төслийг боловсруулахад тавигдах эрх бүхий байгууллагаас баталсан норм дүрмийн зэрэг техникийн шаардлагын талаар мэдээлэл өгөх баримт бичиг бөгөөд энд дурдсан мэдээллийн дагуу барилгын зураг төслийг боловсруулж, тусгай эрх бүхий улсын экспертизээр хянуулж, зөвшөөрсөн дүгнэлт гаргуулсан тохиолдолд түүнийг үндэслэн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогддог.
Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн шууд олгохгүй бөгөөд магадлалд “хууль бус архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн олгогдсон тул ...барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь хууль бус байсан” гэж дүгнэж, улмаар дээрх зөвшөөрлийг хууль бус захиргааны акт байсан гэж хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэжээ.
Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хан-Уул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын захиалагч болон баригдах барилгын ажлын зураг, барилгын эх загвар зургийг боловсруулахад мэдээлэл болон зөвшөөрөгдөх хэмжээ хязгаарыг зааж өгдөг баримт бичиг юм. Тэрнээс барилга барих зөвшөөрлийг олгосон шийдвэр биш бөгөөд барилга барих зөвшөөрөл нь “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” гэсэн нэртэй тусдаа өөр захиргааны акт байдаг.
“М Си Эс пропертийз холдинг” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга барих хүсэлтийг эзкиз зургийн хамт ирүүлсэн. Тус хүсэлтийг Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Ерөнхий төлөвлөгөөнд тухайн бүс нь олон нийт засаг захиргаа өндөр барилга байгууламж байх боломжтой тул дэмжиж 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавараар 822 мкв газарт эскиз зургийг хийх даалгавар олгосон. “М Си Эс пропертийз холдинг” ХХК нь барилгын норм дүрэмд нийцүүлэн дахин шинэ эскиз зургийг хийж ирүүлсэн бөгөөд тус эскиз зургийг үндэслэн Ерөнхий архитектор өөрийн эрх мэдлийн хүрээнд өмнөх батлагдсан даалгаварт өөрчлөлт оруулж 1312 мкв-д барилгажих газрын хэмжээг тогтоон олгосон.
Шинжээчийн дүгнэлт нь одоо хүчин төгөлдөр байгаа шинээр өөрчлөлт оруулан баталсан Архитектур төлөвлөлтийн даалгавар болох 1312 мкв барилгажих газрын хэмжээтэй даалгаврын дагуу шинжилгээ хийсэн дүгнэлт болно. Гэтэл үүнийг шүүх бүрэлдэхүүн бүрэн гүйцэд ойлгож судлан шинжлээгүйн дээр хэт өнгөц байдлаар хэрэгт хандсан болох нь ийнхүү буруу дүгнэлт тайлбар хийж байгаагаар харагддаг.
Архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн газар дээр барилга барьж болох өндрийн хэмжээ, барилгажилтын суурийн хэмжээг тогтоосон баримт бичиг болдог бөгөөд норм дүрэм хангуулах нь барилгын эх загвар зурагт тусгагдах ёстой. Мөн шүүх нь эдгээр дүгнэлтүүдийг хийхдээ хууль болон дүрэм журмыг үндэслэл болгоогүй бөгөөд хэргийн бодит байдлыг нягталж шалгахын оронд хэт нэг талыг буруутгах гэсэн үйлдэл гаргасан бөгөөд уг дүгнэлтээр ямар үйл ажиллагааг хэлсэн болох нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар тухайн маргаан бүхий газар дээр ямар нэгэн барилгын ажил явагдаагүй байгаа болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Барилгын норм, дүрмийн дагуу олгогдох архитектур төлөвлөлтийн даалгаварын агуулга, зорилго нь өмнө төлөвлөгдөж баригдсан барилга, орчинд шинээр барих барилгын үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэдэг ... ” гэжээ.
Тухайн дүгнэлтийг гаргахдаа хэт нэг талыг барьсан ямар нэгэн хууль дүрэм журмыг үндэслэл болголгүй тайлбарласан бөгөөд дээрх тайлбар хяналтын шатны гомдолд дурдсанчлан Архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилгын эх загвар зураг боловсруулахад чиглэл үндэслэл болох гол зорилготой баримт бичиг юм Ийнхүү ямарч үндэслэлгүйгээр хэт энгийн үгээр тайлбар хийж, баримт нотолгоогүй дүгнэлт хийж Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн үндэслэл муутай шийдвэр болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын архитектур төлөвлөлтийн даалгавартай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ”, 47.3-т “Хяналтын шатны болон давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн бол шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчлөн шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шинжээчийн зардлыг хуваарилахдаа хариуцагчид ногдох хэсгийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газруудыг оролцуулан хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж хуулийн дээрх хэсгүүдийг хэрэглэлгүй шийдвэр гаргасан.
Иймд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан шүүхийн зардлын хариуцагч нарт оногдох хэсгээс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрыг хасч шийдвэр гаргана уу гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч З.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Баригдаагүй барилгын талаар буюу зөрчигдөөгүй эрх ашгийн талаар дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1,106.3.3-д заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарласан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдснийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдаж мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох ёстой.
Давж заалдах шатны шүүхээс хэргийн материалд андуурч авагдсан хуучин Архитектур төлөвлөлтийн даалгавар (барилгажих талбайн хэмжээ 312 м.кв) болон эрх бүхий байгууллагаас барилгажих талбайн хэмжээг бууруулах талаар тавьсан шаардлагын дагуу шинэчилж авсан одоо хүчин төгөлдөр байгаа Архитектур төлөвлөлтийн даалгавар (барилгажих талбайн хэмжээ 822 м.кв) хоёрын цаг хугацаа, огнооны давхцал, хэн хэзээний шийдвэрээр өөрчлөлт оруулсан зэрэг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгоогүй бөгөөд маргаагүй, бас техникал асуудлаар дүгнэлт хийж 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Монгол Улсын иргэн, хуулийн этгээд захиргааны хууль бус актын улмаас зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5, 52.5.6, 106 дугаар зүйлийн 106.3.8, 106.3.10-т тус тус зааснаар захиргааны хэм хэмжээ тогтоосон акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдаж болзошгүй, эсвэл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг шүүх хүчингүй болгохоор заасан байна.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт биш бөгөөд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гаргаагүй юм.
Өнөөдөр гуравдагч этгээдийн барилга нь баригдаагүй, ирээдүйд барилга баригдсаны улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх эсвэл эсрэгээрээ үнэ цэнэ нь нэмэгдэх эсэх нь тогтоогдохгүй байхад Давж заалдах шатны шүүх “...захиргааны байгууллага гуравдагч этгээдийн барих гэж буй барилгад тавигдах барилгын норм дүрмийн шаардлагыг тодорхой тогтоогоогүй..., байранд хэт ойрхон өндөр барилга барих зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгч иргэдийн хууль, норм дүрмээр тодорхойлогдон хамгаалагдсан эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хөндсөн” гэж дүгнэж архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулснаараа нэхэмжлэгч нарын “зөрчигдсөн” бус зөрчигдөж болзошгүй (энэ нь ч эргэлзээтэй одоо тогтоох боломжгүй) эрх хууль ёсны ашиг сонирхлын талаар дүгнэлт хийн хуулийг буруу тайлбарлан шийдвэр гаргасан болно.
Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйл нь баригдсан барилга байгууламжид хамаарах шаардлагууд бөгөөд өнөөдрийн байдлаар гуравдагч этгээдийн барилга баригдаагүй, тиймээс ч энэ барилгатай холбоотойгоор нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй байгаа болох нь нотлох шаардлагагүй үйл баримт байх тул давж заалдах шатны шүүх “барилга, байгууламжид тавигдах шаардлагыг зөрчсөн” гэж баригдсан байгаа барилгын улмаас иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэснээрээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан.
БНбД 30-01-04 “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм”-ийг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй.
- Магадлалын хянах хэсэгт “захиргааны байгууллага гуравдагч этгээдийн барих гэж буй барилгад тавигдах барилгын норм дүрмийн шаардлагыг тодорхой тогтоогоогүй” гэсэн атлаа “нэхэмжлэгч иргэдийн хууль, норм дүрмээр тодорхойлогдон хамгаалагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хөнджээ гэж дүгнэсэн нь өөрөө хууль зүйн агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт болсон.
Норм дүрэм зөрчсөн эсэхийг нь эрх бүхий этгээд тогтоогоогүй юм бол “хууль болон норм дүрмээр тодорхойлогдон хамгаалагдсан” эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй юм.
Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06/100/27 дугаартай актын 1-д “барилгын байршил, төлөвлөлт нь БНбД 30-01-04 "Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн холбогдох заалтыг хангасан болохыг улсын экспертиз хянаж баталгаажуулсан байна” гэж, шинжээч С.Болормаа, Д.Одбаяр нарын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэд “нэхэмжлэгч нарын орон сууцны урд зүг рүү харсан цонхнууд 4 цаг тасралтгүй нар үзэж байна” гэж тус тус дурдсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.
Баригдах барилгын байршил, төлөвлөлт нь эрх бүхий этгээдээс баталсан барилгын норм дүрмийг зөрчөөгүй тул бусад этгээдийн буюу нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах болон бусад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Гэтэл давж заалдах шатны шүүх “...захиргааны байгууллага гуравдагч этгээдийн барих гэж буй барилгад тавигдах барилгын норм дүрмийн шаардлагыг тодорхой тогтоогоогүй..., байранд хэт ойрхон өндөр барилга барих зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгч иргэдийн ... эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндсөн, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.5-т нийцээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан хуулийн заалтууд болон эрх бүхий байгууллагаас баталсан барилгын норм дүрмийн баримт бичгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
2. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын захиалагч болон баригдах барилгын ажлын зургийг боловсруулах, мэргэжлийн байгууллагад барих барилгын зураг төслийг боловсруулахад тавигдах эрх бүхий байгууллагаас баталсан норм дүрмийн зэрэг техникийн шаардлагын талаар мэдээлэл өгөх баримт бичиг бөгөөд энд дурдсан мэдээллийн дагуу барилгын зураг төслийг боловсруулж, тусгай эрх бүхий улсын экспертизээр хянуулж, зөвшөөрсөн дүгнэлт гаргуулсан тохиолдолд түүнийг үндэслэн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогддог.
Өөрөөр хэлбэл, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн шууд олгохгүй бөгөөд магадлалд “хууль бус архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн олгогдсон тул ...барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь хууль бус байсан” гэж дүгнэж, улмаар дээрх зөвшөөрлийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан гаргасан шийдвэр гэж үзэж гомдол гаргаж байна.
Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7-д “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах” гэсэн Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг заасан.
Харин магадлалын хянах хэсэгт заасан шиг олгосон зөвшөөрөл нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэх, эсвэл зөрчсөн байх нөхцөл байдлыг тодорхойлсон заалт биш байх тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Тунгалаг, Н.Батчулуун, О,Батмаа, П.Идэртогтох нарын иргэдээс “М Си Эс пропертийз холдинг” ХХК-д олгосон Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай” 10/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгуулах,
- СБД-ийн 1-р хороо Олимпийн гудамжны 9 дүгээр байрны оршин суугчдын зөвшөөрлийг авсны үндсэн дээр уг зөвшөөрлийг олгохыг Барилга, хот байгуулалтын яамд даалгах”,
- Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болгуулах,
- “М Си Эс пропертийз холдинг” ХХК-д олгосон 0293528 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
- Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн П.Очирбатын 1897 мкв газрыг “М Си Эс пропертийз холдинг” ХХК-д шилжүүлснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
- Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийг үндэслэн гарсан 02935502 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
- Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжийн “М Си Эс пропертийз холдинг” ХХК-ийн эзэмшлийн “Амины орон сууцны зориулалттай 1897 мкв газрыг Контор орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай” 10/2014 тоот зөвшөөрлийг хууль бус байсныг тогтоон, 2013/159 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгож нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Шүүхийн шийдвэр, магадлалаар хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн зарим шаардлага болох газар эзэмшихтэй хамааралтай захиргааны актуудын тухайд нэхэмжлэгч нар гомдол гаргаж, маргаагүй тул хяналтын шатны шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй, зөвхөн хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгчдийн зүгээс маргаж буй гол асуудал нь “...эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, оршин суугчдын зөвшөөрлийг авалгүйгээр барилга барих зөвшөөрөл, архитектор төлөвлөлтийн даалгавар олгосон..., нарны тусгал..., ...барилга хоорондын зай зэрэг нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНБД 30-01-04/-ийг зөрчсөн гэж үзжээ.
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “...хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн оролцоотой төлөвлөсөн” байхыг заасан, нэхэмжлэгчдээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 06 сарын 13-ны өдрийн 183 дугаар тушаалын хавсралтаар баталсан ”Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх” журам болон энэ хууль нь хот тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамааралтай, уг журамд зааснаар олон нийтээр хэлэлцүүлэхийг захиалагчийн хүсэлтийг үндэслэн Засаг даргад үүрэг болгожээ.
Үүнээс үзвэл, энэ хэргийн гуравдагч этгээд “М Си Эс пропертийз холдинг” ХХК нь захиалагч биш, маргаан бүхий 2013 оны 2013/159 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т “шаардлагатай тохиолдолд хойд талд байгаа барилгын үндсэн оршин суугчдаас зөвшөөрөл авах” гэж заасан байгаа боловч уг зөвшөөрлийг аваагүй нь хариуцагч захиргааны байгууллагуудаас “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай” зөвшөөрөл, “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг олгохоос татгалзах болон шүүхээс энэ үндэслэлээр тухайн актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Мөн “М Си Эс пропертийз холдинг” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан” “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг бүрэн хангасан хүсэлтийг хариуцагч төрийн захиргааны байгууллагад ирүүлж, хариуцагчаас тухайн зөвшөөрлийг олгосон нь Барилгын тухай хууль /2008 оны/ -ийн 6 дугаар зүйлийн 6.2.7-д “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох” гэж заасантай нийцсэн, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан захиргааны акт байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...С5 баганы булангийн арматураас пандусын тэнхлэг хүртэл 8.96 м, Пандусын гадна хананаас 9-р байр талын талбайн хашаа хүртэл 3.05 м, 9 байр талын талбайн хашаанаас 9 дүгээр байрны гадна хана хүртэл 2.00 м, нийтдээ 14.01 м байна. Үүнээс баганы цутгалт хийгдэх үед хамгаалалтын үеийг 30 м.м авахыг тооцвол 13.98 м болно.
Барилгын зураг дээр С5 баганаас 9-р байр хүртлэх зай 13.85 м байна....” ,
“...Олимпийн 9 дүгээр байрны 8, 10, 13, 16 тоот айлуудын урд болон баруун зүг рүү харсан цонхууд дээр нар 4 цаг тасралтгүй үзэж байгаа нь БНбД-ийн 23-04-07-ийн 3.5 болон 3.6, мөн БНбД-ийн 31-01-10-ийн 5.26 заалтын дагуу тусгал хангагдсан байна” гэж дүгнэснээс гадна Байгаль орчин, газрын харилцааны хяналтын улсын байцаагч Ч.Энхчимэг, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ганбат, Н.Ганчимэг нарын 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний барилгын зураг дээр С5 баганаас 9 дүгээр байр хүртлэх зай 14.102 м байгаа нь газар дээрх хэмжилттэй таарч байгаа тул “М-Си Эс проретийз холдинг” ХХК-ийн барилга нь зурагт заагдсан байршилдаа баригдаж байгааг тодорхойлжээ.
Мөн шинжээч С.Болормаа, Д.Одбаяр нарын 2014 оны 10 дугаар сарын 24-ний дүгнэлтээр нэхэмжлэгч нарын орон сууцны урд зүг рүү харсан цонхууд дээр нарны тусгал 4 цаг гаруй тасралтгүй үргэлжилж байгааг дүгнэсэн байна.
Шинжээчдийн дээрх дүгнэлтүүдээс үзвэл, “М Си Эс пропертийз холдинг” ХХК-ийн барихаар төлөвлөж буй барилга нь:
-”Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (Ээвэрлэлтийн) хангамж” /БНбД 23-04-07/-ийн 3.1-д “Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болон нарны шууд тусгалыг үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарын шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана”,
3.2-д “Нормчлогдох хугацааг хавар намрын улиралд тооцох ба тухайн орон нутгийн байршил, цаг агаар болон барилгажилтын онцлогийг тусган тооцно.”,
3.5-д “Нарны тусгалын үргэлжлэх норматив хугацааг дараах өрөө тасалгаанд болон талбайд заавал хангуулна.” Үүнд:
а) “Айлын 1, 2 ба 3 өрөөөтэй сууцны нэгээс цөөнгүй, 4-6 өрөө сууцны хоёроос цөөнгүй өрөөнд...”. 3.6-д “Нутгийн өмнөд хэсэг буюу хойд өргөрөгийн 480-аас урагшаа хоёрдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22 хүртэл хугацаанд өдөрт 2 цагаас багагүй”, “ ...хот байгуулалтын төвөгтэй нөхцөлд ...орон сууцны хорооллыг шинэчлэх, нэмж барилгажуулах үед нарын тусгалын үргэлжлэх хугацааг бүс тус бүрд 0,5 цагаар багасгаж төлөвлөхийг зөвшөөрнө”,
-“Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” / БНбД 30-01-04/-ийн 2.11-д “...2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондхи зай 15м-ээс багагүй, 4 давхар бол 20м-ээс багагүй, харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөнүүдийн цонхнуудын хоорондох зай 10м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байршуулж болно”,
9.19-д “.... орон сууц, олон нийт, иргэний барилга байгууламжийн цонхоор хавар, зун намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр нь уур амьсгалын I, II бүсэд 3 цаг, уур амьсгалын III, IV бүсэд 2,5 цаг байхаар тооцож төлөвлөнө...” гэж заасан шаардлагад нийцсэн эдгээр актуудын улмаас нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй юм.
Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд маргааны гол үйл баримтыг нотлох шинжээчдийн дүгнэлтийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгааг тодорхой дүгнээгүй, “...хэт ойрхон өндөр барилга барих зөвшөөрөл олгосон...” гэх магадлалд заасан дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Дээр дурдсаныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагч Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Барилгын тухай хуулийн холбогдох зүйлийг зөв хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн ямар шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг тодорхой бичээгүй алдааг зөвтгөн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зөв байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0590 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 433 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3” гэснийг “Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.2.7” гэж, “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь...” гэсний урд “...”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай” 10/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгуулах, СБД-ийн 1-р хороо Олимпийн гудамжны 9 дүгээр байрны оршин суугчдын зөвшөөрлийг авсны үндсэн дээр уг зөвшөөрлийг олгохыг Барилга, хот байгуулалтын яамд даалгах”,
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болгуулах,
“М Си Эс пропертийз холдинг” ХХК-д олгосон 0293528 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн П.Очирбатын 1897 мкв газрыг “М Си Эс пропертийз холдинг” ХХК-д шилжүүлснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийг үндэслэн гарсан 02935502 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжийн “М Си Эс пропертийз холдинг” ХХК-ийн эзэмшлийн “Амины орон сууцны зориулалттай 1897 мкв газрыг Контор орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай ...” гэж нэмж, тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээд “М Си Эс пропертийз холдинг” ХХК-иас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож, хариуцагч Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ