Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/749

 

 

 

2021        11         04                                    2021/ШЦТ/749

 

 

                                 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: И.Мөнхцэцэг,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Б.Б, өмгөөлөгч Д.Сувд-эрдэнэ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2009005230415 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 42-731 тоотод оршин суух хаягтай ам бүл 1, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 дугаарын 06-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх .............регистрийн дугаартай Б.Б

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Б. Б.Б нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Лайке хуушуурын газрын орчимд 2020 оны 01 дүгээр сарын 25-ны оройн 23 цагийн орчимд хохирогч С.Амаржаргалд хүч хэрэглэн хүзүүдэн унагааж улмаар түүний эзэмшлийн самсунг жи5 маркийн гар утсыг хууль бусаар авч 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гар утасны  төлбөр болох 120.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгч, хохирлоо төлж барагдуулсан” гэв.

  Эрүүгийн 2009005230415 дугаартай хэргээс:

  Хохирогч С.Амаржаргалын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...Би өнөөдөр найзынхаа машиныг Дамбын гал командын тэнд хашаанд үзэж харсан юм, тэндээ 1 шил архи хувааж уугаад дуусгаагүй, тэр үедээ Худалдаа хөгжлийн банкны хамгаалалтын албанаас гараад удаагүй байсан болохоор хамт ажиллаж байсан Амарбаясгалан руу утсаар ярьсан чинь хамт ажилладаг найзууд чинь ирчихсэн байна гэхээр нь би 17 цагийн үед гарсан тэгээд би авчирсан архиа Амарбаясгалан болон түүний эхнэртэй цуг гурвуулаа хувааж уусан. Тэгээд тэнд байхад манай эхнэр над руу 22 цагаас өмнө залгаад гэртээ ир гэж ярихаар нь би тэднийхээс гарахад түүний эхнэрийнх нь дүү нь намайг машинтай 7 буудал дээр хүргэж өгөөд явсан. Тэгээд би буучхаад дээшээ өгсөж Лайке хуушуурын газрын урдуур явж байхад 4 залуу надтай зөрсөн тэгсэн араас нь нэг залуу нь ирээд намайг хүзүүдээд унагаасан тэр залуутай ноцолдож зодолдсон юм бол байхгүй...намайг Лайке хуушуурын газрын орчимд явж байхад 4 залуу өнгөрсөн тэрний нэг нь араас ирээд хүзүүдэж аваад намайг газар унагаасан, тэгээд тэр залуу яваад өгсөн тэгээд би гар утсаа үзэхэд миний гар утас алга болсон байсан. Намайг унагаахаас өмнө миний гар утас байсан тийм зүйл болсны дараа миний гар утас байхгүй болчихсон байсан тэр үед миний ухаан орж гараад би архи уусан байсан болохоор их согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Галхүүгийн “...би 2020 оны 01 дүгээр сарын 25-ны орой яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Лайке хуушуурын газрын гадна Галт, Өлзий, Улаанаа, Зоригоо нарын хамт байж байтал Улаанаа нэг тийшээ гүйгээд явчихсан, удалгүй Улаанаа гүйж ирээд бид нарыг зугтаагаарай гэхээр нь би тухайн үед юу болж байгааг мэдэхгүй шатаар уруудаад ертөнцийн зүгээр зүүн тийшээ гүйсэн. Тэгсэн чинь Өлзий нэг замын хүнд ямар маркийн болохыг мэдэхгүй нэг утас зараад архи авсан. Улаанаа буюу Б.Б яг хүн дээрэмдэж байхыг хараагүй гэхдээ бид хэдээс салаад буцаад ирэхдээ нэг дэлгэц нь мэдэрдэг утас авчирсан. Бид нар цуг 6 буудлаас хойшоо явж байхад бид нарын хажуугаар согтуу хүн өнгөрсний дараа Б.Б бид нартай хамт явж байгаад алга болчихсон. Тэгээд бид нарыг худгийн тэнд байдаг нарийн гудамжинд байхад Б.Б ирсэн, ирэхдээ мэдрэгчтэй гар утас барьчихсан байсан. Б.Б бид нарт ийм утас хүнээс авчихлаа гэж хэлсэн, тэр утсыг нь Өлзий явуулын хүнд 35000 төгрөгөөр зарсан, мөнгөөрөө 2 шил архи авч хувааж уусан....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн СБ2-20-2020 дугаартай “гар утасны зах зээлийн үнэ цэнэ 120.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 58-60 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Амаржаргалд яллагдагч Б.Бэс хохирлын төлбөрт 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 120.000 төгрөг бэлнээр өгсөн баримт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Амаржаргалыг биеэ хамгаалах чадваргүй архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдлыг нь далимдуулж, хохирогч С.Амаржаргалд хүч хэрэглэн хүзүүдэн унагааж улмаар түүний эзэмшлийн гар утсыг авч Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгч Б.Булган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч С.Амаржаргалын “...Тэгээд би буучхаад дээшээ өгсөж Лайке хуушуурын газрын урдуур явж байхад 4 залуу надтай зөрсөн тэгсэн араас нь нэг залуу нь ирээд намайг хүзүүдээд унагаасан тэр залуутай ноцолдож зодолдсон юм бол байхгүй...намайг Лайке хуушуурын газрын орчимд явж байхад 4 залуу өнгөрсөн тэрний нэг нь араас ирээд хүзүүдэж аваад намайг газар' унагаасан, тэгээд тэр залуу яваад өгсөн тэгээд би гар утсаа үзэхэд миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Галхүүгийн “ .. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны орой яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Лайке хуушуурын газрын гадна Галт, Өлзий, Улаанаа, Зоригоо нарын хамт байж байтал Улаанаа нэг тийшээ гүйгээд явчихсан, удалгүй Улаанаа гүйж ирээд бид нарыг зугтаагаарай гэхээр нь би тухайн үед юу болж байгааг мэдэхгүй шатаар уруудаад ертөнцийн зүгээр зүүн тийшээ гүйсэн. Тэгсэн чинь Өлзий нэг замын хүнд ямар маркийн болохыг мэдэхгүй нэг утас зараад архи авсан…” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б нь  хохирогч хохирогч С.Амаржаргалыг биеэ хамгаалах чадваргүй архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдлыг нь далимдуулж,  хүч хэрэглэн хүзүүдэн унагааж улмаар түүний эзэмшлийн гар утсыг авч зарж борлуулан хохирогчид 120.000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Булган-Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамааруулан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хохирол хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Булган-Эрдэнийн 2020 оны оны 01 сарын 25-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг  нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт  хамаарч байх тул шүүгдэгчид  оногдуулсан 1 жил 1 сарын хугацаатай хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт оршин суудаг болохыг тодорхойлсон тодорхойлолт[1] авагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар  шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялын хамрах хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүхээс оногдуулсан 1 жил 1 сарын хугацаанд дээрх нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглов.

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэгтэй ба уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тус тус анхааруулах нь зүйтэй.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......................... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Булган-Эрдэнийг 01 (нэг) жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 (нэг) жил 1 сарын  хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Булган-Эрдэнийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрээр тогтоож, 1 (нэг) жил 1 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

5. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, уг ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН

 

 

 

[1] Хх-ийн 66 дугаар хуудас