| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0233/И |
| Дугаар | 202 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 31-02 тоотод оршин суух, Боржигин овгийн Улаанхүүгийн Энхтөрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо 17-1-202 тоотод оршин суух хаягтай, одоо БНХАУ-ын Эрээн хот Минзү хороолол 8-р байр 3-8 тоотод оршин сууж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Их Монгол овогт Сосорбарамын Тамир /РД: ХН83090874/,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 143-р байр 20 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөндий овогт Нацагдоржийн Батчулуун /РД: ЙЖ89092711/ нарт холбогдох
Тээврийн хөлс 7.778.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, хариуцагч С.Тамир, Н.Батчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Энхтөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У.Энхтөр миний бие нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 41-72 ДГА, 33-53 ДГО улсын дугаартай том оворын тээврийн хэрэгслээр Шин-Мен ХХК, Тэншидэн ХХК-ний ягаан шуудайтай замаска 6 тонн, блок 8 тонн, натри сулфит гэх химийн бодис 30 тонн нийт 40 тонн, нөгөө тээврийн хэрэгсэл дээр замаска 2 тонн, натри сулфит гэх химийн бодис 24 тонн, цемент 5 тонн, нийт 44 тонн ачааг Н.Батчулуун, С.Тамир нартай БНХАУ-ын Эрээн хотын том тэрэгний зогсоол дээрээс Замын-Үүд сум хүртэл ачих талаар амаар тохирч ачсан бөгөөд Монгол Улсын хил дээр гаалийн байгууллага ачааг саатуулан 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 4 сар 16 хоног зогсоон. Энэ хугацаанд би ачаа тээврийн үйл ажиллагаагаа эрхлэх ямар ч боломжгүй болж, зээлээ төлж чадахгүйд хүрч байсан бөгөөд анх уг ачааг тохирч ачсан Н.Батчулуун, С.Тамир нарт энэ талаар хэлж машинаа суллан авах талаар удаа дараа анхааруулж хэлж байсан. Гэвч танд сул зогсолтын мөнгө төлнө гэж хэлээд энэ хугацаанд машиныг маань хилээс гаргахгүй, ачаагаа хил дээр буулгахгүй байсан. Ингээд ачаанд бүрдүүлэлт хийж Монгол Улсын хилээс гарсан бөгөөд надад сул зогсолтын мөнгө өгнө гэж бичиг хийж өгөөд ачаагаа бүрэн бүтэн хүлээн авсан. Бидний ярьж тохирсноор тээврийн хөлсөнд 2500 юань, 7 сая төгрөг төлөгдөөгүй үлдсэн тул 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор өгнө гэсэн боловч одоог хүртэл төлөгдсөн мөнгө байхгүй байх тул тээврийн хөлс 2500 юань, 7 сая төгрөг нийт 7.778.000 төгрөгийг анх ачаа тохирч ачуулсан Н.Батчулуун, С.Тамир нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Тамир шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сосорбарам овогтой Тамир би, бид иргэн У.Энхтөрөөс нэхэмжилсэн нийт 7.778.000 төгрөгийг үл зөвшөөрч байна. Хариуцагч гэх Н.Батчулуун, С.Тамир бид 2015 оны 10-р сарын 20-ны өдөр нэхэмжлэлд дурдсан бараа болох шуудайтай замаска, цемент, дүүргэлтийн хөнгөн блок, мөн вакум цонх, сендивчин нимгэн хавтан /Батчулууны ахын бараа/ зэргийг Далангийн булагийн Эх Ундрага ХХК-ны тусгай зөвшөөрөлтэй нэхэмжлэлд дурдсан нэр бүхий барааны хамт 41-72 ДГА, 33-53 ДГО дугаар бүхий тээврийн хэрэгсэлд хувааж ачуулсан юм. Энэ өдөр тус ХХК-ны нэр дээрх тусгай зөвшөөрөлд заасан химийн бодисын нэр буруу бичигдэж зөрчсөн гэх үндэслэлээр хил дээр тус ачааг гаалийн байгууллага саатуулсан юм. Тусгай зөвшөөрөл бүхий бараа нь миний ачаа биш бөгөөд миний нэр дээр бүрдүүлэлт хийгдээгүй. Тусгай бүрдүүлэлт хийсэн хариуцсан эзэнтэй ачаа байсан юм. Гэтэл Батчулуун бид 2-ын ачаа хамтдаа бас саатуулагдсан юм. Ачаа саатуулагдаж байгаад 2016 оны 06-р сарын 05-ны өдөр хилээр гарч ирсэн юм. Энхтөр нь хилээр ачаа гарангуут машины хамт авч явсан. Ачааг та нарт өгөхгүй гэсэн. Батчулууны ах хэл ам болж байгаад вакум цонх, нимгэн сэндивич хавтангуудаа авсан. Харин миний болох 5 тонн цемент, ягаан шуудайтай 8 тонн замаска, дүүргэлтийн хөнгөн блок /нийт 11 подон/ зэргийг одоо болтол буцааж өгөөгүй байна. Одоог хүртэл өөрийн 3.000.000 орчим төгрөгний барааг Энхтөрөөс авч чадаагүй байгаа билээ. Энхтөр ачаа саатуулагдсан хугацаанд нийт 30.000.000 төгрөг өг гэж нэхэмжилж байсан. Тэгж байтал ачаа гарч, дараа 15.000.000 төгрөг нэхсэн. Машин гарах үед бид 2 машинд тус бүр 3.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг Энхтөрд өгсөн юм. Энхтөрийг биднээс үндэслэлгүй мөнгө нэхэж байна өгч чадахгүй гэсэн юм. Тэр өдөр эхнэр болох Цэрэндулам гэгч уулзая шүүх дээр хүрээд ир гээд дуудаад байсан. Би уулзахаар шүүх дээр ганцаар явж очсон. Очсон чинь шүүх дээр нэг өрөөнд оруулаад загнаад байсан. “Та нарын ачааг өгөхгүй. Одоо 15.000.000 төгрөг өг гэсэн. Та нарын урд нь өгсөн 6.000.000 төгрөгийг хүлээн авсан гээд байсан. Бид ачаагаа хүлээгээд маш их хохирсон ба айлаар, буудлаар байрлаж байсан. Шүүхэд ажилладаг гээд, шүүх дээр авчраад загнаад байхаар нь үнэндээ сандарч айж байсан. Та яагаад үндэслэлгүй, баримт байхгүй мөнгө нэхээд байна, нотолгоотой баримт байхгүй байхад гэсэн юм. Би хуулийн хүн, хуулиар ярьж чадна” гээд сүрдүүлээд байсан. “Одоо бич” гээд цаасан дээр үг зааж бичүүлсэн. Мөн гэрт нь байгаа ачаагаа бүр авахгүй гэж бич гээд бичүүлсэн. Тэгээд гарын үсэг зуруулж авсан. Бичүүлсэн баримт дээрээ би өөрөө гарын үсэг зурж болохгүй гээд хадам ээж Машаг дуудаж зуруулсан. Ээж Маша нь бас хэл үгтэй хүн загнаад байсан. Цэрэндулам нь ээжийнхээ хамт Батчулуун бид 2-ыг нотариат дээр дагуулж орсон. Батчулууныг миний бичсэний адилаар цаасан дээр хуулуулж бичүүлээд батлуулсан юм. Би олон сар хүлээгээд ядраад, дээр нь шүүх дээр дуудаад загнаад байхаар нь айсан. Мөн залхаад тухайн үедээ гарын үсэг зурж байсан. Би, бид Энхтөрийн нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хурааж авсан ачаа барилгын материалуудаа Энхтөрөөс буцааж авах хүсэлтэй байна. Иймд Энхтөрийн гэрт саатуулагдсан бидний ачааг буцааж олгуулж өгнө үү. Энхтөрийн нэхэмжилсэн 7.778.000 төгрөгийг болон нэхэжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Тамир шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Батчулуунаар ачаа ачих машин олуулж Энхтөрийн 2 машин дээр ачаа ачсан. Уг ачаа нь Монголын хил дээр гаалийн байгууллага дээр саатсан. Ачааны эзэд болох хятад хүн Энхтөрд 6 сая төгрөгийг сул зогсолтын мөнгө гэж өгсөн. Бидний дунд сул зогсолтын мөнгө төгрөг өгнө гэж ярилцаж тохирсон зүйл байхгүй. Энхтөр хаанаасаа 15 сая төгрөгийн тооцоо гаргаж яриад байгааг ойлгохгүй байна. Энхтөрийн эхнэр гэх хүн утсаар ярьж шүүх дээр дуудаж баталгаа бичүүлж нотариатаар батлуулсан. Энэ баталгааг хүчээр бичүүлж авсан. Машин хилээс гараад ачаагаа авах гэтэл өгөхгүй байсан. Дугаржав гэх хүний ачааг өгөхгүй байсан учир энэ баталгааг бичиж өгсөн юм. Дарамтанд орж уг баталгааг бичиж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Анх ачаа ачихдаа 1 машинд нь тээврийн хөлс гэж 1500 юань өгөхөөр тохирсон. Нийт өгөх байсан 3000 юаниас 1500 юанийг нь өгсөн, тэгтэл одоо тээврийн хөлс гэж 2500 юань бас нэхээд байгааг ойлгохгүй байна. Миний хувьд Эрээнээс ачааг Замын-Үүд оруулах л үүрэгтэй байсан. Барааны мэдүүлэг, тээврийн хөлс, сул зогсолтын мөнгийг ачааны эзэд хийх ёстой юм гэв.
Хариуцагч Н.Батчулуун шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нацагдорж овогтой Батчулуун миний бие 2015 оны 10-р сарын 20-ны үед БНХАУ-ын Эрээн хотод байхад С.Тамир, Бямбасүх нар нь цас хайлуулах давс, мөн барилгын материал ачих том тэрэг олж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу өөрийн ачаа ачдаг жолооч Шинэбаяраас ачаа ачих машин асуутал У.Энхтөртэй холбож өгсөн. Мөн дараа нь тус ачаа Монгол улсын хил дээр олон сар саатуулагдсаны улмаас тээврийн зардлын асуудал яригдаж С.Тамир, У.Энхтөр нар тохиролцсоны үндсэн дээр нотариат дээр гэрээ байгуулсан. Тус гэрээнд С.Тамирын тавьсан хүсэлтийн дагуу миний бие батлан даагчаар оролцсон. С.Тамир БНХАУ-д амьдардаг учир эрсдэлтэй хэмээн У.Энхтөрийн эхнэр, ээж 2 нотариат дээр хамт ирж гэрээг байгуулж гарын үсэг зурсан. Миний зүгээс ямар нэгэн төлбөр тооцооны асуудалд оролцоогүй болно. Иймд У.Энхтөрийн гаргасан 7.778.000 төгрөгийн нэхэмжлэлийг миний зүгээс төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Н.Батчулууны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тамир надаас ачаа ачих машин олоод өгөөч гэхээр нь би Шинэбаярт хэлж анх энэ Энхтөртэй Тамирыг уулзуулсан юм. Би эднийг уулзуулсан л төдий. Тооцоо мөнгө төгрөгний асуудалд би оролцоогүй. Тэгтэл 2016 оны 03 сарын 11-ны үед намайг гэрт байж байтал Тамир дуудаад нотариат дээр баталгаа гэх бичгийг бичүүлсэн. Би зөвшөөрөхгүй байсан чинь Дугаржав ахын ачааг өгөхгүй байсан юм. Мөн Энхтөрийн ээж, эхнэр хоёр нь Тамирын батлан даагч болж бичиг хийж өг, гарын үсэг зур гэж дарамталсны улмаас энэ бичгийг хийж өгсөн. Би энэ 7.778.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч У.Энхтөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч У.Энхтөр нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 41-72 ДГА , 33-53 ДГО улсын дугаартай том оворын тээврийн хэрэгслээр Шин-Мен ХХК, Тэншидэн ХХК-ний ягаан шуудайтай замаска 6 тонн, блок 8 тонн, натри сулфит гэх химийн бодис 30 тонн нийт 40 тонн, нөгөө тээврийн хэрэгсэл дээр замаска 2 тонн, натри сулфит гэх химийн бодис 24 тонн, цемент 5 тонн, нийт 44 тонн ачааг Н.Батчулуун, С.Тамир нартай БНХАУ-ын Эрээн хотын том тэрэгний зогсоол дээрээс Замын-Үүд сум хүртэл ачих талаар амаар тохирч ачсан. Монгол Улсын хил дээр гаалийн байгууллага ачааг саатуулан 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 4 сар 16 хоног зогсоон болох нь зохигчдийн тайлбараар тогтоогдсон. Дээрх үйл баримтан дээр талууд маргаагүй.
Нэхэмжлэгч У.Энхтөр нь сул зогсолтын мөнгө гэж 7 сая төгрөг, тээврийн хөлс гэж 2500 юань буюу 778.000 төгрөг, нийт 7.778.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Н.Батчулуун, С.Тамир нар нь сул зогсолтын мөнгө тохироогүй, ачааны эзэд сул зогсолтын мөнгө гэж 6 сая төгрөгийг Энхтөрд өгсөн, мөн нотариатаар батлуулсан баталгаа гэх бичгийг хүчинд автаж хийсэн учир бид 7.778.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Зохигчдийн шүүхэд ирүүлсэн болох шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч нарын тайлбараар зохигчдийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан Тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.7-д зааснаар “Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй” гэжээ. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч У.Энхтөрийн эзэмшлийн 41-72 ДГА, 33-53 ДГО улсын дугаартай том оворын тээврийн хэрэгсэл нь хариуцагч нарын ачуулсан ачааны бичиг баримтын бүрдэл дутуугаас болж Монгол улсын хил дээр Гаалийн байгууллагад саатуулагдсан нь Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан материалаар тогтоогдож байна.
Хариуцагч Н.Батчулуун, С.Тамир нар нь 2016 оны 03 сарын 10-ны өдрийн өөрсдийн гараар бичсэн, нотариатаар батлуулсан “Ачаа хүлээлцсэн дагалдах бичиг, гэрчийн тодорхойлолт мөн 2016 оны 03 сарын 11-ны өдрийн нотариатаар батлуулсан баталгаа /хх-ийн 4-7,13/ зэргийг “...нэхэмжлэгч У.Энхтөрийн эхнэр, ээж хоёрых нь шахалт дарамтанд орж бичсэн, Дугаржавын ачааг Энхтөрөөс авах зорилгоор уг бичгийг аргагүй байдалд орж бичиж өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч өөрсдийн татгалзлаа нотлох баримтаар нотлож чадаагүй. 2017 оны 06 сарын 08-ны өдөр шүүхэд Н.Дугаржавын тус шүүхэд гаргасан тайлбарыг хэрэгт хавсрагсан. Н.Дугаржавын тайлбар нь дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй. Н.Дугаржавыг тайлбартай нь холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг шүүхэд хүсэлт гаргаж бүрдүүлэх боломж хариуцагч нарт байсан. Түүнчлэн Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч нар нь У.Энхтөрд 7.778.000 төгрөг өгөхөө илэрхийлсэн “баталгаа” гэх баримтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардах эрхтэй байсанг дурьдах нь зүйтэй байна. Иймд хариуцагч Н.Батчулуун, С.Тамир нарын нэхэмжлэгч У.Энхтөрд түүний эзэмшлийн 41-72 ДГА, 33-53 ДГО улсын дугаартай том оворын тээврийн хэрэгсэлийн сул зогсолт болон тээврийн зардалд нийт 7.778.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч нотариатаар батлуулсан баталгаа, тодорхойлолт зэргийг шүүх хариуцагч нарын хүсэл зоригоос гадуур хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх У.Энхтөрийн нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үсгэн ажиллагаа хийж 2017 оны 05 сарын 15-ны 11 тоот шүүгчдийн зөвлөгөөнөөр хэргийн хугацааг 30 хүртэл хоногоор сунгасан. 2017 оны 06 сарын 02-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гаргаж шүүх хуралдааныг 2017 оны 06 сарын 08-ны өдөр товолсон. Мөн 2017 оны 03 сарын 22-ны өдөр хариуцагч нарт эрх үүргийн тайлбарлаж өгсөн юм. Энэ бүх хугацаанд шүүх талуудыг өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох баримтаа шүүхэд ирүүлэх эрхээр хангасан боловч хариуцагч С.Тамир, Н.Батчулуун нар нь шүүхэд нотлох баримтыг ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч У.Энхтөр нь ар гэрийн гачигдал гарсны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхийг хүссэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч С.Тамир шүүхэд гаргасан тайлбартаа “...Хурааж авсан ачаа барилгын материалуудаа Энхтөрөөс буцааж авах хүсэлтэй байна. Иймд Энхтөрийн гэрт саатуулагдсан бидний ачааг буцааж олгуулж өгнө үү.” гэж байсан боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.
Иймд хариуцагч Н.Батчулуун, С.Тамир нараас 7.778.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Энхтөрд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Н.Батчулуун, С.Тамир нараас 7.778.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Энхтөрд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139.398 төгрөгийг татварын тасгийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Батчулуун, С.Тамир нараас 139.398 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Энхтөрд олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА