| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/00315/И |
| Дугаар | 00393 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 00393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 43 тоотод оршин суух Боржигон овогт Алимаагийн Дэлгэрмаа /РД:ШГ85060305/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны 30 тоотод оршин суух Жалайр овогт Дашдаваагийн Пүрэвсүрэн /РД:ДМ86112711/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Дэлгэрмаа, хариуцагч Д.Пүрэвсүрэн, нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ Миний бие 2006 онд Д.Пүрэвсүрэнтэй танилцаж улмаар 2009 оны 11 сарын 20-ны өдөр 1176 тоот баталгаагаар гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 06 сарын 11-ний өдөр охин П.Тэгшзаяа төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин П.Тэгшзаяа миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон ба цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгө байхгүй тул эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Хүүхдийн тэтгэмжийг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ Миний бие А.Дэлгэрмаатай 2009 онд гэрлэлтээ батлуулж дундаасаа охин болох П.Тэгшзаяа төрсөн. Охин ээжийнхээ хамт амьдардаг ба цаашид эхийн асрамжинд байх ба хүүхдийн тэтгэмжийг хуулийн дагуу өгөх болно. А.Дэлгэрмаа бид хоёрын хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Одоо өөрсдийн гэсэн амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй учир хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Дэлгэрмаа нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэргийн баримтаас үзэхэд А.Дэлгэрмаа, Д.Пүрэвсүрэн нар нь 2008.11.20-ны өдөр гэр бүл болсныг 2009.11.20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2010.06.11-ний өдөр охин П.Тэгшзаяа төрсөн болох нь № 0119529 дугаартай гэрлэлтийн бүртгэл, хүүхдийн Г-1280 дугаартай төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар болон бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан байна.
Гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүссэн, 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хойшид эвлэрэн амьдрах боломжгүй гэж үзээд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин зөвшөөрсөн, хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар маргаагүй байх тул шүүх А.Дэлгэрмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Эвлэрүүлэн зуучлалын 2017.01.20-ны өдрийн 20 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээс үзэхэд хоёр тал хоёулаа өөр хүнтэй гэр бүл болсон, гэрлэгсэд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээхээр байна.
Хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй, гэрлэгчид тусдаа амьдарсанаас хойш охин П.Тэгшзаяа эхийн асрамжид байгаа тул охиныг эхийн асрамжид нь хэвээр үлдээхээр шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А.Дэлгэрмаа, Д.Пүрэвсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002.07.30-ны өдөр төрсөн охин П.Тэгшзаяаг эх А.Дэлгэрмаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2010.06.11-ний өдөр төрсөн охин П.Тэгшзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Д.Пүрэвсүрэнгээс гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Д.Пүрэвсүрэнгээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар А.Дэлгэрмаа, Д.Пүрэвсүрэн нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Пүрэвсүрэнгээс 70 200 төгрөг гаргуулж А.Дэлгэрмаад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ