Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 205

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлэснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, Жи Мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхдөлд холбогдох төхөөрөмжийн төлбөр 150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК /УБД:9011041082, РД:5055873/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Мөнхдөл нь манай байгууллагатай. 2014 оны 04 сарын 30-ны өдөр Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 53188020 үйлчилгээний дугаар бүхий 240.000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг зээлээр худалдан авч сар бүр 20.000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 100.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100.000 төгрөг, алданги 50.000 төгрөг нийт 150.000 төгрөгийг Б.Мөнхдөлөөс гаргуулж өгнө үү гэжээ.                           

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Бямбадорж овогтой Мөнхдөл нь нэхэмжилсэн төлбөр 150.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 26-ны өдөр бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Б.Мөнхдөлөөс төхөөрмжийн үнэ 150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 150.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбарыг нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Жи мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхдөлд холбогдох төхөөрөмжийн үнэ 150.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Мөнхдөл нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.150 төгрөгийн 50 хувь болох 2.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 2.575 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Мөнхдөлөөс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2.575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА