| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/03670/И |
| Дугаар | 00395 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 00395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж 7 дугаар байр, 41 тоотод оршин суух Балган овогт Батаагийн Нарандэлгэр /РД:РЭ65012906/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 22 дугаар байр, 42 тоотод оршин суух Булга овогт Алтангэрэлийн Мөнхзул /РД:82081569/-д холбогдох,
гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Мөнхзул нь О.Зоригтын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7 дугаар гудамжны 7 дугаар гудамжны 130А тоотод байрлах 60 мкв талбай бүхий хувийн орон сууц, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7 дугаар гудамжны 7 дугаар гудамжны 130А тоотод байрлах 151 мкв талбайн хэмжээтэй өмчлөлийн газар зэргийг худалдан авах нэрийдлээр бэлэглэлийн гэрээ байгуулж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Уг газрыг худалдан авахаар тохиролцсон боловч О.Зоригтод ямар нэгэн мөнгө, төлбөрийг төлөөгүй. О.Зоригт нь дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. О.Зоригт нь сэтгэцийг шалгуулах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 805 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр О.Зоригт нь сэтгэцийн хувьд өөрийн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх чадваргүй гэх дүгнэлт гарсан тул О.Зоригтын нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 24670 дугаар шүүгчийн захирамжаар сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээрээ эрх эдлэж, үүрэг хүлээх чадваргүй гэж ИХШХШТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 07505 дугаартай шүүхийн шийдвэрээр О.Зоригтыг эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцож, түүний ээж Б.Нарандэлгэрийг асран хамгаалагчааар тогтоож шийдвэрлэсэн. Иймд О.Зоригт нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй, эрх зүйн чадамжгүй байхдаа А.Мөнхзултай 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хувийн орон сууцны бэлэглэлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр газар бэлэглэх гэрээнүүдийг хийсэн байх тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ Маргаан бүхий гэрээг байгуулахдаа О.Зоригт нь өөрийн үйлдэл холбогдлыг хариуцах чадваргүй байх үедээ үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.6 дахь нөхцөл байдлууд үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү “гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жанчив шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “А.Мөнхзул болон О.Зоригт нар нь бэлэглэлийн гэрээг байгуулсан. А.Мөнхзул нь 0 наснаас эхлэн 16 нас хүртэл Яармагийн хүүхдийн эмнэлэгт байнга хэвтдэг байсан бөгөөд 16 нас хүрэхээр нь мэдрэлийн эмчийн хяналтанд орж, групп тогтоосон. Шүүх хурлаас өмнө Шар хадны сэтгэцийн эмнэлэгт очиж уулзахад А.Мөнхзулын эмчилгээ, хяналтын талаарх баримт, лавлагааг гаргуулах гэсэн боловч бид нар огт мэдэхгүй гэж хэлээд баримтууд гаргаж өгөөгүй. Миний бие шүүхэд баримтууд бүрдүүлж өгөх гэсэн боловч өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан бусадтай харилцахдаа муу учраас баримтуудыг бүрдүүлж чадаагүй. Гэвч А.Мөнхзул нь өөрөө сэтгэцийн хувьд хэвийн бус, үйлдэл холбогдолоо бүрэн хариуцах чадваргүй боловч сэтгэц мэдрэлийн эмчийн дүгнэлт зөрүүтэй гарсныг хүлээн зөвшөөрөхгүй, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч одоо хүртэл хариу нь гараагүй байна. Одоо А.Мөнхзул сэтгэл санааны хувьд маш тогтворгүй шөнө унтаж чадахгүй, амиа хорлоно гэх зэргээр айлгадаг, хүнд нөхцөлд амьдарч байна. Тухайн үед А.Мөнхзул нь мөнгө хүүлдэг муу хүмүүст хөтлөгдөж их хэцүү байсан. А.Мөнхзул нь өөрөө О.Зоригтыг маш их өрөвддөг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Мөнхзулд холбогдуулан Газар бэлэглэх гэрээ, хувийн орон сууц бэлэглэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Нарандэлгэр гаргасан байна.
Дээрх гэрээнүүдийг байгуулах үед гэрээний нэг тал болох О.Зоригт иргэний эрх зүйн чадамжгүй байсан нь гэрээ байгуулагдсанаас хойш шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлажээ.
Хэргийн баримтаас үзэхэд нэг талаас О.Зоригт, нөгөө талаас А.Мөнхзул нарын хооронд 2014.10.07-ны өдөр газар бэлэглэх гэрээ, 2014.10.17-ны өдөр хувийн орон сууцны бэлэглэлийн гэрээнүүд тус тус байгуулагдсан байна.
О.Зоригт нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Газар бэлэглэх гэрээгээр А.Мөнхзулын өмчлөлд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7 дугаар гудамж 7-130/А тоотод байрлах 000108370 дугаар гэрчилгээтэй, 151 мкв талбай бүхий газрыг, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хувийн орон сууцны бэлэглэлийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7-130а тоот, 000353162 дугаар гэрчилгээтэй хувийн орон сууцыг тус тус үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн болох нь гэрээ зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрээний тал болох О.Зоригтыг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар төрсөн эх Б.Нарандэлгэрийг тогтоосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.26-ны өдрийн 102/ШШ2015/07505 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас дээрх бэлэглэлийн гэрээнүүд байгуулагдах үед О.Зоригтийг эрх зүйн чадамжтай байсан эсэхийг тодруулахаар шинжээч томилуулахыг хүссэн бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1161 дүгээр дүгнэлтээр О.Зоригт нь 2014.10.07-ны өдрийн газар бэлэглэх гэрээ, 2014.10.17-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг байгуулах үедээ эрх зүйн чадамжгүй байсан болох нь тогтоогдсон болно.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.6 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
Эрх зүйн чадамжгүй этгээдтэй хийсэн хэлцэл хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна.
Иймд О.Зоригт, А.Мөнхзул нарын байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх тул эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Оюуны өмч Улсын бүргэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.6 дахь хэсэгт зааснаар О.Зоригт, А.Мөнхзул нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хувийн орон сууцны бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзсүгэй.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт зааснаар О.Зоригт, А.Мөнхзул нарын байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хувийн орон сууцны бэлэглэлийн гэрээ тус тус хүчин төгөлдөр бус байх тул эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Оюуны өмч Улсын бүргэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Мөнхзулаас 395 900 төгрөг гаргуулж Б.Нарандэлгэрт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ