| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0105/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/102 |
| Огноо | 2021-10-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Ц.Батзаяа,
Шүүгдэгч Д.Б-нөмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Ч.Т-нөмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Ч.Т, Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Өндөр Ж овогт Чийн Т, О овогт Дын Б нарт холбогдох 2116000970116 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2 эгчийн хамт Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Түмэн багийн ,,, тоотод оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 139 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ,,,,,, регистрийн дугаартай, Ө Ж овогтой Ч-н Т.
Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 00 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ,,,,,, регистрийн дугаартай, О овогтой Дын Б.
Шүүгдэгч Ч.Т, Д.Бнар нь бүлэглэн Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо 4-3 тоот хашааны үүдэнд байсан иргэн Ц.А-ын эзэмшлийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг маркийн цэнхэр өнгөтэй мотоциклийг 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч Ц.А-д 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ч.Т шүүх хуралдаанд өгсөн “...Манай найз манайд ирсэн. Хоёулаа цуг явж байгаад айлын гаднаас мотоцикл унаад явсан. Тэгээд Бийн гадаа очоод тэндээсээ баригдсан... Ийм зүйлд холбогдсон гэмшиж байна... Хашаанаас гараад үүдэнд байсан мотоциклийг унаад явчихъя гэхээр нь хэрэггүй байхаа гэж хэлтэл манай садангийн хүүхдийн мотоцикль байгаа юм, түрээдэх гэхээр нь түрээд өгсөн. Асаачхаад намайг энийг бариад суучих гэхээр нь суусан. Тэгээд гэрт нь очсон. Тэндээ байж байтал цагдаа нар хүрээд ирсэн...Бийн хашаанаас Бын хашаа хүртэл Б унаж явсан...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Бшүүх хуралдаанд өгсөн “...6 дугаар сарын 19-ний өдөр дүүгийн архи уучхаад базынхаас машины аккумлятор авах байсан. Тэрийг авах гэж очоод том аккумлятор байхаар нь базынхаа үүдэнд байсан мотоциклийг унаж аваачиж тавьчхаад ирье гээд унаад явсан... Анх удаа ийм зүйлд холбогдож байгаа болохоор мэдэхгүй байна. Ийм зүйлд холбогдсондоо гэмшиж байна... Хадам эгч Г аккумлятор байшингаас аваад өгөхөөр нь тэрийг нь аваад гартал хашааных нь ард цэнхэр өнгийн “мустанг” маркийн мотоцикль байж байхаар нь энэ мотоциклийг унаж явж аккумлятораа гэртээ тавьчхаад хүрээд ирье гээд аваад явчихсан. Гэртээ очоод байж байтал цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд гэрээсээ өдөр 14 цагийн үед ирсэн юм. Аймагт ирээд Баяншанд 10-7 тоотод ээж Цгийнд байсан бөгөөд үдээс хойш буцах гээд 17 цаг өнгөрч байх үед найз Ү-н гэрт нь буюу Найрамдлын 4-3 тоот хашаанд очсон юм. Ингэхдээ би мотоциклоо хашааны гадна үлдээгээд түлхүүрээ аваад гэр рүү нь орсон юм. Мөн Үрлэнбямбатай отор хийж яваад уулзаагүй байсан учир 30,40 минут юм ярьж сууж байгаад явах гээд гэрээс гараад хашааны гадна гарч ирэхэд миний мотоцикль алга болсон байсан. Ингээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... Би мотоциклоо түгжээгүй зүгээр унтраагаад түлхүүрээ аваад найзынхаа гэр рүү орсон байсан юм... мотоциклийг 800000 төгрөгөөр үнэлж байна... Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Д.Б, Ч.Т хоёр Ү-нхаас гарч яваад 30 орчим минутын дараа би явах гээд хашааны үүдэнд байсан мотоцикль дээрээ иртэл миний мотоцикль байхгүй хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм... Д.Б, Ч.Т хоёр нь миний мотоциклийг хулгайлж унаж яваад Д.Бынд очсон байхад нь би мотоциклио олж авсан. Д.Б, Ч.Т нарт мотоциклио унах талаар зөвшөөрөл өгөөгүй, Д.Б, Ч.Т нартай найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй тэр хоёрыг огт танихгүй... Жаргалантын хорооноос Б гэдэг айлын гадаа байхад нь олж авсан... Мотоциклио буцаагаад авсан учир гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/ХХ26-27, 81-82, 31/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ5-8/,
2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн мөрдөгчийн хохирогч Ц.А-дэд зүйл болох Цэнхэр өнгийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5/200 маркийн LXYPCML02K0254327 арлын дугаартай мотоциклийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ15/,
Хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтээр Мустанг маркийн мотоциклийг 730.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /ХХ59-65/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Т, Д.Бнар нь хамтран 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо 4-3 тоот хашааны үүдэнд байсан хохирогч Ц.А-ын эзэмшлийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “мустанг” маркийн цэнхэр өнгөтэй мотоциклийг хулгайлан авч бусдад 730.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч нарын тухайд гэмт хэрэг үйлдэн бусдын эд зүйлийг хууль бусаар авч байгаагаа мэдэж байсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх ял шалгах хуудас /ХХ112-117/, хохирогч Ц.А-ын “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Т, Д.Бнар нь үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг ангилалд багтах буюу хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн тохиолдолд тэнсэж, албадлагын арга хэмжээ авч болохоор шүүхэд эрх олгосон Эрүүгийн хуулийн зохицуулалт юм.
Шүүгдэгч Ч.Т, Д.Бтухайд хулгайлан авсан мотоциклоо хохирогчид буцаан өгсөн, өөрсдийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, үйл баримт, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, учруулсан хохирлын талаар маргаан гаргаагүй тул ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, тэнсэж, албадлагын арга хэмжээ авхуулах тухай прокурорын санал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Т, Д.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Өндөр Жамбал овогт Чийн Т, О овогт Дын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Т, Д.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Т, Д.Бнарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж болохыг шүүгдэгч нарт сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлээгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Т, Д.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА