Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 59

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгч: М.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Арвин овогт Минтэгдоржийн Энхжаргалд холбогдох эрүүгийн 201615000180 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 3-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Арвин овогт Минтэгдоржийн Энхжаргал. /РД:ЙЙ75101911/

 

Шүүгдэгч М.Энхжаргал нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 3-02 тоотод байх өөрийн эзэмшлийн нохойгоо сул тавьсан нь иргэн Б.Халиунааг урж бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Энхжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Халиунаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 30 минутанд үеэл Нямсүрэнтэй хамт гэрээсээ гарсан. Би театр руу харин Нямсүрэн гэр рүүгээ харих гэж байсан. Нямсүрэн бид хоёр 7 дугаар багийн “Ханхөгшин” дэлгүүрийн арын гудамжны үзүүр дээр явж байтал тэр гудамжны баруун талаасаа 2 дахь хаалганаас нэг шар нохой гарч ирээд над руу дайрч миний баруун хөлийн булчинг урсан. Тухайн үед бид хоёр хоёулаа хамт зугтаасан. Тэгтэл араас ирээд урчихсан. Нямсүрэн бид хоёр хамт байж байгаад ээжийг утсаар залгаж дуудахад нэг их удалгүй 20-30 орчим минутын дараа ээж ирээд эмнэлэг явж хөлөө боолгосон. Тэгээд буцаж ирээд тэр айл руу ороход нохойгоо уячихсан байсан. Тэгээд манай ээж ороод уулзсан. Би гадаа нь Нямсүрэнтэй хамт машинд үлдсэн. Тэр айлын нохойны эзэн надад ципринол 2 таблетик, бинт 5 ширхэг, шархны лент 2 ширхэг, хлорфенамин 3 таблетик, диклоденк лаагаар 5 ширхэг, уухаар 1 таблетик, витамин-С уусмалаар 200гр зэрэг эмнүүдийг авч өгсөн. Яг бүгдийг нь авч өгөөгүй. Мөнгө нь хүрсэнгүй гэж байсан. Тэгээд одоо би том машинаараа мал ачаад хөдөө явлаа, маргааш ирнэ, ирээд ярья гээд дугаараа өгөөд явсан. Надад 1 хонь, 1 ямаа өгсөн. /хх-ийн 13 хуудас/

         Насанд хүрээгүй гэрч Г.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үеэл Б.Халиунаагийнд байж байгаад гэртээ харих гээд Б.Халиунаатай хамт гараад 2 дугаар хорооны замын зүүн талын “Ханхөгшин” дэлгүүрийн арын гудамжаар ороод явж байтал баруун талаасаа 2 дахь хаалганаас нэг шар нохой гарч ирээд бид хоёр руу дайрахаар нь бид хоёр 2 тийшээгээ зугтаахад тэр нохой Б.Халиунаа руу дайрсан. Намайг эргээд харахад надруу дайрахаар нь би цүнхээрээ савахад хашаа руугаа гүйгээд орчихсон. Тэгэхээр нь би Б.Халиунаа дээр очиход саяны нохой намайг урчихлаа. Явж чадахгүй байна гээд уйлаад байсан. Тэгээд Б.Халиунаагийн ээж Мөнгөнзориг эгч рүү утсаар залгасан. Удалгүй Мөнгөнзориг эгч ирж Б.Халиунааг эмнэлэг рүү авч явсан. /хх-ийн 15 хуудас/

 

Гэрч Х.Мөнгөнзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Б.Халиунаагийн төрсөн ээж нь байгаа юм. Тэр нохой Б.Халиунаагийн баруун хөлний шилбэний арын булчинд нь урж, 2 шүд орсон байснаас нэг нь их гүнзгий орсон байсан. Эмийн сангаас эм авсан баримт байгаа. Өөр баримт байхгүй. Харин би дэвтэр дээр гарсан зардлаа бүгдийг нь бичээд явж байгаа. /хх-ийн 16 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Б.Халиунаагийн биед баруун шилбэний гүн шарх, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18 хуудас/

 

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, нохой таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №06/45 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч М.Энхжаргалын сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 1, 3, 8-11, 22-24, 32, 35 хуудас/

 

Шүүгдэгч М.Энхжаргалын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 560 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 36, 40, 55 хуудас/

 

Шүүгдэгч М.Энхжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Энхжаргал нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 3-02 тоотод байх өөрийн эзэмшлийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Б.Халиунааг урж бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Халиунаагийн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 30 минутанд үеэл Нямсүрэнтэй хамт гэрээсээ гараад 7 дугаар багийн “Ханхөгшин” дэлгүүрийн арын гудамжны үзүүр дээр явж байтал тэр гудамжны баруун талаасаа 2 дахь хаалганаас нэг шар нохой гарч ирээд над руу дайрч миний баруун хөлийн булчинг урсан. Насанд хүрээгүй гэрч Г.Нямсүрэнгийн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2 дугаар хорооны замын зүүн талын “Ханхөгшин” дэлгүүрийн арын гудамжаар ороод явж байтал баруун талаасаа 2 дахь хаалганаас нэг шар нохой гарч ирээд бид хоёр руу дайрсан. Б.Халиунаа дээр очиход саяны нохой намайг урчихлаа. Явж чадахгүй байна гээд уйлаад байсан. Гэрч Х.Мөнгөнзоригийн тэр нохой Б.Халиунаагийн баруун хөлний шилбэний арын булчинд нь урж, 2 шүд орсон байснаас нэг нь их гүнзгий орсон байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, нохой таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №06/45 дугаартай үнэлгээний тайлан, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгч М.Энхжаргалын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Энхжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг орчиндоо аюул учруулж болох өөрийн эзэмшлийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Энхжаргал нь орчиндоо аюул учруулж болох өөрийн эзэмшлийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын шүүгдэгч М.Энхжаргалтай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч М.Энхжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч М.Энхжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Энхжаргалын эзэмшлийн цэнхэр өнгийн 88-97 ӨВА улсын дугаартай, “Фау” маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  

 

Шүүгдэгч М.Энхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид хохиролд хонь-1 ширхэг, ямаа-1 ширхэг, 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Арвин овогт Минтэгдоржийн Энхжаргалыг орчиндоо аюул учруулж болох өөрийн эзэмшлийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Арвин овогт Минтэгдоржийн Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч М.Энхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид хохиролд хонь-1 ширхэг, ямаа-1 ширхэг, 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохыг тус тус дурьдсугай.     

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч М.Энхжаргалын эзэмшлийн цэнхэр өнгийн 88-97 ӨВА улсын дугаартай, “Фау” маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Энхжаргалд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ