Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0641

 

М.Нгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, М.Нгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч М.Н 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүсчээ.

Хоёр. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр:

“Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.5, 16.5.6, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан М.Нгийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч М.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...М.Н би 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар захирамжаар 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд жинхэлэн томилогдоод ажиллаж байтал аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/55 дугаар захирамжаар ажлаас гэнэт үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүхээр нэхэмжлэгчийн талд гарч 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон.Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар ажлаас хуульд заасан үндэслэлгүйгээр халагдсан. Дээрх хууль бус захирамж нь Захиргааны ерөнхий хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчсөн хууль бус захирамж юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

Нэхэмжлэгч М.Нг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын үүрэг ажлаас анх аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/55 дугаар захирамжаар чөлөөлснийг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосны дагуу Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар ажилдаа буцаж томилогдсон байна.

Гэтэл үүнээс хойш 2 сар гарангийн дараа аймгийн Засаг даргын 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар “…албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, сургуулийн төсөв, санхүүгийн сахилга батыг алдагдуулсан” гэсэн үндэслэлээр дахин ажлаас халсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хэдийгээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар сургуулийн захирал төсвийн шууд захирагч мөн боловч санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь захирлаас илүү нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой, иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр нь тогтоогдсон зөрчлийн шинж байдал, үр дагавартай нийцээгүй байна.

Тухайлбал Сангийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Гомдлыг хянасан тухай” 13-2/3423 дугаар хариунд “…сургуулийн нягтлан бодогч Х.Батхүүг Нягтлан бодох бүртгэлийн болон Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, ажиллагсдын амралтын олговрыг илүү, дутуу, тооцсон, албан ёсны бус хуурамч анхан шатны баримтаар бэлэн мөнгө гаргаж зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө цалингийн нэмэгдлийг илүү тооцож авсан зэрэг зохисгүй үйлдэл гаргасан…” талаар тодорхой тайлбарласнаас гадна 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21-03/02/10 дугаар актаар тогтоосон нэр бүхий 12 багшид ээлжийн амралтын цалинд илүү тооцож олгосон 723.480 төгрөг, 76 багшид дутуу тооцож олгоогүй байгаа 25.542.265 төгрөг; түүнчлэн мөн өдрийн 21-03/03/11 дүгээр актаар тогтоосон нэр бүхий багш нарт илүү цагийн хөлс гэж олгосон 2.100.000 төгрөг, нягтлан бодогч Х.Батхүү 2015-2017 онд илүү цагийн нэмэгдэл гэж өөртөө олгосон 942.377 төгрөгийг тус тус холбогдох этгээдээс нөхөн гаргуулах, олгогдоогүй цалинг нөхөн олгох асуудлыг мөн оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар шалгалт хийсэн улсын байцаагч нарыг байлцуулан хэлэлцэхэд нягтлан бодогч Х.Батхүү эдгээр зөрчлийг захирлын бус зөвхөн өөрийн буруугаас болж үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрснөөс гадна 2017 оны сүүлд санхүүгийн боломжоос шалтгаалж нэр бүхий багш нарт ээлжийн амралтын дутуу бодогдсон цалингийн зөрүүнд эхний ээлжид 8.0 сая гаруй төгрөгийг нөхөн олгосон талаар танилцуулсан, энэ талаар акт тогтоосон улсын ахлах байцаагч Ч.Дулмаа үлдсэн төлбөрийг 2018 ондоо багтаан барагдуулахад санхүүгийн хүндрэл учрах эсэхийг тодруулсны эцэст зөрчлийг арилгах талаар харилцан ойлголцсон болох нь хурлын тэмдэглэлд тус тус тусгагджээ.

Үндсэндээ улсын байцаагчийн 2018 оны 21-03/02/10, 21-03/02/11 тоот актаар тогтоогдсон зөрчлүүд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөж, шүүхээр маргаж байхад буюу Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 21-02/09/34 дүгээр удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтаар анх илэрч, тухайн үед акт тавигдаагүй ч нягтлан бологч Х.Батхүү төлбөрийг дээрх байдлаар барагдуулж эхэлсэн, өөрөөр хэлбэл хэргийн 38-46, 72-80 дугаар талд авагдсан 2017, 2018 онд тус тус хийгдсэн хяналт шалгалтын танилцуулгуудыг харьцуулан үзэхэд он, сар, өдөр нь өөр байгаагаас бус доторх үг, үсгийн хувьд ямар ч зөрүүгүй, агуулгын хувь ижил байна.

Иймд улсын байцаагч нар 2017 онд илэрсэн санхүүгийн зөрчилд 2018 онд акт тавьсныг давтан гарсан зөрчил гэж үзэхгүй, түүнчлэн нягтлан бодогчийн үндсэн үүрэгт шууд хамаарал бүхий цалин хөлстэй холбоотой эдгээр зөрчлүүдийг сургуулийн захирал нэг бүрчлэн шалгаж тогтоох боломжгүй, харин Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6-д заасан “дотоод аудитын үйл ажиллагаа явуулах” чиг үүргээ өмнө нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан цаг хугацааны хувьд хэрэгжүүлж чадаагүй байх магадлалтай тул нэхэмжлэгч М.Нг тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу “албан үүргээ удаа дараа /2 ба түүнээс дээш/ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхгүй.

Харин нийгмийн даатгалын дэвтрээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хэмжээг давж заалдах шатны шүүхийн магадлалд мөнгөн дүнгээр тооцон гаргах боломжгүй байсныг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн,

ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгон, М.Нг урьд эрхэлж байсан Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож гаргаж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН