Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 622

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, “В-И” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч З.З д холбогдох зөрчлийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э[1], хариуцагч НМХ-ын газрын улсын байцаагч З.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын агуулга.

1.1. “В-И” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын агуулга[2]: “

Гомдлын шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч З.З гийн торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 7.6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч З.З гийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 0064523 дугаартай шийдвэрээр 10 000 нэгж буюу 10 000 000 /арван сая/ төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.Үйлдэл нь зөрчлийн шинжгүй байсан.

“В-И” ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр заалтын 6 дахь хэсэгт заасны дагуу “Хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Манай компанийн хувьд 6 контейнер жимсний концентрацыг импортоор оруулж ирсэн. Монгол Улсын хилээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэвтэрсэн. 2018 оны 5 дугаар сарын 3, 4, 5-ны өдөр Улаанбаатар хот дахь “АБТЭМА” төв дээр буусан. 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хяналт хийсэн байдаг.

Мэргэжлийн хяналтын байцаагч З.З нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөр тооцон Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь хэсэгт: “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байна" гэснийг зөрчиж 5-21 хоног хэтрүүлсэн гэж дүгнэсэн.

Гэвч хугацаа хэтэрсэн асуудалд манай компани гэм буруугүй байгаа юм. Барааг далайн тээврээр тээвэрлэх явцад хүчтэй далайн шуурга болсны улмаас 10 хоног, мөн Тэньжин, Эрээн, Зам-Үүд боомтын ачаалал ерийнхээс 2 дахин ихэссэнтэй холбоотой зам тээврийн хэт их ачаалал, бөөгнөрөл үүссэний улмаас хугацаа алдаж ирсэнтэй холбоотой юм. Боомтын ачаалал нь зөвхөн манай компани дээр биш улс даяар ийм нөхцөл байдалтай байгаа гэдгийг Улаанбаатар төмөр зам Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс бичгээр мэдэгддэг.

Далайн шуурга, боомтын ачаалал ихэссэнд биднийг буруутгаж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр хүчин зүйл нь хэн ч тааж мэдэх, хүний хүчээр даван туулах боломжгүй байдаг учраас дэлхий нийтэд форс мажор буюу давагдашгүй хүчин зүйл гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгддөг жишигтэй. Өөрөөр хэлбэл, манай компани гэм буруугүй гэж үзэж байна. Аливаа хэрэг үүсэхэд субъект, объект, субъектив, объектив тал гэж байдаг, аль нэг шинж нь байхгүй бол хэрэг үүсдэггүй гэсэн эрх зүйн онол байдаг. Манай нөхцөлд бол субъектив тал болох гэм буруугийн асуудал байхгүй учраас бид уг үйлдэл нь зөрчлийн шинжгүй гэж үзэж байна.

Бид өөрсдийн нөхцөл байдлыг З.З байцаагчид танилцуулж албан бичгээр хандсан. Нотлох баримтаа гаргаж өгсөн.

2.Хугацаа хэтрэлийг буруу тооцсон.

Хяналтын улсын байцаагч нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан “...улсын хилээр нэвтрүүлэх үеийн дараах шаардлагыг хангасан байна. 11.2.3. импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” гэсний зөрчиж “АБТЭМА” төв дээр хяналт шалгалт хийсэн өдрөөр хугацааг тооцсон

Импортоор оруулсан барааны нэр

Үйлдвэрлэ

сэн

хугацаа

Дуусах хугацаа

Монгол

Улсын

хилээр

ачаа

нэвтэрсэн

огноо

УБ

АБТЭМА төв дээр ачаа буусан огноо

Улсын

байцаагчийн тооцсоноор 2018.05.07 АБТЭМА дээр хяналт хийсэн өдрөөр тооцсон

Хүнсний тухай хуулийн 11.2-т зааснаар МУ-ын хилээр нэвтрэх үеэр тооцвол

1

Контейнер №1, №2

Олон жимст

2018.01.17

2018.10.14

2018.04.27

2018.05.03

20 хоног

10 хоног

2

Контейнер N93, №4

Олон жимст

2018.02.02

2018.10.30

2018.04.27

2018.05.04

5 хоног

 

3

Контейнер №5, 6

Лууван 30%

2018.01.16

2018.10.13

2018.04.27

2018.05.05

21 хоног

11 хоног

3.Хэтэрсэн хугацаа нь бага, аюулыг өөр аргаар зайлуулах боломжгүй  байсан.

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдлийг шийтгэлээс чөлөөлнө гэсэн байдаг. 5-21 хоног /улсын хилээр нэвтэрсэн өдрөөр тооцвол 10-11 хоног/ нь барааны нийт хугацаа болох 9 сар, импортын шаардлага болох 3/2 буюу 6 сартай харьцуулахад бага хэмжээний асуудал юм. Дээр дурдсанчлан, давагдашгүй хүчин зүйлийн улмаас аюулыг өөр аргаар зайлуулах боломжгүй байсан.

4.Хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө байхгүй.

Хүнсний тухай хуулийн шаардлага, гол зорилго нь ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл чанартай хүнс нийлүүлэхэд оршиж байгаа. Манай компанийн импортолсон концентрац буюу түүхий эд нь цаашаа бусад бодисоор баяжигдан ундаа, шүүс болон үйлдвэрлэгддэг тул өөрийнх нь хадгалах хугацаа дахиад сунгагддаг технологитой юм. Иймээс ард иргэдийн хүнсний аюулгүй байдалд ямар ч сөрөг нөлөө байхгүй болно. Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “хүнс нь хүний эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулахааргүй байх” гэсэн зарчимд нийцэж байгаа юм.

Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд түүхий эдээ бэлтгэх ажиллагаа нь хөрөнгө мөнгөө төвлөрүүлэх, хүүтэй зээл авах, бэлтгэн нийлүүлэгчтэйгээ гэрээ хийх, татан авалт хийх зэрэг олон үе шаттай цогц ажил байдаг. Бидний хувьд олон шат дамжлагаар явж байж арай гэж түүхий эд материалаа авч бүтээгдэхүүнээ гаргадаг. Үйлдвэрлэлийн хажуугаар бид хэрэг зараг гэж явах нь үнэхээр дарамттай байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын улсын байцаагч З.З гийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0064523 дугаартай шийтгэл оногдуулах шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.1 Хариуцагчаас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа[3]: “...НМХГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч З.З би хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “АБТЭМА-1” дэх гүний гаалийн хяналтын талбайд “В-И” ХХК нь Нидерланд улсаас 111.2 тн ундааны түүхий эдийг импортлохдоо Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалтад заасан импортлох хүнсний хадгалах хугацааны 3/2 нь хүчинтэй хугацаа байх гэсэн заалтыг зөрчсөн зөрчлийг илрүүлэн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 1802000209 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн хэргийг НПГ-ын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорт хуулийн дагуу хугацаанд нь хянуулж ажилласан.

2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 0064523 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн 10 000 нэгжийн шийтгэлийн арга хэмжээ авсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос ирүүлсэн зөрчлийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлтийг хүлээн авч Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол үйлдэн буцаасан.

Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтад “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах” гэсэн заалтын дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлохдоо тээвэрлэлтийн хугацаа болон түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлын бусад эрсдэлийг урьдчилан тооцоолж ажиллах шаардлагатай.” гэжээ.

Гурав. Гомдол гаргагч, хариуцагч талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг шүүх хуралдааны тэмдэглэлд[4] тусгав.

ҮНДЭСЛЭХ нь:

“В-И” ХХК-аас “НМХГ-ын экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч З.З-ийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 0064523 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гэсэн шаардлага бүхий гомдлыг дор дурдсан үндэслэлээр ханган шийдвэрлэв:

НМХГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч З.З нь “В-И” ХХК-ийг Нидерланд улсаас 111.2 тн ундааны түүхий эдийг импортлохдоо Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалтад заасан импортлох хүнсний хадгалах хугацааны 3/2 нь хүчинтэй хугацаа байх гэсэн заалтыг зөрчсөн зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасныг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 0064523 дугаартай торгууль ногдуулсан шийтгэлийн хуудас үйлджээ.

Гомдол гаргагч “В-И” ХХК-аас 2018 оны 3 дугаар сард Нидерландын Роттердам боомтоос нийт 6 чингэлэг ундааны түүхий эд болох концентрац буюу өтгөрүүлсэн шүүсийг тээвэрлэн импортоор Замын-үүд боомтоор 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр оруулж иржээ[5].

Эдгээр 6 чингэлэг нь  “АБТЭМА-1” дэх гүний гаалийн хяналтын талбайд 2018 оны 5 дугаар сарын 3-5 өдрийн хооронд бууж, улсын байцаагчаас 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хяналт шалгалтыг явуулжээ[6].

Хяналтын байцаагчаас гомдол гаргагч “В-И” ХХК-ийг түүхий эд бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирэхдээ Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалтад заасан “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна: импортлох хүнсний хадгалах хугацааны 3/2 нь хүчинтэй хугацаа байх” гэсэн заалтыг  зөрчсөн. Хяналт шалгалт хийсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс тооцож импортоор оруулж ирэх хуульд заасан хугацаанаас 5-21 хоног хэтрүүлэн түүхий эдийг оруулж ирсэн зөрчил гаргасан гэж үзжээ. Тухайлан хэлбэл, “В-И” ХХК-ийн импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнүүд нь 9 сар хадгалах хугацаатай бөгөөд импортоор оруулж ирсэн өдөр /2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр/ 3/2 нь буюу 6 сар хадгалах хугацаа нь хүчинтэй байх шаардлагыг 5-21 хоногоор хэтрүүлсэн гэж улсын байцаагчаас үзжээ.

Чингэлэг 1, 2-т байсан бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, дуусах хугацаа 2018 оны 10 дугаар сарын 14-ны өдөр байсан гэдэг нь бүтээгдэхүүний тодорхойлолт[7], чингэлэг 3, 4-т байсан бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, дуусах хугацаа 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байсан гэдэг нь бүтээгдэхүүний тодорхойлолт[8], чингэлэг 5, 6-д байсан бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр, дуусах хугацаа 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байсан гэдэг нь бүтээгдэхүүний тодорхойлолт[9] болон гомдол гаргагч талын тайлбар[10] зэргээр тогтоогдож байна.

Тус компанийн 6 чингэлэг бүхий түүхий эд бүтээгдэхүүн нь тээвэрлэгдэн Улаанбаатарт ирэх өдөр хүртэл цаг агаарын нөхцөл байдал муудсаны /далайн шуурга болсны/ улмаас маршрут нь өөрчлөгдөж чингэлэг ирэх тээвэрлэлтийн хугацаа нь саатсан, мөн төмөр замын ачаалал болох ачааны бөөгнөрлөөс транзит ачаа буюу олон улсын ачааны бөөгнөрөл үүссэнээс шалтгаалж ачаа ирэх ёстой хугацаанаасаа хэтрэлтэй орж ирсэн, тээвэрлэгдэн ирэх хугацаа саатсан  гэдэг нь гомдол гаргагчийн тайлбар,  тээвэрлэлтийн үеийн баримтууд[11], гомдол гаргагч компаниас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18/115 дугаар албан бичиг[12], “МЗЛ” ХХК-аас ирүүлсэн тайлбар[13], Улаанбаатар төмөр замын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/894 дугаар албан бичиг[14] зэргээр  тогтоогдож байна.

Маргааны үйл баримтаас дүгнэхэд, гомдол гаргагч компани нь хариуцагч хяналтын улсын байцаагчийн актад дурдсан “импортоор оруулж ирүүлсэн бүтээгдэхүүний хадгалах хугацааны 3/2 нь хүчинтэй хугацаа байх” шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчлийг үйлдсэн, уг зөрчилд тус компани шууд буруутай нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Учир нь бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад тус компаниас шалтгаалахгүй тээвэрлэлтийн хугацаа саатсан гэдэг нь маргааны үйл баримтаас тогтоогдож байна.

Тус компаниас шалтгаалаагүй тээвэрлэлтийн хугацаа саатсан цаг агаар муудсан, боомтын ачаалал ихэссэн нөхцөл байдлыг Шийтгэлээс чөлөөлөх үндэслэлийг зохицуулсан Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй” гэж заасан “тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй” нөхцөлд хамааруулан ойлгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн гомдол гаргагч компанийн импортоор оруулж ирсэн түүхий эдийн хугацаа нь дуусаагүй байсан гэдэг нь тогтоогдож байгаа бөгөөд хүчинтэй байх хугацаа 6 сараас 5-21 хоногоор хэтэрсэн нөхцөл байдал нь Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “хүнс нь хүний эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулахгүй байх” гэсэн шаардлагыг зөрчсөн гэж үзэх, цаашлаад хүний эрүүл мэндэд аюултай байдал бий болохгүй гэж гомдол гаргагчийн тайлбар нь үндэслэлтэй байна.

Үүний учир гомдол гаргагч “В-И” ХХК-ийг Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-д “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна: импортлох хүнсний хадгалах хугацааны 3/2 нь хүчинтэй хугацаа байх” гэсэн заалтыг  зөрчсөн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу оногдуулсан торгуулийн шийтгэлээс  чөлөөлж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

 

          3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 6, Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 11 дүгээр зүйлийн 11.2.3-д заасныг тус тус баримтлан “В-И” ХХК-аас гаргасан “НМХГ-ын экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч З.З-ийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 0064523 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гэсэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хангаж, НМХГ-ын экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч З.З-ийн 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 0064523 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж гомдол гаргагчид буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                             А.С


[1] Хэргийн  1-р хавтас 7 дахь тал

[2] Хэргийн  1-р хавтас 1-4 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 45 дахь тал

[4] Хэргийн 2-р хавтас 24-31 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 31-32, 152, 170, 190, 210, 230, 249 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 31-32, 152, 170, 190, 210, 230, 249, 2-р хавтас 21-22 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 199, 202,  2-р хавтас 7, 10 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 218, 219, 222 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 241 дэх тал

[10] Хэргийн 1-р хавтас 3 дахь тал,

[11] Хэргийн 1-р хавтас 33-36 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 91 дэх тал

[13] Хэргийн 2-р хавтас 18-19 дэх тал

[14] Хэргийн 1-р хавтас 138 дах тал