Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 00028

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

 2018        08             13                                          2018/ДШМ/28

 

Ц.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.А,

Шүүгдэгч: Ц.А,

Нарийн бичгийн дарга: Х.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолтой Ц.А-д холбогдох 1838000000184 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц овогт Ц-ын А, 1972 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РЮ............../.

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 50*100 зочид буудалд хохирогч П.М-той хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц овогт Ц-ын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн 18380000000184 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.А давж заалдах гомдолдоо: Ц.А би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 50*100 зочид буудалд сантехникч, цахилгаанчин зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг билээ. Анхан шатны шүүх хуралд хууль мэдэхгүйн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Энэ ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь би өглөө 09 цагаас оройн 20 цаг хүртэл 50*100 зочид буудалд ажил хийж гүйцэтгэдэг. Миний зүгээс нийтэд тустай ажил хийхээр тус байгууллагаас халагдах дээрээ тулаад байгаа тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн ялаар сольж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 50*100 зочид буудалд хохирогч П.М той хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч П.М-ийн мэдүүлэг, гэрч Б.Н, Б.Г нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 327 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Харин шүүгдэгч нь прокурорын шатанд прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрөхдөө, үүнээс гарах үр дагаврыг дутуу ойлгож 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан Ц.А-н хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт болон түүний давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ц.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан “...миний зүгээс нийтэд тустай ажил хийхээр тус байгууллагаас халагдах дээрээ тулаад байгаа тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн ялаар сольж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       500 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар” гэснийг “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу           500 000 төгрөгөөр торгох ялаар” гэж,

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зйүлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Торгох ялыг магадлал хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор биелүүлэхийг шүүгдэгч Ц.А-д даалгасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

        ШҮҮГЧИД                                                                       Т.ГАНБАТ

                                                                                                   Н.БАЯРХҮҮ