| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-09-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, ерөнхий шүүгч Д.Сарантуяа, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
Иргэдийн төлөөлөгч Д.Мөнхтуул,
Улсын яллагч Ц.Батзаяа,
Шинжээч эмч Т.Алтайбаатар,
Хохирогч Ц.С,/цахимаар/
Шүүгдэгч Б.Д-ийнөмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Өсвөр насны шүүгдэгч О.Ц-ийнөмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгч Б.Д,
Өсвөр насны шүүгдэгч О.Ц
Өсвөр насны шүүгдэгч О.Ц-ийнхууль ёсны төлөөлөгч Г.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Бы Д, өсвөр насны шүүгдэгч Т овогт Оийн Ц нарт холбогдох 2116000700065 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5 аав, ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Баяншанд багийн ,,,, тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ,,,,,, регистрийн дугаартай, Ж овогтой Б-ны Д.
Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд, мэргэжилгүй, Говь-Алтай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2-р курст сурдаг, ам бүл 8 аав, ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Индэрт багийн 6-52 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ,,,,, регистрийн дугаартай, Т овогтой Оийн Ц.
Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч О.Цнар нь бүлэглэн Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын төвд Шинэ-Алтай захын дээд талд байрлах “Магнай трейд” ХХК- ны шатахуун түгээх станцын орчимд 2021 оны 04 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 01-ээс 02 цагийн үед иргэн Ц.С-ыг“...Лалруудаа минь зогсооч таксинд явбал яв явахгүй бол боль, юу л байна мөнгө байна...” гэж хэлсэн гэх шалтгаанаар зодож түүний биед зүүн уушгины няцрал, зүүн уушгины уналт, зүүн синуст /цээжний зүүн хөндийн доод хэсэгт/ шингэн хуралдалт, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт буюу гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д-ийншүүх хуралдаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө О.Цбид хоёр хойноос урагшаа гэр рүүгээ явж байсан. Тэгэхэд захын дээд талын шатахуун түгээх станцын тэнд гурван хүн тааралдсан. Таксидуул таксид гэсэн. Бид хоёр найзуудынхаа араас явж байсан чинь дуудахаар нь О.Ц-дэргээд очих уу гэсэн очъё гээд тэгээд очсон. О.Цбуугаад нэгийг нь бариад авсан. Тэгээд тэр үед хохирогчийг өшиглөсөн, алгадахад хохирогч замын хажуу руу унасан тэгээд хэвлий хөл хэсэг рүү нь өшиглөж, нийлж зодсон. Танхайрах гэмт хэрэг хийсэн нь миний буруу... Миний эзэмшлийн мотоцикль... Хойд толгойд найзындаа тоглож байгаад гэр рүүгээ явж байсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг ганц удаа гэм бурууг минь харж үзнэ үү, дахиж ийм хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Өсвөр насны шүүгдэгч О.Ц-ийншүүх хуралдаанд өгсөн “... Га, Да бид гурав захын тийшээ Баярмагнайгийн өөдөөс явж байсан чинь захын дээд талд Магнай трейд клонкын тэнд Баярмагнай өөдөөс гарч ирж таарсан. Тэгээд явж байсан чинь гурван ах явж байсан машины урдуур ороод мөргүүлэнгээ алдсан, Га машин руу суугаад бид хоёр явж байсан чинь ардаас “...таксинд явуул яв, явахгүй бол боль, надаа юу л байна мөнгө байна...” гэж орилсон. Тэгээд зогсоод Со ахын цээж рүү нь хоёр өшиглөсөн, багтарчих байх гэж бодоод гуя хэсэг рүү нь хоёр өшиглөөд бид хоёр явсан... Өөрийн гэм бурууг хүлээж байна. Хичээлдээ нээлттэй явахыг хүлээн зөвшөөрч өгнө үү...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Ц.Сошүүх хуралдаанд өгсөн “...Би Говь-Алтай аймагт 02 дугаар сарын 10-ны өдөр аав, ээж хоёр дээрээ очсон. Одоо миний аав, ээж хоёр байгаа. Би тэнд хорионд ороод цагаан сар өнгөрөөд явахаар болдог. Дв буюу Умаяа бид хоёр манай аавын тэнд миний машинд ууж сууж байгаад ээж нэг хоол цай хийхээр нь тэрийг нь уугаад Двынд очоод ээж нь жоохон уурлахаар нь гараад манай аавын руу явж байгаа царай нь тэр... Камер дээр нь тодорхой байгаа учраас юу ярихав дээ... Карт дээр хийлгэсэн эмчилгээ байж байгаа...600,000 төгрөг төлсөн, хоёр жоохон юм байна. Ах, дүү нарыг нь таньдаг юм билээ, гомдол санал байхгүй... Хүн цохиулж байхдаа, хоёр танихгүй хүнээс тэр нь тэгж байна гэж би ялгахгүй... Улаан пүүз орж ирээд байх шиг байсан. Нэг нь израйль/хагас түрийтэй гутал/ байсан уу мэдэхгүй байна... Би нүд бүрэлзсэн байсан болохоор яг яасныг нь мэдэхгүй байна... олон дэвсэлтийн улмаас үүссэн. Хоёр хавирга хугарч, уушги доошоо унана гэдэг чинь нэг удаа цохиход арай тэгэхгүй байх...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын шүүх хуралдаанд өгсөн “... хүнийг зогсоо байхад цохиход үүсэхгүй, хэвтээ байхад өшиглөхөд хүч их ордог учраас үүсэх боломжтой... Нэг хүний үйлдлээр, хоёр хүний үйлдлээр ч үүсэх боломжтой. Тухайн үед ямар зодоон цохион болсныг мэдэхгүй учраас нэг хүний үйлдэл үү, хоёр хүний үйлдэл үү гэдгийг ялгах боломжгүй...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Ц.Сомөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Есөнбулаг сумын Шинэ-Алтай захын баруун талд байрлах Магнай трейд шатахуун түгээх станцын орчимд Ганбат, Дв нарын хамт хойшоогоо чиглээд гэрлүүгээ явж байсан тухайн үед Двын гэрээс бид гурав гарсан бөгөөд замын ойролцоо такси барих санаатай алхаж явсан юм...Тэгээд магнай трейд шатахуун түгээх станцын орчимд явж байхад урд талаасаа нэг цагаан өнгийн жижиг суудлын тэрэг явж байхаар нь гараа өргөсөн чинь бид нараас өнгөрөөд зогссон тэр үед хойноосоо 1 мотоциклтой 3 залуу явж байгаад нэг залуу нь буугаад тухайн цагаан өнгийн суудлын машинд суугаад яваад өгсөн. Харин үлдсэн мотоциклтой 2 залуу нь урагш өнгөрч явж байгаад буцаж эргэж хойшоо тухайн цагаан машиныхаа өөдөөс явж байснаа гэнэт эргээд бид нар дээр хүрээд ирсэн. Тэгээд бууж ирээд нэг залуу нь шууд Ганбатыг барьж аваад хавсарч унагаагаад колонкны талбай орчимд барилцаад авсан. Тэгсэн нэг залуу нь над руу ирээд та нар яасан том юм ийшээ гараад зодолдох уу гэхээр нь ахын дүү нар зүгээр явчихаа гэж хэлсэн чинь Ганбаттай зууралдаад зогсож байсан залуу нь надтай хамт байсан залуугаа дуудсан чинь очоод Ганбатыг газарт унагаагаад 2,3 удаа өшиглөчхөөд тэр 2 залуу над руу хүрээд ирсэн. Тэгээд намайг газарт унагааж байгаад хоёулаа дэвсээд өшиглөөд унасан тэр үед би нүүрээ хамгаалаад дараад хэвтсэн хэн нь хэдэн удаа яаж өшиглөснийг хараагүй ямар ч байсан өшиглөөд дэвсээд байсан. Тэгчхээд 2 залуу Дв руу дайрч байгаа харагдсан би тэгээд босох гэтэл бос ч чадахгүй байсан. Тэгээд харж байхад Двын хамраас цус гарсан сууж байгаа харагдсан. Тэгээд нөгөө 2 танихгүй залуу шууд мотоциклоо асааж аваад шууд хойшоогоо яваад өгсөн. Тухайн залуучууд саравчтай малгайтай, дээрээс нь юүдэнтэй малгайтай цамц өмсөөд давхарлаад өмсчихсөн хөдөөний байрны залуучууд байсан, би сайн танихгүй юм байна лээ. Тэгээд тэдгээр залуус явсны дараа Ганбат, Дв нар над дээр ирээд бос явъя гэж хэлэхэд би бос ч чадахгүй байсан...Ганбат миний утсаар эмнэлэг рүү түргэн тусламж дуудсан... Эмнэлэгт ирэхэд 2 хавирга хугарсан, уушги уналттай байна гээд шууд хэвтэх заалттай гээд эмнэлэгт 7 хоног хэвтээд эмнэлгээс гарсан байгаа...тэдгээр залуусыг танихгүй ямар шалтгаанаар зодсоныг нь мэдэхгүй байна шууд ирээд л учиргүй зодоод унасан тухайн үед нэг залуу нь нэгнийгээ дуудахдаа Дашка гэж дуудаж байсан талаар Ганбат надад сүүлд хэлсэн би тухайн үед бол нэрийг нь сонсоогүй...улсын дугаарыг нь харж амжаагүй ямар ч байсан улаан өнгийн Мустанг юм уу л гэж харсан хятад мотоцикл байсан...20 гаран насны жаахан залуучууд харагдсан надтай хэрэлдээд зогсож байсан залуу нь саравчтай малгай өмсөөд хар өнгийн малгайтай цамцны малгайг давхарлаад өмссөн харагдсан, доогуураа юу өмссөн байсныг хараагүй. Нөгөө залуу нь бас адилхан саравчтай малгай өмсөөд дээрээс нь цамцныхаа малгайг өмссөн харагдсан. Ямар нэгэн содон шинж тэмдэг ажиглаагүй, шардуу царайтай залуу л харагдсан...” гэх мэдүүлэг /ХХ40-42/,
Шүүгдэгч Б.Д-ийнмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...ЦАбид хоёрыг мотоцикльтой явж байтал ардаас орилоод “...гөлөгнүүд мөнгөтэй шүү...” гээд байхаар нь хоёулаа эргэж нөгөө замаар явж байсан 3 хүн дээр очтол согтуу хүмүүс байсан ба Цэнд- Аюуш нэг залууг нь барьж аваад, би наад 2 залуутай нь барьцалдаад та хоёр яах гээд байгаа юм гээд зууралдаж байтал ЦАдуудахаар нь явж очоод Цштай зууралдсан нөхрийг алгадсан чинь газарт уначихсан. Тэгтэл толгойруу нь 3-4 удаа ЦАөшиглөсөн. Ингээд бид хоёр буцаж мотоцикль дээрээ очоод суугаад хөдлөх гэтэл ардаас нөгөө хоёр нь хэл амаар доромжлоод байхаар нь буцаж очоод нэг намхан залууг нь ташаа руу нь өшиглөсөн чинь газарт унасан. Тэгтэл цаашаа ЦАнэг нөхрийг нь өшиглөтөл замын боржуурлуу уначихаар нь гуя хэсэг рүү нь өшиглөтөл Цэнд- Аюуш цээжин хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд би зөрүүлээд хэвлийн орчимд нь 2-3 удаа өшиглөсөн. Тэр хооронд ЦА3-4 удаа цээж орчим руу нь өшиглөж байсан. Ингээд зодчихоод бид 2 яваад өгсөн...бид 2 гар хөлөөрөө цохисон...” гэх мэдүүлэг /ХХ105/,
Өсвөр насны шүүгдэгч О.Ц-ийнмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Да мотоциклоо унаад би араар нь суугаад машины араас хөдлөөд явсан чинь замын хажуу талд байсан 3 залуу араас орилоод “...лаларууд минь зогсооч таксинд явбал яв явахгүй бол боль...” гээд байсан тэгээд “...юу л байна мөнгө байна...” гээд байсан. Тэгэхээр нь бид 2 явж байснаа эргэж очоод “...яасан гэнээ ах...” гээд би асуусан чинь өмнөөс томроод “...яасан ч яадаг юм таксинд явбал яв...” гээд байсан... Да эхлээд нэг халаасандаа гараа хийчихсэн ахыг өшиглөөд авсан. Тэр үед би намхан бандгар ахтай нь муудалцаад колокны гол талбай руу нь орсон тэр ах миний малгайтай цамцыг дарж боогоод байхаар нь Давка гэж дуудсан чинь Да гүйж ирээд хавсарч унагаасан тэр үед би нүүрлүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд цаашаа явах гэсэн чинь өндөр ах нь араас бариад авахаар нь цаашаа дагуулаад Да бид 2 нийлээд зодчихсон юм. Тэр өндөр ахын цээжрүү нь 2 удаа өшиглөөд багтарчхаж магадгүй гэж бодоод болиод хөлрүү нь 2 удаа өшиглөчхөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ65-67/,
Гэрч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Харин 2 залуу нь мотоциклтой үлдээд машины араас хөдөлсөн чинь Со тухайн үед тэр мотоциклтой танихгүй залуусын араас орилж байсан, юу гэж орилсныг санахгүй байна. Тэгсэн чинь нөгөө мотоциклтой 2 залуу буцаад хүрээд ирсэн. Тэгээд барьцалдаж аваад , намайг нэг залуу нь барьж аваад би тэр залуутай барьцалдаад намайг зодож, өшиглөж газарт унагаасан. Тэгсэн чинь нэг залуу нь Со, Дв хоёртой клонкын уулзварын хойд талд нь байж байснаа над руу нэг залуу нь ирээд тэр 2 нийлээд өшиглөж, зодсон. Тухайн үед миний хамраас цус гараад би клонкын түгээгүүрийн хойд талд цусаа гоожуулаад сууж байхад Двыг өшиглөөд унагааж байгаа харагдсан харин Сономдагвыг түүнээс урагш зам дээр барьцалдаж аваад явган хүний зам дээр нийлээд зодож байгаа харагдсан. Тэгээд мотоциклоо асааж унаад хойшоогоо яваад өгсөн. Харин бид 3 тэндээ үлдээд тэдгээр залуус явсны дараа Со бос ч чадахгүй газарт хэвтэж байхаар нь Дв бид 2 хажууд нь очоод эмнэлэг рүү түргэн тусламж дуудсан тэгсэн түргэний машин цагдаатай хамт ирсэн юм...тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй хамраас цус гараад өнгөрсөн, дух бага зэрэг шалбарсан байсан одоо ямар нэгэн шарх сорвигүй эдгэрчихсэн юм. тухайн үед ямар нэгэн гэмтэл учраагүй учир эмнэлэгт огт үзүүлээгүй юм...одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа...би болсон зүйлсийг үнэн зөв санаж байна, ямар ч байсан ухаантай байсан гэхдээ их согтсон байсан...надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /ХХ44-46/,
Гэрч Б.Двын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Магнай трейд шатахуун түгээх станцын орчим явж байхад нэг мотоциклтой 3 залуу хойноосоо ирээд урдаасаа ирсэн цагаан өнгийн машинд нэг залуу нь суугаад яваад өгсөн. Харин 2 залуу нь мотоциклтой үлдээд машины араас хөдөлснөө буцаж ирээд бид гурвыг учир зүггүй зодсон. Тэр үед нэг залуу нь Ганбатыг клонкын талбай дээр зодож байгаа харагдсан, харин намайг нэг залуу нь өшиглөөд клонкын уулзвар дээр унагаасан. Тэгэхээр нь би гар муутай учир нүүрээ дараад хэвтээд өгсөн, миний хамраас цус гарсан байсан. Тэгсэн нөгөө 2 танихгүй залуу Сономдагвыг урагш нь хөөгөөд зодоод явсан. Нийлж Со, Ганбат нарыг зодчихоод мотоциклоо унаад яваад өгсөн. Намайг нэг удаал нүүр лүү өшиглөсөн би гараараа хамгаалаад хэвтчихсэн юм...Со бос ч чадахгүй газарт хэвтэж байхаар нь асуусан чинь хавирга гэмтчихсэн босч чадахгүй байна гэж хэлж байсан тэгээд 103 дуудаж явуулсан юм...тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй хамраас цус гараад өнгөрсөн юм...20 гаран насны залуучууд харагдсан ямар хувцастай байсныг би сайн ажиглаагүй...” гэх мэдүүлэг /ХХ60-62/,
Насанд хүрээгүй гэрч Н.Гаын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Магнай трейд шатахуун түгээх станцын хурд сааруулагчийн дээр очсон чинь Баярмагнай өмнөөс машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд би машинд нь суугаад өөрийнхөө машин дээр ирээд байж байсан чинь Ц, Давка 2 араас нэлээн удаж байгаад мотоциклтойгоо хүрээд ирсэн. Тэгэхээр нь яасан гэж асуусан чинь баахан зодолдож байгаад ирлээ гээд Ц, Давка 2 надад хэлсэн. Тухайн үед би тэр хоёртой Магнай трейдийн шатахуун түгээх станцын орчимд очиход согтуу хүмүүс бололтой такси барих гээд гараа өргөөд зогсож харагдсан. Би яг хэдэн хүн байсан ямар хүмүүс байсныг анзаараагүй таних хүн байхгүй байсан. Тэгээд би шууд машинд суугаад уулзалгүй өөрийнхөө машин эвдэрсэн газарлуу явсан харин Цш, Давка нар намайг буулгаад тэнд үлдсэн юм...” гэх мэдүүлэг /ХХ57-58/,
Насанд хүрээгүй гэрч О.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...56-27 ГАҮ улсын дугаартай “корола” маркийн цагаан өнгийн машиныг унаад захын дээд талын Магнай трейд клонкын орчим ирсэн чинь нэг мотоцикль зөрснөө араас сигналдсан, тэр үед би машинаа зам дээр зогсоосон чинь тухайн замын орчим хүмүүс гар өргөөд явж байгаа харагдсан би сайн анзаараагүй хэдэн хүн байсныг мэдэхгүй. Тэгсэн тухайн зөрсөн мотоциклтой намайг дуудсан Га ах цуг ирээд мотоциклоос буугаад миний машинд суусан, надтай утсаар яриад би очиж машиныг нь чирч өгөх талаар хэлж амжаагүй байхад миний утас унтарсан учир Га ах миний өөдөөс манай гэр лүү явж байсан юм билээ. Тэгээд би Га ахыг суулгаж аваад шууд хөдлөөд машиныг нь чирэхээр явсан. Тэгэхэд Га ахтай хойноосоо цуг ирсэн мотоцикл жолоодсон Давка, цуг явсан Ц 2 үлдээд араас дагаж байх шиг байснаа алга болчихсон. Га ах бид хоёрыг машиныг нь чирэх гээд бүсээр оосорлоод нэлээн удсаны дараа Давка, ЦА2 араас мотоцикльтойгоо ирээд бид 2 туслах уу гэхээр нь за машин чирээд явж байхад бүс тасарч мэднэ дагаад яв болохгүй бол мотоциклоор чинь чирэх уяа дээсэнд явах хэрэг гарч магадгүй гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд Баяншандын 6 дугаар гудамжны өнцөг дээр очоод зогсоод Давка, ЦАхоёрыг та хоёр одоо гэрлүүгээ яв одоо ойрхон юм чинь ингээд хашааруугаа орчихно гэж хэлээд салцгаасан юм...” гэх мэдүүлэг /ХХ48-50/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Биед зүүн уушгины няцрал, зүүн уушгины уналт, зүүн синуст /цээжний зүүн хөндийн доод хэсэгт/ шингэн хуралдалт, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөр алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ц.С нь цээжний битүү гэмтэл авч 9, 10 дугаар хавирга хугарч цээжийг даран зүүн уушги гадна зооноор няцарч, уушги унасан /уушги хийжилтгүй болж шалчийхийг хэлнэ/, зүүн синуст /цээжний зүүн хөндийн доод хэсэгт/ шингэн хуралдалт үүссэн тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /ХХ14-15/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 04дүгээр сарын 21-ний өдрийн 148 дугаартай дүгнэлтээр “...1. Ц.Собиед зүүн уушгины няцрал, зүүн уушгины уналт, зүүн синуст /цээжний зүүн хөндийн доод хэсэгт/ шингэн хуралдалт, зүүн 9, 10-р хавирганы хугарал, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Ц.С нь цээжний битүү гэмтэл авч 9, 10-р хавирга хугарч цээжийг даран зүүн уушги гадна зооноор няцарч, уушги унасан / уушги хийжилтгүй болж шалчийхыг хэлнэ/, зүүн синуст /цээжний зүүн хөндийн доод хэсэгт/ шингэн хуралт үүссэн тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ14-15/,
2021 оны 04-р сарын 12-оос 13-нд шилжих шөнө болсон зодооны үйл явдал бичигдсэн шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ХХ35/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч О.Цнар нь хамтран 2021 оны 04 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 01-ээс 02 цагийн үед Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын төвд Шинэ-Алтай захын дээд талд байрлах “Магнай трейд” ХХК-ны шатахуун түгээх станцын орчимд хохирогч Ц.С-ыг“...Лалрууд минь зогсооч таксинд явбал яв явахгүй бол боль, юу л байна мөнгө байна...” гэж хэлсэн гэх шалтгаанаар зодож хохирогчийн биед зүүн уушгины няцрал, зүүн уушгины уналт, зүүн синуст /цээжний зүүн хөндийн доод хэсэгт/ шингэн хуралдалт, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт буюу хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч О.Цнарын үйлдэл нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ хамтран хүний биед санаатай халдаж, хүнд гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж үйлдэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж хуульчилжээ. Үүнд хэдийгээр шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн тохиолдлыг хамааруулан авч үздэг. Шүүгдэгч Б.Д, О.Цнар нь хохирогч Сыг нийлж зодохоор урьдаар тохиролцоогүй боловч хамтаар түүний бие эрхтэнд нь халдан хэвлий, цээжин тус газар өшиглөж, цохиж гэмтэл учруулсан бөгөөд уг үйлдлийг хоёул хийсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул дээрх гэмт хэргийн бүлэглэн үйлдэх хүндрүүлэх шинжийг хангана гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн утга агуулгын хувьд ноцтой зөрүүгүй, бие биенээ нөхсөн, баталсан байх тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор “...урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ118-119/, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролд 600.000 төгрөг хүлээн авсан...” гэх хохирогчийн гаргасан өргөдөл/ХХ71/, “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, харилцан тохиролцсон...” талаар мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Үүний үндсэн дээр шүүгдэгч Б.Д, өсвөр насны яллагдагч О.Цнарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэн үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ. Энэ нь хорих ялын дээд хэмжээг 12 жил эсвэл 15 жилээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзээд гуравны хоёр гэсэн хязгаарын дотор хорих ял оногдуулж болохоор шүүхэд эрх олгосон зохицуулалт юм.
Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч О.Цнар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэднийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 5-аас 12 жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан, хохиролд шүүгдэгч нар 600.000 төгрөг төлсөн, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн хувьд хэвийн болж ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялаас хөнгөрүүлэх журмыг хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж мөн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ. Үүнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоол гарах үе дэх насыг бус харин гэмт хэрэг үйлдэх үеийн насыг харгалзан үзэхээр зохицуулсан гэж ойлгохоор байна. Шүүгдэгч О.Цнь гэмт гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2021 оны 04 дүгээр сард 16 настай, шүүгдэгч Б.Д нь 19 настай байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний бичиг баримтуудын хуулбар, төрийн эрх бүхий байгууллагын лавлагаа, нас тоолсон тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмыг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч О.Цнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу4/дөрөв/ жилийн хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч О.Цнарт оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2/хоёр/ дахин багасгаж жинхэнэ эдлэх ялыг 2/хоёр/ жилээр тогтоолоо.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/...” гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж хуульчилжээ. Иймд шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч О.Цнарын эдлэх 2 жилийн хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаас 2 жилийн ялыг хасаж ялаас өршөөх хэлтрүүлэх нь Өршөөлийн хуулийн дээрх зохицуулалтад нийцэхээр байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар хохиролд 600.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогтой Бны Да, өсвөр насны шүүгдэгч Т овогтой Оийн ЦАнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан“бүлэглэж” үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч О.Цнарыг 4/дөрөв/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч О.Цнарт оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 дахин багасгаж 2/хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хуулийн” 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч О.Цнарт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаас 2/хоёр/ жилийн ялыг хасаж хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч О.Цнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар хохиролд 600.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.САРАНТУЯА
Г.МӨНХТУЛГА