Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч О.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Д-дхолбогдох 2116000000118 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянтоорой тосгоны тосгоны ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүр ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамтаар Говь-Алтай аймаг, Эрдэнэ сум, Цэцэгнуур 2-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ........ регистрийн дугаартай, Цахар овогт Д

 

Шүүгдэгч О.Днь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Алтай” захын 31-р павилионы лангуун дээр хохирогч Б.Т-нсанамсаргүйгээр мартаж үлдээсэн “Alcatel C1” маркийн гар утсыг завшин бусдад 495.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших”  гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч О.Дын шүүх хуралдаанд өгсөн “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Шилэн зах дотор явж байгаад гоо сайхны лангууны хэсэгт орж юм үзээд явж байхад лангууны тавиур дээр үйлчлүүлэгч талаас харагдахаар хэсэгт нэг гар утас байсан. Худалдагч охиноос өөр хүн байгаагүй тухайн гар утас бол худалдагч талаас харагдахааргүй байсан. Тэгээд би ямар нэгэн үйлчлүүлсэн хүн утсаа хаяад гарсныг мэдсэн. Тэгээд шууд авч чадалгүй юм үзэж байгаад гараад явсан. Тэгээд жоохон байж байгаад буцаж ороод лангууны тавиур дээр байсан гар утсыг аваад худалдагч охинд хэлэхдээ өөрийн гар утсаа орхиод гарсан байна гэж хэлээд аваад гарсан юм. Тэгээд тухайн өдөр Шилэн захын ар талд байрлах “Оргил” гар утасны засварлуу ороод кодыг нь тайлуулан авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ19-20/,

 

Хохирогч Б.Т-нмөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 08 сарын 23-ны өдөр Бугат сумаас ажлаар аймаг орсон. Тэгээд үдээс хойш нь зах дээрээс юм цуглуулж аваад, авсан юмаа хайрцагт хийх гээд 31-р павильон орсон. Тэгээд би хажууд нь байх лангуун дээр утсаа тавьчхаад хайрцагтай юмаа скочдож янзлаад юмаа аваад утсаа мартаад гараад явсан. Тэгээд утсаа орхисноо санаад эргээд ороод иртэл утас байхгүй байсан. Худалдагч Номин-Эрдэнээс нь асуухад таны утас байсан юм уу нэг эгч орж ирээд би танай дээр утсаа үлдээсэн байна гээд тэр утсыг аваад гарсан гэж хэлсэн...“Аlcatel С1” маркийн утас 549.000 төгрөгийн үнэтэй утас . 2021 оны 06 сарын 01-ний өдөр худалдаж авсан. Хэрэглээд 2 сар болж байгаа шинэ утас...” гэсэн мэдүүлэг /ХХ17, 38/,

 

 Гэрч Б.О-ийнмөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр ягаан өнгийн содон цамцтай урт үстэй нэг эмэгтэй Аlcatel С1 маркийн гар утасны кодыг тайлуулсан. Ер нь тухайн гар утсыг хүмүүс их ховор барьж ашигладаг болохоор их сайн тод санаж байна. Тухайн гар утсыг өөрөө хэлэхдээ хөдөө барилгүй удчихсан чинь кодоо мартчихсан байна гэж хэлээд нэлээд удаан хүлээж байгаад тайлуулж аваад явсан гэх мэдүүлэг /ХХ22-23/,

 

Хяналтын камерын дүрс бичлэг бүхий си-ди-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ3/,

“Нэкст Электроник” ХХК-иас гар утас худалдан авсан тухай нэхэмжлэх, баталгааны хуудас /ХХ2/,

Хохирогч Б.Т-нэзэмшлийн Аlcatel С1 маркийн гар утсыг 495.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 820/821 дугаартай үнэлгээний тайлан /ХХ28-21/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Дын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Алтай” захын 31-р павилионы лангуун дээр санамсаргүйгээр мартаж үлдээсэн хохирогч Б.Т-нөмчлөлийн “Alcatel C1” маркийн гар утсыг авч, нууц үгийг нь гар утасны засварчинаар гаргуулан өөрөө ашиглаж, бусдад 495.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь бусдын санамсаргүйгээр хаяж гээгдүүлсэн эд хөрөнгийг олж авсны дараа эзэнд нь эргүүлэн өгөх, эсвэл зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй тухайн эд зүйлийг өөрөө ашиглан завшсаны улмаас бусдад 495.000 төгрөгийн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч О.Днь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч О.Д-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

 

Дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цахар овогт О Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-доногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч О.Д-дсануулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.        

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА