| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0217/И |
| Дугаар | 227 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 227
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг, Тээврийн 1-24 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Амарбаясгалан овогт Чойжилсүрэнгийн Сэлэнгэ /РД: МЭ73012464/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 3-р баг Гандангийн 6 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сартуул овогт Шагдарсүрэнгийн Лхагвадорж /РД: МЗ71030371/-д холбогдох,
Хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай иргэний нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа, нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1993 онд Ш.Лхагвадоржтой танилцаж гэр бүл болсон. Бидний дундаас 1994 онд охин, 1995 онд хүү Анхбаяр төрсөн. Анхбаяр нь өвчний улмаас хүний байнгын асаргаанд орсон. 1996 онд Замын-Үүд суманд ирж амьдраад 2010 онд таарч тохирохгүй манай нөхөр 2 хүүхдээ аваад хашаа байшингаа зараад явна гэхэд би өөрийн гараар босгосон хашаа байшингаа өөрөө худалдан авна гээд авсан. Тэд яваад удахгүй охин Анхмаа нь аавтайгаа таарахгүй над дээр ирсэн. Удалгүй хүү нь аав архи уугаад байна гээд би хүүгээ өөртөө авсан. Лхагвадоржтой ярилцаж сар болгон боломжоороо мөнгө өгч байхаар тохирсон. 2017 оны 01 сард захиргааны журмаар цуцлуулсан. Түүнээс хойш Лхагвадорж нь хэлсэн үгэндээ хүрэхгүй байсан. Миний бие 2016 онд нуруу нугасны суулттай болоод хүнд юм өргөх хориотой бас цагаан мах байнга гардаг 2017 оны 05 сарын 02-нд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. Хүүгийн аав болох Лхагвадоржоос миний бие өвчтэй байна түр өөртөө эмчилгээ хийж гам барих хэрэгтэй байна хэд хоног хүүгээ хараач гэж гуйхад хүн тайван амьдруулахгүй байна гэж хэлээд ярихгүй байна. Иймд энэ хүнд хүүгээ шаардлагатай үед асарч хүүхдийн тэтгэлэг өгч эцэг хүний үүргээ биелүүлж Лхагвадоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Лхагвадорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 1993 онд Сэлэнгээтэй гэр бүл болж 2 хүүхдийн эцэг эх болсон. Миний бага хүү хөгжлийн бэрхшээлтэйн улмаас хүний байнгын асаргаанд байдаг. 2010 онд бид 2 таарч тохирохгүй салсан нь үнэн. Би 2 хүүхдээ авч Зүүн хараад ирж амьдарсан. Би амьдрах хугацаандаа ажил төрөл хийж амьдралаа авч явж байсан. Би байшин зарсан мөнгөнөөсөө 4 ханатай гэр худалдан аваад 2 хүүхэдтэйгээ амьдарсан. Том охин ээжрүүгээ явж буцаж ирээд гэрээ аваад дүүтэй амьдрана гээд Замын-Үүд рүү миний гэрийг авч явсан. Одоо би өөрөө орох оронгүй айл хэсч амьдарч байна. Миний аав, ээж өндөр настай хоёулаа өвчтэй хүний асаргаанд байгаа тул би хамт амьдрах боломжгүй. Би ажил төрөл хийж хүүхдүүддээ зохих ёсны мөнгө өгнө. Өгөх ч ёстой. Тийм учраас орох оронгүй учраас хүүхдээ өөр дээрээ авч чадахгүй байгаа юм. Миний хүү халамжийн тэтгэвэр 140.000, асаргааны 52.000 төгрөг нийт 202.000 төгрөг авдаг. Би Сэлэнгээтэй тохиролцсон мөнгийг зохих хугацаанд өгнө. Би амьдрах гэр оронгүй учраас хүүхдээ ав гэхэд нь дургүйцсэн юм. Би тогтсон ажил төрөлгүй улирлын чанартай модны хөрөө раманд ажилладаг. Ажилгүй үедээ өгч чадаагүй мөнгө дараа сард нь нөхөж өгөх болно гэжээ.
Хариуцагч Ш.Лхагвадоржийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний бие Шагдарсүрэн овогтой Лхагвадорж нь 2017 оны 7 дугаар сарын 20-нд болох шүүх хуралдаанд өөрийн биеэр очих боломжгүй тул нэхэмжлэгч Ч.Сэлэнгээгийн нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Иймд намайг эзгүйд шүүх хурал хийхийг зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ нь хариуцагч Ш.Лхагвадоржоос хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш.Лхагвадорж нь нэхэмжлэгч Ч.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ, хариуцагч Ш.Лхагвадорж нар нь 1993 онд танилцаж гэр бүл болсон. 1995 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Анхбаяр нь насанд хүрсэн боловч өвчний улмаас хүний байнгын асаргаанд байдаг хөдөлмөрийн чадваргүй болох нь зохигчдийн тайлбар, Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, даатгуудагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0096306 тоот акт зэргээр тогтоогдож байна.
1995 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Л.Анхбаяр нь эх Ч.Сэлэнгийн асрамжинд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Тээвэр 1-24 тоотод оршин суудаг болох нь тус сумын Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Л.Анхбаярын шилжин ирсэн тухай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Ш.Лхагвадорж нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийг Дорноговь аймагт мөрдөгдөж буй амжиргааны доод түвшингийн хэмжээ болох 166.200 төгрөгөөр бодож Улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагч Ш.Лхагвадорж нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч нь уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 1995 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Л.Анхбаярт амжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр эцэг Ш.Лхагвадоржоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Лхагвадоржоос 46.860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сэлэнгэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА