Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2016/01505/И |
Дугаар | 00453 |
Огноо | 2017-02-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 00453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Төв байр, Самбуугийн гудамж-43 Улаанбаатар-211238 Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блуй скай 44Г-24 тоот “Назу проперти” ХХК-д холбогдох,
банкны баталгааны гэрээний үлдэгдэл 2 578 152 677 төгрөгийг дансанд төвлөрүүлэх болон баталгааны төлөгдөөгүй шимтгэл 379 717 339 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Түвдэндорж, Ч.Лувсанцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Банкны зүгээс нийт 2 шаардлага гаргасан байгаа, баталгааны төлөгдөөгүй үнийн дүн болох 2,578,152,677 төгрөгийг Капитал банкны дансанд төвлөрүүлэх. Нөгөөх нь баталгааны төлөгдөөгүй үлдэгдэл 379,717,339 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага гаргаж байна. Эхний шаардлага нь баталгаа хүлээн авагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хэмээх төрийн үйлчилгээний газраас шаардлага хүргүүлэх тухай мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Капитал банкинд ирүүлсэн байгаа. Энэхүү албан бичигт “Назу проперти” ХХК-нь гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гэрээт ажил тухай бүрт нь санхүүжилт авсан боловч ажлаа эхлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул баталгааны мөнгөн хөрөнгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дансанд төвлөрүүлэхийг шаардсан байгаа учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Түвдэндорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч компани нь 2014.09.04-ний өдрийн гэрээгээр 1,863,000,000 төгрөгийн баталгаа гаргуулсан. Манай банкнаас нийт 6 баталгаа гаргуулсан. Үүнээс явцын дунд чөлөөлж байсан, эхний гэрээнээс 1,863,000,000 төгрөгний баталгаанаас одоо үлдэгдэлтэй байгаа нь 536,1 сая төгрөг чөлөөлөгдөж 1,326,900,000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа, 2016.11.06-ны өдрийн гэрээгээр 122,2 сая төгрөгний баталгаа гаргуулсанаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй. 2014.11.26-ны өдрийн гэрээгээр нийт 733,2 сая төгрөгний баталгаа гаргуулж одоогоор 481,952,676 төгрөгний баталгааны үлдэгдэлтэй, 251,247,323 төгрөгний баталгаа чөлөөлөгдсөн байна. 2015.01.19-ны өдрийн гэрээгээр 647,1 сая төгрөгийн баталгаа гаргуулж энэ баталгаанаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй. Дээрх баталгаануудаас сарын 1.5-аас 2%-н эрсдэлийн шимтгэлтэйгээр гаргасан. Үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 2204060666 улсын бүртгэлийн бүртгэлтэй 3,696 м/кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай 70% дуусаагүй барилга, тус хаягт байршилтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 5 жилийн хугацаатай эзэмших хоосон газар, Баянзүрх дүүргийн 18-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж 36/2-р байрны 13 тоот хаягт байрлалтай Ү2204019168 улсын бүртгэлийн дугаартай 41,93 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 37-р байр, 30 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү2205011137 дугаарт бүртгэгдсэн 27 м/кв талбайтай 2 өрөө орон сууц зэргийг барьцаалсан. Нийт баталгаанд хийсэн үлдэгдэл болох 2,578,152,677 төгрөгний цуцлагдаагүй баталгааны үлдэгдэлтэй. Дээрх баталгаанд ногдох баталгааны шимтгэл буюу 379,717,339 төгрөгийг Назу проперти ХХК-иас гаргуулах, Капитал банкны дансанд баталгааны үлдэгдэл мөнгийг төвлөрүүлэхийг шаардаж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4 баталгааны дагуу 2 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэд хэдэн үндэслэл байна. Нэхэмжлэлд дурдсан 4 гэрээ байгуулахдаа талууд харилцан тохиролцож байсан. Гэрээгээр урьдчилсан төлбөрт болон гүйцэтгэх үүргийн баталгаа гаргахаар тохиролцсон ингэхдээ хугацааг 365 хоногийн хугацаатайгаар тохирсон. Энэ нь гэрээний 2.1-д байгаа бөгөөд нийт 365 хоногийн хугацаанд гаргана. Ингэхдээ эрсдэлийн шимтгэлийн хувийг баталгаажуулан 1 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон учраас эрсдэлийн шимтгэл тооцно гэдэг нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлд дурдсан баталгааны гэрээг 2014.09.04-нөөс 2015.01.19-ний өдрийг хүртэл байгуулсан. Үүнээс хойш баталгааны хугацаа дуусгавар болох 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ямар нэгэн байдлаар баталгааг төл гэх баримтыг ирүүлээгүй. 2016.10.05-ны, 2016.10.13-ны өдрүүдэд шаардлага хүргүүлсэн байсан. Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа баталгааны болон гүйцэтгэлийн гэрээнд 1 жилийн хугацаатай гаргаж өгнө гэсэн. Гэвч Капитал банк нь хугацаандаа урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгөлгүй гэрээний үүргээ зөрчсөн байгаа. Капитал банкны зүгээс хугацаандаа баталгаа гаргаж өгөөгүй учир Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас шаардлага хүргүүлсэн. Энэ нь “Назу проперти” ХХК-ийн хүлээх хариуцлага биш юм. Иргэний хуулийн 226.1-д үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол шаардах эрхтэй гэж байгаа бол 2-т нь гэрээнээс татгалзах болон хохирол гаргуулахад өөрөө буруутай бол 226.1 дэх хэсэг хамаарахгүй гэж байгаа. Капитал банк өөрөө дур мэдэн гаргасан баталгааны төлбөрийг хариуцагч компани төлөх үүрэг хүлээхгүй. Эрсдэлийн шимтгэлийн асуудал харилцан тохирсон хугацаандаа гаргах ёстой. Нэг жилийн хугацаанд хүү төлөх ёстой. Мөн хугацаа, тооцоондоо төлөгдөөгүй асуудал байгааг бид хүлээн зөвшөөрч байгаа. Зөрүүний асуудлыг бид хариуцан төлнө. Банкны урьдчилгаа төлбөр байр гэж ярьсан нь ямар ч үндэслэлгүй юм. Баталгааны гэрээний 3.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх хүртэл банкны зүгээс шаардлагатай зээл олгох гэж харилцан тохиролцсон. Хэрэв баталгаа гаргуулагч талаас баталгааг төл гэсэн шаардлага ирвэл үүрэг гүйцэтгэгч Капитал банкны дансанд мөнгө төвлөрүүлэх ёстой. Хэрэв төвлөрүүлээгүй бол зээл болгож талууд зээлийн гэрээ байгуулна гэж заасан байгаа. Энэ нөхцөл байсаар байтал Капитал банкны дансанд мөнгө төвлөрүүл гэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ заалт нь өөр зүйлийг зохицуулсан, баталгааны хугацаа өнгөрсөн байгаа. Манайхаас 365 өдрийн хугацаанд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ямар нэгэн шаардлага хүргүүлж байгаагүй тул 365 хоногоос хэтэрсэн үйл ажиллагааг “Назу проперти” ХХК хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Нийт эрсдэлийн шимтгэлийн 122,000,000 төгрөгийн баталгаа гаргасан. 2011.11.06-ны өдрийн гүйцэтгэлийн баталгаа 122,200,000 төгрөг, эрсдэлийн шимтгэл нь нийт 2,035,550.66 төгрөгийг төлсөн, 1 жилийн хугацаанд 2,440,000 төгрөг төлөх ёстой байсан. Харин 647,100,000 төгрөгийн баталгаанд 48,186,789.3 төгрөг төлсөн, дараа нь 733,200,000 төгрөгийн баталгаанд нийт 78,918,263.2 төгрөг төлсөн, 1,863,000,000 төгрөгийн баталгаанд 37,260,000 төгрөг төлж, нийт төлөгдөөгүй үнийн дүн нь 121,348,947.95 төгрөг байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс эрсдэлийн шимтгэлийг ихэсгэж нэхэмжилж байгаа нь манай тооцооллоос зөрж байгаа. Бид нэхэмжлэлийн шаардлагыг тооцооллоор бодвол нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк баталгааны үлдэгдэл нийт 2 578 152 677 төгрөгийг Капитал банк дахь дансанд төвлөрүүлэх, мөн баталгааны төлөгдөөгүй шимтгэл 379 717 339 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг тус тус шаарджээ.
Хариуцагч тал “тооцоолол зөрүүтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.
Хэргийн нотлох баримтаас үзэхэд “Назу проперти” ХХК нь тус банктай доор дурдсан “Банкны баталгааны гэрээ“- үүдийг байгуулж Гэр хороололын дахин төлөвлөлт”-ийн барилгажуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг 10-р хорооны нутаг дэвсгэр, Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн дагуу нийтдээ 3,365,500,000 төгрөгний эх үүсвэргүй баталгаануудыг гаргуулсан байна.
Үүнд:
1. 2014 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр № ББГ/2014-004 тоот баталгааны болон барьцааны гэрээ байгуулж 1,863,000,000 /Нэг тэр бум найман зуун жаран гурван сая/ төгрөгийн эх үүсвэргүй баталгааг сарын 2 хувийн шимтгэлтэйгээр гаргуулсан бөгөөд одоо 1,326,900,000 төгрөгийн баталгааны чөлөөлөгдөөгүй үлдэгдэлтэй, уг баталгаанаас одоогоор 536,100,000 төгрөгийн баталгаа чөлөөлөгдсөн байна.
2. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр № ББГ/2014-005 тоот баталгааны болон барьцааны гэрээ байгуулж 122,200,000 /Нэг хорин хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн эх үүсвэргүй баталгааг сарын 2 хувийн шимгэлтэйгээр гаргуулсан бөгөөд уг баталгаанаас чөлөөлөгдөөгүй бүтэн үлдэгдэлтэй байна.
3. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр № ББГ/2014-007 тоот баталгааны болон барьцааны гэрээ байгуулж 733,200,000 /Долоон зуун гучин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн эх үүсвэргүй баталгааг сарын 1,5 хувийн шимтгэлтэйгээр гаргуулсан бөгөөд одоо 481,952,676.66 төгрөгийн баталгааны чөлөөлөгдөөгүй үлдэгдэлтэй, уг баталгаанаас одоогоор 251,247,323.24 төгрөгийн баталгаа чөлөөлөгдсөн байна.
4. 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр № ББГ/2014-05 тоот баталгааны болон барьцааны гэрээ байгуулж 647,100,000 /Зургаан зуун дөчин долоон сая нэг зуун мянга/ төгрөгийн эх үүсвэргүй баталгааг сарын 1,5 хувийн шимтгэлтэйгээр гаргуулсан бөгөөд уг баталгаанаас чөлөөлөгдөөгүй бүтэн үлдэгдэлтэй байна .
Дээрх баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 1. Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо, 13-р хороолол /13370/ 11Б байр дугаар тоот хаягт байрлалтай 000317695 гэрчилгээний дугаартай, Ү-2204060666 улсын бүртгэлийн дугаартай 3696 м.кв талбайтай, үйлчилгээ орон сууц, автомашины зогсоолын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 2.Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороонд байрлалтай 000305796 гэрчилгээний дугаартай, 136003/0193 нэгж талбарын дугаартай, 375 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, 3.Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 36/2-р байр 13 тоот хаягт байрлалтай, 000063508 гэрчилгээний дугаартай, Ү-2204019168 улсын бүртгэлийн дугаартай, 41,93 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, 4.Улаанбаатар хот Баянгол дүүрэг 18-р хороо, 4-р хороолол 47-р байр 30 тоот хаягт байрлалтай, 000335376 гэрчилгээний дугаартай, Ү-2205011137 улсын бүртгэлийн дугаартай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулсан байна.
Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.5 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр шаардана” гэж заажээ.
Үүрэг гүйцэтгүүлэгч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ТӨҮГ-аас ирүүлсэн “Шаардлага хүргүүлэх тухай” 2016.10.13-ний өдрийн 1/2561 тоот албан бичгээр үүрэг гүйцэтгэгч “Назу проперти”ХХК нь гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гэрээт ажил тус бүр дээрээ санхүүжилтийг тухай бүр авсан боловч гэрээний үүргээ зөрчсөн тул банкны баталгааны дагуу хүлээсэн үүргээ биелүүлж баталгааны мөнгөн хөрөнгийг “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар”- ын Төрийн сан банк дахь 200051300 тоот дансанд төвлөрүүлэхийг Капитал банкнаас шаардсан байна.
Капитал банк нь урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны талаар Хөрөнгө оруулалтын газар НӨҮГ болон Хөгжлийн банкинд удаа дараа албан тоот явуулсан, улмаар 2015.01.21-ний өдрийн 2/380 албан тоотоор 75 600 000 төгрөгөөс, мөн өдрийн 2/381 албан тоотоор 226 200 000 төгрөгөөс, 2/382 албан тоотоор 174 000 000 төгрөгөөс, 2/383 тоотоор 257 400 000 төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний мөнгөн дүнтэй төлбөрийг тус тус Гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс захиалагчийн өмнө хариуцаж батлан даалт гаргасан, “Назу проперти” ХХК-д шаардлага хүргүүлэх тухай Капитал банкны 2016.10.17-ны өдрийн 5/5923 албан тоотоор чөлөөлөгдөөгүй үлдсэн 2 578 152 677 төгрөгний баталгаа нээлттэй хэвээр байгааг мэдэгдсэн байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2016.10.05-ны өдрийн 2/2497 албан тоотоор Капитал банкинд мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүргийн 10 дугаар хороо орчимд дахин төлөлвлөх ажлын төсөл арга хэмжээнүүдийн гэрээний хугацаа дууссан боловч гэрээгээр гүйцэтгэх ажлууд дуусаагүй тул гүйцэтгэлийн баталгаа болох 265 600 000 төгрөгийг тус байгууллагын зөвшөөрлөөр чөлөөлөхийг мэдэгдсэн байна.
Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт зааснаар банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иймд талуудын хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр №ББГ/2014-004 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр № ББГ/2014-005 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр № ББГ/2014-007 тоот, 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр № ББГ/2014-05 тоот “Банкны баталгааны гэрээ”-үүдийн 3.3-т заасны дагуу баталгааны мөнгөн хөрөнгө болох нийт 2,578,152,677 төгрөгийг Капитал банкин дахь өөрийн харилцах дансанд төвлөрүүлэх мөн түүнчлэн баталгааны гэрээнд заасан эрсдэлийн шимтгэлийг төлүүлэхийг тус тус шаардсан нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Дээрх баталгааны гэрээнүүдийн 2.1.2, 2.1.3, 2.1.11, 3.3, 3.8-д зааснаар баталгааны эрсдэлийн шимтгэл тооцож, 2014.09.04-ний өдрийн №ББГ/2014-004 тоот баталгааны гэрээний үлдэгдэл 1 326 900 000 төгрөг, төлөгдөөгүй шимтгэл 39 116 001.99 төгрөг, 2014.11.06-ны өдрийн № ББГ/2014-005 тоот гэрээний үлдэгдэл 122 200 000 төгрөг, шимтгэл 3 199 497.34 төгрөг, 2014.11.26-ны өдрийн № ББГ/2014-007 тоот гэрээний үлдэгдэл 481 952 676.66 төгрөг, шимтгэл 164 927 528.85 төгрөг, 2015.01.19-ний өдрийн № ББГ/2015-05 тоот гэрээний үлдэгдэл 647 100 000 төгрөг, шимтгэл 172 474 310.97 төгрөг гарсан байх бөгөөд баталгааны үлдэгдэлд нийт 2,578,152,677 төгрөгийг Капитал банк дахь дансанд төвлөрүүлэхийг хариуцагчид даалгаж, баталгааны төлөгдөөгүй шимтгэлд 379,717,339 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 457.15 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Назу проперти” ХХК-иас баталгааны төлөгдөөгүй шимтгэлд 379,717,339 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож, баталгааны үлдэгдэлд нийт 2,578,152,677 төгрөгийг Капитал банк дахь дансанд төвлөрүүлэхийг хариуцагчид даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 14 947 301.00 төгрөг гаргуулж Капитал банкинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.10.21-ний өдөр төлсөн 14 947 301.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ