| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/05211/И |
| Дугаар | 00504 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 00504
Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Чингисийн талбай, Бодь цамхаг 604 тоотод байрлах “Гутал” ХК-ийн хувьцаа эзэмшигч, Мо овогт Батжаргалын Батбаяр /РД:УС52120317/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг “Гутал” ХК өөрийн байранд байрлах, “Гутал” ХК-д холбогдох
“Гутал” ХК-ийн ТУЗ-ийн 2016.05.06-ны өдрийн хурал, мөн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батбаяр нь “Гутал” ХК-ийн ТУЗ-ийн 2016.05.06-ны өдрийн хурал, мөн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг “Гутал” ХК-д холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Батбаяр нь шүүхэд гаргасан 2016.05.12-ны өдрийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол шүүх нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргах бөгөөд энэ захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Батбаяр нь “Гутал” ХК-ийн ТУЗ-ийн 2016.05.06-ны өдрийн хурал, мөн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай “Гутал” ХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Гутал” ХК-иас 35 100 төгрөгийг гаргуулж Б.Батбаярт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ