Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 00029

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

    2018        08             13                                          2018/ДШМ/29

 

Б.Пид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.С,

Шүүгдэгч: Б.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.М,

Хохирогч: Б.М,

Нарийн бичгийн дарга: Ж.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолтой Б.Пид холбогдох 1838001770106 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х овогт Б-ы П, 1993 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РУ.................../.

Шүүгдэгч Б.П нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Мг байнга зодож, харгис хэрцгий харьцан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр түүнийг зодож, хөнгөн хохирол учруулсан, мөн Б.Мтай согтуурсан үедээ хүчээр бэлгийн харьцаанд оруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Пид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Хариад овогт Батчулууны Пүрэвдоржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пид дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Пид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн 1838001770106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь 439 550 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч би зөвхөн шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дах хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, ял шийтгэл ногдуулсан хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан болно.

Нэг. Шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй

Анхан шатны шүүх эрүүгийн 18380017700106 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг бүрэн тогтоолгүй шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

... Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хийхдээ “... гэрч О.Бямбасүрэн, Г.Мөнхцэцэг, С.Нарантуяа, Б.Бадарч, А.Хүрэлшагай нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, амбулториор эмчлүүлэгсдийн карт, 2018 оны 05-р сарын 17-ны өдрийн эмэгтэйчүүдийн эмчийн тодорхойлолт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, дүгнэлт, бусад бичгийн нотлох баримт, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж, хэргийн талаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдлыг нотолсон гэж шүүх дүгнэв” гэжээ. Гэтэл дээрх нотлох баримтаас яг аль нь хүчиндэх гэмт хэрэгт хамааралтай ач холбогдолтой болохыг ялгаж заагаагүй, ойлгомжгүй байна.

... Шүүгдэгч хохирогчийг хүчиндсэн, хүчээр бэлгийн харилцаанд орсон, үсийг нь зулгаасан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэснийг үндэслэн энэ хэргийг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Хоёр. Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүс хэрэглэсэн үйлдэл хийсэн...” гэж уг гэмт хэрэг үйлдэгдэх арга, хэлбэр, үйлдлүүдийг тусгайлан заасан байгаа. Гэтэл Анхан шатны шүүх шүүгдэгч нь эхнэрээ хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ дээрх үйлдлүүдийн алийг нь хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, ямар аргаар үйлдсэн болохыг тодорхой нотолж тогтоогоогүй болно.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт цугларсан бүх нотлох баримт”-ыг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас энэ хэрэгт хамааралтай биш боловч эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар цугларсан нотлох баримт болох Амбулториор эмчлүүлэгсдийн карт, эмчийн тодорхойлолт зэрэг нь хохирогчийг жирэмсэн байсан, хүүхдээ авахуулсан, одоо жирэмсэн гэдгийг нь нотлохоос биш хэзээ, хаана хүчээр бэлгийн харьцаанд орсныг нотлоогүй.

Хохирогч яг хүчиндүүлсэн гэсэн мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, харин ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... нөхөр хүсээгүй байхад оролдоод би арга буюу зөвшөөрдөг.” гэж өөрийн мэдүүлгээ няцаадаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, давж заалдах шатны журмаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.П давж заалдах гомдолдоо: Миний эхнэр Б.Мярмартуяагийн эрүүл мэндэд 2018 оны 02-р сарын 21-ний өдөр чих рүү нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж байгаа.

... Хэрэв би хүч хэрэглэсэн бол Мягмартуяагийн үс нь зулгарч, гар хөл нь хөхөрч, хамт байгаа хүмүүст ч болтугай мэдэгдэх байсан. Гэтэл огт тийм зүйл байхгүй, хадам ээж, аав энэ талаар юу ч мэдэхгүй байхад өөрөө санаанаасаа зохиож намайг гүтгэсэн.

... Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ эхнэрээ хэзээ, хаана, яаж хүчиндсэн гэдгийг хангалттай тогтоогоогүй, хохирогч нь намайг буруутан болгохын тулд элдэв янзын хэрэг хийсэн гэж худал мэдүүлсэн нөхцөл байдлуудыг зөвөөр үнэлж дүгнээгүй тул эхнэрээ хүчиндсэн гэх зүйл ангийг цагаатгаж, хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Пийг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Мг байнга зодож, харгис хэрцгий харьцан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр түүнийг зодож хөнгөн хохирол учруулсан, мөн Б.Мтай согтуурсан үедээ хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсгээр зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Пид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Харин шүүгдэгч Б.Пийг 2018 оны 2 дугаар сарын эхээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Учир нь мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй буюу шүүгдэгч Б.П нь хүчиндэх гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлоогүй байна. Дээрх гэмт хэргийн талаар хохирогчийн мэдүүлгээс өөр бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай болжээ.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Мгийн өгсөн“...би 1 дүгээр сард гэдсэн дэх хүүхдээ авахуулж аборт хийлгэсэн. Аборт хийлгээд удаагүй байхад манай ах эгч хоёртой архи уусны дараа согтуу үедээ хүчээр надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед согтуу гэртээ орж ирчихээд “гичий минь чамайг дахиад жирэмсэн болгочихно шүү” гэж хэлээд хүчээр надтай бэлгийн харьцаанд орж байсан юм” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...архи уусан үедээ намайг есөн шидээр хэлж хүсээгүй байхад бэлгийн харьцаанд оруулж байсан. ...2018 оны 02 сарын эхээр би абортонд ороод бэлгийн харьцаанд орж болохгүй гээд эмч зөвлөсөн байхад Пүрэвдорж сүртэй гичий вэ гээд миний үснээс зулгааж байгаад хүчээр бэлгийн харьцаанд оруулж байсан. Пүрэвдорж архи уусан үедээ миний үснээс зулгааж байгаад бэлэг эрхтэнээ хөхүүлж, гар хуруугаа миний бэлэг эрхтэн рүү хийж өвтгөж би чамайг хүчиндэж байгаа мэт мэдрэмж авмаар байна гээд байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 7-15 дугаар хуудас/-ийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх хэдий ч,

хохирогч Б.Мгийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “...Бид хоёр манай аавын гэрт амьдардаг болохоор хүчээр бэлгийн ажил хийх явдал нь дандаа манай аавын гэрт болдог. Би тэгэх бүрт нь за яахав гэр бүлийн хүмүүс юм байна гээд дуугүй л байдаг. Орилж хашгирч аав ээжийгээ дуудаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/-ээс дүгнэж үзэхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.П нь хохирогч Б.Мтай хууль ёсны гэр бүл, дундаасаа 2-6 насны хоёр хүүхэдтэй, шүүгдэгч нь шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хохирогчтой хамт амьдарч байсан зэрэг нь тэднийг эр, эмийн харилцаатай байсныг нотолж байна.

Иймд шүүгдэгч Б.Пийг 2018 оны 2 дугаар сарын эхээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Мгийн хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.2, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэргийг” гэснийг, 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус” гэснийг, 4, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6, 7, 8, 9 дэх заалтын дугаарыг 4, 5, 6, 7 болгон өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Пийг сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

        ШҮҮГЧИД                                                                       Т.ГАНБАТ

                                                                                                   Н.БАЯРХҮҮ