Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 60

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч: Д.Бямбабаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржцэгмэдийн Бямбабаярт холбогдох эрүүгийн 201615000170 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр баг “Шар хад” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Доржцэгмэдийн Бямбабаяр /РД:ЙИ94022630/

 

Шүүгдэгч Д.Бямбабаяр нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 50 минутын орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг доод колонкийн баруун талд улсын дугааргүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явах үедээ МУЗХД-ийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2 дугаар бүлгийн 2.5.а заалт зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, осолын дохионы гэрлээ асаах ба осолын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд зүйлсийг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 2 дугаар бүлгийн 2.5.б  заалт зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж түргэн тусламж дуудах хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж эмнэлгийн ажилтны овог нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, 2 дугаар бүлгийн 2.5.в заалт зам тээврийн осолын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэх, 2 дугаар бүлгийн 2.2.а дахь заалт замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй байна. 2.3.в дэх заалт мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”-ыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тус сумын иргэн Гэндэнпилын Өнөржаргал гэх 8 настай охиныг мөргөж улмаар хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэлгүй, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Д.Бямбабаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн үед айж сандарсандаа хэргийн газраас зугтаасан. Хохирлоо төлсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Өнөржаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Бор банди ахтай хамт 12 цаг 50 минутын орчимд хичээл рүүгээ явж байтал колонкийн урд талаас цэнхэр өнгийн мотоцикльтой эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж яваа харагдсан. Би тэр мотоцикльтой хүмүүсийг ирэхээс нь өмнө гүйцээд гарчихна гэж бодоод замаар гарах гээд явж байтал мотоцикльтой хүн ирээд мөргөсөн. Нэг мэдэхэд газар уначихсан байсан. Намайг босох гэж байтал мотоцикльтой ах эгч 2 мотоциклио асаагаад манай сумын дээд колонкийн зүг давхиад явчихсан. Намайг 2 ах сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Авто ослоос болж миний толгой баруун хөл өвдөөд байсан. Аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасагт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн.
Одоогоор биеийн байдал зүгээр байгаа.   /хх-ийн 26 хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Борбанди мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Цэнхэр өнгийн мотоцикльтой, мотоциклийг эрэгтэй хүн унасан, ард нь хар куртиктэй эмэгтэй хүн сундалсан хүмүүс Өнөржаргалыг мөргөөд мотоцикльтойгоо газар унасан. Өнөржаргал мотоцикльтой хүнээс ойролцоогоор 1-2 метрын зайнд шороон зам дээр унасан. Мотоцикльтой эрэгтэй, эмэгтэй 2 хүн босож ирээд эмэгтэй нь эндээс хурдан явъя гээд ахыг мөр рүү нь цохиход тэр ах мотоциклио асаагаад нөгөө эгчийг ардаа суулгаад мотоцикльтойгоо колонкоос хойшоо явахад эмнэлгийн үүдэнд байсан 2 ах мотоцикльтой 2 хүнийг зогс гэж дуудсан боловч зогсоогүй яваад өгсөн. Тэр 2 ахын нэг нь цагдаад утсаар дуудлага өгсөн. Тэр 2 ах Өнөржаргалыг сумын эмнэлэгт оруулж өгсөн. Би хичээлдээ явсан. Өнөржаргалын дух, хамар, амнаас цус гарч зүүн хөл нь доголоод яваад байсан. /хх-ийн 34-35 хуудас/

 

Гэрч Г.Батхуяг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 50 минутанд ажлаасаа гараад ажлынхаа тогооч Чулуунгэрэлтэй явж байтал манай сумын доод колонкийн баруун талд шороон зам дээр Чулуунгэрэл зам дээр мотоцикльтой хүн хүүхэд дайрчихлаа гэхээр хартал шороон зам дээр мотоцикльтой эрэгтэй, эмэгтэй 2 хүн мотоциклио босгож байсан. Чулуунгэрэл бид 2 тэд нар дээр очих гээд алхаж явтал тэр 2 хүн мотоцикльтойгоо колонкоос хойшоо давхиад явсан. Чулуунгэрэл сумын цагдаа Отгонд авто ослын талаар хэлсэн. Мотоцикльд мөргүүлсэн хүн 7-8 настай эмэгтэй хүүхэд байсан. Хүүхдийн дух болон амнаас цус гарчихсан байсан. Хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөөд Чулуунгэрэл бид 2 гэр рүүгээ явцгаасан. /хх-ийн 38-39 хуудас/

 

Гэрч Т.Даваацэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Бямбабаяр манай охин Наранцэцэг нар 14 цаг өнгөрч байхад сумын төвөөс айж сандарсан байдалтай, сумын төвд эмэгтэй хүүхэд мотоциклиор мөргөсөн гээд мотоцикльтой ирсэн. Би цагдаад хэлж мэдэгд гэж хэлсэн. Бямбабаяр гэр рүүгээ харьчихаад ирье гээд явсан. Би хонио саачихаад гэртээ дөнгөж ирээд байж байтал сумын 2 цагдаа ирээд манай охин Наранцэцэгийг сумын төв рүү аваад явсан.      /хх-ийн 41-42 хуудас/

 

Гэрч Г.Чулуунгэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 53 минутын орчимд ажлаасаа гараад гэр рүүгээ явж байтал Зүүнбаян-Улаан сумын төвийн шатахуун түгээх газрын орчим ертөнцийн зүгээр зүүн талаасаа цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль унасан цэнхэр дээлтэй, ягаан хүрэмтэй 20 орчим насны эрэгтэй, түүний араар нь хар куртиктэй 20 орчим насны эмэгтэй хүн сундалчихсан ирээд тэр 8 настай эмэгтэй хүүхдийг мотоциклийн урд дугуйгаараа мөргөсөн. Тэр хүүхэд мөргүүлээд газар унаж байгаа харагдсан. Харин мотоцикльтой хүмүүс зугтаагаад яваад өгч байгаа харагдсан. Би тухайн үед нь чи зогсооч гэж хэлэхэд тэр мотоцикльтой хүн зогсолгүй дээшээ зугтаасан. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ц.Отгоныг утсаар дуудсан. Тэр үед уг мотоцикльтой хүнийг хэн байсныг танилгүй алдчихсан. Тухайн үед тэр 8 настай эмэгтэй хүүхдийн цүнх ном нь газар тараад уначихсан. Уйлаад байж байсан. Тэгээд удалгүй тэр хүүхдийн ээж нь ирээд эмнэлэг рүү явсан. Тэр хүүхдийн толгой нь л лав бага зэрэг хагарсан байгаа харагдсан. /хх-ийн 46 хуудас/

 

Гэрч Б.Наранцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Бямбабаярын цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикльтой дээд колонкоос бензин хийх гээд колонкийн баруун талд явж байтал охин, банди 2 шороон зам дээр явж байхаар нь Бямбабаяр мотоциклиороо сигналдахад охин нь урдуур нь гүйж орж ирээд дайруулсан. Бид 2 мотоцикльтой газар унасан. Босч мотоциклио босгоод хоёулаа айсандаа болоод хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Бямбабаяр мотоциклио унаж би ард нь суугаад хөдөө манайд очсон. Би ээжид очоод Бямбабаяртай мотоцикльтой явж байгаад охин мөргөсөн гэдгээ хэлсэн. Ээж тэр хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөхгүй яасан юм бэ гээд уурласан. Бямбабаяр намайг гэрт хүргэж өгөөд мотоцикльтой хөдөө гэр рүүгээ явчихсан. Сумын 2 цагдаа манайд 17 цаг болж байхад ирээд намайг сумын төв дээр авч ирсэн. Бямбабаяр хөдөө гэрээсээ мотоцикльтойгоо ирээд авто осол гаргасан талаараа хэлсэн. Ослын талаар охинтой хамт явсан банди болон эмнэлгийн үүдэнд байсан 2 ах харсан. /хх-ийн 30-31 хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Шинэцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Хичээл дээр ирээд Өнөржаргалыг авто осолд орсон гэдгийг ангийнхаа хүүхдүүдээс сонссон. /хх-н 32 хуудас/

 

Гэрч Б. Доржцэгмэд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Бямбабаяр авто осол гаргасан өдрөө өөрөө ирж хэлэхээр нь сум руу цагдаад мэдэгд гээд Бямбабаярыг явуулсан. /хх-ийн 40 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №170 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Г.Өнөржаргалын биед тархины доргилт, духны язарсан шарх, баруун хацар, хамар, баруун шилбэний зулгаралт, дух, баруун хацар, баруун ташааны хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 49 хуудас/

 

 Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболдын гаргасан ослын акт үндэслэлтэй байна. Авто тээврийн осол болох үед улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явсан Д.Бямбабаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2 дугаар бүлгийн 2.5.а заалт зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд зүйлсийг байрнаас нь хөдөлгөхгүй байх. 2 дугаар бүлгийн 2.5.б заалт зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж түргэн тусламж дуудах хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж эмнэлгийн ажилтны овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, 2 дугаар бүлгийн 2.5.в заалт зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэх, 2 дугаар бүлгийн 2.2.а заалт замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна. 2.3.в заалт мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”-ыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэж дүгнэлтийг гаргалаа. Авто тээврийн осол болох үед явган зорчигч Г.Өнөржаргал нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явсан Д.Бямбабаяр нь дээрх Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтууд зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна. /хх-ийн 56 хуудас/

 

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №06/41 дугаартай үнэлгээний тайлан, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гэндэнпилийн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар болон Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан хохирлоо барагдуулж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтүүд, шүүгдэгч Д.Бямбабаярын сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1, 8-20, 22-23, 53-54, 61-64, 79, 81, 109-113 хуудас/

Шүүгдэгч Д.Бямбабаярын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 213, 221 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 82-83, 93 хуудас/

Шүүгдэгч Д.Бямбабаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Бямбабаяр нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 50 минутын орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр доод колонкийн баруун талд улсын дугааргүй цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. 2 дугаар бүлгийн 2.5.а “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”. 2 дугаар бүлгийн 2.5.б “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”. 2 дугаар бүлгийн 2.5.в “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”. 2.3.в “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч Г.Өнөржаргалыг мөргөж улмаар хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд:  Шүүхийн  хэлэлцүүлэгт  шүүгдэгч  Д.Бямбабаярын  үйлдсэн  хэргээ хүлээн  мэдүүлсэн  мэдүүлэг  болон  хавтаст  хэрэгт  авагдсан  насанд  хүрээгүй хохирогч  Г.Өнөржаргалын  2016  оны  05  дугаар  сарын  13-ны  өдөр  12  цаг  50  минутын  орчимд  цэнхэр  өнгийн  мотоцикльтой  эрэгтэй,  эмэгтэй  2  хүн  ирээд  мөргөсөн.  Намайг  газар  унаад  босох  гэж  байтал  мотоцикльтой  ах  эгч  2  мотоциклио  асаагаад  манай  сумын  дээд  колонкийн  зүг  давхиад  явчихсан.  Гэрч  Б.Наранцэцэгийн  Бямбабаяр цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикльтой колонкийн баруун талд явж байтал зам дээр явж байсан охин урдуур нь гүйж орж ирээд дайруулсан. Бид 2 мотоциклио босгоод айсандаа болоод хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлээгүй явсан. Насанд хүрээгүй гэрч Шинэцэцэгийн Өнөржаргалыг авто осолд орсон гэдгийг ангийнхаа хүүхдүүдээс  сонссон.  Насанд  хүрээгүй гэрч Б.Борбандийн цэнхэр өнгийн мотоцикльтой

эрэгтэй, эмэгтэй 2 хүн Өнөржаргалыг мөргөөд мотоцикльтойгоо газар унасан. Тэр 2 хүн босож ирээд мотоциклио асаагаад колонкоос хойшоо явахад эмнэлгийн үүдэнд байсан 2 ах мотоцикльтой 2 хүнийг зогс гэж дуудсан боловч зогсоогүй яваад өгсөн. Гэрч Г.Батхуягийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 50 минутанд Чулуунгэрэл сумын доод колонкийн баруун талд шороон зам дээр мотоцикльтой хүн хүүхэд дайрчихлаа гэхээр нь хартал шороон зам дээр мотоцикльтой унасан эрэгтэй, эмэгтэй 2 хүн мотоциклио босгож байсан. Чулуунгэрэл бид 2 тэд нар дээр очих гээд алхаж явтал тэр 2 хүн мотоцикльтойгоо колонкоос хойшоо давхиад явчихсан. Гэрч Т.Даваацэрэнгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Бямбабаяр манай охин Наранцэцэг нар 14 цаг өнгөрч байхад сумын төвөөс айж сандарсан байдалтай, сумын төвд эмэгтэй хүүхэд мотоциклиор мөргөсөн гээд мотоцикльтой ирсэн. Гэрч Б. Доржцэгмэдийн Бямбабаяр авто осол гаргасан өдрөө өөрөө ирж хэлсэн. Гэрч Г.Чулуунгэрэлийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 53 минутын орчимд Зүүнбаян-Улаан сумын төвийн шатахуун түгээх газрын орчим цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль унасан цэнхэр дээлтэй, ягаан хүрэмтэй 20 орчим насны эрэгтэй, түүний араар нь хар куртиктэй 20 орчим насны эмэгтэй хүн сундалчихсан ирээд тэр 8 настай эмэгтэй хүүхдийг мотоциклийн урд дугуйгаараа мөргөчихөөд зугтаагаад яваад өгч байгаа харагдсан. Би тухайн үед нь чи зогсооч гэж хэлэхэд тэр мотоцикльтой хүн зогсолгүй дээшээ зугтаасан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №170 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №06/41 дугаартай үнэлгээний тайлан, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гэндэнпилийн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар болон Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан хохирлоо барагдуулж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтүүд, шүүгдэгч Д.Бямбабаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Бямбабаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Бямбабаяр нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Г.Өнөржаргалын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гэндэнпилийн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар болон Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан хохирлоо барагдуулж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтүүд, хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Бямбабаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд ял оногдуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн насанд хүрээгүй хохирогч Г.Өнөржаргалын амбулаторын карт 1 ширхэг, томографийн рентгэн зураг 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогч Г.Өнөржаргалд буцаан олгож,

Шүүгдэгч Д.Бямбабаярын эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугааргүй, “Мустанг-5” маркийн мотоцикль битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Д.Бямбабаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт насанд хүрээгүй хохирогч Г.Өнөржаргал болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.Гэндэнпил нарт 835.200 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Доржцэгмэдийн Бямбабаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Д.Бямбабаярт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Бямбабаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн насанд хүрээгүй хохирогч Г.Өнөржаргалын амбулаторын карт 1 ширхэг, томографийн рентгэн зураг 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогч Г.Өнөржаргалд буцаан олгосугай.

5.Шүүгдэгч Д.Бямбабаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт насанд хүрээгүй хохирогч Г.Өнөржаргал болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.Гэндэнпил нарт 835.200 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Бямбабаярын эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугааргүй, “Мустанг-5” маркийн мотоцикль битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбабаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Бямбабаярын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бямбабаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ