Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 527

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “С Х” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар-ын улсын байцаагч Т.Б, С.Л, Д.Д нарт холбогдох зөрчлийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны * дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г[1], хариуцагч Т.Б, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын агуулга

Гомдол гаргагч “С Х”ХХК 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан гомдолдоо[2]:

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Б , улсын байцаагч С.Л , Д.Д нарын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005528 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Манай “С Х” ХХК нь БНСУ-ын “И-М” сүлжээ дэлгүүрийн үйлчилгээний стандарт, ноу-хауг ашиглах эрхийг франчайзангийн гэрээний үндсэн дээр авч 2 салбар дэлгүүр байгуулан 2 жил үйл ажиллагаа явуулдаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “М” ХХК-ийн зүгээс “М С Э К К” ХХК нь жижиглэнгийн нэг үнийн бодлого баримталж, хамтын ажиллагааны гэрээний саналын үнийг баримтлан ажиллах, мөн “И-М”, Н-С дэлгүүрүүдтэй ижил үнээр борлуулах шаардлага тавьж шахалт үзүүлсэн гэх гомдлыг гаргасан гэх үндэслэлээр манай компанийн “М С Э К К” ХХК-тай байгуулсан гэрээг шалгаж, манай компани дээр зөрчлийн хэрэг үүсгэсэн.

Манай компанийн зүгээс зөрчлийн хэрэг хянан шалгах явцад “М С Э К К” ХХК-иас бараа худалдан авч буй бүхий л хугацаанд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт,...-ийг хязгаарласан ямар нэг гэрээ, хэлцлийг байгуулаагүй талаар тайлбарыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гаргасан.

Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Б , улсын байцаагч С.Л , Д.Д нар 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 0005528 дугаар шийтгэлийн хуудсаар манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” гэх үндэслэлээр 11,602,881 /арван нэгэн сая зургаан зуун хоёр мянга найман зуун наян нэг/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Манай компанийн зүгээс дор дурдсан үндэслэлээр 0005528 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль хууль зүйн үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 1.1 дэх заалтыг буруу хэрэглэж торгууль ногдуулсан гэж үзэж байна.

1. Дээр дурдсан торгуулийг торгууль ногдуулсан улсын байцаагчид манай компанийн “М С Э К К” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1.1 дэх хэсэгт заасан “... Барааны үнэ нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлж буй үнэтэй ижил буюу хямд байна” гэж заасан болон тус гэрээний 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр баталсан “Тусгай нөхцөл’'-ийн G /бусад хэлэлцээр/-ийн 4 дэх хэсэгт “Худалдан авагч тал нь Худалдан авагч талын саналын үнийг барих ба сар бүр 1-3 төрлийн бүтээгдэхүүнийг Худалдан авагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хямд үнээр борлуулах ба зардлыг Худалдан авагч тал хариуцна” гэж заасныг үндэслэн “С Х”ХХК болон “М С Э К К” ХХК нь “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” байна гэж үзэж, дээр дурдсан торгуулийг ногдуулж байна гэж тайлбарласан.

“М С Э К К” ХХК-тай байгуулсан дээр дурдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1.1 дэх хэсэгт заасан “... Барааны үнэ нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлж буй үнэтэй ижил буюу хямд байна” гэж заасан нь худалдагч буюу “М С Э К К” ХХК нь бусад худалдан авагч дэлгүүрүүдэд нийлүүлж буй үнэтэй ижил, эсхүл түүнээс хямд үнээр манай компанид нийлүүлнэ гэсэн тохиролцоо. “М С Э К К” ХХК нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэдэн төгрөгөөр үнэлж, зах зээлд зарах нь тус компанийн эрх бөгөөд манай компанийг ялгаварлаж бусад худалдан авагчдад нийлүүлж буй зах зээлийн үнээс өндөр үнээр манай компанид бүтээгдэхүүнээ худалдахгүй шүү гэсэн тохиролцоо. Энэхүү тохиролцоог “Худалдах, худалдан авах гэрээ”-нд тусгаснаар жижиглэнгийн худалдаа эрхлэгч болон үйлчлүүлэгч хоёрын аль алиных нь эрх ашгийг зөрчихгүй бөгөөд харин зах зээлд жижиглэнгийн худалдаа эрхлэгчид үндэсний үйлдвэрлэгч компаниудаас авсан барааг ижил үнээр авч өөрийн үйл ажиллагааны зардал, ашгаа аль болох бууруулж хэрэглэгчид аль болох хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулах шударга өрсөлдөөнийг дэмжих ач холбогдолтой.

“М С Э К К” ХХК нь өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бүхий л худалдан авагчдад манай компанийн бүтээгдэхүүнийг зах зээлд иймэрхүү үнээр борлуулбал хурдан борлогдох боломжтой гэх зөвлөгөө байдлаар үнийн санал өгдөг. Манай компанийн хувьд “М С Э К К” ХХК-иас ирүүлсэн тус саналыг хүлээн аваагүй бөгөөд манай компани нь өөрийн үйл ажиллагааны зардал, ашгийн хэмжээг өөрөө тооцоолсны үндсэн дээр “М С Э К К” ХХК-иас нийлүүлж буй бүтээгдэхүүний үнийг өрөө тогтоохоор дээр дурдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 2017 оны “Тусгай нөхцөл”-ийн G /бусад хэлэлцээр/-ийн 4 дэх хэсэгт “Худалдан авагч тал нь Худалдан авагч талын саналын үнийг барих ...” гэсэн заалт оруулсан. Энэхүү заалтын үндсэн дээр манай компани нь “М С Э К К” ХХК-иас нийлүүлж буй бүтээгдэхүүнийг тус компаниас зөвлөгөө байдлаар ирүүлсэн үнийн саналаас өөр байдлаар тус компанийн бүтээгдэхүүний үнийг тогтоож, салбар дэлгүүрүүдээрээ худалдаалж байна.

Иймд манай компани нь “М С Э К К” ХХК-тай “тус компанийн нийлүүлдэг бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах ямар нэг үнийг хэлцэн тогтоосон” хэлцэл хийгээгүй нь дээр дурдсан нөхцөл байдал, нотлох баримтаар нотлогдож байгаа болно.

Манай компани нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ШӨХТГ -ын улсын ахлах байцаагч Т.Б, улсын байцаагч С.Л, Д.Д нарын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 000*** дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Гэвч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/Ш32018/**** дугаар шүүгчийн захирамжаар Өрсөлдөөний тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу дээд шатны шүүхэд тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдол гаргах нь зүйтэй гэх үндэслэлээр манай компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Манай компани тус захирамжийг хүлээн аваад 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ШӨХТГ –т ШӨХТГ -ын улсын ахлах байцаагч Т.Б, улсын байцаагч С.Л, Д.Д нарын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 000**** дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгохыг гомдол гаргасан боловч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар-аас 2018 оны 9 дүгээр сарын 07-ны 1/1244 тоот албан бичгээр Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол гарга, эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг удирдах албан тушаалтан хүчингүй болгох эрхгүй байна гэх хариу өгсөн.

Иймд манай компани 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ШӨХТГ –аас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны 1/1244 тоот албан бичгийг хавсарган дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 128/Ш32018/**** тоот “Гомдлын бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамж гарсан. Тус захирамжид заасан шаардлагыг биелүүлэн ШӨХТГ -ын улсын ахлах байцаагч Т.Б, улсын байцаагч С.Л, Д.Днарын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 000*** дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүссэн энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[3]: “С Х” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчдын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 000**** дугаартай зөрчилд шийтгэл ногдуулах шийтгэврийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна.

ШӨХТГ -ын даргын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай 0* дугаартай тогтоолоор улсын ахлах байцаагч Т.Б, улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Д.Д нарын бүрэлдэхүүнтэй “М” ХХК-ийн ирүүлсэн гомдлын дагуу “М С Э К К” ХХК, “Н Т трейд” ХХК, “С Х” ХХК-иудад холбогдуулан 1802000*** дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

000**** дугаартай шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлгүй гэх тухайд:

“С Х” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “М С Э К К” ХХК-тай өнөөг хүртэл хамтран ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 6 дугаар сарын байдлаар “М С Э К К” ХХК-ийн 92 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч сүлжээ дэлгүүрүүдээрээ худалдан борлуулж байсан.

“С Х” ХХК нь “М С Э К К” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2663*** дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” хийсэн байдаг. Тус 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2200** дугаартай гэрээний Тусгай нөхцөлийн 4-т “Худалдан авагч тал нь худалдан авагч талын саналын үнийг барих ба сар бүр 1-3 төрлийн бүтээгдэхүүнийг худалдагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хямд үнээр борлуулах ба зардлыг худалдан авагч тал хариуцна” гэж, 4.1.1-т “... Барааны үнэ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлдэг үнэтэй ижил буюу хямд байна” гэж заасан байсан заалт нь “М С Э К К” ХХК-ийн нийлүүлэх барааны үнэ “С Х” ХХК-д өгдөг үнээс бусад аж ахуй эрхлэгчид өгдөг үнэ хямд байж болохгүй, бусад үйлчилгээний байгууллагад 1 барааг нийлүүлдэгтэй адил буюу бусдаас хямд нийлүүлнэ гэсэн заалт байдаг.

Энэхүү “Худалдах, худалдан авах гэрээг” харилцан тохиролцож хийсэн байдаг талаар “С Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, хуулийн зөвлөх М.Ж-оос 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ШӨХТГ -т өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд байдгаас “Тусгай гэрээний", 4-т саналын үнийг барина гэж харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь харагдаж байна.

Аж ахуй эрхлэгчдийн “М С Э К К” ХХК-ийн борлуулдаг бараа бүтээгдэхүүний 2018 оны 5 дугаар сард борлуулж байсан жижиглэнгийн үнийн судалгаа хийхэд “М” ХХК нь “С Х” ХХК-ийн борлуулж буй жижиглэнгийн үнээс хямд байсан нь тогтоогдсон.

“С Х” ХХК нь “М С Э К К” ХХК-тай хийсэн гэрээний 4.1.1-т “...Барааны үнэ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлдэг үнэтэй ижил буюу хямд байна”, 4.1.2-т “Худалдагч тал нь гэрээний 4.1.1-д заасанчлан гуравдагч этгээдэд илүү хямд үнээр бараагаа нийлүүлсэн тохиолдолд гэрээний хугацаанд татан авсан барааны нийт үнийн зөрүүг 2 нугалан худалдан авагч талд үл маргах журмаар төлнө” гэж тус тус заасан байсан.

Гэтэл “М С Э К К” ХХК нь “М” ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр “гэрээний үүргээ та бүхэн хэрэгжүүлэхгүй байгаа тул 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс гэрээний үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлаж байгааг та бүхэнд үүгээр мэдэгдэж байна” гэх алба бичгийг хүргүүлсэн байдаг.

“М” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч, ерөнхий менежер Т.Гантөмөрийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийн тэмдэглэлээс “М С Э К К” ХХК нь 5 сарын 23-ны өдрөөс мэдэгдэл хүргүүлж ойролцоогоор 7 хоног бараа бүтээгдэхүүнээ хязгаарлаж 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн буцаж нийлүүлсэн талаар дурдсан байдаг

Энэ нь “М С Э К К” ХХК нь “С Х” ХХК-тай хийсэн гэрээний 4.1.1-т “...Барааны үнэ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлдэг үнэтэй ижил буюу хямд байна” гэх заалтын дагуу “М” ХХК нь “С Х”ХХК-иас хямд үнээр борлуулж байсан тул “М С Э К К” ХХК нь “М” ХХК-д жижиглэнгийн үнийг нэмэгдүүлж “М С Э К К” ХХК-ийн саналын үнийг дагаж мөрдөхийг шаардсан, мөн М С Э К К” ХХК нь тодорхой хугацаанд “М” ХХК-д хязгаарлалт хийж дээр дурдсан албан бичгүүдийг хүргүүлсэн нь тогтоогдсон.

“М С Э К К” ХХК нь бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа, бараа 5 бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөх бүрт харилцагч нартаа “Бүтээгдэхүүний үнэ өөрчлөх тухай” албан бичгийг бүтээгдэхүүний үнийн жагсаалтын хамт хүргүүлдэг байна. Бүтээгдэхүүний үнийн жагсаалт бүхий хавсралт нь бүтээгдэхүүний нэр төрөл, савалгаа, бар код, үйлдвэрийн үнэ, саналын үнэ гэсэн хэсгүүдээс бүрддэг байна. Аж ахуй эрхлэгчдийн ирүүлсэн кассаар борлуулдаг жижиглэнгийн үнийн мэдээлэл, холбогдогчдын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад “М С Э К К” ХХК-ийн саналын үнэ гэдэг нь жижиглэнгийн үнэ гэдэг нь тогтоогдсон. Хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдөх К к, х, т, б 1 ундааны төрлүүд, f цай, b усны нийт 43 бүтээгдэхүүний үйлдвэрийн үнийг саналын үнийн хамт 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 485 дугаартай албан бичгээр харилцагч нартаа албан тоотоор хүргүүлсэн байдаг.

“М С Э К К” ХХК нь тухайн зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдэд санал болгож байгаа саналын үнэ “С Х”ХХК-иас хямд байж болохгүй, гуравдагч этгээд “М С Э К К” ХХК-ийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд “И М” сүлжээ дэлгүүрээс хямд үнээр борлуулахгүй байх нөхцөлөөр гэрээ хийсэн нь нотлогдож байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно” гэж, 11.1.1-т “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд ШӨХТГ -ын улсын байцаагчдын шийтгэл ногдуулсан 000**** дугаартай шийтгэврийн хуудсыг хууль ёсны болохыг нотолж “С Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч “С Х”ХХК-аас ШӨХТГ -ын улсын ахлах байцаагч Т.Б , улсын байцаагч С.Л, Д.Д нарын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 000**** дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг гаргажээ.

ШӨХТГ -ын даргын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0* дугаартай тогтоолоор[4] “М” ХХК-ийн ирүүлсэн гомдлын дагуу “М С Э К К” ХХК, “Н Т трейд” ХХК, “С Х” ХХК-иудад холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг даалгажээ.

Уг удирдах албан тушаалтнаас өгсөн даалгавар, “М” ХХК-ийн гомдлын[5] дагуу хариуцагч улсын байцаагч нараас Зөрчлийн 1802000*** дугаартай зөрчлийн хэрэг нээж[6], зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаагаар гомдол гаргагч “С Х” ХХК-ийг “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ байгуулсан” зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар 10.7 зүйлийн 1.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэн Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн 11,602,881 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 000**** дугаартай шийтгэлийн хуудас үйлджээ.[7]

Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно: “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж зохицуулжээ.

“С Х” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “М С Э К К” ХХК-тай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж[8], 2018 оны 6 дугаар сарын байдлаар “М С Э К К” ХХК-ийн 92 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч сүлжээ дэлгүүрүүдээрээ худалдан борлуулдаг гэдэг нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогджээ.

Уг гэрээний 4.1.1[9]-д “...Барааны үнэ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлдэг үнэтэй ижил буюу хямд байна”, 4.1.2[10]-т “Худалдагч тал нь гэрээний 4.1.1-д заасанчлан гуравдагч этгээдэд илүү хямд үнээр бараагаа нийлүүлсэн тохиолдолд гэрээний хугацаанд татан авсан барааны нийт үнийн зөрүүг 2 нугалан худалдан авагч талд үл маргах журмаар төлнө”, 4.2.1[11]-д дор дурдсан шалтгаанаас талууд гэрээний үнэд өөрчлөлт оруулах санал гаргаж болно гэж заажээ. Тус гэрээнд заасан худалдагч тал нь “М С Э К К” ХХК, худалдан авагч тал нь гомдол гаргагч “С Х” ХХК байна.

Гэрээний заалтууд нь бусад этгээдэд ижил үнээр буюу илүү хямд үнээр бараагаа нийлүүлсэн тохиолдолд худалдагч тал худалдан авагч тал болох “С Х”ХХК-д гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн торгууль төлөх агуулгатай байна.

Мөн Гэрээний Тусгай нөхцөлийн 4[12]-д “Худалдан авагч тал нь худалдан авагч талын саналын үнийг барих ба сар бүр 1-3 төрлийн бүтээгдэхүүнийг худалдагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хямд үнээр борлуулах ба зардлыг худалдан авагч тал хариуцна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, “М С Э К К” ХХК-ийн саналын үнийг худалдан авагч тал “С Х” ХХК баримтална гэж заасан байна.

Энэхүү “Худалдах, худалдан авах гэрээ”-г гомдол гаргагч компани харилцан тохиролцож хийсэн гэдэг нь эрх бүхий этгээдүүд гэрээнд гарын үсэг зурсан[13] байдлаар тогтоогдож байна.

Мөн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М С Э К К” ХХК-ийн борлуулдаг бараа бүтээгдэхүүний 2018 оны 5 дугаар сард борлуулж байсан жижиглэнгийн үнийн талаар судалгаа хийж, уг судалгаагаар “М” ХХК-ийн бүтээгдэхүүн нь “С Х” ХХК-ийн борлуулж буй жижиглэнгийн үнээс хямд байсан нь тогтоогджээ.[14]

Гэтэл “М С Э К К” ХХК нь “М” ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр “гэрээний үүргээ та бүхэн хэрэгжүүлэхгүй байгаа тул 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс гэрээний үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлаж байгааг та бүхэнд үүгээр мэдэгдэж байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг[15] хүргүүлжээ.

“М” ХХК-ийн ерөнхий менежерийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийн тэмдэглэлээс “М С Э К К” ХХК нь 5 сарын 23-ны өдрөөс мэдэгдэл хүргүүлж ойролцоогоор 7 хоног бараа бүтээгдэхүүнээ хязгаарлаж 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн буцаж нийлүүлсэн талаар дурджээ.[16]

Энэ нь “М С Э К К” ХХК нь “С Х” ХХК-тай хийсэн гэрээний 4.1.1-т “...Барааны үнэ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлдэг үнэтэй ижил буюу хямд байна” гэх заалтын дагуу “М” ХХК нь “С Х” ХХК-иас хямд үнээр борлуулж байсан тул “М С Э К К” ХХК нь “М” ХХК-д жижиглэнгийн үнийг нэмэгдүүлж “М С Э К К” ХХК-ийн саналын үнийг дагаж мөрдөхийг шаардсан[17], мөн “М С Э К К” ХХК нь тодорхой хугацаанд “М” ХХК-д хязгаарлалт хийж дээр дурдсан албан бичгүүдийг хүргүүлсэн нь мөн зөрчил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогджээ.

“М С Э К К” ХХК нь бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа, 5 бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөх бүрт харилцагч нартаа “Бүтээгдэхүүний үнэ өөрчлөх тухай” албан бичгийг бүтээгдэхүүний үнийн жагсаалтын хамт хүргүүлдэг байна. Бүтээгдэхүүний үнийн жагсаалт бүхий хавсралт нь бүтээгдэхүүний нэр төрөл, савалгаа, бар код, үйлдвэрийн үнэ, саналын үнэ гэсэн хэсгүүдээс бүрддэг байна. Аж ахуй эрхлэгчдийн ирүүлсэн кассаар борлуулдаг жижиглэнгийн үнийн мэдээлэл, холбогдогчдын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад “М С Э К К” ХХК-ийн саналын үнэ гэдэг нь жижиглэнгийн үнэ гэдэг нь тогтоогджээ[18].

“М С Э К К” ХХК нь тухайн зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдэд санал болгож байгаа саналын үнэ “С Х” ХХК-иас хямд байж болохгүй, гуравдагч этгээд “М С Э К К” ХХК-ийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд “И М” сүлжээ дэлгүүрээс хямд үнээр борлуулахгүй байх нөхцөлөөр гэрээ хийсэн нь нотлогдсон байна.

Үүний учир гомдол гаргагч “С Х” ХХК нь “М С Э К К” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хийсэн “Худалдах худалдан авах гэрээ”-дээ бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоож, уг гэрээгээр хэлэлцэн тохиролцсон үнээс хямд үнээр бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг худалдан борлуулахыг хязгаарласан, өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл гаргасан, уг үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно” “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд ШӨХТГ-ын улсын байцаагчдын 000**** дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан үйлдэл нь хууль зөрчсөн бөгөөд гомдол гаргагч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул “С Х” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасны удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар 10.7 зүйлийн 1.1, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан “С Х” ХХК-ийн “ШӨХТГ -ын улсын ахлах байцаагч Т.Б, улсын байцаагч С.Л, Д.Д нарын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 000**** дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэсэн ШӨХТГ -ын газрын улсын ахлах байцаагч Т.Б, улсын байцаагч С.Л, Д.Д нарт холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     А.С

 


[1] 128/2018/878/3 индекстэй хэргийн /цаашид “Хэргийн” гэх/ 4 дэх тал.

[2] Хэргийн 1-3 дахь тал.

[3] Хэргийн 70-72 дахь тал.

[4] Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн 2 дахь тал

[5] Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн 8-9 дэх тал

[6] Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн 1 дэх тал

[7] Хэргийн 20 дахь тал

[8] Хэргийн 21-43 дахь тал, Зөрчлийн хэргийн 32-59 дэх тал

[9] Хэргийн 26 дахь тал

[10] Хэргийн 26, 27 дахь тал

[11] Хэргийн 27 дахь тал

[12] Хэргийн 40 дэх тал

[13] Хэргийн 21-40 дэх тал

[14] Зөрчлийн хэргийн 135-139 дахь тал

[15] Зөрчлийн хэргийн 10 дахь тал

[16] Зөрчлийн хэргийн 132-135 дахь тал

[17] Зөрчлийн хэргийн 82, 118-128 дахь тал

[18] Зөрчлийн хэргийн 132-140 дэх тал