Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0643

 

К.Кы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч С.Нын давж заалдах гомдлоор, К.Кы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч К.К 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 17 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэрээр:

“Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Кы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.Т, С.Наранцэцэг нарын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 17 дугаар актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн өмгөөлөгч С.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг буруу тайлбарласан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Шүүх урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж буруу дүгнэлт хийсэн. Тухайлбал “...нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актын талаар 2018 оны 4 дүгээр сард мэдэж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад гомдол гаргасан” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч К.Каас зарим зүйлийг асууж тодруулах тухай 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэлд “...2017 оны 2 дугаар сараас хойш миний бие бөөрний дутагдалд орж өвчтэй болсон ба Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн. 2017 оны 4 дүгээр сард илүү авсан тэтгэлгийн талаар улсын байцаагчийн акт гарсныг мэдээгүй байсан ба энэ талаар миний охин О.Ат хэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын дундуур охин О.А надад утсаар таны тэтгэмжийн мөнгөнөөс илүү авсан мөнгийг татахаар болсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд тухайн үед миний хэрэглэх эмийн хэрэгцээнд хүрэлцэхгүй бол яах юм бэ, ядаж 50 хувийг суутгах талаас нь ярилцаж үзээрэй гэж хэлсэн. Үүний дагуу 50 хувийг суутгаж байсан” гэж мэдүүлэг өгсөн.

Үүнээс үзвэл акт тавьсан нийгмийн даатгалын байцаагч нар суутгал хийхээс өмнө нэхэмжлэгч К.Кд Улаанбаатар хотод эмчлүүлж байсан тул түүний нэр зааж, төлөөлүүлсэн хүн болох төрсөн охин О.Айланшыг дуудаж урьдчилан сонсгож, тайлбар авч, илүү авсан тэтгэврийг суутгахаар болсон талаар мэдэгдсэн байна. Энэхүү сонсгох ажиллагааг тэтгэвэр авагчийн охин О.Аийн саналыг авахаар болж нөхцөл байдлыг танилцуулсны дараа О.А нэхэмжлэгч К.Кд танилцуулан, түүний 50 хувиар суутгал хийхийг зөвшөөрсний дагуу нийгмийн даатгалын байцаагч нар акт гарган илүү авсан тэтгэврийг суутгасан.

Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг тухайн суутгал хийсэн актыг мэдсэнээс нэг сарын дотор хийх ёстой байсан. Гэтэл тухайн суутгал хийх актыг мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй.

Иймд анхан шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Үүнээс гадна К.К аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 125 дугаар албан бичгийг авснаас хойш гомдлоо иргэний шүүхэд гаргаж шүүхэд хандах эрхээ алдсан. К.К өмгөөлөөч авсан боловч захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой ч өөр шүүхэд хандаж хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх нөхцөл байдалд тооцогдохгүй.

Иймд К.К хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаагүй, хөөн хэлэлцэх хугацаагаа өнгөрүүлсэн байхад шүүхээс хэрэг үүсгэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд Засгийн газрын 2012 оны 80 дугаар тогтоолын дагуу К.К тэжээгчээ алдсаны тэтгэврийг нэмэгдүүлэхдээ алдаа гаргасны улмаас мөн оны 5 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл нийтдээ 2.238.471 төгрөгийг илүү тооцож олгосон нь нэхэмжлэгчээс хамааралгүй, энэ нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтний буруутайгаас үүдэлтэй болохыг;

түүнчлэн 2017 оны 5 сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуустал 50 хувиар, үүнээс хойш 30 хувиар сар бүр суутгал хийх байдлаар илүү төлөгдсөн тэтгэврийг нэгэнт төлж дууссан болохыг хариуцагчаас тус тус хүлээн зөвшөөрсөн байна.

Гэвч энэ тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “…нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэсэн заалтыг хэрхэн ойлгож хэрэглэхээс үл хамааран К.Кулдаран нь нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн хангалттай нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь нэхэмжлэгчийн төрсөн охин О.Аийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан “…2017 оны 4 дүгээр сард улсын байцаагч А.Т дуудаж, актыг танилцуулан, ээжид илүү олгогдсон тэтгэврийг хэрхэн буцаан авах боломжийн талаар хэлж байсан, би тухайн үед тодорхой санал хэлээгүй, ээжид энэ талаар танилцуулсан боловч хүнд өвчтэй байсан учраас ойлгосон эсэхийг сайн мэдэхгүй…” гэх,

нэхэмжлэгчийн хадам дүү Д.Раяагийн мөн оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “…бэр эгчийнхээ тэтгэврийг авч, түүний хоол хүнс, эмчилгээнд хэрэглэгдэх эм тариаг авч өгдөг, 2017 оны 5 дугаар сард тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 50 хувийн суутгал хийж байгаа талаар мэдээд охин О.Ааас асуухад тэрээр Нийгмийн даатгалын хэлтсээс суутгал хийх шийдвэр гарсан талаар хэлсэн, бид нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш учраас тухайн үед маргаагүй…” гэх гэрчийн мэдүүлгүүд;

нэхэмжлэгч К.К мөн өдрийн “…үрчилж авсан охин Б.Айнбанугийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2009 оноос хойш авч байгаа, 2017 оны 4 дүгээр сарын дундуур охин О.А намайг Улаанбаатар хотод эмчлүүлж байх үед илүү авсан тэтгэврийн зөрүүг суутган авах шийдвэр гарсан талаар утсаар хэлсэн, тухайн үед би хэрэглэх эмийн хэрэгцээнд хүрэлцэхгүй бол яах вэ, ядаж 50 хувийг нь суутгах талаар ярилцаж үзээрэй гэж хэлсний дагуу суутгал хийгдэж байсан, харин сүүлд хууль судалж үзэхэд үүнийг би биш буруу тогтоосон албан тушаалтан төлөх юм байна гэдгийг ойлгоод шүүхэд нэхэмжлэл гаргасан…” гэсэн тайлбар зэргээс тус тус үзэхэд маргаан бүхий улсын байцаагчийн актыг нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сард мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар захирамжаар Болошах овогтой Айнбануг нагац ах Х.Онолхан, бэргэн эгч К.К нарт үрчлүүлсэн боловч үүнээс 2 сар орчмын дараа Х.Онолхан нас барж, улмаар нэхэмжлэгч К.К тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаа ч, бодит байдалд үрчлэгдсэн охин Б.Айнбану анх хэсэг хугацаанд ээжтэй нь хамт байсан боловч удалгүй өөрийн төрсөн эцэг, эх болох Х.Болошах, Х.Амангүл нарын асрамжид хамтдаа амьдарч байгаа талаар К.К охин О.А дээрх гэрчийн тайлбартаа мөн мэдүүлжээ.

Гэтэл Засаг даргын захирамжид үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан, хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ чанд биелүүлэхийг нэхэмжлэгч, түүний нөхөрт тус тус үүрэг болгосон байгаагаас гадна тэжээгчээ алдсаны тэтгэвэр ч энэ зорилгоор олгогддог болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг үндэслэн

ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан К.К нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 17 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн өмгөөлөгч С.Нын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН