| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0168/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/175 |
| Огноо | 2021-11-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Аад холбогдох эрүүгийн 2107000670227 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Дорнод аймаг, ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “.................” ХХК-д гагнуурчнаар ажилладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, .............................................................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Н.А /РД: ...................../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ..................................................... тоот хашаан дотор хохирогч Д.Бтэй урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хэвлийн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогч Д.Бгийн биед хэвлийн битүү гэмтэл буюу нарийн гэдэсний задрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өглөө би 11 цагийн орчим найзындаа очиж уугаад бага зэрэг халаалттай явж байсан. Би найзыгаа уух уу гэсэн чинь уухгүй гэсэн. Тэгээд гараад явсан чинь араас гарч ирээд чи юундаа уурлаад байгаа юм бэ гэсэн. Тэрнээс болж маргалдаад нэг өшиглөсөн чинь манай найз атиралдаад явчихсан. Тэгээд хоёулаа буцаж ороод сууж байсан. Тэднийд 2-3 цаг цуг сууж байгаад гайгүй болох шиг болохоор нь яваад өгсөн. Орой нь Гэмтлийн эмнэлэг явсан байсан. Тэгээд цагдаагаас намайг дуудсан” гэв.
Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би ..................................................... тоотод байх гэртээ эхнэр Мгийн хамт байж байтал 11 цагийн үед гаднаас Н.А манай гэрт орж ирсэн. Н.А орж ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлчихсэн, гэхдээ огт согтоогүй орж ирээд бид 2 өмнө нь бие биедээ буруу ойлголт төрүүлж гомдож байсан гэх мэтээр ярьж сууж байгаад бага зэрэг маргалдаж эхэлсэн. Тэгтэл Н.А би ер нь явлаа гээд гэрээс гарахаар нь би араас дагаад гарсан юм. Тэгээд би чи яагаад байгаа юм, яасан сүртэй болчихсон юм гэж хэлтэл миний гэдэс хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөтөл би шууд атиралдаад, амьсгаа авч чадахгүй болоод хэсэг явган суугаад гараараа гэдэс хэсэгтээ дараад сууж байтал манай эхнэр гарч ирээд бид хоёрыг та 2 муудалцана гэж юу байсан юм, гэр лүү орцгоо гэж хэлэхээр нь би “байж байгаад оръё” гэж хэлчхээд гадаа гэдэсний өвчин намдтал хэсэг суусан. Цаг орчмын дараа миний гэдэс хэвлий хэсгийн өвчин нэмэгдээд байхаар нь эхнэртээ хэлтэл эхнэр хадам ээжийг дуудаад машинаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт хүргүүлтэл эмч нар миний биеийг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү яаралтай явж хагалгаанд орох шаардлагатай, манайх яаралтай тусламжийн машинаар хүргэж өгнө гээд намайг Гэмтлийн эмнэлэг хүргэж өгтөл эмч нь нарийн гэдэс цоорсон байна яаралтай хагалгаанд орохоор байна гэж намайг яаралтай хагалгаанд оруулсан. Миний хагалгаа амжилттай болж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ...Нэг удаа өшиглөөд ийм гэмтэл үүснэ гэж Н.А ч яаж мэдэх вэ, би Н.Аад ямар ч гомдол санал байхгүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад эм тариа гэх мэт зүйлээс эхлээд манай жирэмсэн эхнэрийг эмнэлэг, гэр хоёрын хооронд зөөх, намайг ажлаа хийж чадахгүй байгаа гээд манай эхнэрт хоол хүнсний зүйл болон эм тариаг аваарай гээд 3.000.000 гаруй төгрөг өгсөн байсан. Би Н.Аыг мөнгө төгрөг өгөөгүй ч гомдол санал, нэхэмжлэх зүйл гээд байх зүйл байхгүй. ...Би нэг удаа өшиглөхөд ийм гэмтэл учирна гэж санасангүй. Манай А одоо 4 хүүхэдтэй, хамгийн бага хүүхэд нь одоо хоёр сар хүрч байгаа болохоор эхнэр нь ажилгүй байгаа, Аад байж болох хамгийн бага арга хэмжээг авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Я.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхрийн найз болох Н.А манай гэрт өчигдөр уучихсан, өнөөдөр бас архи ууя гэтэл манай нөхөр би архи уухгүй гэж хэлсэн. Н.А манай нөхрийг гараад уулзая гэхээр нь манай нөхөр углаашаа өмсөөд араас нь гарсан. Тэгээд 10 орчим минутын дараа гадаа зодолдоод байх шиг болохоор нь гэрээс гараад харахад гэрийн урд хэсэгт манай нөхөр газар өвдөглөөд гараараа тулчихсан доош харсан байдалтай байх үед Н.А толгой хэсэгт нь гараараа цохиж байхаар нь салгаад гэр лүү Н.Аыг аваад орсон. 16 цагийн орчим түргэн дуудахад өөрсдөө ирж үзүүл гэхээр нь эгчээр хүргүүлж эмнэлэгт үзүүлсэн. Н.А буцаж манай гэрт орж ирээд нэг цаг гаран нөхрийг гайгүй болж байна уу гэж асууж байгаад чимээгүй гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 05 дугаар сарын 12-ны өглөө ажил дээрээ 2 лааз пиво уугаад 11 цагийн үед Бадралд байдаг найз Б.Бгийн гэрт очиход эхнэртэйгээ хоёулаа байсан. Эхнэртэйгээ юм ярьж байгаад архи уух уу гэхэд нь уухгүй гэсэн. Чи ямар сүртэй болчихов гээд би явлаа гарах юм уу гээд гарахад Б.Б араас гараад ирсэн. Тэгээд намайг юундаа уурлаад байгаа юм бэ гэхээр нь би гэдэс хавьд нь нэг удаа өшиглөхөд Б явган суугаад гэдсээ дарсан. Би өөрийн найз Б.Бг өшиглөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 506 дугаар:
“1. Б.Бгийн биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийг нээж шалгаж нарийн гэдэсний задралын оёсон мэс заслын дараах байдал /ГССҮТөвийн 2021.05.12/, чацархайн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
Хохирогч Б.Бгийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтсэн талаарх 3344 дугаартай Өвчний түүх /хх-ийн 57-68 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 79 дүгээр хуудас/, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/, 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 81-84 дүгээр хуудас/, “.................” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 87-88 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ..................................................... тоот хашаан дотор хохирогч Б.Бтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хэвлий тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогч Б.Бгийн биед хэвлийн битүү гэмтэл буюу нарийн гэдэсний задрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өглөө би 11 цагийн орчим найзындаа очиж уугаад бага зэрэг халаалттай явж байсан. Би найзыгаа уух уу гэсэн чинь уухгүй гэсэн. Тэгээд гараад явсан чинь араас гараад ирсэн. Чи юундаа уурлаад байгаа юм бэ гэсэн. Тэрнээс болж маргалдаад нэг өшиглөсөн чинь манай найз атиралдаад явчихсан. Тэгээд хоёулаа буцаж ороод сууж байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би чи яагаад байгаа юм, яасан сүртэй болчихсон юм гэж хэлтэл миний гэдэс хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөтөл би шууд атиралдаад, амьсгаа авч чадахгүй болоод хэсэг явган суугаад гараараа гэдэс хэсэгтээ дараад сууж байтал манай эхнэр гарч ирээд бид хоёрыг та хоёр муудалцана гэж юу байсан юм, гэр лүү орцгоо гэж хэлэхээр нь би “байж байгаад оръё” гэж хэлчхээд гадаа гэдэсний өвчин намдтал хэсэг суусан” гэх мэдүүлэг,
Гэрч Я.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхрийн найз болох Н.А манай гэрт өчигдөр уучихсан өнөөдөр бас архи ууя гэтэл манай нөхөр би архи уухгүй гэж хэлсэн. Н.А манай нөхрийг гараад уулзъя гэхээр нь манай нөхөр углаашаа өмсөөд араас нь гарсан. Тэгээд 10 орчим минутын дараа гадаа зодолдоод байх шиг болохоор нь гэрээс гараад харахад гэрийн урд хэсэгт манай нөхөр газар өвдөглөөд гараараа тулчихсан доош харсан байдалтай байх үед Н.А толгой хэсэгт нь гараараа цохиж байхаар нь салгаад гэр лүү Аыг аваад орсон” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би явлаа гарах юм уу гээд гарахад Б.Б араас гараад ирсэн. Тэгээд намайг юундаа уурлаад байгаа юм бэ гэхээр нь би гэдэс хавьд нэг удаа өшиглөхөд Б явган суугаад гэдсээ дарсан. Би өөрийн найз Б.Бг өшиглөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 506 дугаар дүгнэлт, хохирогч Б.Бгийн Өвчний түүх, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно.
Хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд учирсан “...хэвлийн битүү гэмтэл буюу нарийн гэдэсний задрал” гэмтэл нь учрах үедээ амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, үхэлд хүргэх боломжтой хүнд зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон байна. Уг гэмтлийг шүүгдэгч Н.А нь хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогчийн биед учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Н.А нь хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Аын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “хохирол төлбөрт бэлнээр 3.000.000 гаруй төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Аыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шинжээчийн дүгнэлтэд “цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэж заасан байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “Н.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг төлсөн, гэм буруугаа хүлээсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялын 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Н.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үл ялих зүйлээр шалтаглан хүний биед халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй/, хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аад 13.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулсан бөгөөд шүүгдэгч Н.А нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул уг хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 13.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.500.000 төгрөгөөр торгох ялаас 10.950 нэгж буюу 10.950.000 төгрөгийг дүйцүүлэн өршөөн хасаж, эдлэх ялыг 2.550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.550.000 төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ