Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00550

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 39 дүгээр байрны 78 тоотод оршин суух, Тайж овогт Тамжавын Алтанхуяг /РД:ЙЮ73041712/-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-45 өөрийн байранд байрлах, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батбилэг,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Тайванжаргал нар оролцов.     

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Т.Алтанхуягийг ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.3  дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримтлан ажлаас халсан тушаал гаргасан. Хэргийн материалд авагдсан нотлох баримтаас харахад орон тоо цөөрсөн зүйл байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан заалтыг хэрэглэх боломжгүй. Аж ахуй, нийтлэг үйлчилгээний албанд байсан хангамжийн мэргэжилтэн гэсэн албан тушаалын орон тоог  хасаагүй байгаа,  шинэ бүтцээр худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтэст хангамжийн ахлан мэргэжилтэн гэсэн 3 орон тоо батлагдсан. Энэ 2 ажлын байрны тодорхойлолтоос харахад урьд нь Т.Алтанхуягийн  ажиллаж байсан хангамжийн мэргэжилтэний ажлын байрын тодорхойлолтод заасан нийлүүлэгчийн арга хэмжээг зохион байгуулах гэх мэт өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажил нь адилхан байна. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг халаад гаднаас шинээр өөр хүн ажилд авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн  харилцаанд ажил олгогч тал  өөрийн давуу байдлыг тогтоосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Лхагвасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэгч нь 2013 оноос тус байгууллагад ажиллаж эхэлсэн. 2015.10.14-ний өдрийн Б/170 тушаалаар Аж ахуй, үйлчилгээний албанд хангамжийн  мэргэжилтнээр ажиллаж байсан. Хамгийн сүүлийн орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр  Аж ахуй, үйлчилгээний алба байхгүй болж, улмаар хангамжийн мэргэжилтний орон тоо хасагдсан. Орон тоо хасагдсан гэдэг нь ажилтны орон тоог цөөрүүлсэн явдал биш  Компанийн ТУЗ-ийн  2016.10.06-ны  өдрийн 33 дугаар тогтоолоор  компанийн төв удирдлагын бүтцийг шинэчлэн батлагдсантай холбоотойгоор  1 албыг татан буулгаж, энэ хүний ажиллаж байсан орон тоо хасагдсан байна. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д  зааснаар тухайн ажилтанд 30 хоногийн өмнө  мэдэгдэл өгсөн. Энэ хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халаагүй, хуулийн зохицуулалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, 1 сарын тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр ажлаас халагдсан талаар тодорхойлоогүй бөгөөд Хөдөлмөрийн  тухай хуулийн 40.3-т заасан ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэх үндэслэл байхгүй тул    нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн Т.Алтанхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь татан буугдаагүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа, адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг шаарджээ.    

Хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хариу тайлбартаа “...Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, тэтгэмж олгосон, ээлжийн амралтын болон бусад холбогдох тооцоог хийсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.  

Хэргийн нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд Т.Алтанхуяг нь тус компанид 2013 оноос эхлэн ажилласан, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн гүйцэтгэх захирлын 2015.10.14-ний өдрийн  Б/170 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох” тушаалаар Хангамжийн мэргэжилтний ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс Аж, ахуй үйлчилгээний албанд хангамжийн мэргэжилтэнээр томилогдож, 2015.10.14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Аж, ахуй үйлчилгээний албаны хангамжийн мэргэжилтэнээр ажиллаж байсан байна. 

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн гүйцэтгэх захирлын 2016.11.10-ны өдрийн Б/391 дүгээр “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалаар Т.Алтанхуягийг хангамжийн мэргэжилтний үүрэгт ажлаас 2016.11.10-ны өдрөөс чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.  

Дээрх тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар компанийн төв удирдлагын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Аж, ахуй үйлчилгээний алба татан буугдаж, хангамжийн мэргэжилтний орон тоо хасагдсан гэжээ.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016.10.06-ны өдрийн 33 дугаар тогтоолоор компанийн төв удирдлагын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол гарсанаар ТУЗ-ийн 2015 оны 16 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байх бөгөөд 33 дугаар тогтоолыг үндэслэн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн гүйцэтгэх захирлын 2016.10.07-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар компанийн төв удирдлагын орон тоог шинэчлэн баталсан байна.

2016.10.07-ны өдрийн А/181 дүгээр тушаалын хавсралтаас үзэхэд шинээр Нийтлэг үйлчилгээ, тээвэр механизмын хэлтэсийг байгуулсанаар тус компанийн зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон, тухайлбал  Аж, ахуй үйлчилгээний албаны хангамжийн мэргэжилтэний  орон тоо хасагдсан байна.

 Хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт зааснаар  Аж, ахуй үйлчилгээний албаны хангамжийн мэргэжилтэний орон тоо  хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсоныг 2016.10.07-ны өдөр Т.Алтанхуягт мэдэгдсэн байх бөгөөд мэдэгдлийг 2016.10.10-нд хүлээлгэн өгсөн байна.

Дээрх байдлаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх хэсэгт зааснаар аж, ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.5 дахь хэсэгт зааснаар энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх заалт зөрчигдөөгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Т.Алтанхуягийн 2016.12.06-нд төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн Т.Алтанхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.12.06-нд төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ