Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.*******,

шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт М.Цд холбогдох эрүүгийн 2107000000233 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, охин, зээгийн хамт ...........................................тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт М.Ц /РД: .................../.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Яллагдагч М.Ц нь ...........................................ийн  байгалийн цогцолборт газрын улсын тусгай хамгаалалттай газар болох “.......................” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохих зөвшөөрөлгүй хууль бусаар нэг тооны мод бэлтгэж экологи-эдийн засагт 387.747 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Экологи-эдийн засгийн үнэлгээгээ төлүүлсэн, байгальд учруулсан хохирлын нөхөн төлбөрөө төлсөн тул өөр санал гомдол байхгүй.” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..........................ны нутаг дэвсгэр ....................... гэх газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамаарна. 2013 онд Хан Хэнтийн тусгай хамгаалалтын дархан цаазат газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар тусгаарлагдсан байгаа. ....................... гэх газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамаардаг тул ямар нэгэн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгогдохгүй. Хохирол болох 387.747 төгрөгийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйлдэгдсэн учраас тус үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж төлнө гэсэн хуулийн заалт байдаг. Хохирлыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын төрийн сангийн дансанд байршуулдаг. Хохирол төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед Огийн хүргэн ах Ц гэдэг залуу Огийн гар утсаар залгаад намайг хөрөө аваад Тэрэлжийн 2 гол гараад голын хажууд аваад ир гэж надад хэлэхээр нь би зөвшөөрөөд Цгийн гэрээс нь цахилгаан хөрөөг хүргэж өгсөн юм. Ц надаас мод бэлтгэсэн уулынхаа хаяанаас ирээд хөрөөгөө авсан. ...Би Цгүй мод бэлтгэсэн газар цагдаагийн хамт очиход Ц урт мод унагаж бэлтгэсэн, унагасан модныхоо доод талд 2 хэрчим болгоод тайрчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мод бэлтгэсэн гэх хэсэг нь Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Суурьшлын бүсээс ойрхон 10 орчим метр зайтай уулын урд бэл хэсэгт байрлах ой модтой хэсэг. Тухайн газарт очиход иргэн М.Цэ гэх хүний бэлтгэсэн мод нь шинэс хуурайдуу, доод хэсгээр нь хөрөөгөөр тайрч унагаасан, 3 орчим метрийн хэмжээтэй 2 хэсгийг тайрч орой үзүүр хэсгийг нь үлдээсэн байсан. Тухайн тайрсан модыг түр надад харж хамгаалахаар хүлээлгэн өгсөн байгаа. Тухайн газарт цахилгаан хөрөө 2 ширхэг, улаан иштэй сүх 1 ширхэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ......................., ....................... гэх газраас 1 тооны модыг хөрөөдөж бэлтгэн унагаан 2 хэрчмийг авчихсан байх үед цагдаа нар ирсэн. Надад мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байгаагүй, би уг газрыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас гарсан байх гэж бодож байсан. Би өөрт сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа. Гэмт хэрэгт үйлдэхдээ би ганцаараа байсан. 2 цахилгаан хөрөө, 1 модон иштэй сүх ашигласан өөр багаж хэрэгсэл ашиглаагүй. Байгаль орчинд учруулсан хохирлоо зохих журмын дагуу нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

            “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  “.......................ны нутаг дэвсгэр ....................... гэх газарт тайрагдсан мод нь 1,86-7,1 метр урттай бөгөөд 5,2-27 см-ийн диаметртэй, 55 настай, хуурай шинэс мод байна. Дээрх газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамаарч байна. Дээрх тайрагдсан мод нь ургаа, хатсан мод байсан. Уг модыг 2021 оны 09 дүгээр сард тайрсан байх магадлалтай. Нийт модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 387.747 төгрөг болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 05-08 дугаар хуудас/,

            Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/,

            Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 53 дугаар хуудас/,

            Хураагдсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,

            “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 85 дугаар хуудас/,

 

      Шүүгдэгч М.М.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, .......................ны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Ц нь ...........................................ийн  байгалийн цогцолборт газрын улсын тусгай хамгаалалттай газар болох “.......................” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохих зөвшөөрөлгүй хууль бусаар нэг тооны мод бэлтгэж экологи-эдийн засагт 387.474 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч М.М.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Экологи эдийн засгийн үнэлгээгээ төлүүлж, байгальд учруулсан хохирлын нөхөн төлбөрөө төлсөн тул өөр санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..........................ны нутаг дэвсгэр ....................... гэх газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамаарна. 2013 онд Хан Хэнтийн тусгай хамгаалалтын дархан цаазат газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар тусгаарлагдсан байгаа. ....................... гэх газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамаардаг тул ямар нэгэн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгогдохгүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цгүй мод бэлтгэсэн газар цагдаагийн хамт очиход Ц урт мод унагаж бэлтгэсэн унагасан модныхоо доод талд 2 хэрчим болгоод тайрчихсан байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мод бэлтгэсэн гэх хэсэг нь Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Суурьшлын бүсээс ойрхон 10 орчим метр зайтай уулын урд бэл хэсэгт байрлах ой модтой хэсэг. Тухайн газарт очиход иргэн М.Цэ гэх хүний бэлтгэсэн мод нь шинэс хуурайдуу, доод хэсгээр нь хөрөөгөөр тайрч унагаасан, 3 орчим метрийн хэмжээтэй 2 хэсгийг тайрч орой үзүүр хэсгийг нь үлдээсэн байсан” гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч М.М.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ......................., ....................... гэх газраас 1 тооны модыг хөрөөдөж бэлтгэн унагаан 2 хэрчмийг авчихсан байх үед цагдаа нар ирсэн. Надад мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байгаагүй, би уг газрыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас гарсан байх гэж бодож байсан” гэх мэдүүлэг,

 

            “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг болно.

 

            Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж 4 ангилах бөгөөд “.......................” (N47058.21.5 Е107028.24.6 солбицол) гэх газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна /хх-ийн 56/. Дээрх хуулийн 11, 17 дугаар зүйлд байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг хуульчилсан байх бөгөөд тус зүйлд зааснаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн ойд зохих зөвшөөрөлтэйгээр ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх үйл ажиллагаа явуулж болохыг зөвшөөрсөн, харин байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд мод, ойн дагалт баялгийг бэлтгэх үйл ажиллагааг зөвшөөрөөгүй тул хориглосон гэж үзэхээр байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн бол уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байна.

 

            Шүүгдэгч М.М.Цийн ......................., Горхи Тэрэлжийн  байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн ойгоос буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 1 ширхэг мод хөрөөдөн унагаж, бэлтгэсэн үйлдэл нь “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.М.Цийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч М.М.Цийн үйлдсэн гэмт хэргийн улмаас экологи-эдийн засагт 387.747 төгрөгийн шууд хохирол учирсан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  харьяа “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу ойн экологи-эдийн засагт 1.163.241 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд шүүгдэгч М.Ц нь прокурорын шатанд 1.162.500 төгрөг, шүүхийн шатанд үлдэгдэл 750 төгрөг, нийт 1.163.241 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах” гэсэн дүгнэлтийг гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэж, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч М.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. 

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /экологи-эдийн засагт учирсан хохирлыг нөхөн төлсөн, нэг тооны мод бэлтгэсэн/, хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5-т заасан тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1,86-7.10 метр урттай 5,2-27 см диаметртэй нийт 20,1 метр урттай хуурай шинэс бөөрөнхий мод, 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий Кубань маркийн 1 ширхэг цахилгаан хөрөө, 80.000 төгрөгийн үнэ бүхийн Shil маркийн 1 ширхэг цахилгаан хөрөө, 25.000 төгрөгийн үнэ бүхий 53,5 см модон иштэй 1 ширхэг төмөр сүхийг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт М.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Цд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5-т зааснаар шүүгдэгч М.Цд тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас экологи-эдийн засагт учирсан хохиролд 1.163.241 /нэг сая нэг зуун жаран гурав мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,86-7,10 метр урттай 5,2-27 см диаметртэй нийт 20,1 метр урттай хуурай шинэс бөөрөнхий мод, 70.000 /далан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Кубань маркийн 1 ширхэг цахилгаан хөрөө, 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэ бүхийн Shil маркийн 1 ширхэг цахилгаан хөрөө, 25.000 /хорин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 53,5 см модон иштэй 1 ширхэг төмөр сүхийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ