| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0167/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
хохирогч А.Т,
шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Пид холбогдох эрүүгийн 2107000000228 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Сүхбаатар аймаг, ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..................................д харуулчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, .................................................... тоотод оршин суух,
Урьд нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн,
******* овогт Б.П /РД:..................../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.П нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр .................................................... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Тыг бусадтай хардсаны улмаас хоолойг нь боож, нуруу руу өшиглөж, нүүр, цээжин тус газарт цохих, үснээс зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Хохирогч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай гэрт манай дунд охин Чийн хадмууд болох Б эхнэр дүүгийн хамт Хөвсгөл аймгаас ирж бэр гуйж хадаг тавьж жижиг хэмжээний найр хийсэн. Орой 18 цаг өнгөрөөд худ ураг болох хүмүүс маань явцгааж гэрт охин О, нөхөр П бид гурав үлдсэн. Түүний дараа П согтуудаа чи Бтай гадаа тэврэлдээд байсан гэж хардахаар нь чи яаж ингэж бодож чадваа, үр хүүхдийнхээ найр дээр ийм юм хийж явахгүй гэхэд уурлаад намайг нүд, нүүр рүү цохиж, баруун орон дээр хоолой боож дарж унаад тэндээсээ газар чирч унагааж хоолой боож бөөр, нуруу руу өшиглөж цээж рүү гараараа 2 удаа цохиж үргэлжлүүлж хоолой боосон. Тэгээд толгойн энд тэндээс үснээс татаж зулгаасан. ...миний толгой өвдөж, зүүн нүд хөхөрч хавдсан, хүзүү цээж нуруу цус хурсан байсан. Толгойны энд тэндээс зулгааснаас болж нэлээд үс унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр рүү орж ирэхэд ээж Т, аав П хоёр хоорондоо маргалдаж байгаад аав ээжийг нүүрэнд нь 1 удаа цохиж баруун орон дээр унагааж дээрээс нь багалзуурдаж байгаад үснээс нь зулгааж газар чирч унаган нуруу руу нь нэг өшиглөж, цээж рүү нь гараараа 2 удаа цохиж авснаа дээр нь гарч нүүрэнд нь алгадаад хоолойг нь гараараа боохоор нь би очиж аавыг татаж салгасан. Ээжийн нүүр, нүд нь хөхөрч хавдсан, хүзүү нь улайсан, цээж нурууны хавьд хөхөрсөн байсан. Толгойн үсийг нь зулгааснаас болж нэлээд үс орон дээр унасан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шинжээч эмч С.Төгсбуян мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Тын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн биеэр үзлэг хийсэн. Биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт, зүүн дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт, бүсэлхийд учирсан цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт, хүзүүнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. А.Тын биед учирсан дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзлэгээр толгойн хуйханд тодорхой талбайг хамарсан үс уналт гэмтэл тогтоогдоогүй. Үзүүлэгч А.Таас зовуурь асуухад үс унасан гэсэн зовуурь хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн үед манайд бэр гуйх гээд охин Чийн хадмууд нь ирээд жаахан найр зохион байгуулж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд хүмүүс орой 18 цагийн үед явсан. Хүмүүс явсны дараа гэртээ эхнэрээс Бтай гадаа тэврэлдээд байсан уу гэж асуухад чи юу яриад байгаа юм би худ ураг болох хүмүүстэйгээ нийлээд байх хүн мөн үү гээд эхнэр уурлаж хоорондоо маргалдаж, би уур хүрээд эхнэрийг нүүрэнд нь нэг удаа цохиод баруун орон дээр унагааж дээрээс нь өшиглөж, цээж рүү нь гараараа 2 удаа цохиод авснаа дээр нь гарч нүүрэнд нь алгадаад хоолойг нь гараараа боосон. Тэр үед манай охин О татаж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн шинжээчийн 491 дүгээр:
“1. А.Тын биед тархи доргилт, зүүн дээд доод зовхи, хүзүү, цээж, нуруунд цус хуралт, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Пийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/, Цалингийн тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/, Зан байдлын ерөнхий тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/, Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэх АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 43-49 дүгээр хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 72-80 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 69 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.П нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр .................................................... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр А.Тыг бусадтай хардсаны улмаас хоолойг нь боож, нуруу руу өшиглөж, нүүр, цээжин тус газарт цохих, үснээс зулгаах зэргээр зодож түүний биед нь тархи доргилт, зүүн дээд доод зовхи, хүзүү, цээж, нуруунд цус хуралт, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч А.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уурлаад намайг нүд нүүр рүү цохиж, баруун орон дээр хоолой боож дарж унаад тэндээсээ газар чирч унагааж хоолой боож, бөөр нуруу руу өшиглөж, цээж рүү гараараа 2 удаа цохиж үргэлжлүүлж хоолой боосон. Тэгээд толгойн энд тэндээс үснээс татаж зулгаасан. ...миний толгой өвдөж, зүүн нүд хөхөрч хавдсан, хүзүү цээж нуруу цус хурсан байсан. Толгой энд тэндээс зулгааснаас болж нэлээд үс унасан.” гэх мэдүүлэг,
Гэрч П.Огийн мөрдөн шалгах өгсөн: “...гэр рүү орж ирэхэд ээж Т, аав П хоёр хоорондоо маргалдаж байгаад аав ээжийг нүүрэнд нь 1 удаа цохиж баруун орон дээр унагааж дээрээс нь багалзуурдаж байгаад үснээс нь зулгааж газар чирч унаган нуруу руу нь нэг өшиглөж, цээж рүү нь гараараа 2 удаа цохиж авснаа дээр нь гарч нүүрэнд алгадаад хоолойг нь гараараа боохоор нь би очиж аавыг татаж салгасан” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч С.Төгсбуяны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт, зүүн дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт, бүсэлхийд учирсан цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт, хүзүүнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. А.Тын биед учирсан дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзлэгээр толгойн хуйханд тодорхой талбайг хамарсан үс уналт гэмтэл тогтоогдоогүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би уур хүрээд эхнэрийг нүүрэнд нь нэг удаа цохиод баруун орон дээр унагааж дээрээс нь өшиглөж, цээж рүү нь гараараа 2 удаа цохиод авснаа дээр нь гарч нүүрэнд нь алгадаад хоолойг нь гараараа боосон. Тэр үед манай охин О татаж салгасан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн шинжээчийн 491 дүгээр дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг болно.
Хохирогч А.Тын эрүүл мэндэд учирсан “...тархи доргилт, зүүн дээд доод зовхи, хүзүү, цээж, нуруунд цус хуралт, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал” нь шүүгдэгч нуруу руу өшиглөж, нүүр, цээжин тус газар нь цохих, хоолойг боож, үснээс нь зулгаасны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.П, хохирогч А.Т нар нь 2000 онд гэрлэлтээ бүртгүүлсэн албан ёсны гэрэлтийн баталгаатай эхнэр, нөхөр, 4 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх боловч хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, тухайн үедээ бусадтай хардсаны улмаас шүүгдэгч Б.П нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх шинжгүй байна гэж дүгнэж, харин түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Пийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч А.Т нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пид 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг хэрэгжилтийн шүүгдэгчийн гэр, ажлын газар гэсэн маршрутаар тогтоох” гэсэн дүгнэлт гаргасан, харин шүүгдэгч, хохирогч нар улсын яллагчийн дүгнэлттэй холбоотойгоор тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.П нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаа ял шийтгэгдэж, эдгээр ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, олон удаа өшиглөж, үснээс нь чирч зодсон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, нас, Зэвсэгт хүчний ангид харуул хамгаалалтын бүлгийн харуулчин ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч А.Тын толгойн үсний хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Түүнчлэн улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан хэдий ч хавтаст хэрэгт шүүгдэгчийн ажлын газрын албан ёсны хаяг, байршлын талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд энэ талаар тогтоогоогүй атал зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр шүүгдэгчийн хаанаас хаашаа хэрхэн яаж зорчихыг хязгаарлахыг тогтоох, зөрчвөл хэрхэх талаар үндэслэлтэй, биелүүлэхэд тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүх хэрэглэх үндэслэлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосноор шүүх үндэслэл бүхий, биелүүлэхэд ойлгомжтой шийдвэр гаргах боломжтой болохыг анхааруулж тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ