Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/704

 

 

 

 

 

 

                                                                                                                                                   2021          11          09                                     2021/ШЦТ/704

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Б.З-,

Шүүгдэгч: Г.Х- өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Х-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105019031408 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Х-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Х- нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” эмнэлэг дотор хохирогч Б.З-тай маргалдаж, улмаар биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Х- шүүх хуралдаанд: “...Гурван гал эмнэлэг дээр хүүхдээ үзүүлэх гээд явж байхад уг эмэгтэй орох гээд байгаа нь мэдэгдэхгүй сууж байсан. Тэгээд би сууж байхад миний хажууд ирж суугаад миний хөлийг 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би яаж байгаа юм бол гэж бодоод холдоод суусан. Намайг хараагаад байсан, энэ эмэгтэй тэгээд гараад явсан. Миний дугаар болоод   хүүхэдтэйгээ очоод зогсож байхад араас ирээд цохиод, өшиглөөд авсан. Энд тэнд өшиглөсөн. Би боль гэхэд болихгүй байсан. Тэгээд би арай гэж болиулаад зогсож байсан чинь манай хүүхэд рүү дайрсан. Тэгээд бид хоёр дахин үсдэлцсэн. Тэгээд цагдаа дуудна гэж хэлсэн. Миний зургийг дараад миний хүүхдийн зургийг бас дарсан. Интернэтэд тавина гэж доромжилсон. Цагдаа дуудаад араас ирээд өвчтэй балай авгай минь заавал чиний мууг чинь үзнэ гэсэн. Хүнийг зодчихоод энэ хүүхэн яагаад цагдаа дуудаж байгаа юм. Миний даралт ихэссэн, зүрхний тариа хийлгэж байгаа. Нуруу гэмтсэн байгаа. Би хувийн эмнэлэгт 3 удаа очиж бариулсан. Миний нуруу өвдөөд хөл дээрээ арай гэж зогсож байгаа. Би бас хохирсон байхад намайг шүүгдэгч болгож байгаад гомдолтой байна” гэв.

Хохирогч Б.З-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Миний хувьд бүх юмаа ярьсан. Миний дугаарыг Гурван гал эмнэлэг дуудсан юм. Тэгээд би төлбөрөө төлөх гэсэн чинь картаа машинд орхисон байсан. Тэгээд картаа аваад эргээд ирсэн чинь энэ хүүхэн зогсож байсан. Тэгээд би очоод “чиний урд байсан юм” гэсэн чинь эргэж хараад намайг хараагаад “халтар хүүхэн” гээд байсан. Тэгээд хуруу хумсаа будсаныг хардаа халтар хүүхэн гэсэн. Би энэ хүүхэнд хуруугаа ч хүргээгүй. Энэ хүүхэн намайг есөн шидээр доромжилсон. Намайг ядаж өмдөө угаагаач гэсэн. Би 1 нас 3 сартай хүүхэдтэй юм, тэгээд миний хувцас халтар болсон байсан. Тэгээд цаашаа явахад нь би араас нь “зайл балай авгай минь” гэсэн юм. Тэгээд бас би “төлбөрийн чадвартай бол хүн зоддог шүү” гэж хэлсэн. Би энэ хүнээс болж хөдөлмөрийн чадвараа 7 хоног алдсан. Нэхэмжилж байгаа зүйл баримтаар байхгүй. Авсан эм тарианы зүйлийн баримтыг  тухайн өдрөө аваад базаад хаясан. Бариачид бариулсан чинь төлбөрийн баримт өгөөгүй, утсаар яриулчих гэсэн. Би энэ хүнээс болж ажлаа хийж чадаагүй. Баримттай хохирол алга байна, гэхдээ би гомдолтой байна. Уг нь би 5 удаа бариачид бариулсан. Би хохирлоо нэхмээр байна, даанч баримт нотолгоо байхгүй байна. Шаардлагатай бол бариачаас бичиг баримт аваад энэ хүнээс гаргуулж авмаар байна” гэв.

Хохирогч Б.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би машинаасаа банкны картаа аваад буцаж орж ирээд төлбөрөө төлөх гэхэд дараагийн хүн ирээд миний урд зогссон байсан. Би уг урд байсан эмэгтэй хүнд “би төлбөрөө төлөх ёстой, сая үйлчлүүлж байсан юм” гэж хэлэхэд уг үл таних эмэгтэй “Тэр чинь надад ямар хамаатай юм бэ, одоо би үйлчлүүлж байна” гэж надад хэлсэн. Уг эмэгтэйд “би төлбөрөө төлөөд болоо” гэж хэлэхэд “би одоо үйлчлүүлж байна, миний дараа бол” гэж хэлсэн. Тухайн үед миний хүүхэд өвдөөд зовиуртай, халуурсан байсан учраас би маш их яарсан. Гэвч уг эмэгтэй надад зай тавьж өгөөгүй. Бас дээр нь намайг хэл амаар доромжилсон. Тэр үед би уг эмэгтэйд хандаж “Зайл балай авгай минь” гэж хэлсэн. Гурван гал эмнэлэгт маш олон хүн байсан. Тэд бүгд сонссон, харсан. Миний урдаас холдохгүй байсаар байгаад үйлчилгээ аваад эмчид үзүүлэхээр хүүгээ дагуулаад булан тойроод явсан. Би яг араас нь төлбөрөө төлөх гээд зогсож байхад нөгөө эмэгтэй буцаад хүүхдээ дагуулаад хүрээд ирсэн. Хүрч ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би ямар нэг зүйл хэлээгүй байхад “Чи муу ер нь намайг хэл амаар доромжилдог хэн юм” гэж хэлээд миний баруун талын мөр рүү гараараа нэг удаа түлхэхээр нь “хөөе чи зүгээр бай, төлбөрийн чадвартай хүн хүнд гар хүрдэг юм” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй шууд миний үснээс доош дараад гараараа миний толгой руу 2 удаа, нүүр рүү 2 удаа цохисон. Гэдэс рүү 2 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч Ц.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр эмэгтэй төлбөрөө төлөх гэтэл бэлэн мөнгө, карт байхгүй байсан дансаар хийчээд ирье гэж хэлээд шууд яваад өгсөн. Надаас холдоод яваад өгөхөөр нь би явчихлаа гэж бодоод дараагийн хүний дугаарыг дуудаад уг ирсэн хүнд үйлчлээд дуусаж байтал карт гартаа бариад хүрч ирсэн. Ирээд шууд үйлчлүүлж байсан эмэгтэйд “чи холд, би үйлчлүүлж байсан” гэж хэлээд түлхсэн. Тэгсэн 2 дахь эмэгтэй билээ аваад яваад өгсөн. 1 дэх эмэгтэй надаас биллээ авах гээд зогсож байхад 2 дахь эмэгтэй “чи ер нь намайг яагаад доромжилж байгаа юм, миний хүүхдийн хажууд” гэж хэлээд буцаад хүрээд ирсэн. Хүрч ирээд шууд үснээс нь зулгаагаад үүнээс болж уг 2 эмэгтэй хэн хэнийгээ үсдэж аваад зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/,

Гэрч Г.С- мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэнхимд эмэгтэй хүмүүсийн чанга, хэрэлдэж байгаа чимээ гарсан. Би юу болсон юм бол гэж бодоод хүлээлгийн тэнхимд ирэхэд 2 эмэгтэй хүн хоорондоо хэрэлдэж байсан. Уг 2 эмэгтэйд дуугаа намсгаад хэрэлдэхээ боль гэж хэлсэн. Намайг очиход үйлчлэгч тэнхимийн шалыг цэвэрлэхэд үснүүд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32-34/,

Шинжээчийн 8958 тоот дүгнэлтэд: “...Б.З-ын биед тархи доргилт, дагз, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 37-38/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 47-53/, хохирогчийн биеийн байдалтай холбоотой баримт, гэрэл зураг /хх-н 54-57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулаагүй, надад бас гэмтэл учирсан гэж мэдүүлсэн бөгөөд түүний хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж авсан гэрч нарын мэдүүлэг, мөн хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хууль сануулж авсан мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр  шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулсан нь тогтоогдсон.

Хэдийгээр тухайн хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо маргалдсан, олон нийтийн газар зүй бус авирласан үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч энэ нь шүүгдэгчийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх шалтгаан болохгүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн тухайн үед хийсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус ба тулгарсан довтолгоон хийсэн нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь миний биед гэмтэл учирсан гэж мэдүүлж байх боловч шинжээчийн 9253 тоот дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй байна.

Харин хохирогч Б.З-ын шүүгдэгч Г.Х-ын биед хохирол учруулахгүйгээр халдсан үйлдлийг харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар прокуророос албан тоот /хх-н 76/ харьяалах цагдаагийн газар руу явуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Х- нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” эмнэлэг дотор хохирогч Б.З-тай маргалдаж, улмаар биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Б.З-ын: “...нөгөө эмэгтэй буцаад хүүхдээ дагуулаад хүрээд ирсэн. Хүрч ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би ямар нэг зүйл хэлээгүй байхад “Чи муу ер нь намайг хэл амаар доромжилдог хэн юм” гэж хэлээд миний баруун талын мөр рүү гараараа нэг удаа түлхэхээр нь “хөөе чи зүгээр бай, төлбөрийн чадвартай хүн хүнд гар хүрдэг юм” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй шууд миний үснээс доош дараад гараараа миний толгой руу 2 удаа, нүүр рүү 2 удаа цохисон. Гэдэс рүү 2 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч Ц.Э-гийн: “...1 дэх эмэгтэй надаас биллээ авах гээд зогсож байхад 2 дахь эмэгтэй “чи ер нь намайг доромжилж байгаа юм, миний хүүхдийн хажууд” гэж хэлээд буцаад хүрээд ирсэн. Хүрч ирээд шууд үснээс нь зулгаагаад үүнээс болж уг 2 эмэгтэй хэн хэнийгээ үсдэж аваад зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/, гэрч Г.С-: “...Тэнхимд эмэгтэй хүмүүсийн чанга, хэрэлдэж байгаа чимээ гарсан. Би юу болсон юм бол гэж бодоод хүлээлгийн тэнхимд ирэхэд 2 эмэгтэй хүн хоорондоо хэрэлдэж байсан. Уг 2 эмэгтэйд дуугаа намсгаад хэрэлдэхээ боль гэж хэлсэн. Намайг очиход үйлчлэгч тэнхимийн шалыг цэвэрлэхэд үснүүд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32-34/, шинжээчийн 8958 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Х- нь хохирогч Б.З-тай хүмүүс хоорондын энгийн харилцааны хэм хэмжээг зөрчиж зүй бус харилцан маргалдаж түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс 1.000.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт хохирлын талаар баримт байхгүй, хэдэн төгрөгийн хохирол гарсан нь тодорхойгүй байх тул дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.З- нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Х-ыг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Х-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР