Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00605

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2б-р хэсэг 32 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, Сартуул овогт Шаравын Отгонбилэг- /РД:ЖИ65111800/-ийн хүсэлттэй

хүү Б.Эрхэсийг төрсөн цагаас нь буюу 2006.04.12-ны өдөр үрчлэн авсан болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Отгонбилэг, түүний өмгөөлөгч Ц.Ариунзул, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Цэрэнням, Д.Оюунтүлхүүр, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Отгонбилэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай охин Цэрэнням нь 10 дугаар ангид байхдаа жирэмсэн болсон тул би охиныхоо ирээдүйн амьдралыг бодож хүүхдийг нь үрчлэн авахаар шийдсэн. Тухайн үед охин маань өөрөө төрүүлэх дургүй байсан ч бид ярилцаж байгаад хүүхдийг нь төрүүлэхээр болж өөрсдөө үрчилж аваад өсгөсөн. Тэр үедээ охин төрөөд 14 хоноод л сургуульдаа явсан, албан ёсоор бүртгүүлж авахаа мэдэхгүйгээс зээ хүүгээ 5 настайд нь бүртгүүлсэн. Би өөрөө төрүүлсэн болон үрчлэн авсан 4 хүүхэдтэй эхийн хувьд 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох гэтэл зээ хүүг 3 наснаас нь өмнө бүртгүүлэх байсан шаардлага тавьж байна. Нөхөр Болдбаатар нь 2 жилийн өмнө нас барсан. Одоо би ажил хийх боломжгүй бие өвддөг болсон тул тэтгэвэрээ тогтоолгох гэсэн юм. Иймд зээ хүүг төрсөн цагаас нь буюу 2006.04.12-нд үрчлэн авсаныг тогтоож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Цэрэнням шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцоно. Би хүүхдээ анх ээждээ өгөхдөө үрчлэлтийн талаар мэдлэг байхгүй байсан, миний оролцоогүйгээр болдог байх гэж бодсон. Гэтэл 5 нас хүрсэн хойно нь бүртгэл хийхэд заавал миний оролцоо хэрэгтэй гэдгийг мэдсэн. Миний тухайд хүүхдээ төрүүлсэнээс хойш өөрөө асарч байгаагүй, манай ээж асарсан гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунтүлхүүр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай зүгээс анх бүртгэл хийсэн өдрөөс эхэлж хүүхдийг үрчилсэнд тооцдог. Энэ нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хүүхдийн эрх ашгийн үүднээс бус эмээ Отгонбилэг нь өндөр насны тэтгэвэрээ тогтоолгохын тулд хүүхдийг үрчилсэн байдлыг ашиглах гэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ хүүхдийг төрсөн цагаас нь эхэлж үрчилж авсан гэдгийг  төрийн байгууллага мэдэх боломжгүй. Өөрсдөө хүсэлт гаргаад үрчлэлт хийгдсэн байгаа, бидний зүгээс хүүхдийг эмээ, өвөө нь авч өсгөх боломжтой гэж тухайн үед нь үзсэн байна. Холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.  Одоо өвөө нь байхгүй нас барсан бол өөр асуудал яригдана  гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Отгонбилэг нь хүү Б.Эрхэсийг төрсөн цагаас нь буюу 2006.04.12-ны өдөр үрчлэн авсан болохыг тогтоолгохыг хүссэн байна.

Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн ИБМА-нд хүүхэд үрчлэн авах тухай Ш.Отгонбилэг, Г.Болдбаатар нарын гаргасан 2011.03.29-ний өдрийн хүсэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011.04.05-ны өдрийн 113 дугаар захирамжаар 2006.04.12-нд төрсөн хүү Эрхэсийг түүний өвөө Г.Болдбаатар, эмээ Ш.Отгонбилэг нарт үрчлүүлсэн байна.

Дээрх захирамжийн дагуу үрчлэлтийн бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэж, төрсний гэрчилгээ болон үрчлэлтийн гэрчилгээ олгогдсон болох нь төрснийг бүртгэх анкет, хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас, хүү Б.Эрхэст 2011.04.11-нд олгосон төрсний гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 55.8 дахь хэсэгт зааснаар хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэсэн байх тул Ш.Отгонбилэгийн гаргасан хүү Б.Эрхэсийг төрсөн цагаас нь буюу 2006.04.12-ны өдөр үрчлэн авсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Ш.Отгонбилэгийн гаргасан хүсэлтийн  “...4 хүүхэдтэй эхийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн” гэх үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл зэрэг баримт байхгүй, түүнийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон, иргэний бүртгэлийн байгууллага тогтоохоос татгалзсан тохиолдолд шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой боловч хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ш.Отгонбилэгийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар хүү Б.Эрхэсийг төрсөн цагаас нь буюу 2006.04.12-ны өдөр үрчлэн авсан болохыг тогтоолгохыг хүссэн Ш.Отгонбилэгийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ш.Отгонбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй  болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ