Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ, 

         Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

         Хохирогч З.Т /цахимаар/,

         Хохирогчийн өмгөөлөгч Ж.Х,

         Иргэний нэхэмжлэгч Б.У,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д /цахимаар/,

         Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Даариймаад холбогдох эрүүгийн 2019001220085 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 09 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 10-16 насны хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 37 дугаар гудамжны 554 тоотод оршин суух, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний 2 дугаар төвийн үйлчлэгч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х-н овогт Т-ийн Д /РД: ЦД76091500/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Д нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу 25 дугаар зөрлөгөөс Өлзийт зөрлөг явах чиглэлийн замд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Тоёота приүс-20 маркийн 74-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад, Монгол УлсынЗамын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12 дугаар бүлэг. Тээврийн хэрэгслийн хурд: 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч З.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч М.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         -Шүүгдэгч Т.Даариймаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй. Хохирогч Энхнямд эмчилгээний зардал 1.050.000 төгрөг, Эрдэнэтуяад 150.000 төгрөг өгсөн. Түмэнцэцэгт 1.865.288 төгрөгийн хохирол төлсөн. Иргэний нэхэмжлэгч Уянгад хохирол өгөөгүй байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Маргахгүй. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Түмэнцэцэг нь миний буруугаас болж эрүүл мэнд нь хохирсон болохоор нэхэмжилсэн мөнгийг төлнө гэж бодож байгаа. Би өрх толгойлсон эмэгтэй, сая ажилд орсон болохоор бэлэн өгөх мөнгө алга байна гэсэн мэдүүлэг,

 

         -Хохирогч З.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Биеийн байдал дунд зэрэг байна. Эмчилгээ үргэлжилж байгаа. Осолд орсноос хойш ажил хийгээгүй. Зундаа Номадст түр ажил хийдэг. Улирлын чанартай. Өвөлдөө гоо сайханчаа хийдэг. Хөдөлмөрийн чадвар алдалт, ажилгүй байсан хугацааны цалин 2020 оны 06 сараас 2020 оны 10 сар хүртэлх хугацааны 6 сарын цалин 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хүүхдийн сургалтын төлбөрийг нэхэмжлэхгүй. Сайншандаас гараад Приус маркийн машинд сууж Харьер машины ард явж байсан. Тэгээд Даариймаа нь гүйцэж түрүүлээд 200 метр яваад осолдсон. 130-140 км/цагийн хурдтай явж байсан. Би харсан. Машин унаад 3 удаа эргэсэн. Гомдолтой байгаа. Энэ хүнээс болж хөдөлмөрийн чадвараа алдсан. Нэхэмжилсэн эм тарианы зардал 1.864.895 төгрөгийг төлсөн. Урьд нь 100.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа гэсэн мэдүүлэг,

 

           -Иргэний нэхэмжлэгч Б.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Зүүн мөр жаахан бяцарсан. Зүүн хөл хөхөрсөн. Өөр гэмтэл учраагүй. Одоо миний бие зүгээр, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 04 сарын 15-ны орой 23 цагийн орчимд хотоос Дорноговь аймгийн Сайншанд сум руу явсан ба бид нар шөнөжин яваад Хамрын хийд дээр өглөө нар мандаж байхад нь очоод хийд дээр мөргөөд, хар уул руугаа гараад тэндээ амрахгүйгээр буцаж, яваад Сайншанд сумын төвд 30 орчим минут хоолонд орсон. Тухайн үед би Эрдэнэтуяа эгчийн хамт хоолонд орохгүйгээр машинд унтсан. Тэгээд тэд нарыг хоолны газраас гарч ирэхэд нь шууд хот руу гарсан ба би машинд явж байхдаа унтаад явсан. Гэнэт намайг сэрэхэд машин бүтэн эргэж байсан ба удалгүй 4 дугуйн дээрээ буухад онхолдсон гэж мэдсэн. Тэгээд намайг тэнд байсан хүмүүс машинаас гаргаж Харрейр маркийн машинаар Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Миний сууж явсан машинд жолоочтой нийлээд 5 хүн сууж явсан. Улаанбаатар хотоос Сайншанд сум хүртэл Т.Д-ийн дүү гэх нэг залуу жолоо барьсан. Уг нь Шандаас гарахад Даариймаагийн дүү гэх залуу жолоодож явж байгаад нойрмоглоод байна гээд жолоогоо эгчдээ шилжүүлсэн. ...ослын улмаас 9 ширхэг хавирга хугарсан, хугарахдаа уушгиа цоолсон, баруун хөл бүхэлдээ зөөлөн эдийн гэмтэл авсан, толгой өвддөг болсон. Биед учирсан гэмтлийн улмаас хавирга хадуулсан, уушигны нөхөн сэргээх аппарат зүүсэн, Одоо миний биеийн байдал хөдөлмөр эрхлэх чадваргүй байна. Нуруу өвдөх, баруун хөл янгинах, толгой өвдөх зовуурьтай байна. ...Би гаднаас эм авахад 200.000 төгрөг, уушиг нөхөн төлжүүлдэг алое ургамлын өтгөрүүлсэн ундаа 2 ширхэг, 140.000 төгрөг, уушгины үлээдэг аппарат, нурууны бүсийг нийтэд нь 100.000 төгрөгөөр худалдаж авсан ба үүний хажуугаар жижиг зардлууд гарсан. Т.Д-ийн талаас эмчилгээний зардал, эмнэлгийн ор хоногийн зардалд 1.050.000 төгрөг төлсөн. Надад нэмж хэлэх зүйл гэвэл дахиж хагалгаа эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэвэл Т.Д-д гомдол саналгүй. Хэрэв дахиж хагалгаа хийлгэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэвэл гарсан зардлыг төлүүлнэ. ...Би гомдолтой байна. Би эмнэлгийн байгууллагаар явж байхдаа гаргасан зардал болох 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд надад 1.000.000 төгрөгийг нь өгсөн. Би өөрөөс гаргасан 1.000.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /1хх 40-43, 115 ху/,

 

-Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...бид шөнөжин явж, өглөө Хамрын хийд, Хүслийн ууланд очиж мөргөөд буцаад явсан. Хамрын хийд хүртэл Нараагийн хүү Б-О машин барьж явсан ба Хүслийн уулнаас буугаад нээх хол яваагүй байхад Б-О нойрмоглоод байхаар нь Даариймаа машин барьж Сайншанд орж бид нар хоолонд орсон. Тэгээд бид нар хоолонд ороод гарч ирэхэд Даариймаа жолоо барьсан ба түүний хажууд Нараагийн машинаас түүний охин Уянга  орж ирээд жолоочийн хажууд суусан.  Арын суудал дээр баруун захад Г.Э, би голд нь зүүн захад Түмэнцэцэг сууж явсан. Тэгээд бид нар Сайншандаас хөдлөөд хамт явсан Харрейр машины ард явсан ба тэр үед би жоохон зүүрмэглэх хооронд сууж явсан машин маань онхолдсон. ...Ослын улмаас миний баруун талын 2 хавирга хугарсан, 1 хавирга цуурсан, бүсэлхийний 1, 2, 3 дугаар нугалмын баруун хөндлөн хугарсан зэрэг гэмтэл авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Одоо баруун талын хугарсан яс, зүүн талын хөлний ясруу өвдөж байгаа. Би гомдолгүй байгаа. Харин эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Надад эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн тооцоо баримт байхгүй гэсэн мэдүүлэг /1хх 48-51, 114 ху/,

 

-Гэрч М.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020 оны 04 сарын 15-ны орой ээж Нарантуяа, эгч Уянга, мөн эгчийн танил болох 2 хүний хамтаар Тоёота харрейр маркийн  80-99 УБҮ улсын дугаартай машинтай, нөгөө машинд ах Б-О, эгч Д, Г.Э, Э, Т нар Тоёота прүис 20 маркийн 74-73 УБҮ улсын дугаартай ахын машинтай Дорноговь аймгийн Сайншандад байрлах Хамрын хийд, хар уул руу явахаар Улаанбаатар хотоос орой 22 цагийн орчимд гараад шөнөжин явж, Хамрын хийд дээр өглөө 06 цагийн орчимд очоод тэндээ мөргөж залбираад 10 цагийн орчим Улаанбаатар хот руу гарсан. Бид Сайншандад орж ирээд хоол идчихээд явах гэж байхад манай ах халуураад ээжийн машинд суухад нь би ахынхаа машинд зөрөөд суусан. Тухайн үед ахын машиныг Д эгч бариад явж байсан ба бид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт явж байхад би унтаж байсан ба Т.Д эгч тухайн үед урд явж байсан манай ээжийн машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд түрүүлээд гарах үед нь сэрэхэд дохиогоо өгөөд хажуугаар нь явсан ба тэр үед нь би буцаад унтах шиг болоод сэрэхэд машин онхолдчихсон би гадаа газар хэвтчихсэн байхад ээж хажууд ирээд сэрээрэй гээд байсан. Би тухайн үед хамгаалах бүсээ зүүсэн байсан ба жолооч Даариймаа эгч мөн зүүсэн байсан. Ард суусан 3 хүн бүсээ зүүгээгүй байсан. Ослын улмаас миний зүүн гарын мөр мултарсан. Өөр гэмтэл аваагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1хх 52-54 ху/,

 

 

-Гэрч М.Б-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...бид нар өглөө ирээд нар мандахыг хараад Хүслийн ууланд гарч, мөргөөд өдөр буцахаар болсон ба буцахдаа би машин бариад явж байхад миний нойр хүрээд байхаар нь Хамрын хийдээс Сайншанд руу нийлдэг засмал хүргээд эгч Д-д жолоогоо шилжүүлээд би ээжийн машинд орж суухад манай дүү Уянга миний машинд орж суусан. Тэгээд бид нар Сайншандын төв орж, хоолонд орчихоод цааш Улаанбаатар хот руу явсан. Бид нарыг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэр дээр явж байхад Т.Д эгч манай машины ард явж байсан ба удалгүй миний машинд сууж явсан машиныг гүйцэж түрүүлээд дөнгөж урд гараад онхолдсон. ...Би машинаа 2018 оны 03 дугаар сард Да хүрээ захаас 13 сая төгрөгөөр худалдаж авсан ба худалдаж авахдаа урьдчилгаа 8 сая төгрөгийг нь өгөөд үлдэгдэл 5 сая төгрөгийг лизингээр төлсөн. Одоо миний машин “Инвескор” ББСБ-ын нэр дээр байгаа. Би машиныхаа үлдэгдэл өрийг төлөөд дуусгасан ба өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1хх 55-56 ху/ ,

 

-Яллагдагч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: ...Хүслийн ууланд гарч мөргөөд, 11 цаг өнгөрөөгөөд буцсан ба тухайн үед Бат-Оргилын бие халуураад байхаар нь би Хүслийн уулнаас жолоог шилжүүлэн авч, Улаанбаатар хот руу явах замдаа буюу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт 14 цагийн орчимд явж байхад машины жолооч тэнд юм дуугарахаар нь жолооны хүрдээ тэгшлэх гээд дарахад машин онхолдох шиг болсон.  Тэгээд би цааш юу болсон талаар мэдээгүй. Би тухайн үед машинаа 96, 97 км цагийн хурдтай жолоодож яваа харагдсан ба арай хурдтай байна гээд 85, 86 км цаг хурдтай болгож хурдаа бууруулсан. ...Би тухайн үед машин жолоодож явахдаа жоохон хааз өгөхөд жолооны хүрд чичрээд жолооч тал руу хүрд булаагаад байхаар нь хурдаа хасаж явж байсан. ...бид нартай хамт явж байсан Тоёота харрейр маркийн тээврийн хэрэгсэл урд гарчихаад удаан яваад байхаар нь би гүйцэж түрүүлсэн. Гэтэл гүйцэж түрүүлээд удаагүй байтал жолооч талын тэр хавьд нэг “пис” хийх чимээ гараад жолооны хүрд эсрэг урсгал тал руу булаасан. Тэгэхээр нь би буцаагаад жолооны хүрдээ нөгөө тийш нь дартал машин баруун гар талын хөвөө рүү чиглэж яваад осолдсон гэсэн мэдүүлэг /1хх 58-60, 242-243 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 5208 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.З.Т-ийн биед сээрний 7, 8 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн 2-аар хавирганы хугарал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх 14-15 ху /,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 5204 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Б.Э-ийн биед бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун талын 7. 8. 9 дүгээр хавирганы хугарал, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны баруун талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх 18-19 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 5207 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.М.У-ын биед баруун хөлийн шилбэнд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх 25-26 ху/,

 

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 04/73 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Г.Э-ын биед хавсарсан гэмтэл цээжний хөндийн дарагдсан гэмтэл, цээжний баруун тал олон хавирганы далд хугарал, цээжний баруун талын бүрэн бус атлектаз, цээжний баруун болон зүүн хөндий дэх бага зэргийн цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3.Дээрх гэмтлүүдийн цээжний хөндийн дарагдсан гэмтэл, цээжний баруун тал, олон хавирганы далд хугарал, цээжний баруун талын бүрэн бус атлектаз, цээжний баруун болон зүүн хөндий дэх бага зэргийн цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

4.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна  гэсэн дүгнэлт /1хх 29-31 ху/,

 

-Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:     

1.Жолооч Т.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12 дугаар бүлэг. Тээврийн хэрэгслийн хурд: 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

2. Жолооч Т.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

3. Шинээр илэрсэн зүйлгүй гэсэн дүгнэлт /1хх 38-39 ху/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 348 дугаартай дүгнэлтэнд: 

1. 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 10 дугаар болон техникийн шинжээчийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 32 дугаартай дүгнэлтүүд нь үндэслэлтэй эсэх асуудлууд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4-т “шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2-т “шинжээч хийсэн шинжилгээгээ  үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэсэн заалтыг баримтлан хариулах боломжгүй.

2.Осол хэргийн материалд тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох шинжилгээ хийх боломжгүй байна.

3.Жолооч Т.Д замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтуудыг зөрчсөн эсэх асуулт авто техникийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу шинжилгээ хийх боломжгүй.

4.Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь огцом даялах хөдөлгөөн үйлдсэний улмаас автомашинд хөндлөн шарвалт үүссэнээс замаас гарч осол гарах шалтгаан болсон байх үндэслэлтэй.

5.Баруун урд талын гэх дугуй нь тээврийн хэрэгслийн явагч хэсгийн шинжилгээнд тэнцэнэ. Хаймар дугуйнд үүссэн гэмтэл нь хатуу ир, томэгтэй зүйлтэй, обудны гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу ослын үед үүссэн байх боломжтой тул дээрхи гэмтлүүд нь осол гарахад нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /2хх 51-56 ху/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-2 ху

-Гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-10, 34-35, 2хх 2-4, 57-62 ху/

-Өвчний түүх /1хх 65-86 ху/

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 102-103, 106-107 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 130 ху/

-Хохирлын баримтууд /1хх 133-136, 189-202 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч Т.Д нь 2020 оны 04 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу 25 дугаар зөрлөгөөс Өлзийт зөрлөг явах чиглэлийн замд Тоёота приүс-20 маркийн 74-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12 дугаар бүлэг. “Тээврийн хэрэгслийн хурд: 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч З.Түмэнцэцэг, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Маргахгүй. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна” гэсэн, мөн хохирогч З.Т-ийн “Биеийн байдал дунд зэрэг байна. Эмчилгээ үргэлжилж байгаа. Осолд орсноос хойш ажил хийгээгүй. Зундаа Номадст түр ажил хийдэг. Улирлын чанартай. Өвөлдөө гоо сайханчаа хийдэг. Хөдөлмөрийн чадвар алдалт, ажилгүй байсан хугацааны цалин 2020 оны 06 сараас 2020 оны 10 сар хүртэлх хугацааны 6 сарын цалин 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хүүхдийн сургалтын төлбөрийг нэхэмжлэхгүй”  гэсэн,  иргэний нэхэмжлэгч Б.Уянгын “Зүүн мөр жаахан бяцарсан. Зүүн хөл хөхөрсөн. Өөр гэмтэл учраагүй. Одоо миний бие зүгээр, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Э-ын “...тэд нарыг хоолны газраас гарч ирэхэд нь шууд хот руу гарсан ба би машинд явж байхдаа унтаад явсан. Гэнэт намайг сэрэхэд машин бүтэн эргэж байсан ба удалгүй 4 дугуйн дээрээ буухад онхолдсон гэж мэдсэн. Тэгээд намайг тэнд байсан хүмүүс машинаас гаргаж Харрейр маркийн машинаар Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. ...ослын улмаас 9 ширхэг хавирга хугарсан, хугарахдаа уушгиа цоолсон, баруун хөл бүхэлдээ зөөлөн эдийн гэмтэл авсан, толгой өвддөг болсон” гэсэн /1хх 40-43, 115 ху/, хохирогч Б.Э-ийн “...бид нар хоолонд ороод гарч ирэхэд Д жолоо барьсан ба түүний хажууд Нараагийн машинаас түүний охин Уянга  орж ирээд жолоочийн хажууд суусан.  Арын суудал дээр баруун захад Г.Э, би голд нь зүүн захад Т сууж явсан. Тэгээд бид нар Сайншандаас хөдлөөд хамт явсан Харрейр машины ард явсан ба тэр үед би жоохон зүүрмэглэх хооронд сууж явсан машин маань онхолдсон. ...Ослын улмаас миний баруун талын 2 хавирга хугарсан, 1 хавирга цуурсан, бүсэлхийний 1, 2, 3 дугаар нугалмын баруун хөндлөн хугарсан зэрэг гэмтэл авсан” гэсэн /1хх 48-51, 114 ху/, гэрч М.Б-О-ын “...Бид нарыг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэр дээр явж байхад Т.Д эгч манай машины ард явж байсан ба удалгүй миний машинд сууж явсан машиныг гүйцэж түрүүлээд дөнгөж урд гараад онхолдсон. ...Би машинаа 2018 оны 03 дугаар сард Да хүрээ захаас 13 сая төгрөгөөр худалдаж авсан ба худалдаж авахдаа урьдчилгаа 8 сая төгрөгийг нь өгөөд үлдэгдэл 5 сая төгрөгийг лизингээр төлсөн. Одоо миний машин “Инвескор” ББСБ-ын нэр дээр байгаа. Би машиныхаа үлдэгдэл өрийг төлөөд дуусгасан ба өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /1хх 55-56 ху/ мэдүүлгүүд, хохирогч З.Т-ийн биед сээрний 7, 8 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн 2-аар хавирганы хугарал, тархины доргилт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, Б.Э-ийн биед бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун талын 7. 8. 9 дүгээр хавирганы хугарал, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны баруун талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, М.Уянгын биед баруун хөлийн шилбэнд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Г.Энхнямын биед хавсарсан гэмтэл цээжний хөндийн дарагдсан гэмтэл, цээжний баруун тал олон хавирганы далд хугарал, цээжний баруун талын бүрэн бус атлектаз, цээжний баруун болон зүүн хөндий дэх бага зэргийн цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хүнд зэргийн гэмтэл тус тус учирсныг тогтоосон 04/73, 5207, 5204, 5208 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Т.Д-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12 дугаар бүлэг. Тээврийн хэрэгслийн хурд: 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон 10 дугаартай шинжээчийн дүгнэлт,  мөн огцом даялах хөдөлгөөн үйлдсэний улмаас автомашинд хөндлөн шарвалт үүссэнээс замаас гарч осол гарах шалтгаан болсон байх үндэслэлтэй болохыг тогтоосон шинжээчийн 348 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Т.Д-ийн үйлдэл нь хохирогч нарт учирсан гэмтлүүдтэй шалтгаант холбоотой байх бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.

 

           Дорноговь аймгийн прокуророос шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж  заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.

 

Хохирлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Э “...эмчилгээний зардал, эмнэлгийн ор хоногийн зардалд 1.050.000 төгрөг төлсөн. Хэрэв дахиж хагалгаа хийлгэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэвэл гарсан зардлыг төлүүлнэ. Би эмнэлгийн байгууллагаар явж байхдаа гаргасан зардал болох 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд надад 1.000.000 төгрөгийг нь өгсөн. 1.000.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна” гэсэн, хохирогч Б.Э “...эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгсөн байх боловч хохиролтой холбоотой баримтуудыг ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, мөн иргэний нэхэмжлэгч Б.Уянга, М.Бат-Оргил нар нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурьдав.

 

Хохирогч З.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад эм тариа, эмчилгээний зардал 1.864.895 төгрөгийг нэхэмжилж номлох баримтуудыг ирүүлснийг шүүгдэгч төлж барагдуулсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хүүхдийн сургалтын төлбөрийн нэхэмжлэлээсээ татгалзаж, “Зундаа Номадст түр компанид улирлын чанартай ажилладаг байсан” гэж тайлбарлан ажилгүй байсан 2020 оны 04 сараас 2020 оны 10 сар хүртэл хугацааны 6 сарын цалин 6.000.000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаар Nomads tour компанийн ажлаас чөлөөлсөн болон  цалингийн тодорхойлолтууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, эмчлүүлэгчдийн карт зэргийг хэрэгт хавсаргасан байна.

 

Шүүх дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл нотлох баримт шаардлага хангахгүй, дутуу гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, энэ талаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.

 

        Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгааг дурьдах нь зүйтэй.

 

        Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

        2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж,  5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

 

        Шүүгдэгч Т.Д-ийн үйлдэл 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

              Энэ хэрэгт шүүгдэгч Т.Д-ийн 536257 дугаарын жолооны үнэмлэх, М.Б-О-ын 01920475 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан ирүүлснийг эзэмшигч нарт тус тус олгож,  эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Х-н овогт Т-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Даариймаад Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Шүүгдэгч Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч Г.Э-ын 1.000.000 төгрөгийн, Б.Э-ийн 1.000.000 төгрөгийн, З.Түмэнцэцэгийн 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

5.Энэ хэрэгт хураагдсан шүүгдэгч Т.Д-ийн 536257 дугаарын жолооны үнэмлэх, М.Б-О-ын 01920475 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч нарт тус тус олгож, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, иргэний нэхэмжлэгч Б.У, М.Б-О нар нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг, хохирогч Б.Э, Г.Э, З.Т нар нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

           6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА