Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2136000000236 дугаартай,   178/2021/0151/Э/ индекстэй хэргийг 2021 оны 11 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух,аминдаа гэр хоёр, мотоцикл нэг, 426 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1000000 төгрөг,  урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн  2021/ ШЦТ/  124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* ******* ургийн овогт *******ийн ******* 

                 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн нутаг дэвсгэрт байх иргэн К.*******гийн гэрт байхдаа иргэн А.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг гараараа түлхэн нүүрэн тус газар цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхи болон хацар хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Архи ууж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багт  оршин суух, 1984 оны 01 сарын 17-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин,  ПЛ84011713 дугаарын регистртэй /******* *******жан овогт Ауталивийн *******ын  өгсөн...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд сумын нутаг дэвсгэрт К.******* гэдэг айлд очсон. Тус айлд Б.*******,  К.******* болон эхнэр нь гурвуулаа сууж байсан. К.*******гийн задалсан “Соёрхол” нэрийн нэг шил архийг бид 3 хувааж уугаад сууж байгаад Б.******* бид  хоёр  хоорондоо жаахан зүйлээс болж маргасан. Тэгтэл Б.******* миний зүүн нүдэн тус газар баруун гараараа нэг удаа цохиод унагаасан. Тухайн үед К.******* эхнэрийн хамт Б.******* бид хоёрыг  салгасан. Би Б.*******д жаахан чимээгүй даруухан суугаарай гэж хэлтэл тэрнээс болж маргаж намайг зодсон. Миний зүүн талын нүд хөхөрсөн. Би Б.*******гийн биед халдаагүй. Надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 07, 29-30-рт /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч К.*******гийн өгсөн...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А.******* өөрийн машинтай манайхаас хуц авах гэж ирсэн. Тэгээд бид хоёр сумын төв ороод  дэлгүүрээс нэг нэг ширхэг архи аваад хөдөө гарсан. Замдаа манай гэрийн наана Б.******* гэдэг залуу мал хариулаад  явж байхаар нь бид  хоёр түүнийг  дуудаж бид 3 тэнд нэг шил архийг хувааж уугаад А.******* бид 2 манай гэрт ирсэн. Бид 2 гэрт ирээд үлдсэн нэг шил архийг гаргаж задалж уугаад сууж байтал гаднаас Б.******* орж ирсэн. Гэтэл А.******* Б.*******д чи муу гуйлгачин юу хайгаад явж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үгнээс болоод Б.******* А.*******ыг нүүрэн  тус газар нь нэг удаа гараараа цохичихсон. А.******* тухайн үед цохиулаад хойшоо унахаар нь манай эхнэр бид  хоёр  Б.*******г  бариад манай эхнэр яв гэж загнатал Б.******* гэрээс гараад мотоциклоо унаад явчихсан. Хоёрхон шил архи уусан. Нэг  их согтуу байгаагүй. Б.******* бүр сүүлийн архинаас уугаагүй  байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 672 дугаартай...А.*******ын биед гэмтэл учирсан байна. ...А.*******ын биед  зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн хацар хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. А.*******ын биед  биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.  А.*******ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. А.*******ын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр малаа хариулаад явж байтал зам дээр цагаан өнгийн жижиг машин зогсоод намайг дуудахаар нь очсон чинь К.*******й, А.*******  хоёр байсан.  Намайг буугаад ир гэхээр нь мотоциклоо данхраадчихаад очиход А.******* нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд задалсан. Тэгэхээр нь би мал явчихлаа гэж хэлээд босоод  явчихсан. Тэгтэл тэр бас хөдөлж байсан. Би малаа эргүүлчихээд К.*******гийн гэрт очиход А.*******, К.******* 2 архи уугаад сууж байсан. Тэгтэл А.******* над руу “чи муу гуйлгачин минь яах гэж ирсэн юм, чиний аав чинь гуйлгачин байсан” гээд байсан. Би гэрээс  гараад явах гэтэл А.******* намайг татаад суулгачихаад дахин гуйлгачин гэж хэлээд  байхаар  нь уур хүрээд нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон....гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо  агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн нутаг дэвсгэрт байх иргэн К.*******гийн гэрт иргэн А.*******, К.******* нарын хамт архи ууцгаасан. Иргэн А.*******ын  “чи муу гуйлгачин минь яах гэж ирсэн юм, чиний аав чинь гуйлгачин байсан” гэж хэллээ гэж хэлсэн үгэнд Б.******* уурлаж А.*******ын нүүрэнд гараараа цохиж,  зүүн нүдний дээд, доод зовхи болон хацар хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч А.Асыболын биед зүүн нүдний дээд, доод зовхи болон хацар хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учирсан,   “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар тухайн гэмтэл  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох шинжээчийн 672 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч А.*******ын эрүүл мэндэд шүүгдэгч Б.Сайлаубагийн  нүүрэнд гараараа цохисны улмаас үүссэн хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч А.*******ын нүүрэн тус газарт гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч дээрхи гэмтэлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч А.*******ын “чи муу гуйлгачин минь яах гэж ирсэн юм, чиний аав чинь гуйлгачин байсан” гэж хэллээ гэж уурлан түүний нүүрэнд гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...  зүүн нүдний дээд, доод зовхи болон хацар хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий гэмтэл ... учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан байсан нь хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******г согтууруулах  ундаа хэрэглэсэн үедээ  гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэг учрал болох үед хохирогч, шүүгдэгч  нар  нь согтуу байсан,  хохирогч нь шүүгдэгчийг ... “чи муу гуйлгачин минь яах гэж ирсэн юм, чиний аав чинь гуйлгачин байсан” гэж хэлсэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалгаан болжээ. 

Прокурор нь шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын  хэргийг  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалган тогтоосон,  шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан   нөхбөл байдал нь  шүүх хуралдаанаар тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.******* нь ...  Надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 07, 29-30-рт /  өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь хохирогчид 200000 төгрөг  төлсөн гэж мэдүүлж байх тул   бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 2021/ ШЦТ/ 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нь хэргийн 39 дүгээр хуудас дахь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хэргийн 43- 47 дугаар хуудас дахь 124 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, орлогын  2 удаагийн мэдүүлгээр 500000 төгрөгний  торгууль төлсөн гэх баримтаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч Х.*******ийн өгсөн... Б.******* нь тогтуун томоотой, даруухан хүнд тусархуу сайн залуу, 10 жилийн боловсролтой.  Бага зэрэг түргэн ууртай. Одоо Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт эхнэр 4 хүүхдийн хамт мал маллаж амьдарч байгаа. Сарын тогтсон орлогогүй...гэх мэдүүлэг,  гэрч Б.Батимагийн өгсөн...Манай дүү Б.******* нь тогтуун томоотой даруухан хүнд тусархуу сайн залуу байгаа юм. Б.******* нь 1987 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн ...гэх мэдүүлэг   авагдсан байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.******* нь хохирогчид 200000 төгрөгний хохирол төлсөн байх тул   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн нутаг дэвсгэрт байх иргэн К.*******гийн гэрт байхдаа иргэн А.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг гараараа  нүүрэн тус газар нь  цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхи болон хацар хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******г зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналтай гэв.

Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн  хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа. Улсын яллагчийн санал болгосон  зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун наян мянган төгрөгөөр торгох ялыг  хүлээн зөвшөөрч байгаа.  Шүүгдэгчийн хувьд  бага насны хүүхдүүд эхнэрийн хамт мал маллаж амьдардаг. Торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх саналтай. Эхний 5 сард сар бүр 50000 төгрөгийг төлнө. 6 дахь сард нь үлдсэн 430000 төгрөгийг төлөх саналтай байгаа. Учир нь ноолуур гарах үеэр торгуулиа төлөх хүсэлтэй байгаа гэв.

Шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид учирсан хохирол төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийг өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт, шүүгдэгчийн “ мал маллаж орлого олдог”  гэх хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуудахгүйгээр  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан  зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан  зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 680000 төгрөгийн торгох ялыг эхний  5 сард нь сар бүр 50000 төгрөг, 6 дахь сард 430000 төгрөгөөр  тус тус  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******г зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун наян мянган  төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан  680000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд эхний 5 сард нь 50000 төгрөг, 6 дахь сард 430000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2136000000236 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д тайлбарласж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА