| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/00470/И |
| Дугаар | 00607 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00607
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Хаан банкны ард тооцооны төвд байрлах Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг 21-554 тоотод оршин суух Ховдын тариачин овогт Жанчивдоржийн Дашзэвэг /РД:ЙМ52022814/-т холбогдох,
илүү олгосон хадгаламжийн хүүний төлбөрт 828 166 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Илүү олгосон хадгаламжийн хүүний төлбөрт 828 166 төгрөг гаргуулж өгнө үү “ гэжээ.
Хариуцагч Ж.Дашзэвэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие 2015.11.02-нд тус Хаан банкинд хугацаатай хадгаламж нээлгэж 17,0 сая төгрөгийг 2016 оны 4-р сард авсан юм. Энэ үед Хаан банкны Ард дахь салбарын теллер хүүг илүү олгосон гэсэн үндэслэлээр уг хүүг илүүг эргүүлж нэхэмжилж шүүхэд хандсан байна. Энэ талаар уг салбарын захиралтай уулзаж эвлэрэн тохиролцсон болно. Би сард 250 000 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг өөр орлого байхгүй юм. Тохиролцсоны дагуу нэхэмжилсэн мөнгөнөөс зөвхөн хүү болох 828 166 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сараас эхлэн тэтгэвэрээсээ сар бүр 30 000 төгрөгийг /сар бүрийн 5-нд/ төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь илүү олгосон хадгаламжийн хүүний төлбөрт 828 166 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Ж.Дашзэвэг нь 2016.04.24-ний өдөр Хаан банкны ард тооцооны төвөөс 5033452012 тоот хадгаламжийн дансаа хаалгахаар гүйлгээ хийлгэх явцад буцаан суутган авах байсан хүү буюу 11,2 хувьд ногдох 828 166 төгрөгийг теллер буруу тооцон илүү олгож явуулсан болох нь хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага 828 166 төгрөгийг хариуцагч Ж.Дашзэвэг нь 4 дүгээр сараас эхлэн тэтгэвэрээсээ сар бүр 30 000 төгрөгийг /сар бүрийн 5-нд/ төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.5 дахь хэсэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг хариуцагчаас гаруулахаар шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хаан банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 828 166 төгрөгийг хариуцагч Ж.Дашзэвэг нь 2017 оны 4 дүгээр сараас эхлэн тэтгэвэрээс сар бүр 30 000 төгрөгөөр /сар бүрийн 5-нд/ төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Дашзэвэгээс 12 213 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 12 213 төгрөгийг тус тус гаргуулж Хаан банкинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.02.07-ны өдөр төлсөн 24 426 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ