Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 00638

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

       Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, ХАА-30 байр, 4 тоотод байрлах “Чойжин брос” ББСБ-ын нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон 5 дугаар байр, 30 тоотод оршин суух Боржигин овогт Мягмаржавын Баярсайхан /РД:УК57042518/-д холбогдох,

        зээлийн гэрээний үүрэгт 146 685,00 ам доллар буюу 332 969 717 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2013.01.09-ний өдрийн ЗГ120703-2 тоот зээл ба барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Махбал, түүний өмгөөлөгч Б.Бат-Энх, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:   

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Махбал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч М.Баярсайхан нь 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 30.000 ам доллар, 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 17.800 доллар, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 9200 ам доллар нийт 57.000 ам доллар зээлж авсан. Бид зээлдэгчийг таньдаг учраас зээлийн гэрээг батаглгаажуулах барьцааны гэрээ хийх шаардлага тавиагүй. Анх авахдаа 3 сарын хугацаатай авч эргүүлээд өгнө, яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж авсан. Дараа нь алтны орд зарагдвал зээлийг бүрэн төлнө гэж хэлээд мөнгө байвал дахиад өгөөч гэж хэлээд авсан. Зээлийн хүүгээ сар бүр төлөхгүй байхад нь бид зохих журмаар нэхэмжлэх эрхтэй байсан ч зээлдэгчийг зээлээ төлнө гэж хүлээцтэй хандсан. Манай байгууллага авах ёстой зүйлээ авч чадаагүй хохирсон ч бид хоорондоо харилцаатай байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл өгсөн үеэс хойш зан байдал нь өөрчлөгдөж шүүхээр шийдвэрлэхээс өөр аргагүй болсон. Иймд нийт тооцоо 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 155.463 ам доллар нэхэмжилж шүүхэд хандсан. Сая ярилцсаны үндсэн дээр би өөрийн эрх мэдлийн хүрээнд нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох боломжтой. Ингээд нийт нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 140.000 долларыг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Манайх тухайн үед доллар өгсөн учраас доллароо доллароор нь авъя гэж байгаа гэв. 

     Хариуцагчийн төлөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага 57.000 доллар байгаа. Нэхэмжлэгчийн хэлснээр 30.000 доллар, 9200 доллар, 17.800 ам долларуудыг тодорхой хугацаатай зээлж 57.000 доллар болсон байдаг. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлийг эргүүлж төлөөгүй бол гэрээнд зааснаар зээлдүүлэгч үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж болно гэж заасан. Тийм учраас нэмэгдүүлсэн хүү 20 хувиас хэтрүүлээгүй байх гэж шалгатал нэмэгдүүлсэн хүү болох 17.594 ам доллар хуулийн шаардлагаар тооцож үзвэл 72.01 ам доллар болж байгаа. Үүний 20 хувь нь 14.418.2 ам доллар буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тооцсон нэмэгдүүлсэн хүүгээс 3175 ам доллараар бага гарч байна. Мөн үндсэн зээл болох 57.000 ам долларын үндсэн зээлийн гэрээний 1.2.7-д зааснаар 0.2 хувийн шимтгэл тооцож олгох ёстой байсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан материал шимтгэл суутгагдсан эсэх, суутгасан бол хэрхэн хэдэн ам доллароор суутгасан нь тодорхойгүй. Хэрэв шимтгэл суутгасан бол нэхэмжлэлийн үнийн дүн болон хүү нэмэгдүүлсэн хүү бүх зүйлд нөлөөлөх учраас ач холбогдолтой зүйл юм. Талуудын хооронд байгуулсан 2013 оны  4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ 1207033 тоот нэмэлт гэрээний хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр болгож өөрчилж гэрээний 3 дахь заалтад өмнө нь байгуулсан зээл, барьцааны гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн. Үүнээс үзэх юм бол зээлийн гэрээнээс хүү бодогдох хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш бодогдохоор байгаа. Ингэж бодохоор үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол өөрчлөгдөнө. Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага 146.685 ам доллар дээр зээлийн хүү 8.778 долларыг 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нэмэгдүүлж 155.463 ам доллар болж байгаа. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар ББСБ болоод түүний зээл өгөх үйл ажиллагаа барьцаа зээлийн хувийн хэрэг зээлийн хугацаа, хугацаа хэтрэлт барьцаа гэсэн зүйлүүдийг зохицуулсан байдаг. Ханш түүний өөрчлөлтийн талаар энэ хуулиар зохицуулаагүй. Тиймд ерөнхий хууль болох Иргэний хуулийн холбогдох заалт болох 218.1 дэх заалтыг барихаас өөр сонголт байхгүй учраас гэрээ байгуулагдсан өдрийн ханш буюу 1348.84 төгрөгөөр тооцож үзвэл 209.694.712 төгрөг болохоор байгаа. Үндсэн гэрээний 3 дугаар зүйлд Хаан банкны тухайн үеийн тогтоосон ханшаар төгрөгөөр шилжүүлнэ гэж заасан. Энэ гэрээ анхнаасаа доллароор шилжүүлсэн, буцааж авахдаа доллароор авна гэсэн гэрээ байгаагүй. Нэхэмжлэгч тал шүүхэд 57.000 ам долларыг 155.642 доллар болж нэмэгдсэн талаар  зээлийн тооцоолол, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү бодсон аргачлалаа өгөөгүй тул бидний тооцоогоор 209.694.712 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн болон барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь  талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Б.Хөлөгөний нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 15 жилийн хугацаанд эзэмшүүлэх эрхийн гэрчилгээтэй, 0,7 га 2 газар, мөн М.Баярсайханы нэр дээр байдаг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт зусланд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмшүүлэх эрхийн гэрчилгээтэй 2 газрыг тус тус барьцаалж зээлийн гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан заалтыг зөрчиж байгуулсан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6,  38 дугаар зүйлийн 38.1, 38.5-д заасан шаардлагуудыг зөрчсөн байна. ББСБ-ын үйл ажиллагаанд зайлшгүй мөрдөгдөх шаардлагатай Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт заавал бүртгүүлэх ёстой байсан. Иймд 2013 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн зээл ба барьцааны нэмэлт гэрээний барьцааны хэсгийг  хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодотгож барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэсэн шаардлагаа өөрчилж бүхэлд нь биш барьцааны гэрээний 2.1 дэх заалт барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгаа гэсэн байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргахгүй гэдгээ өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Анх зээл олгохдоо 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээний дагуу байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн эрхийн  улсын бүртгэлийн газарт бүртгүүлж баталгаажуулсан хуулийн шаардлага хангасан байгаа учраас барьцаагаар үүргийг хангуулна гэдэг асуудал хэвээрээ. Сүүлд нэмэлт зээл авсантай холбогдуулж нэмэлт барьцааны гэрээгээр барьцаа бариулсан байдаг. Нэмэлт болгосон барьцаа хөрөнгүүд нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай зуслангийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй 4 айлын зориулалттай газрыг барьцаалуулсан. Газрын тухай хуульд зааснаар газрыг барьцаалуулж болохоор зохицуулалт байгаа, барьцаалагч барьцаалуулагч хоёрын хоорондоо тохирч шийдвэрлүүлэх асуудал байсан.  Энэ үүднээс зээлдүүлэгч буюу банк бус санхүүгийн байгууллага нь тухайн хүнд итгэлийн үндсэн дээр нэмэлт мөнгө олгосонтой холбогдуулж нэмэлт барьцаа бариулсан. Нэмэлт болгосон барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай зуслангийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй 4 айлын зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалуулсан боловч итгэлийн үндсэн дээр бүртгүүлээгүй нь үнэн учраас энэ талаар бид маргах зүйлгүй гэв.

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч “Чойжин брос” ББСБ нь зээлийн гэрээний үүрэгт 146 685,00 ам доллар буюу 332 969 717 төгрөгийг хариуцагч М.Баярсайханаас гаргуулахыг шаардсан, харин хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үндсэн зээл болон зээлийн хүүг 2012 оны Монгол банкны ханшаар тооцохыг хүссэн байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Баярсайхан нь 2013.01.09-ний өдрийн ЗГ120703-2 тоот Зээл ба барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн хүүд 8 778.00 ам долларыг нэмж нэхэмжилсэн байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Чойжин брос” ББСБ нь анх 2012.07.30-ны өдөр зээлийн гэрээг хариуцагч М.Баярсайхантай байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 30 000 ам долларыг зээлдүүлсэн, мөн  2012.07.30-ны өдрийн ЗБ120703 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр гудамжны 40 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

            Хариуцагч М.Баярсайхан нь 2013.01.09-ний өдрийн ЗГ120703-2 тоот Зээл ба барьцааны нэмэлт гэрээгээр 17 700 ам долларыг, 2014.01.27-ны өдрийн ЗГ120703-4 тоот зээлийн нэмэлт гэрээгээр 9 200 ам долларыг нэмж зээлсэн байна.  

Талууд харилцан тохиролцож 2012.07.30-ны өдөр байгуулсан ЗГ120703 тоот зээлийн гэрээний хугацааг 2012.10.30-ны өдрийн ЗГ120703-1 тоот зээлийн нэмэлт гэрээгээр 2012.10.30-ны өдрөөс 2013.04.30-ны өдрийг хүртэл, 2013.04.30-ны өдрийн ЗГ120703-3 тоот зээлийн нэмэлт гэрээгээр 2013.04.30-ны өдрөөс 2014.04.01-ний өдрийг хүртэл сунгаж өөрчилсөн байна.

            Шүүх хуралдааны явцад М.Баярсайхан нь “Чойжин брос” ББСБ-тай 5 удаа зээлийн гэрээ байгуулсан, нийтдээ 57 000 ам доллар зээлж авсан, зээлийн хүүд 20 640 ам долларыг төлсөн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүү 17 594 ам доллараас татгалзаж, зээлийн үлдэгдэл 57 000 ам доллар, зээлийн хүү 80 869 ам доллар /72091+8778/ нийтдээ 137 869 ам долларыг нэхэмжилсэн боловч төлбөр гүйцэтгэх долларын ханшны талаар талууд маргасан болно.

           Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу  57 000 ам долларыг М.Баярсайханд шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал доллар зээлдүүлсэн гэх үндэслэлээр төлбөрийг доллараар гүйцэтгүүлэхийг хүссэн боловч  Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр төлөх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож  төлбөрийг төлнө гэж заажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч тал Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага 155 463 ам долларыг /үндсэн зээл 57 000+зээлийн хүү 80 869+нэмэгдүүлсэн хүү 17 594/ үүрэг үүсэх үеийн ханш буюу 1348.84 төгрөгөөр тооцож нийтдээ 209 694 712.92 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

2013.01.09-ний  өдрийн ЗГ120703-2 тоот зээл ба барьцааны нэмэлт гэрээгээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6 дахь хэсэгт “...энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно”, 38.5 дахь хэсэгт “...газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасныг зөрчиж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт зусланд гэр бүлийн хэрэгцээний газар 3 газар, хувийн байшинг барьцаалсан байна.

Иймд 2013.01.09-ний өдрийн ЗГ120703-2 тоот зээл ба барьцааны нэмэлт гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэр бүхий 4 барьцааны зүйлийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн зардлыг хангасан хэмжээгээр тооцож 1 206 423.56 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 283 000 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 089 818 төгрөг, хариуцагчийн төлсөн 283 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар М.Баярсайханаас 155 463 ам доллар буюу 209 694 712.92 төгрөг төгрөг гаргуулж “Чойжин бросс” ББСБ-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 143 201 633.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

   2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар 2013.01.09-ний өдрийн ЗГ120703-2 тоот зээл ба барьцааны нэмэлт гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт зусланд гэр бүлийн хэрэгцээний газар 3 газар, хувийн байшинг барьцаанаас чөлөөлсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Баярсайханаас 1 206 423.56 төгрөгийг гаргуулж “Чойжин бросс” ББСБ-д, нэхэмжлэгчээс 283 000 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 089 818 төгрөг, хариуцагчийн төлсөн 283 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

  

                                  ДАРГАЛАГЧ                                      Д.ЭНХЦЭЦЭГ