Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 56А

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,

 нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга,

 улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дүүрэнбилэг,

 иргэдийн төлөөлөгч М.Б,

 шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: Аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 201610000069 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Адъяасүрэнгийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

 

Д.О

 

Шүүгдэгч Д.О нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Олон-Овооны 1 дүгээр гудамжны хойд талд 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр иргэн Ч.Б-г хутгалж хүнд  гэмтэл  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр:/

 

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт: Б бид хоёр дугуй янзална гээд Ганцоожийнд очсон. Тэгээд наашаа Сэргэлэнцогтын гэрээс гараад Г-ийн хашааны ард ирснээ ч мэдээгүй. Цогюүрэн хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Б бид хоёр тоглоод л тэгсэн. Намайг хутгалчихлаа л гэсэн, хутгалснаа ч мэдээгүй гэв.

           Хохирогч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... О-ийн гутланд нь чулуу орчихсон юм шиг байна гээд суугаад баруун хөлийн гутлаа тайлахад том хүрэн өнгийн иштэй хутга гарч  ирсэн. Би тэгэхээр нь чи хутганд хөлөө эсгэчихвийдээ гэж хэлэхэд чамайг дүрчихвэл яадаг юм бэ гэж хэлээд шууд босч ирээд миний зүүн хэвлийн тус газарт хүрэн өнгийн иштэй хутгаараа нэг хутгалсан. Цогюүрэн, Одгэрэлд чи хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр намайг Ганцоожийн хашаанд оруулаад амбаарын хажууд аваачиж хэвтүүлээд дээл тайлаад бүсээр миний гэдсийг ороосон. Тухайн үед Одгэрэл найзыгаа уучлаарай, би хутгалья гэж бодоогүй гээд байсан. Одгэрэл бид 2 тухайн үед хэрэлдэж муудсан, маргалдсан, зодолдож, цохилдсон зүйл бол огт байхгүй, урьд өмнө өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй, ямар шалтаг шалтгаанаас болж намайг хутгалсныг сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-н 38-40/,

            Хохирогч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: Одгэрэлд хутгалуулж Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж хэвтэхэд 312 420 төгрөг, хэвтрийн памперс 3600 төгрөг, дэвсгэрийн памперс 3200 төгрөг, бинт 9100 төгрөг, оёдолын наалт 11600 төгрөг, уян зүү 3000 төгрөг, нэг удаагийн резинэн бээлий 1 хайрцаг 12 500 төгрөг, эмний мөнгө 7200 төгрөг, миний дүү Эрдэнэтуяа Даланжаргалан сумаас ирэхдээ 41 000 төгрөгөөр бензин авсан, Эрдэнэтуяа 60 000 төгрөг шилжүүлсэн, тэр мөнгөөр хоол цай зөөсөн, таксины мөнгө, төрсөн дүү Оюунтуяагийн нөхөр Даваадалай вагоноор Даланжаргалан сум Олон-Овооруу явсан зардал 4150 төгрөг, нийт 467 770 төгрөгний зардал гарсан. Энэ эмчилгээний зардалаа гаргуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 2 дугаар сарын 29-ний 14 цаг өнгөрч байсан. ... хашааны гаднаас Цогюүрэн намайг дуудсан. Тэгэхээр нь  би гэрийн гадаа гарахад Цогюүрэн Баасансүрэнг барьчихсан араас нь Одгэрэл дагаад орж ирсэн. Тэгээд гэрт орох гэхээр нь би нялх хүүхэд байгаа гээд амбаарын урд хэвтүүлсэн. Баасансүрэнгийн зүүн талын хэвлийн тус газраас цус гарсан дээлийг нь тайлахад зүсэгдэж хатгагдсан байсан. Цогюүрэн, “Одгэрэл Баасансүрэнг хутгалчихсан” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-н 44-45/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... амбаарын урд дээш харуулаад Баасансүрэнг хэвтүүлчихсэн байсан. Энгэрийг нь ярахад цус болчихсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

Гэрч Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 02 сарын 29-ний өдөр Даланжаргалан суман дээр явж байгаад нутгийн иргэд болох Одгэрэл, Баасансүрэн нартай тааралдсан. Бид 3 Даланжаргалангаас Олон-Овоо 5 дугаар багт мотоцикльтой очсон. Тэнд Ганцоож гэх айлынд ороод тэндээсээ Одгэрэл бид 2 Сэргэлэнцогтынд очсон. Удалгүй Баасансүрэн араас нь ирсэн. Тэгээд тэр айлд 1 шил 0,5 литр архи хувааж уусан. Сэргэлэнцогтын гэрээс гараад бид 3 мотоцикль байсан айлд очих гээд явж байсан юм. Би Одгэрэл, Баасансүрэн хоёрын голд явж байсан. Тэгсэн Одгэрэл миний өмнүүр тонгойгоод ороод ирсэн. Баасансүрэнг хутгалчихлаа гэж хэлсэн. Би Баасансүрэнг аваад мотоцикль байсан айлын хашаанд ороод дээш харуулж хэвтүүлээд бүсийг нь тайлж үзэхэд цус гарсан, гэдэс нь томбойгоод гарчихсан байсан. ... Одгэрэл гутлын түрийнээсээ хутга гаргаж ирсэн байх, би хутгалсныг нь хараагүй. Одгэрэл тонгойгоод гар нь яваад л хальт Баасансүрэнд хүрэх шиг болсон. Хутгалчихна гэж би санаагүй, Баасансүрэнгийн гэдсийг л хараад мэдсэн гэсэн мэдүүлэг / хх-54-55/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Ч.Баасансүрэнгийн биед хэвлийн өмнөд ханын артер гэмтээсэн хэвлий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. / хх-н 59/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2291 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Баасансүрэнгийн гэх цусанд 1,3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1,3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх-н 66/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2292 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Одгэрэлийн гэх цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2,3 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. / хх-н 68/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-4/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт /хх-н 32-33/,

            Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-121-130, 134/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 105-106/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Д.Одгэрэл нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Олон-Овооны 1 дүгээр гудамжны хойд талд хохирогч Ч.Баасансүрэнг хутгалж танхайн сэдэлтээр хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу  олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох хохирогч Ч.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Одгэрэлийн гутланд нь чулуу орчихсон юм шиг байна гээд суугаад баруун хөлийн гутлаа тайлахад том хүрэн өнгийн иштэй хутга гарч  ирсэн. Би тэгэхээр нь чи хутганд хөлөө эсгэчихвийдээ гэж хэлэхэд чамайг дүрчихвэл яадаг юм бэ гэж хэлээд шууд босч ирээд миний зүүн хэвлийн тус газарт хүрэн өнгийн иштэй хутгаараа нэг хутгалсан. Цогюүрэн, Одгэрэлд чи хүн хутгалчихлаа гэж хэлсэн.....” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Ганцоожийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 2 дугаар сарын 29-ний 14 цаг өнгөрч байсан. ... Баасансүрэнгийн зүүн талын хэвлийн тус газраас цус гарсан дээлийг нь тайлахад зүсэгдэж хатгагдсан байсан. Цогюүрэн Одгэрэл Баасансүрэнг хутгалчихсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,  Гэрч Г.Цогюүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Би Одгэрэл Баасансүрэн 2-н голд явж байсан. Тэгсэн Одгэрэл миний өмнүүр тонгойгоод ороод ирсэн. Баасансүрэнг хутгалчихлаа гэж хэлсэн. Би Баасансүрэнг аваад мотоцикль байсан айлын хашаанд ороод дээш харуулж хэвтүүлээд бүсийг нь тайлж үзэхэд цус гарсан, гэдэс нь томбойгоод гарчихсан байсан. ... Одгэрэл гутлын түрийнээсээ хутга гаргаж ирсэн байх, би хутгалсныг нь хараагүй. Одгэрэл тонгойгоод гар нь яваад л хальт Баасансүрэнд хүрэх шиг болсон. Хутгалчихна гэж би санаагүй, Баасансүрэнгийн гэдсийг л хараад мэдсэн гэсэн мэдүүлэг,  Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Ч.Баасансүрэнгийн биед хэвлийн өмнөд ханын артер гэмтээсэн хэвлий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2292 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Одгэрэлийн гэх цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2,3 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Одгэрэл нь ямарч шалтгаангүйгээр хохирогч Ч.Баасансүрэнг илтэд үл хүндэтгэн,хүний халдашгүй байх, амьд явах эрхэд халдаж хутгалсан болох нь хохирогч Ч.Баасансүрэн, гэрч Г.Цогюүрэн нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул гэмт үйлдлийн сэдэлт нь танхайн шинжийг агуулж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Боржигон овогт Доржбалын Одгэрэлийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Одгэрэлийнцагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Хохирогч Ч.Баасансүрэнгийн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “ гомдол саналгүй,нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Д.Одгэрэлийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй, нийт 24 см урт, ажлын хэсэг 13 см урт, бариул 11 см урт хутгыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь шүүгдэгч,хохирогч,гэрч Г.Цогюүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хуульд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Одгэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаархорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, ял шийтгэл эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржбалын Одгэрэлийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одгэрэлийг  4 жил 9 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одгэрэлд оногдуулсан 4 жил 9 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одгэрэлийн цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5.Шүүгдэгч Д.Одгэрэл нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй, нийт 24 см урт, ажлын хэсэг 13 см урт, бариул 11 см урттай  хутгыг устгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Одгэрэлд урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                     Х.ГАНБОЛД

                                                                                          

                                    ШҮҮГЧИД                                     Д.АДЪЯАСҮРЭН

 

                                                                                          А.ЦЭРЭНХАНД