Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2017/00029

 

      “Наран өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны

    нэхэмжлэлтэй, Л.Оюунтунгалагт холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, хариуцагч Л.Оюунтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 138/ШШ2017/00646 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор “Наран өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Л.Оюунтунгалагт холбогдох Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардал 214650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч "Наран Өргөө" Сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Сууц өмчлөгчдийн холбоо нь Хэрлэн сумын 7 дугаар багийн харъяа 44 дүгээр байрны дундын өмчлөлийг хариуцан ажилладаг. Тус холбооны харъяа 44 дүгээр байрны 10 тоотод оршин суух Л.Оюунтунгалаг нь сар бүр төлөх ёстой засвар үйлчилгээнийхээ төлбөрийг 2012 оны 11-12 сараас эхлэн 2017 оны 3 сар дуустал хугацаанд огт төлөөгүй байгаа учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Л.Оюунтунгалаг нь 2012 оны 11-12 сарын төлбөр 8100 төгрөг, 2013 оны төлбөр 48600 төгрөг, 2014 оны төлбөр 48600 төгрөг, 2015 оны төлбөр 48600 төгрөг, 2016 оны төлбөр 48600 төгрөг, 2017 оны 1-3 сарын төлбөр 12150 төгрөгийг буюу нийт 214650 төгрөгийг төлөөгүй байх тул Л.Оюунтунгалагаар төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийг төлөөлж “Наран Өргөө“  Сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодогч ажилтай Ц.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Оюунтунгалаг нь 2012-2017 оны 3 сар дуусталх хугацааны төлбөрийг төлөхгүй шалтгаанаа тагтны дээрээс ус гоождог гэж хэлдэг. Гэтэл тагт бол сууц өмчлөгчдийн өөрсдийнх нь өмч бөгөөд дундын өмчлөлийн зүйлд ордоггүй. Гэхдээ олон жил гоожсон нөхцөл байдлыг нь харгалзаад бид 2012 он хүртэлх зардлаас эднийд шаардлагатай засварын мөнгийг нь хасч тооцож байсан. 44 дүгээр байр бол шувуун оройтой байр бөгөөд ус зайлуулах хоолойг байрлуулаагүйгээс энэ айлын тагтны дээрээс ус гоождог. Тагт бол дундын өмчлөлийн зүйлд хамаардаггүй учраас манайд хамааралгүй, харин уг байрны 1 дүгээр орцонд шаардлагатай засвар үйлчилгээг жилдээ нэг удаа хийдэг. СӨХ бол сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний сар бүр төлдөг төлбөрөөс санхүүждэг байгууллага. Энэ төлбөрийг сууц өмчлөгч өгөхгүй бол засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байдаг. Иймд иргэн хүн сууц өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 147 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу сар бүр төлөх ёстой зардлаа төлж байж СӨХ ажиллах нөхцөл бүрдэнэ. Харин СӨХ шүүхэд нэхэмжилсэн 2012 оны 11-12 сар, 2013, 2014 онуудын засвар үйлчилгээний зардал болох 105300 төгрөгийг шүүхэд нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 2015 оны төлбөр 48600, 2016 оны 48600, 2017 оны 1-3 саруудын төлбөр 12150 төгрөг буюу нийт 109350 төгрөгийг хариуцагч Л.Оюунтунгалагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Оюунтунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 44 дүгээр байрны 10 тоотод 2008 оны өвлөөс эхэлж амьдраад 8 жил болж байна. 2009 оны зунаас эхлээд тагтны дээврээс бороо орохоор ус гоожиж эхэлсэн. Намар нь СӨХ-ны дарга Г.Алимаад хэлж гэртээ оруулж үзүүлсэн бөгөөд зохих газруудтай нь уулзая, барилгын компанитай нь уулзая гэж хэлээд гарсан боловч одоо болтол арга хэмжээ авч өгөлгүй 3 даргын нүүрийг үзэж байна. Миний тавьсан хүсэлт бол борооны ус зайлуулах төмөр хийлгэж өгөөч гэсэн боловч тавьж өгөөгүйгээс одоо болтол борооны ус гоожиж, ая тухтай амьдрах боломжийг маань хааж, өч төчнөөн хохирол учруулж байна. СӨХ манай орцонд ямар ч засвар үйлчилгээ хийдэггүй. Манайх СӨХ-ны төлбөрийг огт төлдөггүй биш, 2008 оноос орсон цагаасаа хойш төлсөн. СӨХ-ны зүгээс манайд тагтны дээвэрт ус зайлуулах төмөр хийлгэж өгөөгүй учраас би 2012 оны 11 сараас эхэлж төлбөр төлөөгүй. Ингээд би 2011, 2013 онуудад Мэргэжлийн хяналтын газарт хандаж акт гаргуулсан. СӨХ-ийг тагтны дээвэр дээр засавр үйлчилгээ хийх ёстой гэсэн дүгнэлт гарсан. Иймд СӨХ энэ ажлаа хийж, манай хохирлыг барагдуулсан цагт би иргэнийхээ үүргийг биелүүлж төлбөрөө төлнө. Одоо бол нэхэмжлээд байгаа төлбөрийг төлж чадахгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 138/ШШ2017/00646 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д тус тус зааснаар хариуцагч Л.Оюунтунгалагаас 2015, 2016, 2017 оны 01-03 саруудын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 109350 /нэг зуун есөн мянга гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Наран Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгч “Наран Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2012 оны 11-12 сар, 2013, 2014 онуудын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 105300 төгрөгийг хариуцагч Л.Оюунтунгалагаас нэхэмжлэхээс татгалзсаныг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7090 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Л.Оюунтунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Наран Өргөө" Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо: Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 138/ШШ2017/00646 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж, буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь манайх орон сууцны 5 дугаар давхарт байрладаг. Би 1-4 давхарт амьдраад дээврээс ус гоождоггүй бол СӨХ-ны мөнгийг өгнө. Би энэ орон сууцанд ороод мөнгөө төлж байсан. Үнэхээр аргагүй байдал болж дээврээс тагт руу ус гоожоод хүн амьдрах орчин нөхцөлгүй болоод, сүүлийн жилүүдэд мөнгийг төлөөгүй. Би шалтгаангүй төлөөгүй биш. Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хүртэл 2 удаа гаргуулсан. Энэ акт тогтоолгосон дүгнэлт хүртэл хүчингүй гэж үү.

2. Нотлох баримтыг үнэлж дүгнээгүй. Анхан шатны шүүхэд өгсөн зураг баримтыг хавсаргасан боловч дүгнэж үзээгүй. Би 109350 төгрөгөөс илүү нотлох баримтыг хавсаргасан гэж үзэж байна. Тааз шохойдсон, одоо мөөгөнцөр үүссэн. Хүн амьдрах нөхцөл алга, эрүүл мэндээр хохирч байна. 2 давхар хулдаасаар хулдаасласан. Одоо тэр хулдаас урагдаад тасраад, нороод, мөөгөнцөр үүсээд дуусч байна. Дээврийг СӨХ хариуцдаг, дээврээр дамжиж тагт руу ус гоожоод 8 жил болж байна. Ус гоожоод байхад би мөнгөө өгч байсан. Одоо би өгч чадахгүй. Хуулийг буруу тайлбарлаад надаас мөнгө гаргуулж байгааг би үндэслэлгүй гэж үзж байна. Мэргэжлийн хяналтын акт, дүгнэлт гараад СӨХ-ны дарга асан Г.Алимаа, н.Амгалантөгсбаатар нарыг гэртээ оруулж харуулахад бид засч өгье, дээврийн хаялага төмөр, хучлага, хар цаас наая гэж хэлээд л одоо болтол чимээгүй болсон /2011, 2012 онд/ Би тэр үеэс л мөнгөө өгөөгүй. ... Би санаатайгаар СӨХ-д мөнгөө төлөөгүй, иргэний үүргийг буруугаар ашиглаж байгаа иргэн биш гэдгийг хэлье. Харин СӨХ манай 44 дүгээр байранд яг юу хийсэн бэ? Юу ч хийгээгүйг би 2008 оны 12 сарын 3-наас одоог хүртэл хэлж чадна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Наран-Өргөө“ сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Л.Оюунтунгалагаас / Хэрлэн сумын 7 дугаар баг, 44 дүгээр байрны 10 тоотод оршин суух / дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 214650 төгрөг / 2012 оны 11-12 сар, 2013-2017 оны 1-3 сар /  гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган / 2012 оны 11-12 сар, 2013-2014 оны зардал гаргуулахаас татгалзсан / 109350 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Л.Оюунтунгалаг нь “өөрийн амьдардаг 44 дүгээр байрны 10 тоот орон сууцны тагтанд дээврээс цас, борооны ус гоожсоноос болж хэвийн ая тухтай амьдрах боломжийг хааж, хохирол учруулж байна. СӨХ тагтны дээвэр дээр засвар үйлчилгээний ажлаа хийж, манай хохирлыг барагдуулсан цагт би иргэнийхээ үүргийг биелүүлж төлбөрөө төлнө“ гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Хариуцагчийн өмчлөлийн /амьдардаг/ 44 дүгээр байрны 10 тоот орон сууцны тагтанд тус орон сууцны дээврээс цас борооны ус гоождог болохыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй ба энэ талаар Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байна. / хх-ийн 16 дахь тал /

Хариуцагч Л.Оюунтунгалагийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлийг үгүйсгэх боломжгүй боловч  Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар “Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх“ үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасантай нийцэж байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Л.Оюунтунгалагийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 13/ШШ2017/00646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар  хариуцагч Л.Оюунтунгалагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                       ШҮҮГЧИД                                                             Я.АЛТАННАВЧ                                                                                                                  

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ