Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 00639

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл, 103 дугаар байрны 902 тоотод оршин суух, Боржигин овогт Цэрэндоржийн Баярмаа /РД:ХД81032968/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Маршал таун, 103 дугаар байрны 18 тоотод байрлах “Шүрэн солюшнс” ХХК /РД:5544033/-д холбогдох,

гэрээнд заасан барилгыг бүрэн ашиглалтад оруулах хугацаа хоцроосны алданги 263 330 000 төгрөг гаргуулах, мөн Ариг бүрд орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 дугаар давхарын 41.49 м/кв, 45.51 м/кв, 55.25 м/кв, 70.38 м/кв, 70.3 м/кв талбай бүхий 5 ширхэг нийт 282.93 м/кв орон сууцыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

гэрээний 2.3-т заасан төлбөр төлөх хуваарийг хэтрүүлсэн алдангид 130 007 160 төгрөг тооцож түүний 50 хувь буюу 65 003 580 төгрөг, мөн байрны үлдэгдэл төлбөр 143 330 000 төгрөгийг нэмж нийтдээ 208 333 580 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Мөнгөн, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Түмэнсугар нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2015 оны хичээлийн жилээс цэцэрлэгийн үйл ажиллагааг нэхэмжлэгч Ц.Баярмаа эрхлэх гэж уг компаний барьж байгаа орон сууцны цогцолборыг сонгосон. 2015 оны 1 дүгээр улиралд багтаагаад бүрэн хүлээлгэж өгнө гэсэн санал хариуцагчаас гаргасан учир нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрсөн. Уг гэрээний дагуу 14,49 м/кв, 45,51 м/кв, 55,25 м/кв, 70,38 м/кв, 70,3 м/кв бүхий нийт 282,93 м/кв талбайтай орон сууцыг 526,660,000 төгрөгөөр цэцэрлэгийн зориулалтаар бариулахаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болон явцын дунд төлөх төлбөрүүдийг бүрэн төлж дуусгасан боловч одоо болтол үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Гэрээний 7.2 дахь заалтыг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацааны нийт 485 өдрийн алданги 766,290,300 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг гэрээний үнийн дүнгийн 50%-иар тооцож үзэх бол 263,330,000 төгрөг болж байгаа мөн нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ихэсгэсэн уг нэхэмжлэлийн үндэслэл болох 282,93 метр квадрат нийт 5 ширхэг байрыг бүрэн дуусгаж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хугацаа хэтрүүлсний алданги 263,330,000 нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 14/39 дугаартай байр захиалгаар бариулах гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээнд гүйцэтгэгч нь барьж захиалагчид хүлээлгэж өгөхөөр тохирсон. Мөн гэрээний 2.3-т төлбөр төлөх гарафикийг талууд харилцан тохирсон алдангийн хувьд байр захиалгаар бариулах гэрээний 7.2 дахь хэсэгт барилга ашиглалтад оруулах хугацааг хоцроосноос үүдэн гүйцэтгэгчийн захиалагчид өгөх алдангийн хэмжээ хоног тутамд 0,3% байна. Алдангийг энэхүү гэрээний 1.3-т заасан  өдрөөс хойш 1 улиралтай тэнцэх хугацаа өнгөрсөн үеэс эхлэн тооцохоор тохирсон байдаг. Гэрээний 7.2-т зааснаар нийт үнийн дүнгээс тооцох эсэх нь тодорхойгүй. Алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрээгүй гэх боловч хэдэн төгрөгнөөс яаж алданги тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. Зүй нь нэхэмжлэгч тал гүйцэтгэгчид хэдэн төгрөгний төлбөр төлсөн, одоо хэдэн төгрөг төлөх, гүйцэтгээгүй ажлыг хэдэн төгрөгөөр тогтоосон үнийн дүнгээс алданги тооцох байх, гэтэл  өөрсдийн гүйцэтгэсэн 380,0 гаруй сая төгрөгний үүргийн дүнгээс алданги тооцох үгүйг нэхэмжлэгч тодруулах байх гэж ойлгож байна. Уг барилгыг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн улсын комиссын актын 1.7 дахь хэсэгт уг барилгыг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьж дуусгасан гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд 102б байр гэж цэцэрлэгийг бүрэн барьсан. Энэ цэцэрлэгээ хүлээн аваач гэсэн боловч авдаггүй үүнийг нотлох зорилгоор гэрч асуулгах хүсэлт гаргасан юм гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Үүргийн гүйцэтгэлийг хангах аргын асуудлыг талууд хоорондоо ярилцсан. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,3%-иар алданги тооцохоор тохирсон. Байр захиалан бариулах гэрээний 7.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь төлөх хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн тухай бүр тооцоход 130 007 160 төгрөг болж байгаа боловч 50 хувь буюу 65 003 580 төгрөг, дээр нь үлдэгдэл төлбөр 143 330 000 төгрөгийг нэмж нийтдээ 208 333 580 төгрөгний сөрөг нэхэмжлэл гаргасан энэ шаардлагынхаа хүрээнд шийдүүлэх саналтай байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Талуудын хоорондох гэрээний үнийн дүн нийт 526 660 000 гэдэгт талууд маргахгүй байгаа. Мөн нийт төлсөн төлбөрүүдийн хэмжээ болон он сар дээр талууд маргахгүй байгаа. 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төлөлтийн тооцоолол гаргасан, үүнд 383.000.000 төгрөгийг төлөхдөө 2014 оны 8 дугаар сарын 28-нд гэрээ байгуулсан өдөр 200.000.000 төгрөг төлсөн тул алданги тооцохгүй, 2 дахь төлбөр гэрээний 3.2-т заасны дагуу 9 дүгээр сарын 10 өдөр 83,330,000 төгрөг төлөгдөх ёстой байсан. Гэтэл 1 хоногийн хугацаа хэтэрч 50,000,000 төгрөгийг 9 дүгээр сарын 11 өдөр төлсөн, үүнээс 29 хоногийн дараа 7,000,000 төгрөг, дараа нь 20 000 000 төгрөг гэх мэтээр цувуулж төлсөн, нийтдээ 62 хоног л хугацаа хэтэрсэн байгаа. Одоогийн байдлаар үлдэгдэл 143,330,000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй байгаа учир алданги төлөхгүй. Гэрээний 3.1 дэх заалтад барилгын ажлыг дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан боловч Баярмаад байраа хүлээлгэж өгөөгүй байдаг. Талуудын байгуулсан гэрээнд уг барилга нь хаана баригдах ёстой талаар заасан. Гэрээний 1.1-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдана гэсэн байхад улсын комиссын акт нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Шүрэн” ХХК-ийн захиалгатай гэсэн зөрүүтэй баримт байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, 143,300,000 төгрөгийг өнөөдөр хүртэл төлөх үүрэг үүсээгүй байгаа гэв.

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Баярмаа “...байр захиалан бариулах гэрээнд заасан барилгыг бүрэн ашиглалтад оруулах хугацаа хоцроосны алданги 263 330 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2017.01.23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж,  Ариг бүрд орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 дугаар давхарын 41.49 м/кв, 45.51 м/кв, 55.25 м/кв, 70.38 м/кв, 70.3 м/кв талбай бүхий 5 ширхэг нийт 282.93 м/кв орон сууцыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн байна.

 

Хариуцагч “Шүрэн солюшнс” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т заасан төлбөр төлөх хуваарийг захиалагч тал хэтрүүлж төлж байсан гэх үндэслэлээр алдангид 130 007 160 төгрөг тооцож түүний 50 хувь буюу 65 003 580 төгрөг, мөн байрны үлдэгдэл төлбөр 143 330 000 төгрөгийг нэмж нийтдээ 208 333 580 төгрөгийг Ц.Баярмаагаас шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд Ц.Баярмаа нь 2014.08.28-ны өдөр байр захиалгаар бариулах 14/39  тоот гэрээг “Шүрэн солюшнс” ХХК-тай байгуулсан, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэгчийн барьж буй Ариг бүрд орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 дугаар давхарт 41.49 м/кв, 45.51 м/кв, 55.25 м/кв, 70.38 м/кв, 70.3 м/кв байрыг захиалж, байрны үнэ 1 м/кв-ыг 1 861 450 төгрөгөөр тооцож, гэрээний үнийн дүнг нийтдээ 526 660 000 төгрөгөөр тохирч, урьдчилгаанд 38 хувь буюу 200 000 000 төгрөгийг төлөхөөр тохирсон байна.

 

Гэрээний 2.3-т төлбөр төлөх хуваарийг 2014.08.28-нд 200 000 000 төгрөг, 2014.09.10-нд 83 330 000 төгрөг, 2015.04.05-нд 100 000 000 төгрөг, улсын комиссын акт гарсан өдөр 143 330 000 төгрөгийг тус тус төлөхөөр тогтоосон байх бөгөөд мөн гэрээний 3.1-д гүйцэтгэгч нь барилгын ажлыг дуусгаж захиалагчид тухайн байрыг “хүлээлгэн өгөх, хүлээн авах акт”-аар хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна.

 

Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр захиалсан орон сууцыг цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөн засуулах захиалагч Ц.Баярмаагийн саналыг хүлээн авч, талууд 2014.08.28-ны өдрийн байр захиалгаар бариулах 14/39  тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд цэцэрлэгийн дотоод засал чимэглэлийн ажил болон цахилгаан, сантехник холболт угсралтын ажлыг хавсралтад тусгасан байна.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэжээ.

Дээрх хуулийн заалтаас харахад ажил гүйцэтгэх гэрээ нь 2 талын гэрээ, бодит үр дүн гарсан байх, мөн талуудын үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь тодорхой ажлыг эхэлж гүйцэтгэж, дараа нь захиалагч тал уг ажлын үр дүнг хүлээн авахаар байна.

Нэхэмжлэгч тал гэрээний 7.2-т “барилгыг бүрэн ашиглалтад оруулах хугацаа хоцроосноос үүдэн гүйцэтгэгчийн захиалагчид төлөх алдангийн хэмжээ хоног тутамд 0.3 хувь байх бөгөөд алдангийг энэхүү гэрээний 1.3-т заасан өдрөөс хойш 1 улиралтай тэнцэх хугацаа өнгөрмөгц тооцож эхэлнэ” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Баярмаа 2015.07.01-ний өдрөөс 2016.11.01-ний өдрийг хүртэлх нийт 485 өдрийн алданги 766 290 300 төлөхөөс хуульд заасны дагуу тал хувийг нь гэж 263 330 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан байна.

 

Гэрээний 1.3-т “...байрыг Барилгын тухай хууль, холбогдох норм, дүрэм, стандартын дагуу барьж гүйцэтгэн 2015 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид түлхүүрийг хүлээлгэн өгнө” гэж заасан байна.

 

Харин хариуцагч талаас “...талууд анх гэрээг байгуулахдаа 566 660 000 төрөгөөр тохиролцсон байсан, 2015 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж чадаагүй байдлаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож, 2015 оны 3 дугаар сард дахин гэрээ байгуулахдаа 40 000 000 төгрөгний хөнгөлөлт үзүүлж гэрээний дүнг 526 660 000 төгрөгөөр тогтоосон” гэж тайлбарладаг бөгөөд анхны байгуулсан гэх гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

 

Талуудын тайлбараас үзэхэд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүрэг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тодорхойгүй, гэрээний 7.2-т зааснаар “1 улиралтай тэнцэх хугацаа өнгөрмөгц алданги тооцож эхлэх” хугацааг хэрхэн тогтоосон талаар нотолсон баримтгүй тул нэхэмжлэгч Ц.Баярмаагийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 263 330 000 төгрөг гаргуулах хэсгийг хангах үндэслэлгүй байна.

 

 Харин нэмэгдүүлсэн шаардлага буюу Ариг бүрд орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 дугаар давхарын 41.49 м/кв, 45.51 м/кв, 55.25 м/кв, 70.38 м/кв, 70.3 м/кв талбай бүхий 5 ширхэг нийт 282.93 м/кв орон сууцыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Үндэслэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг ажил гүйцэтгэгч тал, 351.1.1, 351.1.2 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргийг захиалагч тал тус тус хүлээсэн байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д гүйцэтгэгч нь барилгын ажлыг дуусгаж захиалагчид тухайн байрыг “хүлээлгэн өгөх, хүлээн авах акт”-аар хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байх тул дээрх 5 ширхэг байрыг Ц.Баярмаад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгав.

 

2016.03.30-ны өдрийн 119/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Нийслэлийн боловсролын газарт  явуулсан “Шүрэн солюшнс” ХХК-ийн 2016.05.23-ны өдрийн 16/34 албан тоот, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Шүрэн” ХХК-ийн захиалгатай 51 автомашины дулаан зогсоолтой, 80 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Барилга ашиглалтад орсон талаар талууд маргаагүй хэдий ч Ц.Баярмаагийн захиалсан 5 ширхэг байрыг  “хүлээлгэн өгөх, хүлээн авах акт”-аар хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр төлбөрийн үлдэгдэл 143 330 000 төгрөгийг захиалагч тал төлөөгүй байгаа нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар “хоёр талын  гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэсэн заалтад нийцсэн байна.

 

            Хариуцагч тал  “гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д захиалагч нь 2.3-т заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар бодож алданги төлнө” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчээс 65 003 580 төгрөгний алданги төлүүлэхийг шаардсан нь үндэслэлгүй боловч төлбөр төлөх хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх хугацааг хэтрүүлсэн гэх 62 хоногийн алдангид 5 017 380 төгрөг төлөхийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн тул Ц.Баярмаагаас 5 017 380 төгрөгийг гаргуулж “Шүрэн солюшнс”ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 203 316 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 73  дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ариг бүрд орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 дугаар давхарын 41.49 м/кв, 45.51 м/кв, 55.25 м/кв, 70.38 м/кв, 70.3 м/кв талбай бүхий 5 ширхэг нийт 282.93 м/кв орон сууцыг бүрэн дуусгаж “хүлээлгэн өгөх, хүлээн авах акт”-аар Ц.Баярмаад хүлээлгэн өгөхийг хариуцагч “Шүрэн солюшн” ХХК-д даалгаж, хариуцагчаас алдангид 263 330 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Баярмаагаас 5 017 380 төгрөг гаргуулж “Шүрэн солюшнс” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 203 316 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Шүрэн солюшнс” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж Ц.Баярмаад, Ц.Баярмаагаас 95 228 төгрөг гаргуулж “Шүрэн солюшнс” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 1 544 800 төгрөг, хариуцагчийн төлсөн 1 199 620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ