Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/725

 

 

 

 

 

   2021          11          16                                     2021/ШЦТ/725

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Энэрэл,

           Шүүгдэгч: М.М- өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105010901384 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.М- нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зөөврийн компьютерыг нь түр хэрэглээд өгье гэж Х.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 45Б байрны гаднаас Macbook air i5 маркийн зөөврийн компьютерыг нь авч залилах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Х.М-д 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М- шүүх хуралдаанд: “...2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр найз Х.М-эс зөөврийн компьютер авч, ломбардад 750.000 төгрөгөөр тавьсан нь үнэн. Тухайн үед байр түрээслэж амьдарч байсан ба түрээсийн мөнгө төлж чадахгүй байсан тул зөөврийн компьютерийг нь авсан” гэв.

Хохирогч Х.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон 45Б-2-163 тоотод амарч байхад бага ангийн найз болох М- миний фэйсбүүк чат руу зурвас бичсэн. Найздаа зөөврийн компьютероо түр хэрэглүүлэх боломж байна уу, ганц өдөр хэрэглээд өгье гэхээр нь би “за тэг, тэг” гэсэн. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчимд манай байрны гадна ирж авсан. Маргааш нь би М- руу чат бичихэд найз нь ажлаа арай дуусгаж амжаагүй байна, оройхон тийшээ хүргээд өгье гэсэн. Түүнээс хойш холбоо барихгүй байсан. Нэг чатаар зурвас бичихдээ “найз нь эмнэлэгт хэвтсэн байна, эмнэлгээс гараад өгнө” гэх мэтээр худлаа ярих болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Иргэний нэхэмжлэгч Ж.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ажил болох ...Андууд-5 ломбарданд ажиллаж байхад 14 цагийн орчим нэг охин орж ирснээ нөүтбүүк тавина гэсэн. Би тухайн нөүтбүүкийг шалгахад ажиллагаа нь хэвийн байсан. Мөн дэлгэцэн дээр нь кодтой байхаар нь нууц үг, кодыг нь бичүүлж аваад 750.000 төгрөгөөр авсан. Тухайн охиныг М- гэж байсан. Нөүтбүүкээ авахгүй байхаар нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нөүтбүүкийг зарж байгууллагыг хохиролгүй болгох гэхэд цагдаагаас уг нөүтбүүкийг алга болсон талаар мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Гэрч Д.а-гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.М- өөрийнхөө зөөврийн компьютерээ найздаа өгөөд алдсан талаар хэлсэн. Тэгээд би тухайн найзынх нь ... гэх хаяг руу зурвас бичихэд тухайн хаягнаас “уучлаарай эгчээ, арай ч ингэж их удана гэж бодоогүй, хорио цээр гээд хоригдсон байна, хорио тавигдахаар хүргэж өгнө” гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 26/,

Яллагдагчаар М.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...нэг ангид суралцаж байсан Х.М- гэх охин руу чат бичсэн. Түүнээс нөүтбүүкээ 1 өдөр хэрэглүүлж болох уу гэж асуухад “за за, тэг тэг гэрээс ирээд авчих” гэсэн. Маргааш нь буюу 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хотхон 45Б байрны гадна Х.М-тэй уулзаж нөүтбүүкийг нь авсан. Тухайн нөүтбүүкийг нь 3-р эмнэлгийн ойролцоо байрлах Андууд-5 нэртэй ломбарданд 750.000 төгрөгөөр тавьсан” гэсэн мэдүүлэг /хх-н 59-60/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хохирогчийн өргөдөл /хх-н 8/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-н 11/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 34-35/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40, 42-43, 45, 48-49/, хохирогчийн хүсэлт /хх-н 61/, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт /хх-н 62/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.М- нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зөөврийн компьютерыг нь түр хэрэглээд өгье гэж Х.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 45Б байрны гаднаас Macbook air i5 маркийн зөөврийн компьютерыг нь авч залилах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Х.М-д 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.М-н: “...М- миний фэйсбүүк чат руу зурвас бичсэн. Найздаа зөөврийн компьютероо түр хэрэглүүлэх боломж байна уу, ганц өдөр хэрэглээд өгье гэхээр нь би “за тэг, тэг” гэсэн. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчимд манай байрны гадна ирж авсан. Маргааш нь би М- руу чат бичихэд найз нь ажлаа арай дуусгаж амжаагүй байна, оройхон тийшээ хүргээд өгье гэсэн. Түүнээс хойш холбоо барихгүй байсан. Нэг чатаар зурвас бичихдээ найз нь эмнэлэгт хэвтсэн байна, эмнэлгээс гараад өгнө гэх мэтээр худлаа ярих болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, иргэний нэхэмжлэгч Ж.У-ын: “...Андууд-5 ломбарданд ажиллаж байхад 14 цагийн орчим нэг охин орж ирснээ нөүтбүүк тавина гэсэн. Би тухайн нөүтбүүкийг шалгахад ажиллагаа нь хэвийн байсан. Мөн дэлгэцэн дээр нь кодтой байхаар нь нууц үг, кодыг нь бичүүлж аваад 750.000 төгрөгөөр авсан. Тухайн охиныг М- гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21/, гэрч Д.а-гын: “...Х.М- өөрийнхөө зөөврийн компьютерээ найздаа өгөөд алдсан талаар хэлсэн. Тэгээд би тухайн найзынх нь ... гэх хаяг руу зурвас бичихэд тухайн хаягнаас “уучлаарай эгчээ, арай ч ингэж их удана гэж бодоогүй, хорио цээр гээд хоригдсон байна, хорио тавигдахаар хүргэж өгнө” гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 26/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөргөдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.М- нь хохирогч Х.М- нөүтбүүкийг хэрэглэчхээд өгнө гэж хэлэн хуурч, ломбарданд тавьж 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь найз Х.М-эс түүний зөөврийн компьютерийг нэг өдөр хэрэглээд өгнө гэж авсан байх ба тухайн өдрөө ломбарданд барьцаанд тавьсан. 3 дугаар сараас 7 дугаар сар хүртэл хугацаанд уг эд зүйлийг ломбарднаас авах талаар ямар нэгэн үйлдэл гаргаагүй нь түүнийг анхнаасаа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо барагдуулж авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.М-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч М.М-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч М.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилжээ.

          Иймд шүүгдэгч М.М-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэснийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.М-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөргөдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

  3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар шүүгдэгч М.М-д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан зүйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэснийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР