Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/759

 

 

 

 

 

    2021          11          29                                     2021/ШЦТ/759

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

           Шүүгдэгч: Г.Б- өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000001407 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хашаан дотор хохирогч О.Э-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхин цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд ажилладаг бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 25 минутын үед шууд нэвтрүүлэг гарах байсан. Уг нэвтрүүлгийн тайз засагч болох Б-ийг эрж хайсан боловч олоогүй учир эрж хайж байгаад шууд нэвтрүүлгээс 5 минутын өмнө сагсны талбай дээр сагс тоглож байхаар нь “ажлаа хийгээч шууд нэвтрүүлэг эхлэх гээд байна, нэвтрүүлэгт оролцож байгаа зочин өөрөө тайз засаж байна” гэдгийг хэлсэн чинь “ямар сүртэй юм бэ, хэдхэн л юм байгаа биз дээ, өөрөө засчих шээс минь” гэж хэл амаар доромжлоод байхаар нь буцаж эфирийн өрөөндөө хүрээд ирсэн. Дахин шууд нэвтрүүлэг 19 цаг 15 минутанд гарах ёстой байсан учир дахин өөрийн биеэр очиж “нэвтрүүлэг гарах гээд байна, чи ажлаа хийгээч ээ, чамд шаардлага тавих эрхтэй” гэдгийг хэлсэн чинь “ямар сүртэй юм бэ, чи хэн юм” гэхээр нь “шууд нэвтрүүлгийн найруулагч байна, чи ажлаа хий” гэх шаардлагыг тавьсан чинь шууд миний нүүр рүү баруун гараараа нэг удаа цохиод цаашаа яваад өгөхөөр нь араас нь очиж ямар учраас хүн цохиж байгаа юм гэдгийг хэлсэн чинь миний хамар руу дахин 2 удаа гараараа цохихоор миний бие зөрүүлээд түүний эрүү хэсэгт нь 1 удаа цохисон чинь зөрүүлээд миний уруул хэсэгт 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Шинжээчийн 9033 тоот дүгнэлтэд: “...О.Э-ы биед зүүн зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-н 20-21/,

Яллагдагчаар Г.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний буруутай үйлдлийн улмаас хэрүүл маргаан гарч үүний улмаас найруулагч Э-ы биед гэмтэл учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-50/, хохирогчийн хүсэлт /хх-55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Г.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хашаан дотор хохирогч О.Э-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхин цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Э-ы: “...шууд нэвтрүүлэг 19 цаг 15 минутанд гарах ёстой байсан учир дахин өөрийн биеэр очиж “нэвтрүүлэг гарах гээд байна, чи ажлаа хийгээч ээ чамд шаардлага тавих эрхтэй” гэдгийг хэлсэн чинь “ямар сүртэй юм бэ, чи хэн юм” гэхээр нь “шууд нэвтрүүлгийн найруулагч байна, чи ажлаа хий” гэх шаардлагыг тавьсан чинь шууд миний нүүр рүү баруун гараараа нэг удаа цохиод цаашаа яваад өгөхөөр нь араас нь очиж ямар учраас хүн цохиж байгаа юм гэдгийг хэлсэн чинь миний хамар руу дахин 2 удаа гараараа цохихоор  миний бие зөрүүлээд түүний эрүү хэсэгт нь 1 удаа цохисон чинь зөрүүлээд миний уруул хэсэгт 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/, шинжээчийн 9033 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б- нь хохирогч О.Э-тай ажил хэргийн хувиар маргалдаж түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 55/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР