Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/761

 

 

 

 

 

   2021          11          29                                     2021/ШЦТ/761

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Онон /томилолтоор/,

           Шүүгдэгч: Э.Ж- өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ж-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000001831 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Ж-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Ж- нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.Л- 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их баян” уушийн газраар үйлчлүүлэх үедээ мартаж үлдээсэн Хаан банкны картнаас бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 3.900.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ж- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Л- мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой 16 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Их баян пабад ганцаараа хүн хүлээгээд сууж байсан. Тэгээд тухайн газраа Боргио нэртэй шилтэй пиво уугаад байж байсан. Тэгээд эхний шил пиво ууж дуусгаад тооцоо хийх гээд очсон ба картаа өгөөд нууц дугаараа хэлээд тооцоогоо хийсэн. 17 цаг 15-20 минутанд миний утас унтарсан. Тэгээд бармен залуугийн утсанд симээ хийгээд хуучин эхнэртэйгээ уулзах гээд дуудсан. Ярьж дуусгаад буцаж суугаад ахиад нэг пиво авч уусан. Тэгээд тамхи татах гээд гараад нэг мэдсэн чинь миний сууж байсан баарны залуу намайг сэрээсэн. Нэг сэрсэн чинь манай ах Д- эхнэртэйгээ ирээд намайг аваад явсан. Тэгээд гэртээ очоод амарсан. Нөгөөдөр өглөө буюу 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бие өвдөөд босож чадалгүй хэвтээд 10 дугаар сарын 08-ны өдөр бие гайгүй болоод 18 цагийн үед дансаа шалгаад үзэхэд 10 дугаар сарын 07-ны өдөр миний данснаас 3.900.000 төгрөг гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн бармен залууд 2 удаа картныхаа нууц дугаарыг хэлж тооцоо хийсэн санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 24-26/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч Д.Л- нь №2 дугаартай зургийг зааж тухайн намайг паб-д орох өдөр надад үйлчилж байсан залуу мөн байна...” гэжээ /хх-н 27-28/,

Яллагдагч Э.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр ах надад Хаан банкны ногоон өнгийн карт өгөөд ахын дүү өөртөө тамхи авч тат гэж хэлээд пин кодоо 1975 гэж хэлсэн ба тооцоо хийж байхдаа бас надад нууц үгээ хэлж байсан. Тэгээд би гарч тамхи авчихаад тэр чигтээ халаасандаа хийгээд мартсан байсан, гаднаас ирээд байж байтал нөгөө ах чинь зөрөөд гадагшаа гарсан. ...Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах Эрхэс зочид буудлын хажууд байдаг Хаан банкны АТМ-с Д.Л- гэх хүний картыг ашиглан 3.900.000 төгрөгийг бэлнээр гарган авсан ба 300.000 төгрөгийг нь хүнээс зээлсэн байсан өрөндөө өгөөд үлдсэн мөнгийг нь хадгалаад байж байхад цагдаагийн байгууллагаас надтай холбогдсон” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, эд зүйлийн хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 29/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-55/, хохирогчийн хүсэлт /хх-60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Э.Ж- нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банкны бэлэн мөнгөний машинаас хохирогч Д.Л- 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их баян” уушийн газраар үйлчлүүлэх үедээ мартаж үлдээсэн Хаан банкны картнаас бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 3.900.000 төгрөгийг авч завшсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Л-: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой 16 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Их баян пабад ганцаараа хүн хүлээгээд сууж байсан. ....Нэг сэрсэн чинь манай ах Д- эхнэртэйгээ ирээд намайг аваад явсан. ...Нөгөөдөр өглөө буюу 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бие өвдөөд босож чадалгүй хэвтээд 10 дугаар сарын 08-ны өдөр бие гайгүй болоод 18 цагийн үед дансаа шалгаад үзэхэд 10 дугаар сарын 07-ны өдөр миний данснаас 3.900.000 төгрөг гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн бармен залууд 2 удаа картныхаа нууц дугаарыг хэлж тооцоо хийсэн санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 24-26/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Ж-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ж- нь пабад барменээр ажиллаж байхдаа хохирогч Д.Л- согтуурсан үедээ буцааж аваагүй үлдээсэн картнаас 3.900.000 төгрөгийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг төлсөн гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 60/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.Ж-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Ж-г “эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-г 450 нэгж буюу  450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР