Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/760

 

 

 

 

 

  2021          11          29                                     2021/ШЦТ/760

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: М.Амарзаяа /томилолтоор/,

Хохирогч: Б.Д-,

Шүүгдэгч: Х.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Х.Б-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000000897 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Б-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Х.Б- нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40в байрны 99 тоотод хамтран амьдрагч Б.Д-ын нүүрэн тус газар нь гараараа болон хөлөөрөө өшиглөн биед нь хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун хацар нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний ухархайн дотор доод хананы этмойд, гойморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, зулайн хуйханд сорви, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун хацар хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад өнгөц шарх, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл учруулан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна” гэв.

Хохирогч Б.Д- шүүх хуралдаанд: “...2 дугаар сард зулайн хэсэгт сандлаар цохисон. Тухайн үед эмнэлгээр явж чадаагүй. Сүүлд намайг зодох үед манай ээж мэдсэн учир цагдаад хандсан. Миний хамар мурийсан болохоор эмчилгээ хийлгэсэн. Би ганцаараа ажил хийж 4 хүүхдээ өсгөдөг. Том охин маань энэ жил 12 дугаар анги төгсөнө. Би Х.Б-тай шүүхээр салсан хэдий ч хөрөнгийн 22.000.000 төгрөгийг гаргаж өгч чадахгүй байгаа учир нэг өрөөнд амьдраад байдаг. Намайг машинаас хүртэл унагааж, гэмтэл учруулж байсан. Нэг уухаараа тасралтгүй архи уудаг. Хүүхдүүд хүртэл гэртээ тайван байж чаддаггүй. Би одоо дахин хамтран амьдарч чадахгүй гомдолтой байна. Энэ хүн манай гэрээс яваад биднийг тайван орхивол өгвөл надад ямар нэгэн гомдол байхгүй. Улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах тухай саналыг зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед ажлаа тараад “Хайникэн” нэртэй 3 лааз пиво уучхаад гэртээ орсон бөгөөд гэрт очиход нөхөр Х.Б- согтуу байхаар нь би уурлаад хэрүүл хийсэн. “Чи ажил хийхгүй архи уулаа” гэж хэрэлдсэн бөгөөд мөн өмнөх өдөр нь ар гэрийн санхүүгийн асуудлаас болоод хэрэлдсэн байсан юм. Тэгээд байж байтал нөхөр Х.Б- нь намайг алгадаж унагаагаад миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн юм. Үүнээс хойш би манараад юу болсон талаар мэдээгүй бөгөөд нэг сэргээд би тэр өдрөө амарсан юм. Маргааш өглөө нь буюу 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөн 2 лааз пиво уучхаад байж байхад гаднаас ээж Х- нь орж ирээд миний нүүрийг хараад “цагдаад очно” гэж хэлээд цагдаад хандсан юм. ...миний бие нь тухайн үед 2 пиво уучихсан байсан бөгөөд мөн ээж Х-гоос санаа зовоод намайг өшиглөсөн талаар нуугаад цохисон гэж мэдүүлсэн юм. Намайг гараараа цохисон асуудал байхгүй бөгөөд газар унагаагаад нэг удаа нүүр рүү өшиглөсөн юм. ...Миний бие нөхөр Х-ын Х.Б-тай 2004 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2019 оны 12 дугаар сард байх шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Энэ талаар баримтыг хавсаргаж өгнө. ...Манай нөхөр Х.Б- нь зан байдлын хувьд даруу төлөв хүн бөгөөд сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэж, зан ааш нь эвдрээд байгаа юм. ...Манай нөхөр Х.Б- нь 2021 оны 02 дугаар сард сандлаар толгой руу цохиж зодсон бөгөөд уг асуудлаар цагдаад хандаж байсан юм ...Миний бие нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нүдний ухархайн хагалгаанд орсон. Хагалгааны гам барьж байна. ...Миний бие нь эмчилгээний баримтуудаа гаргаж зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/,

Гэрч Ц.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие нь 4 хүүхэдтэй бөгөөд Б.Д- нь миний 3 дахь охин байгаа юм. Нөхөр Х.Б-, 4 хүүхдийнхээ хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40б-99 тоотод хамтран амьдардаг юм. Улмаар 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би охин Д-ыг нөхөр Х.Б- нь нүүр, нүдийг нь хавдтал зодсон байсныг нь мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Нөхөр Х.Б- нь миний охин Д-ыг өмнө нь хэд хэдэн удаа цохиж, зодож байсан бөгөөд охин Д- нь надад энэ талаараа хэлэлгүй нуудаг харин хүүхдүүдээс нь асууж байж мэдэж байсан. ...Х.Б- нь манай охин Д-тай амьдраад 18 жил болж байгаа. Энэ хугацаанд нэг ч удаа ажил хийж байгаагүй, ар гэрээ сайн авч явж чаддаггүй, анхаарал халамж маш муу, архи их уудаг байсан. Тэгээд ар гэрийн олон асуудал үүсч, уг шалтгаанаар хоорондоо маргаантай байдаг. Үүнээс үүдээд охин Д-ыг зодож, цохисон байх. Юу болсон талаар сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Шинжээчийн 4171 тоот дүгнэлтэд: “...Б.Д-ын биед хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун хацар, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний ухархайн дотор доод хананы этмойд, гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, зулайн хуйханд сорви, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун хацар хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад өнгөц шарх, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Зулайн хуйхан дахь сорив гэмтэл нь хуучин гэмтэл байх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 24-25/,

Яллагдагчаар Х.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр цагийн нь санахгүй байна. ...гэртээ эхнэр Д- нь архи хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг хэл амаар доромжлоод зайл гэж хэлээд байхаар нь би гарах гэхэд намайг гаргахгүй бид хоёр зууралдаж авсан юм. Тэгээд миний уур хүрээд эхнэр Д-ын зүүн талын хацар руу нь баруун гараараа нэг удаа алгадахад эхнэр Д- нь газар унасан бөгөөд унахаар нь би нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа хүчтэй өшиглөсөн юм. Тэгэхэд эхнэр Д- нь нүүрээ дарсан байдалтай байсан бөгөөд би гараад явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-9/, аюулын зэргийн үнэлгээ /хх-н 35-36/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-48/, хохирлын баримтууд /хх-н 65/, хохирогчийн хүсэлт /хх-н 76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Х.Б- нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40в байрны 99 тоотод хамтран амьдрагч Б.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа болон хөлөөрөө өшиглөн биед нь хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун хацар нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний ухархайн дотор доод хананы этмойд, гойморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, зулайн хуйханд сорви, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун хацар хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад өнгөц шарх, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл учруулан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Д-ын: “...Миний бие нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед ажлаа тараад “Хайникэн” нэртэй 3 лааз пиво уучхаад гэртээ орсон бөгөөд гэрт очиход нөхөр Х.Б- согтуу байхаар нь би уурлаад хэрүүл хийсэн. “Чи ажил хийхгүй архи уулаа” гэж хэрэлдсэн бөгөөд мөн өмөн өдөр нь ар гэрийн санхүүгийн асуудлаас болоод хэрэлдсэн байсан юм. Тэгээд байж байтал нөхөр Х.Б- нь намайг алгадаж унагаагаад миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн юм. Үүнээс хойш би манараад юу болсон талаар мэдээгүй бөгөөд нэг сэргээд би тэр өдрөө амарсан юм. Маргааш өглөө нь буюу 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөн 2 лааз пиво уучхаад байж байхад гаднаас ээж Х- нь орж ирээд миний нүүрийг хараад “цагдаад очно” гэж хэлээд цагдаад хандсан юм. ...миний бие нь тухайн үед 2 пиво уучихсан байсан бөгөөд мөн ээж Х-гоос санаа зовоод намайг өшиглөсөн талаар нуугаад цохисон гэж мэдүүлсэн юм. Намайг гараараа цохисон асуудал байхгүй бөгөөд газар унагаагаад нэг удаа нүүр рүү өшиглөсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/, гэрч Ц.Х-гийн: “...2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би охин Д-ыг нөхөр Х.Б- нь нүүр, нүдийг нь хавдтал зодсон байсныг нь мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Нөхөр Х.Б- нь миний охин Д-ыг өмнө нь хэд хэдэн удаа цохиж, зодож байсан бөгөөд охин Д- нь надад энэ талаараа хэлэлгүй нуудаг харин хүүхдүүдээс нь асууж байж мэдэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, шинжээчийн 4171 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Хэдийгээр шүүгдэгч, хохирогч нар нь 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан боловч өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан, одоог хүрүтэл цуг амьдардаг байх тул шүүгдэгч Х.Б-ийг эхнэр Б.Д-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Д-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд гомдолтой баримтаар хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул хавтаст хэрэгт баримтаар авагдсан эмчилгээ хийлгэсэн 536.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Д-т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Хэрэгт авагдсан хохирогч Б.Д-ын хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хохирогч өөрөө бичиж өгөөгүй, шүүгдэгч нь өмнөөс нь бичиж өгсөн нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч шүүх  хуралдаанд оролцсон хохирогч Б.Д- нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг шүүх хуралдаанд өөр зөвшөөрсөн болно.

Түүнчлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хохирогч нь уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг заавал зөвшөөрсөн байхыг хуульд заагаагүй болно.

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заажээ.

Шүүх хуралдаанд прокурор шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, торгуулийн ял оногдуулах дүгнэлт гаргасан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг үндэслэн түүнд оногдуулсан 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.Б-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 17 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-аас 536.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Д-т олгосугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР