Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/762

 

 

 

 

 

  2021          11          29                                     2021/ШЦТ/762

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Намжил,

           Шүүгдэгч: Д.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000900 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өглөөний 07 цагийн орчимд “Жаст Ойл” нэртэй шатахуун түгээхийн хойд талд байх Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Биг захын замын урд талын хашаанд хохирогч Г.Д-гийн эзэмшлийн Хаан банкны 5540487230 дугаартай дансны виза картыг түүний цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 07 цаг 38 минутанд 1.000.000 төгрөг, мөн өдрийн 07:54 минутад 1.000.000 төгрөгийг АТМ-р зарлагын гүйлгээ хийж авч, нийт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.Архинаас болоод энэ хэргийг хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Г.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Биг” захын эсрэг талд байх хашаанд амьдардаг. Би өчигдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн үед Хаан банкны 5540487230 дугаарын данстай картнаас гүйлгээ хийгээд картаа цүнхэн дотроо хийсэн. Өглөө гэртээ байхад 07 цаг 38 минутанд 1.000.000 төгрөг гарсан мессеж ирсэн. Удалгүй дахиад 1.000.000 төгрөгийн зарлага гарсан. Цүнхэндээ картаа шалгахад миний карт байхгүй байсан. Би 2021 оны 3 дугаар сарын сүүлээр нэг залуутай танилцсан. Тухайн хүн миний ажлын газрын хүнээс миний дугаарыг аваад 89995902 дугаарын утсаар залгаж байсан ...утсаар ярьснаас хойш 20 гаран хоногийн дараа уулзсан. Уулзаад хэд хоногийн дараа манай гэрт ирье гээд би гэртээ авчирсан. Түүнээс хойш манай гэрт амьдрах болсон. Тэр хүн барилга дээр ажилладаг гэсэн. Тухайн хүний талаар сайн мэдэхгүй боловч хамт амьдарч байсан. Өчигдөр орой бид 2 хамт унтаад Б- өглөө ажилдаа 07 цаг 10 минутын үед гарсан ...өөр хүн манай гэрт орж ирээгүй, тэр хүнээс өөр хүн миний картны пин кодыг мэдэхгүй, нэг удаа тэр хүнд кодоо хэлж байсан ...Миний хаан банкны дансанд байгаа мөнгийг захиран зарцуулах эрхгүй, тухайн дансанд миний л мөнгө байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Бичлэгийн 14 секундэд зүүн талын АТМ дээр хар малгайтай, хар масктай, хар өнгийн хүрэмтэй, хар цүнхтэй хүн ногоон өнгийн виза карт бариад зогсож байх ба баруун талд байрлах АТМ дээр бор куртиктэй, хар өнгийн нүдний шилтэй, цагаан масктай хүн үйлчлүүлж байна. ...зүүн талын АТМ дээр зогсож байгаа хүн ногоон виза картыг АТМ рүү хийж байгаа бичлэг байна. ...АТМ-с хар хүрэмтэй хар малгайтай хүн мөнгө аваад гарч байгаа ...ногоон өнгийн виза картаар үйлчлүүлээд АТМ-с 1.000.000 төгрөг аваад гарч байгаа..” гэжээ /хх-н 53-57/,

Яллагдагчар Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Г.Д-гийн цүнхэнд байсан ...хаан банкны виза карт ...ногоон өнгийн төрийн банкны виза карт, ...зэргийг аваад гарсан. Тэгээд гэрээсээ гараад Саппоро ороод ...ногоон өнгийн виза картыг пос машинд уншуулаад 100 грамм Хараа гэх нэртэй архи авсан. Тэгээд тэр архиа уучихаад тэр хавьд байсан хаан банкны АТМ рүү ороод ...ногоон хаан банкны картнаас 1.000.000 төгрөг авсан. ...дахиад өмнө орсон АТМ-рүүгээ ороод 1.000.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 49-52/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2-5/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 33/, мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 58/, хохирогчийн хүсэлт /хх-н 59/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өглөөний 07 цагийн орчимд “Жаст Ойл” нэртэй шатахуун түгээхийн хойд талд байх Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Биг захын замын урд талын хашаанд амьдрах хохирогч Г.Д-гийн эзэмшлийн Хаан банкны 5540487230 дугаартай дансны виза картыг түүний цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 07 цаг 38 минутанд 1.000.000 төгрөг, мөн өдрийн 07:54 минутад 1.000.000 төгрөгийг АТМ-р зарлагын гүйлгээ хийж авч, нийт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Д-гийн “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Биг” захын эсрэг талд байх хашаанд амьдардаг. Би өчигдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн үед Хаан банкны 5540487230 дугаарын данстай картнаас гүйлгээ хийгээд картаа цүнхэн дотроо хийсэн. Өглөө гэртээ байхад 07 цаг 38 минутанд 1.000.000 төгрөг гарсан мессеж ирсэн удалгүй дахиад 1.000.000 төгрөгийн зарлага гарсан. ...Өчигдөр орой бид 2 хамт унтаад Б- өглөө ажилдаа 07 цаг 10 минутын үед гарсан ...өөр хүн манай гэрт орж ирээгүй, тэр хүнээс өөр хүн миний картны пин кодыг мэдэхгүй, нэг удаа тэр хүнд кодоо хэлж байсан ...Миний хаан банкны дансанд байгаа мөнгийг захиран зарцуулах эрхгүй, тухайн дансанд миний л мөнгө байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б- нь хохирогч Г.Д-гийн картны нууц кодыг мэдэж байсан ба түүний цүнхнээс тухайн картыг нь авч АТМ-с бэлнээр 2.000.000 төгрөг авч хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо барагдуулж авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 59/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 9 сар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар солих ялын санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Б-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилжээ.

          Иймд шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэснийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Б-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар шүүгдэгч Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан зүйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэснийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР