Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00681

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Туул 6 гудамжны 2 тоотод оршин суух, Харчин овогт Самбуугийн Чулуунтуяа-/РД:УБ69121201/-гийн  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Цог дээд сургуулийн байр 201 тоотод оршин суух,  Цэ од овогт Гомбосүрэнгийн Даваасүрэн /РД:ХО66092602/,  

            Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9-287 тоотод оршин суух, Бэсүд овогт Сүхбатын Галзагд /РД:ЕС63050915/ нарт  холбогдох,

            зээлийн гэрээний үүрэг 22 500 000 төгрөгийг барьцааны зүйлээс гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, хариуцагч Г.Даваасүрэн, С.Галзагд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батмөнх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. Чулуунтуяа 2016-08-15-ны  өдөр зээлийн болон барьцааны гэрээг хариуцагч нартай байгуулсан. Зээлийн гэрээгээр 15.000.000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээж, 1 сарын хугацаатайгаар сарын 8 хувийн хүүтэйгээр тооцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрэээ байгуулсан. Мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлж, Даваасүрэнгийн дансанд 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Даваасүрэн өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. Энэ 2 хүний хоорондын тооцооны асуудал тусдаа, хэн нь хэдэн төгрөг авсан талаар бидэнд ямар ч хамааралгүй. Зээлийн 1 сарын хүү төлсөн, гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож нийт 22.500.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцаа  хөрөнгөөр хангаж өгнө гэв.

 

Хариуцагч Г.Даваасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 07 дугаар сард Галзагд ахын хамаатны дүү Мөнхбаттай танилцаж 300.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд хөрөнгө тавиад шагналд нь Приус маркийн машиныг авахаар тохиролцсон боловч зээл бүтээгүй. Тухайн үед Галзагд ах зээл авах гэж Чулуунтуяа гэх хүнийг өөрөө олж ирээд чи баталгаа болгоод хөрөнгөө тавиад өгөөч гэж хэлсэн. Энэ дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Бид нар Мишээл Экспо-ийн Хаан банк дээр уулзалдаад шууд Галзагдын данс руу мөнгө хийх гэхээр нь би эхлээд миний дансруу хийсэн нь дээр байх гэж бодоод өөрийн данс руу хийлгэсэн. Чулуунтуяа нь зээлийн хүүгээ суутгаад 13.800.000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь

 

 

надад шагналд гэж 2 000 000 төгрөг үлдээгээд Галзагдын дансанд 11 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Дахин бичгээр баталгаа гаргуулж, Галзагд ах бид 2-оор

 

гарын үсэг зуруулсан. Түүнээс хойш Галзагд гуайтай нэг л удаа уулзсан. Сарын дараа Чулуунтуяа зээлийн хүүгээ төл гэж утасдсан тул  би төлөхгүй, надад хамаагүй гэж хэлсэн. Галзагд ахад хэлэхэд зээлийн гэрээний хугацаа сунгасан зээлийн хүүг төлсөн гэж байсан. Тухайн үед би учрыг сайн ойлгоогүй бичиг баримтад гарын үсэг зурсан байсан. Би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

            Хамтран хариуцагч С.Галзагд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2016-07-06-ны өдөр Мөнхбат Нямгэрэл гэх 2 хүн над дээр ирээд “Цог хийморь сүлд” ХХК-ийн захирал Даваасүрэнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Киг ХХК-ийн гэрчилгээ, Хас банкны зээлэнд хамрагдах бичиг, 300 сая төгрөгийн төсөлд хамрагдсан гэсэн төсөл зэрэг бусад баримтуудыг үзүүлж намайг ББСБ-аас 30.000.000 төгрөг аваад өгчих, 10.000.000 төгрөгийг надад шагналд нь өгье гэж ирсэн. Би тухайн үед энэ эмэгтэйг Цог сургуулийн захирал Даваасүрэн, мөн  Киг ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч гэж танилцуулж бичиг баримт үзүүлэхэд итгэсэн. Ингээд би өөрийн 2 давхар орон сууц болон газраа “Жи Эс Би” ББСБ-д барьцаалж 2016.07.08-нд зээлийн шимтгэл төлж үлдгэдэл 29 840 000 төгрөгийг Мөнхбатад хүлээлгэн өгсөн. Тэгээд Мөнхбат нь “Даваасүрэн бид 2-т зээл хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй” гээд 10 000 000 төгрөгийг авч үлдээд үлдэгдэл  мөнгөөр 55 200 юань худалдан авч өгөөд өөрийн туслах Нямгэрэл болон орчуулагч Уудам нарын хамт намайг Харбин хотруу явуулж ТҮЦ-ний гэрээ хийж бэлэн болго гэсэн.Түүнээс хойш энэ хүмүүс намайг залилж байсныг мэдсэн, “Цог хийморь сүлд” ХХК-ийн нэр дээр ТҮЦ-ийг оруулж ирж хамтран ажиллахаар ярилцаж байсан. Чулуунтуяагийн тухайд мөнгө зээлэх зараар Мөнхбат нар нь олж уулзаад над руу утасны дугаарыг нь өгсөн. Би залгаад ярихад уулзахаар тохироод зээл өгсөн.  Зээл авахын тулд Даваасүрэнгийн газрын бичиг баримтыг бүрдүүлэхэд энэ мөнгөнөөс хэрэглэсэн. Надад шилжүүлсэн гээд байгаа 11 800 000 төгрөг дээр би өөрөө нэмж 16 000 000 төгрөгний зээл аваад ТҮЦ хийлгэсэн Хятадын компанитай тооцоо хийж дуусгасан. Энэ хүмүүсээс болж би хохирсон гэв.  

        

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Чулуунтуяад олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Чулуунтуяа анх хариуцагч Г.Даваасүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Галзагдыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан нь зөв байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016.08.15-ны өдрийн зээлийн гэрээг хариуцагч нартай байгуулж, сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирч 15 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлийн гэрээнд зээлдэгчээр Г.Даваасүрэн, хамтран зээлдэгчээр С.Галзагд нар гарын үсэг зурсан байна.

Зээлийн барьцаанд Г.Даваасүрэн нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр 2 Чингисийн өргөн чөлөө гудамж, 23 тоот байршилтай, 800 000 000 төгрөгний үнэ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх

 

үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч нар хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээний 4-т заасныг үндэслэн  зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзээд үндсэн зээл 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөгийг нэмж нийтдээ 22 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, мөн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.

Алдангийн тооцоолол нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” заалтад нийцсэн байна.

 Талууд харилцан тохиролцож 2016.08.15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд 1 200 000 төгрөгийг үндсэн зээлээс суутгаж, үлдэх 13 800 000 төгрөгийг Г.Даваасүрэнгийн дансанд шилжүүлсэн, үүнээс 2 000 000 төгрөгийг Г.Даваасүрэн нь өөрийн дансанд үлдээж 11 800 000 төгрөгийг С.Галзагдын дансанд шилжүүлсэн талаар талууд маргаагүй, мөн хариуцагч тал гэрээний хугацааг сунгаж 2 сарын зээлийн хүү нэмж төлсөн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Г.Даваасүрэн нь “...зээлийн барьцаа болж Галзагд ахад зээлийг авч өгсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарладаг боловч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, мөнгийг хүлээн авсан, С.Галзагдтай хамтран мөнгийг захиран зарцуулсан байх тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд хариуцагч нар хоорондын тооцоогоо тусдаа шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Чулуунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 335 450  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Г.Даваасүрэн, С.Галзагд нараас 22 500 000 төгрөг гаргуулж С.Чулуунтуяад олгосугай.

 

             2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр 2 Чингисийн өргөн чөлөө гудамж, 23 тоот байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Даваасүрэн, С.Галзагд нараас 335 450  төгрөгийг гаргуулж С.Чулуунтуяад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                            Д.ЭНХЦЭЦЭГ