Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2017/00060/И |
Дугаар | 00698 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 00698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байр, 24 тоотод байранд байрлах “Алтан-Эг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Зайсан цоглог 21 байрны 12 тоотод оршин суух, Хиад Боржигон овогт Долгорсүрэнгийн Эрдэнэчимэгт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 61 756 667 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, хариуцагч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Алтан-Эг ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Эрдэнэчимэг нь манай ББСБ-тай 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ-2015075 тоот барьцааны гэрээ байгуулж шугаман зээлийн нөхцлөөр нийт 30.000.000 төгрөг /гучин сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийг биелүүлж манай хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ж.Эрдэнэчимэг 2015 онд ЗГ2015077 дугаартай зээлийн гэрээ болон 2015075 дугаартай барьцааны гэрээг байгуулан 30.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Үүнээс хойш зээлийн төлөлт хийгдээгүй, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 30.000.000, хуримтлагдсан хүү 29.466.666, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.290.000 төгрөг, нийт 61.756.667 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хуримтлагдсан хүүг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би “Алтан-Эг ББСБ” ХХК-иас шугаман зээл авснаас хойш зээлийн хүү болон зээлийн төлбөрийг гэрээний хугацаа дуусахад төлөх боломжтой боловч би зээлээ төлж чадахгүй байсан тул тус байгууллага дээр очиж 52.000.000 орчим төгрөгийн үнийн дүнтэй тооцоо нийлсэн. Надад “Алтан-Эг ББСБ” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сард 58.516.666 төгрөгийн тооцоотой байгаа талаар танилцуулсан. Би үндсэн зээлийн төлөлтийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин зээлийн хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Д.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.290.000 төгрөг, хуримтлагдсан хүү 29.466.667 төгрөг, нийтдээ 61.756.667 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Алтан-Эг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Д.Эрдэнэчимэг нь үндсэн зээл, зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүүгийн хэмжээг багасгахыг хүссэн байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “Алтан-Эг ББСБ” ХХК болон Д.Эрдэнэчимэг нарын хооронд 2015.04.28-ны өдөр ЗГ-2015075 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 30.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгохоор, зээлдэгч нь зээлийн төлбөрт эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүү, үндсэн зээлийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Мөн өдрийн БГ-2015075 тоот барьцааны гэрээгээр Г.Бүддагиймаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 16 дугаар байрны 108 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан, Г.Бүддагиймаа нь орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах эрхийг Д.Эрдэнэчимэгт олгосон 2015.04.28-ны өдрийн итгэмжлэл хэрэгт авагдсан байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
“Алтан-Эг ББСБ” ХХК-ийн 2016.10.21, 2016.11.17-ны өдрийн зээлийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл, зээлийн дансны хуулга, талуудын тайлбар зэргээс үзэхэд Д.Эрдэнэчимэгтэй зээлийн гэрээ байгуулсанаас зээлийн төлөлт хийгдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу 30 000 000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа хариуцагч тал нотолж чадаагүй бөгөөд түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Д.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 61 756 667 төгрөг гаргуулж “Алтан-Эг ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 16 дугаар байрны 108 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэчимэгээс 466 740 төгрөг гаргуулж “Алтан-Эг” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 740 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ