Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 61

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч И.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211  дүгээр зүйлийн 211.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тээл овогт Ичинхорлоогийн Батсайханд холбогдох эрүүгийн 201615000179 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар баг, Улаан үзүүр гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дондон овгийн Ичинхорлоогийн Батсайхан, /РД:ЙИ88040915/

 

Шүүгдэгч И.Батсайхан нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Уртын давааны ар” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.87 шоо метр хэмжээтэй хуурай шинэс модыг малын хашаа барих зорилгоор бэлтгэн, 87-05 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, 201960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

          Шүүгдэгч И.Батсайхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед манайх малын саравчаа шатаачихсан байсан юм. Тэгээд малын саравчаа янзлах гээд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь үнэн. Айлын найранд орчихоод мод зөвшөөрөлгүй бэлтгэж ирсэн. Гоожингоо авна гэж байгаад тухайн үед авч чадаагүй юм. Малын саравчаа дээвэрлэх гээд хуурай мод зөвшөөрөлгүй авсан нь үнэн. 87-05 ДАХ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг Дархан хотоос 2016 оны 04 дүгээр сард С.Энхбаатар гэдэг хүнээс худалдан авч байсан юм. Уг автомашин нь миний эзэмшлийн машин биш. Худалдаж авна гэж тохироод хагас мөнгийг нь өгч амжаагүй, өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан. Хохирлоо төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Т.Цогзолмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай юм. Би Ичинхорлоо овогтой Батсайхан гэх хүнийг зохих зөвшөөрөлгүй шинэс мод бэлтгэснийг сумын хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн. 2016 оны 05 дугаар сард өдрөө санахгүй байна, Батсайхан гэх хүнийг дуудаж яагаад зохих зөвшөөрөлгүй шинэс мод бэлтгэсэн талаар асуусан. Тухайн үед Батсайхан Уртын даваа гэх газраас 2,5 метрээс 2 метр 70 см-ийн урттай 111 ширхэг шинэс модон шургааг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн талаар надад үнэнээ хэлсэн. Тэгээд би И.Батсайхан гэх хүнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн шинэс модоо ачиж аж ахуйн хашаанд буулгаарай гэж шаардлага тавьсан. Тэгээд хэд хоногийн дараа Батсайхан уг модыг ачиж ирээд аж ахуйн хашаанд буулгасан. Би Батсайханы зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг үзэхэд хуурай шинэс модон шургаа байгаа харагдсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Ойн нэгжийн дарга Ю.Ганхуяг ирж уг модыг үзээд үнэлгээ гаргасан. Батсайхан 605880 төгрөг төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

 

Гэрч С.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Одоогоор 87-05 ДАХ улсын дугаартай машин нь миний нэр дээр байгаа. Би 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Баянхонгор аймгийн иргэн Чадраабал гэх хүнд 7000000 төгрөгөөр зарахаар болж 3000000 төгрөгийг нь бэлнээр авсан. Харин тухайн үед машин зарахдаа үлдсэн 4000000 төгрөгийг мал оролцуулж болон бэлэн мөнгөөр 5 дугаар сарын сүүлээр авахаар тохирсон байсан. Би одоо болтол Чадраабал гэдэг хүнээс мөнгөө авч чадаагүй байна. Харин мөнгө өгөхгүй бол машинаа эргүүлэн авна гэж хэлж байсан. Тийм ч учраас одоог болтол машиныхаа эзэмшигчээ солиулаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,

 

Гэрч С.Чадраабалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний төрсөн хүү болох Батсайхан 2016 оны 04 дүгээр сард машин хэрэгтэй байна. Дарханаас та хараад өгөөч гэхээр нь би Дарханд машин хайж байхад миний хүү дансаар над руу 3000000 төгрөг шилжүүлсэн юм. Ингээд би Энхбаатар гэдэг хүнтэй уулзаж тус хүний нэр дээр байх 87-05 ДАХ улсын дугаартай Пронтер маркийн автомашиныг авахаар тохиролцсон юм. Энхбаатарт 3000000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 4000000 төгрөгийг малж зарж байгаад дараа нь өгөхөөр аман гэрээ хийсэн юм. Удалгүй манай хүү ирээд тухайн машиныг аваад бид 2 хамт Өвөрхангай аймаг руу явсан. Миний хүү И.Батсайхан 2016 оны 05 дугаар сарын 12-13-ны хооронд санагдаж байна. Над руу залгаж хонины хашаа барихаар уулнаас хэдэн мод бэлтгэж яваад цагдаад баригдаад шалгагдаж байна гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас над руу залгаж байцаалт өгөх талаар мэдэгдсэн юм. Би Дарханд байсан болохоор байцаалт өгөх боломж байгаагүй учраас Дарханы цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,

 

Гэрч П.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: "...Манайх Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн Улаан үзүүр гэх газар Ичинхорлоо овогтой Батсайханыхтай 2016 оны 05 дугаар сарын 10-ны үед айл нутаглаж байсан юм. Би 2016 оны 05 дугаар сарын 10-ны үед гэртээ байгаагүй. Харин 2016 оны 05 дугаар сарын 13-ны үед манай айлын И.Батсайхан гэрийнхээ гадаа хэдэн ширхэг шинэс модон шургаа буулгачихсан байгаа харагдсан. И.Батсайхан хаанаас, хэнтэй хамт уг модыг авч ирсэн талаар би мэдэхгүй. Би тухайн үед хэдэн ширхэг ямар мод байна гэж анзаарч тоолж үзээгүй. 2016 оны 04 дүгээр сард санагдаж байна Батсайхан уг машиныг хэнээс авсан эсэхийг мэдэхгүй, гэрийнхээ гадна аваад ирчихсэн унаад байгаа бололтой байсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/,

 

Гэрч Д.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө их салхитай өдөр байсан бөгөөд манай гэрийн яндангийн цог үсрээд малын саравчны дээвэр өвстэйгээ шатчихсан юм. Тэгээд манай хүү саравчныхаа дээврийг янзална гээд байсан юм. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай хүү И.Батсайхан багийнхаа Амарбаясгалан гэдэг айлд Уртын давааны ард Уурагтын өвөр гэх газар найранд очсон юм. Тэгээд ирэхдээ жоохон мод авч ирж саравчныхаа дээврийг янзална гээд байхаар нь би хамаагүй мод огтолж болохгүй, авбал унанги юм аваарай гэж хэлээд явуулсан. Би гэртээ ганцаараа үлдсэн юм. Маргааш нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад оройхон 17, 18 цагийн орчимд машин дээрээ хэдэн мод аччихсан бололтой ирсэн. Тэр модыг манай хүү Батсайхан Уртын баруун давааны араас бэлтгэсэн гэж байсан. Ганцаараа явсан гэсэн. Өөрийнхөө машинаар тэр модыг ачиж ирсэн юм. Өөр ямар нэгэн хүнтэй яваагүй. Ганцаараа Уртын давааны араас бэлтгэсэн. Малынхаа саравчийг шатаачихсан болохоор малын саравчаа сэлбэх гэж бэлтгэсэн байх. Манай сумын байгаль хамгаалагч, байцаагч нар зөвшөөрөл өгдөг. Урьд нь түлшнийхээ модыг бэлтгэх гоожин, зөвшөөрлийг байнга л авдаг байсан. Тухайн модны зөвшөөрлийг сум орж авна гэж байгаад Амарбаясгалангийнх шинэ гэр барьж найр хийгээд манай хүү Батсайхан тэнд уригдсан юм. Тэгээд сум орж чадалгүй тэр найранд яваад буцаж ирэхдээ мод бэлтгээд ирсэн байсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,

 

Гэрч В.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Манай суманд одоо ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг, гоожин олгогдохгүй байгаа. Би Батсайханд ямар нэгэн гоожин, мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. Тийм болохоор Батсайхан хууль бусаар мод бэлтгэсэн байх. Батсайхан Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн Уртын давааны ар гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газар бол биш. Гэхдээ хамгаалалтын бүсийн ойд хамаардаг газар юм…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,

 

Шинжээч Ю.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Ж.Мягмарын хамт Зүүнбаян-Улаан сумын иргэн Батсайханы хууль бусаар бэлтгэсэн 111 ширхэг модыг очиж үзэн хэмжилт хийсэн. Мөн мод бэлтгэсэн гэх газар нь очиж үзлэг хийхэд оролцсон. Тийм болохоор Ойн тухай хуулиар Өвөрхангай аймгийн ойн сан бүхий тайлбай нь хамгаалалтын бүсийн ойд хамаардаг. Тухайн Батсайханы мод бэлтгэсэн газар нь аймгийн ойн санд хамаарах газар байсан. Төрийн захиргааны төв байгууллагын баталснаар хамгаалалтын бүсэд хамаардаг ой нь ойн мужлалын нэгдүгээр мужлалд хамаарна гэж заасан байдаг учир энэ хууль дүрмийн дагуу нэгдүгээр мужид хамаарна гэж гаргасан. Ойгоос бэлтгэсэн модыг хэрэглээний болон түлээний гэж 2 ангилна. Түлшний мод гэдэг нь стандарт нь уртын хэмжээ 1 метрээс илүүгүй байх ёстой байдаг. Харин 1 метрээс илүү урттай модыг хэрэглээний мод гэж үздэг юм. Гэтэл Батсайханы бэлтгэсэн мод бүгд 2,5 метрээс дээш урттай байсан учир хэрэглээний мод гэж үзсэн. Батсайханы бэлтгэсэн мод нь бүгд хэрэглээний моднууд байсан. Батсайханы хууль бусаар мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Өвөрхангай аймгийн ойн сан бүхий газарт л хамаардаг. Батсайханы хууль бусаар мод бэлтгэсэн газар нь ойн сан хамгаалалтын бүсийн ойд хамаарна…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-68 хуудас/,

 

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/09 тоот экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон "...Ойн 1 дүгээр мужлалд шинэс төрлийн 1 шоометр хуурай шинэс модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 60000 төгрөгөөр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу хуурай хэрэглээний модны ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8-аар тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ: 1.87 шоо.метр х 60000 төг х 1.8 = 201960 /хоёр зуун нэгэн мянга есөн зуун жаран/ төгрөг болохыг тооцов…" гэх дүгнэлт /хх-ийн 62-р хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуягийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан "...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь "Шинэс" төрлийн мод байсан. Зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэргийн газар дээр хийсэн үзлэг, огтолсон модны хожуулаас харахад 2016 оны 05 сарын 10-ны орчим бэлтгэсэн болохыг нотолж байна. "Ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай" Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэж, дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь ойн хортон шавжид нэрвэгдсэний улмаас босоо хатсан хуурай мод байсан бөгөөд бэлтгэх явцдаа үзүүр, ёзоорыг орхиж хэрэглээний зориулалтаар тайрч /2,5-2,75 метрээр/ ашигласан тул экологи эдийн засгийн үнэлгээг тооцохдоо хэрэглээний модны ангилал, үнэлгээгээр тооцсон байна. Модны хэмжээг экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтооход Ойн газрын даргын 2010.06.04-ний өдрийн А-79 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Бөөрөнхий модны эзлэхүүний хүрд"-ийн дагуу тооцоход 1.87 м3 хэмжээтэй байна. Хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖГ-ын 2016.05.19-ний өдрийн 01/19 дүгээр дүгнэлтээр 201960 /хоёр зуун нэгэн мянга есөн зуун жар/ төгрөгөөр тооцсон байна. Хууль бусаар бэлтгэсэн модны нарийн үзүүрийн диаметр, уртын хэмжээг дүгнэлт гаргахад дахин хэмжилт хийж тогтоосон болно. Дээрх модыг бэлтгэсэн Зүүнбаян-Улаан сумын "Уртын даваа" орчмын ойн санд ургаж байгаа модны дийлэнх хэсэг нь 2008 оны ой зохион байгуулалтын материал, таксацийн бичлэгээс үзэхэд насны 4 дүгээр анги буюу 85-90 орчим насны мод байна…" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63 хуудас/,

 

Шүүгдэгч И.Батсайханы мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: "...Манай гэр Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багт нутагладаг юм. 2016 оны 03 дугаар сард яг өдрийг нь санахгүй байна. Манай малын саравчны дээвэр нь өвстэйгээ яндангийн цог үсэрснээс болоод шатчихсан юм. Тэгэхээр нь тэр хавийн хүмүүсээс мод гуйж байгаад саравчаа дээвэрлэсэн байсан юм. Тэгээд хүмүүс нь модоо авах гээд гуйгаад байхаар нь саравчаа дээвэрлэх гээд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь үнэн. Би модны гоожин авна гэж бодож байсан юм. Тэгээд тухайн өдөр болох 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Уртын даавааны ард Амарбаясгалангийн гэрийн найранд орсон юм. Тэгээд буцахдаа давааны араас мод хийсэн. Би тэр модыг ганцаараа Уртын давааны ар нэг газраас бэлтгэсэн. Би сарын өмнө Дархан хотын Энхбаатар гэж хүнээс 87-05 ДАХ улсын дугаартай Пронтер машин худалдаж авсан байсан болохоор уг машинаараа тэр модыг гэрийнхээ гадаа буулгасан юм. Хууль бусаар мод бэлтгэсэн машин минийх байгаа юм. Бичиг баримтыг нь шилжүүлж амжаагүй байгаа. Энхбаатар гэж хүний нэр дээр байдаг юм. Би 8 сая төгрөгөнд бодож авсан. Малын саравч дээвэр байхгүй болохоор мод хийсэн юм. Гоожин авна гэж бодож байгаад тэр үед амжаагүй юм. Тэгээд найранд орчихоод буцахдаа хийсэн юм…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 76 хуудас/,

 

Шүүгдэгч И.Батсайханы мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: "...Хэдэн мод огтолсноо санахгүй байна, тоолоогүй юм. Нилээн хэдэн мод л огтолсон. Ихэнхийг нь дундуур нь нэг удаа тайрч хоёр хэсэг болгосон, 111 ширхэг мод гэрийнхээ гадаа авч ирсэн…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 79 хуудас/,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 хуудас/,

 

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16 хуудас/,

 

87-05 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 41/1893 дугаартай албан бичиг /хх-ийн 23 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 хуудас/,

 

Хохирол төлсөн баримт /хх-ийн 109 хуудас/,

 

Шүүгдэгч И.Батсайханы хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхний хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх 81/, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 82, 83/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн статистикийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 443 дугаартай албан бичиг /хх 85/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 86/, мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн 2015 оны тооллого /хх 87/, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын улсын бүртгэгчийн тодорхойлолт /хх 89/,

 

Хохирогч Т.Цогзолмаагийн шүүхэд ирүүлсэн “Ойн санд учирсан хохиролд 605880 төгрөг төлүүлж хохирлоо бүрэн барагдуулж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”,

 

Иргэний нэхэмжлэгч С.Энхбаатарын шүүхэд ирүүлсэн “87-05 ДАХ улсын дугаартай “Пронтер” маркийн автомашин нь миний эзэмшлийн машин тул хууль ёсны эзэмшигч надад буцаан олгож өгнө үү” гэсэн хүсэлтүүд зэрэг болно.

 

Шүүгдэгч И.Батсайхан нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Уртын давааны ар” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1,87 шоо метр хэмжээтэй хуурай шинэс модыг малын хашаа барих зорилгоор бэлтгэн, 87-05 ДАХ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 201960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Цогзолмаагийн "...Батсайхан Уртын даваа гэх газраас 2 метр 50 см-ээс 2 метр 70 см-ийн урттай 111 ширхэг шинэс модон шургааг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн талаар надад үнэнээ хэлсэн. Тэгээд би И.Батсайхан гэх хүнийг зохих зөвшөөрөлгүй шинэс модоо ачиж аж ахуйн хашаанд буулгаарай гэж шаардлага тавьсан. Тэгээд хэд хоногийн дараа Батсайхан уг модыг ачиж ирээд аж ахуйн хашаанд буулгасан. Би Батсайханы зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг үзэхэд хуурай шинэс модон шургаа байгаа харагдсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Ойн нэгжийн дарга Ю.Ганхуяг ирж уг модыг үзээд үнэлгээ гаргасан. Батсайхан 605880 төгрөг төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй…" /хх-ийн 39 /, гэрч П.Батсайханы "...Манайх Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн Улаан үзүүр гэх газар Ичинхорлоо овогтой Батсайханыхтай 2016 оны 05 дугаар сарын 10-ны үед айл нутаглаж байсан юм. 2016 оны 05 дугаар сарын 13-ны үед манай айлын И.Батсайхан гэрийнхээ гадаа хэдэн ширхэг шинэс модон шургаа буулгачихсан байгаа харагдсан. И.Батсайхан хаанаас, хэнтэй хамт уг модыг авч ирсэн талаар би мэдэхгүй. Би тухайн үед хэдэн ширхэг ямар мод байна гэж анзаарч тоолж үзээгүй. 2016 оны 04 дүгээр сард санагдаж байна Батсайхан уг машиныг хэнээс авсан эсэхийг мэдэхгүй, гэрийнхээ гадна аваад ирчихсэн унаад байгаа бололтой байсан…" /хх-ийн 47/, гэрч Д.Ичинхорлоогийн "... 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад оройхон 17, 18 цагийн орчимд машин дээрээ хэдэн мод аччихсан бололтой ирсэн. Тэр модыг манай хүү Батсайхан Уртын баруун давааны араас бэлтгэсэн гэж байсан. Ганцаараа явсан гэсэн. Өөрийнхөө машинаар тэр модыг ачиж ирсэн юм. Өөр ямар нэгэн хүнтэй яваагүй. Ганцаараа Уртын давааны араас бэлтгэсэн. Малынхаа саравчийг шатаачихсан болохоор малын саравчаа сэлбэх гэж бэлтгэсэн байх. Манай сумын байгаль хамгаалагч, байцаагч нар зөвшөөрөл өгдөг. Урьд нь түлшнийхээ модыг бэлтгэх гоожин, зөвшөөрлийг байнга л авдаг байсан. Тухайн модны зөвшөөрлийг сум орж авна гэж байгаад Амарбаясгалангийнх шинэ гэр барьж найр хийгээд манай хүү Батсайхан тэнд уригдсан юм. Тэгээд сум орж чадалгүй тэр найранд яваад буцаж ирэхдээ мод бэлтгээд ирсэн байсан…" /хх-ийн 52-53/, гэрч В.Төмөрчөдөрийн "...Манай суманд одоо ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг, гоожин олгогдохгүй байгаа. Би Батсайханд ямар нэгэн гоожин, мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. Тийм болохоор Батсайхан хууль бусаар мод бэлтгэсэн байх. Батсайхан Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн Уртын давааны ар гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн байсан…" /хх-ийн 58/, шинжээч Ю.Ганхуягийн “...Би мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Ж.Мягмарын хамт Зүүнбаян-Улаан сумын иргэн Батсайханы хууль бусаар бэлтгэсэн 111 ширхэг модыг очиж үзэн хэмжилт хийсэн. Мөн мод бэлтгэсэн гэх газар нь очиж үзлэг хийхэд оролцсон. Тийм болохоор Ойн тухай хуулиар Өвөрхангай аймгийн ойн сан бүхий талбай нь хамгаалалтын бүсийн ойд хамаардаг. Тухайн Батсайханы мод бэлтгэсэн газар нь аймгийн ойн санд хамаарах газар байсан. Төрийн захиргааны төв байгууллагын баталснаар хамгаалалтын бүсэд хамаардаг ой нь ойн мужлалын нэгдүгээр мужлалд хамаарна гэж заасан байдаг учир энэ хууль дүрмийн дагуу нэгдүгээр мужид хамаарна гэж гаргасан. Ойгоос бэлтгэсэн модыг хэрэглээний болон түлээний гэж 2 ангилна. Түлшний модны стандарт нь уртын хэмжээ 1 метрээс илүүгүй байх ёстой байдаг. Харин 1 метрээс илүү урттай модыг хэрэглээний мод гэж үздэг юм. Батсайханы бэлтгэсэн мод бүгд 2,5 метрээс дээш урттай байсан учир хэрэглээний мод гэж үзсэн. Батсайханы бэлтгэсэн мод нь бүгд хэрэглээний моднууд байсан.Өвөрхангай аймгийн ойн сан бүхий газарт л хамаардаг. Батсайханы хууль бусаар мод бэлтгэсэн газар нь ойн сан хамгаалалтын бүсийн ойд хамаарна…" гэсэн мэдүүлэг/хх-ийн 66-68/,  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/09 тоот “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай” дүгнэлтэнд "...Ойн 1 дүгээр мужлалд шинэс төрлийн 1 шоометр хуурай шинэс модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 60000 төгрөгөөр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 394 дүгээр тушаалын 1-р хавсралтын дагуу хуурай хэрэглээний модны ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8-аар тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ 1.87 шоо.метр х 60000төг х 1.8 = 201960 /хоёр зуун нэгэн мянга есөн зуун жаран/ төгрөг болохыг тооцов гэх дүгнэлт /хх-ийн 62/,  Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуягийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан шинжээчийн "...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь "Шинэс" төрлийн мод байсан. Зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэргийн газар дээр хийсэн үзлэг, огтолсон модны хожуулаас харахад 2016 оны 05 сарын 10-ны орчим бэлтгэсэн болохыг нотолж байна. "Ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай" Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэж, дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь ойн хортон шавьжид нэрвэгдсэний улмаас босоо хатсан хуурай мод байсан бөгөөд бэлтгэх явцдаа үзүүр, ёзоорыг орхиж хэрэглээний зориулалтаар тайрч /2,5-2,75 метрээр/ ашигласан тул экологи эдийн засгийн үнэлгээг тооцохдоо хэрэглээний модны ангилал, үнэлгээгээр тооцсон байна. Модны хэмжээг экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтооход Ойн газрын даргын 2010.06.04-ний өдрийн А-79 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Бөөрөнхий модны эзлэхүүний хүрд"-ийн дагуу тооцоход 1.87 м3 хэмжээтэй байна. Хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖГ-ын 2016.05.19-ний өдрийн 01/19 дүгээр дүгнэлтээр 201960 /хоёр зуун нэгэн мянга есөн зуун жар/ төгрөгөөр тооцсон байна. Хууль бусаар бэлтгэсэн модны нарийн үзүүрийн диаметр, уртын хэмжээг дүгнэлт гаргахад дахин хэмжилт хийж тогтоосон болно. Дээрх модыг бэлтгэсэн Зүүнбаян-Улаан сумын "Уртын даваа" орчмын ойн санд ургаж байгаа модны дийлэнх хэсэг нь 2008 оны ой зохион байгуулалтын материал, таксацийн бичлэгээс үзэхэд насны 4 дүгээр анги буюу 85-90 орчим насны мод байна" гэх дүгнэлт /хх-ийн 63/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шүүгдэгч И.Батсайханы мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч И.Батсайханд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч И.Батсайхан нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-86/, 

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр  тогтооно” гэж заасны дагуу ойн  санд учруулсан хохирол болох 201960 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн буюу 605880 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Т.Цогзолмаагийн мэдүүлэг, Хаан банкны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/142 тоот албан бичгээр /хх-109/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч И.Батсайханд ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч И.Батсайханы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 87-05 ДАХ улсын дугаартай Пронтер маркийн машин нь иргэний нэхэмжлэгч С.Энхбаатарын эзэмшлийн машин болох нь хавтаст хэрэгт авагдсан №01105740 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/131 тоот албан бичиг, иргэний нэхэмжлэгч С.Энхбаатарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон учир уг автомашиныг хууль ёсны эзэмшигч С.Энхбаатарт олгож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 2.5-2.75 метрийн урттай 111 ширхэг шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг, мөн шүүгдэгч И.Батсайханаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1500000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгож,

 

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 87-05 ДАХ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 111 ширхэг шинэс мод, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр И.Батсайханы эзэмшлийн 5 тооны эм ямаа зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож  тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дондон овгийн Ичинхорлоогийн Батсайханыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Дондон овгийн Ичинхорлоогийн Батсайханыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч И.Батсайханд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч И.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар 2.5-2.75 метрийн урттай 111 ширхэг шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэ болох 1500000 төгрөгийг шүүгдэгч И.Батсайханаас гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 87-05 ДАХ улсын дугаартай “Пронтер” маркийн машиныг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2.5-2.75 метрийн урттай 111 ширхэг шинэс модыг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн И.Батсайханы эзэмшлийн 5 тооны эм ямааг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 87-05 ДАХ улсын дугаартай “Пронтер” маркийн автомашиныг хууль ёсны эзэмшигч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 5-28 тоотод оршин суух Сүмбэрэлийн Энхбаатарт буцаан олгосугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч И.Батсайханд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч И.Батсайханд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл И.Батсайханд  авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦЭЦЭГЭЭ