Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 11

 

В.Мя-д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн, Прокурор Б.Төрболд Шүүгдэгч В.Мя- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн Хохирогч Д.Цэ- Хохирогчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч В.Мя-гийн давж заалдсан гомдлоор 201713000042 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгч ажилтай, Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг баг Алтан толгой **-р гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хэрэйд овгийн Ва-ийн Мя- /РД: ИЖ********/

Шүүгдэгч В.Мя- нь 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Д.Цэ-ий биед хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Хэрэйд овогт В-ийн Мя-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мя-г 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан В.Мя-г 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.Мя- торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдаж, шүүгдэгч В.Мя-д 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч В.Мя- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7х15 см хэмжээтэй саарал өнгийн байгалийн чулуу 1 ширхэгийг устгаж, хохирогч Д.Цэ-ий эмнэлгийн картны хуулбарыг хэрэгт хавсаргаж, түүний рентген зургийг хохирогчид буцаан олгож, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хохирогч Д.Цэ-ий нэхэмжилсэн 1.259.225 төгрөгнөөс 622.515 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч В.Мя- хохирогч Д.Цэ-д 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.Цэ- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, шүүгдэгч В.Мя-гийн гэр бүлийн дундын хөрөнгө болох Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг баг Алтан толгой 1-р гудамж 03 тоот хаягт байршилтай 17.500.000 төгрөг/арван долоон сая таван зуун мянган/-өөр үнэлэгдсэн, улсын бүртгэлийн 000501190 дугаартай, 45 м/кв талбайтай хувийн орон сууцыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилсэн битүүмжлэлийг шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтыг биелэгдтэл хэвээр үргэлжүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч В.Мя- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Идэр сумын харъяат В.Мя- миний бие 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолоор 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгний торгуулийн ялаар шийтгүүлсэн. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулиар шийтгэгдсэн бөгөөд гудамжинд явж байсан намайг хохирогч Ж.Цэ- чулуугаар цохиж хэл амаар доромжилсон. Би биеэ хамгаалж хариу үйлдэл хийсэн. Анх удаа гэмт хэрэгт холбогдож одоо ажлаасаа халагдаад байна. Иймд надад өгсөн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Шүүгдэгч В.Мя- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргасан учир нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэ- нь нэг хавирга хугарсан талаар хэлж байсан, тэгэхээр шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг буруу гаргасан гэж үзэж байна. Мөн хохирогч дээр нь элэгний сирозтой архи уусан байсан учраас хохирогчийн биед өөрчлөлт гарсан байхад шинжилгээ хийсэн учраас шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд В.Мя-гийн хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэргийн материалтай танилцаж байх явцад хохирогчийн биед гэмтэл үүссэн гэх талаар санал зөрөх зүйл алга. Миний санал зөрж байгаа асуудал юу юм бэ? гэхээр В.Мя-гийн хийсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй юу гэдэг тухай тайлбар гаргаж байна. Хэргийн материалд хохирогчийн өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд байгаа. Энэ мэдүүлгүүдийг нэг бүрчлэн судлаж үзэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа харагдаж байгаа. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон уу, үгүй юу гэдгийг дүгнэж асуудлыг шийдвэрлэсэн. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа нь В.Мя-г санаатай уурлуулж бухимдуулах энэ үйл ажиллагаа хийсэн. Эрүүгийн хуульд зааснаар хохирогчийн үйл ажиллагааны талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд энэ нөхцөл байдлуудыг судалж хохирогчид 2002 оны Эрүүгийн хуулийн 181 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж байсан байна. Сүүлд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэ эрүүгийн хуулиар энэ зүйл, ангийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэгэхээр тухайн үед В.Мя- гэдэг хүн хохирогчийн энэ буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэхээр байна. В.Мя-гийн тухайд хэргийг санаатай өдсөн тухай үйлдэл хэрэгт харагдахгүй байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүхийн шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэхүү үйлдэл нь хохирогчийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой. Шүүгдэгч В.Мя- нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүсч сэтгэл санаа нь цочролд орж гэмт хэрэг гарах үндэслэл суурь тавигдсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Яагаад вэ? гэхээр хохирогчийн удаа дараа янз бүрээр өгч байгаа мэдүүлгүүд хэрэгт бий. 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явагдсан, хэргийг тодорхой зайнаас харж байсан гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа учраас В.Мя-д оногдуулсан ял шийтгэл нь одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Иймээс хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна гэв. Хохирогч Д.Цэ- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд энэ хүнд зодуулаад эрэмдэг болсон. Энэ хүн намайг өөрийг нь зодох гэж байхад биеэ хамгаалсан гэж байна. Өөрөө намайг эхлээд өшиглөж дараа нь цохиж унагаад, газар хэвтүүлсэн. Босоод иртэл багалзуурдаж унагаад намайг босгохгүй болохоор нь гараараа газар тэмтэрч байтал чулуу байхаар нь аваад тохойн хэсэгт цохиод чулуу мултараад унасан. Тэгэж байтал намайг цагдаа аваад явсан. Сумын Цагдаагийн байрны гадаа очоод байж байтал банди нь ирсэн. Тэгээд намайг гавалсан байхад 2-3 удаа өшиглөсөн. Би маш их гомдолтой байна. Даралт байнга 180-аас буухгүй байгаа, намайг төрийн хамгаалалтад авсан байхад хүү нь намайг бас өшиглсөн явдалд мөн гомдолтой байна гэв. Хохирогч Д.Цэ-ий өмгөөлөгч Т.Анхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Д.Цэ-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа яригдсан зарим нэг асуудал байна. Шүүгдэгч В. Мя-гийн ярьж байгаа элэгний цирозтой гэсэн асуудал нь залуу байхдаа үүссэн цироз болохоос биш, одоогоор эдгэсэн шатандаа явж байгаа гэж анхан шатны шүүх хурал дээр яригдсан учраас үүнийг ярих шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч шүүгдэгчийг чулуугаар цохисон гэдэг нь доор нь орсон байхдаа газраас чулуу тэмтэрч үзэх үед чулуу дайралдаж авсан чулуугаараа тохой хэсэг рүү нь цохиод газар унасан гэж анхан шүүх дээр яригдсан нь хэргийн материалд байгаа. Хавирга хугарсан асуудлын тухайд шинжээч эмч Н.Базардаргиа анхан шатны шүүх дээр тодорхой товчоор ярьж өгсөн. Тухайн хавирга нь өшиглүүлсний улмаас болж хугарсан байдаг. Биеийнх нь өвчин жаахан намдаад ирэхээр хугарсан хавиргаа мэдсэн байдаг тэгж сүүлд гарч ирсэн шинжээч эмч дахин шинжилгээ хийж гаргаж ирсэн асуудал юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж шүүгдэгчийн сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас болж хохирогчид гэмтэл үүссэн гэсэн зүйлийг ярьж байна. Д.Цэ- гэдэг хүн согтуу байсан В.Мя- эрүүл байсан анхан шатны шүүх хурал дээр хэлж байсан, та яагаад эрүүл байж согтуу явж байгаа хүнийг 1 удаа аргалаад явуулж болоогүй юм бэ? та дээд боловсролтой мэргэжилтэй хүн зүгээр явчихаа гээд явуулчихаагүй шүү дээ. Та мөн үгээр идэж маргалдаж байгаад та энэ хүнийг цохиж, зодоон үүссэн. Зодоон үүсэхэд шүүгдэгчид үүссэн гэмтэл байхгүй байдаг. Хэд хоног үхлүүт хэвтсэн. Дээр нь хохирогч Д.Цэ- гэдэг нь хүн маань хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон яагаад гэвэл В.Мя- гэдэг хүн зодсон гэмтэл учруулсан. Гэтэл нэгнийхээ хэдэн жилийн өмнө өвдөж байсан өвчний талаар хэлээд яриад явж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байх гэж бодож байна. Хэргийн материалд авсан гэрчүүдийн мэдүүлэг яагаад маргаантай байгааг тайлбарлан хэлмээр байна. Гэрч Ц.Бямбажавын мэдүүлэг гэж яриад байна. Хохирогч талаас шүүх хуралдаанд Ц. Бямбажав гэдэг хүнийг гэрчээр оролцуулах гэсэн, гэтэл шүүхээс дуудаад ирээгүй яагаад ирээгүй гэхээр юу хийсэн гэдэг нь тодорхой учраас шүүх хуралдаанд ирээгүй. Би согтуу хүнээс биеэ хамгаалж ийм үйлдэл хийсэн гэж байгаа нь эрүүл хүн биеэ хамгаалж байна гэх боломж байна уу?, Надад боломжгүй л санагдаж байна. Хохирогч маань бүх зүйлээр хохирсон байна. Манай талаас үнэхээр их гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хамгийн бага ялаар нь шүүхээс шийтгэсэн байхад ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн асуудал яригдах боломжгүй юм гэв. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Хэрэйд овгийн Вандангалсангийн Мя-д холбогдох эрүүгийн 201713000042 дугаартай хэргийн давж заалдах шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч В.Мя- нь Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд иргэн Д.Цэ-ий хэвлий, цээж орчим хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож “Хүний эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 20172018 дугаартай дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна. Тийм учраас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоосон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч В.Мя-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүдэгч В.Мя- нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Цэ-тэй маргалдаж улмаар түүний хэвлий, цээжин хэсэгт нь тийрч өшиглөн биемахбодид нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч Д.Цэ-, гэрч Г.Мөнхбат, Б.Эрдэнэчимэг, М.Лхагвабадам, Ц.Бямбажав нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 201720108 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч В.Мя- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо... Надад анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргажээ. Анхан шатны шүүх шүүгдэгч В.Мя-гийн хохирогчид учирсан хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус байдал нөлөөлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан 2015 оны Эрүүгийн хуульд заасан тухайн зүйл, хэсгийн хамгийн хөнгөн ял болох хорихоос өөр төрлийн буюу торгуулийн ял шийтгэл оногдуулсаныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байгаа бөгөөд тухайн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангасан, хууль ёсны, үндэслэл бүхий гарсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Мя-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Мя-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ